Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2019/00032

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03174 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт,алдангид нийт 84 975 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Г  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон   итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК нь манай компанитай 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот, мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ” байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээгээр  нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 9 600 000 төгрөгийн, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6 176 000 төгрөгийн, нийт 19 664 000 төгрөгийн дизель түлшийг  хариуцагчид нийлүүлсэн. Үүнээс хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8 000 000 төгрөг төлсөн ба 7 776 000 төгрөгийг төлөөгүй.

 

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот гэрээгээр 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 29 437 200 төгрөгийн дизель түлш нийлүүлснээс мөн өдрөө  хариуцагч  10 000 000 төгрөг төлсөн.

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  дахин 29 437 200 төгрөгийн буюу 19 890 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлсэн. Ингээд хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 7 776 000 төгрөг, алданги 3 888 000 төгрөг,харин 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот гэрээгээр үлдэгдэл төлбөр 48 874 400 төгрөг, алданги 24 437 200 төгрөг, нийт 84 975 600 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Алдангийн хэмжээг яг хугацаа хэтэрсэн өдрөөр тооцох юм бол анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн  тул  тал хувь болох 28 325 200 төгрөгийг алдангид нэхэмжилсэн. Хариуцагч энэхүү тооцоог хүлээн зөвшөөрч “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн ба тооцоогоо бүрэн барагдуулах талаар удаа дараалан албан тоот өгч байсан.  Анх шүүхэд хандахдаа тооцооллоо буруу бичсэн байна. Уг нь бол үнийн дүн нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр компанийн хооронд шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулагдсан боловч энэхүү гэрээгээр хүлээн авсан түлшээ “Х” ХХК-д хүлээлгэн өгч, тухайн компанийн шатахуун түгээх станцуудад нийлүүлсэн. Тэгэхээр хариуцах ёстой этгээд нь “Х” ХХК тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 17/9 тоот, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17/23 тоот “Шатахуун хангамжийн гэрээ”-г тус тус байгуулсан нь үнэн. Гэрээгээр  авсан дизель түлшний хэмжээ, үлдэгдэл төлбөр дээр маргахгүй. Гэхдээ манайх нэхэмжлэгчээс авсан бүхий л дизель түлшийг “Х” ХХК-д шууд нийлүүлсэн. “Х” ХХК нь уг түлшний мөнгийг төлөх ёстой, нэхэмжлэгч нь “Х” ХХК-иас түлшний үнээ шаардах хэрэгтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 75 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 975 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 532 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анзын хэмжээ илт их байх тул 24 437 200 төгрөгийн анз алдангийн хэмжээг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

 Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээгээр нийлүүлсэн түлшний үнэ 56 650 400 төгрөг, уг түлшний үнийг төлөхгүй хугацаа хэтрүүлсний алдангид 28 325 200 төгрөг нийт 84 975 600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “.., түлшийг Х ХХК авсан” гэж маргажээ. /хх–65 хуудас/

 

Зохигч  2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот, мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №17/23 тоот шатахуун худалдах-худалдан авах  гэрээ  байгуулагдсанд, уг гэрээгээр нийт 74 650 400 төгрөгийн түлш нийлүүлэгдсэнд, хариуцагч 18 000 000 төгрөг төлсөн, одоо төлөгдөөгүй үлдэгдэл 56 650 400 төгрөг байгаад маргаагүй. /хх-ийн 1, 28, 53-55/

 

Харин уг 74 650 400 төгрөгийн түлшийг хариуцагч өмчлөлдөө шилжүүлэн аваагүй, “Х” ХХК-ийн өмчлөлд нийлүүлэгдсэн тул үнийг төлөхгүй гэж татгалзжээ. /хх-ийн 28/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн  өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно. Гэрээний 4.1, 4.2-т худалдагч нь шатахууныг бөөний агуулахаас болон шатахуун түгээх станцуудаас, чанар стандартыг шалган, зарлагын баримт үйлдэн баталгаажуулж гарын үсэг зуран гэрээний хавсралтаар заагдсан тээврийн хэрэгслүүдэд хүлээлгэн өгөхөөр, хүлээлгэн өгснөөр худалдан авагч шатахууныг бүрэн хариуцахаар заажээ. / хх 11-13 ийн дугаар хуудас/

 

Хэргийн 18 дугаар хуудасны нотлох баримтаас үзэхэд шатахууныг худалдан авагч буюу хариуцагчийн заасан тээврийн хэрэгсэлд хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Уг баримтад  хариуцагч нь “ ..,тус компани нь Г ХХК-тай байгуулсан шатахуун хангамжийн 17/23 тоот гэрээгээр 19 890 литр түлшийг 59-37 УНР улсын дугаартай машинаар тээвэрлүүлэн Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших Цагаан-Өндөр толгой нүүрсний уурхайд хүргүүлнэ” гэж бичгээр хүсэлт гаргасны дагуу худалдагч түлшийг нийлүүлжээ.

 

Мөн хэргийн 16-17 дугаар хуудасны тооцоо нийлсэн баримтаар хариуцагч нь 73 311 600 төгрөгийн түлш авснаа, ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч баталгаа үйлдсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-дэх хэсэгт заасан үүргийн агуулгад  нийцсэн. Дээрх баримтаар хариуцагч нь үүргийн хэмжээ, төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн, түүнчлэн гэрээний 6.4-т төлбөрийг  хугацаанд нь төлөөгүй тохиолдолд анз тооцохоор зааснаас гадна 18 дугаар хуудасны хариуцагчийн хүсэлтэд мөн анз төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Тооцооны баримтын жагсаалт гэх хоёр талын баримтаас үзэхэд талууд 2018 оны 5 дугаар сарын 14-ний байдлаар 24 437 200 төгрөгийн анз тооцож байжээ./хх-17/

 

Хариуцагч нь анзын хэмжээ илт их, багасгах талаар хүсэлт гаргаагүй боловч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээг багасгаж 9 975 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн эрх мэдлийн хүрээнд байх тул буруутгах боломжгүй. Мөн анзын хэмжээг нэгэнт багасгаж шийдвэрлэсэн тул дахин давж заалдах шатны шүүхээс багасгах боломжгүй. Энэ үндэслэлээр “анзыг хасахыг хүссэн” давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Шатахууны үнэ 56 650 400 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй, анхан шатны шүүхээс шатахууны үнэ 56 650 400 төгрөг, анз 18 349 600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцжээ. Харин шатахууны үнэ 56 650 400 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 136 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД