Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/03174

 

2018 оны 10 сарын 24 өдөр

        Дугаар 102/ШШ2018/03174

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, “Пийс таун” /Peace town/ хотхон 49/2 байр, 39 тоотод оршин байх, “Г” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, зүүн ард аюуш 10 гудамж, 314 тоотод оршин байх, “Д” ХХК /РД:/-д холбогдох,

  

84,975,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэрийн бараан”ХХК нь манай компанийн захиргаанд хандан өөрийн үйл ажиллагаандаа түлш шатахуун нийлүүлэх гэрээ хийн хамтран ажиллах хүсэлтийг тавьсан. Ингээд бид 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот, мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-нүүдийг байгуулсан. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээний дагуу “Гүнзэгэстэй” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 9,600,000 төгрөгийн, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6,176,000 төгрөгийн, нийт 19,664,000 төгрөгийн дизель түлшийг “Дэлгэрийн бараан” ХХК-д нийлүүлсэн. Үүнээс “Дэлгэрийн бараан” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг төлсөн ба 7,776,000 төгрөгийг төлж дуусаагүй байгаа. 

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-ний дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 29,437,200 төгрөгийн дизель түлш нийлүүлснээс мөн өдрөө “Дэлгэрийн бараан” ХХК нь 10,000,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Дэлгэрийн бараан” ХХК-д дахин 29,437,200 төгрөгийн буюу 19,890 литр дизель түлшийг хариуцагч талд “Гүнзэгэстэй” ХХК-ийн зүгээс нийлүүлсэн. Ингээд би хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 7,776,000 төгрөг, алданги 3,888,000 төгрөг, харин 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 48,874,400 төгрөг, алданги 24,437,200 төгрөг, нийт 84,975,600 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. Алдангийн хэмжээг яг хугацаа хэтэрсэн өдрөөр тооцох юм бол анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан заалтад нийцүүлэн тал хувь болох 28,325,200 төгрөгийг алдангид нэхэмжилсэн. Хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК энэхүү тооцоогоо хүлээн зөвшөөрч “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн ба тооцоогоо бүрэн барагдуулах талаар удаа дараалан албан тоот өгч байсан болно. Анх шүүхэд хандахдаа тооцооллоо буруу бичсэн байна. Уг нь бол үнийн дүн нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хоёр компанийн хооронд шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулагдсан боловч энэхүү гэрээгээр хүлээн авсан түлшээ “Хенфа” ХХК-д хүлээлгэн өгч, тухайн компанийн шатахуун түгээх станцуудад нийлүүлсэн. Тэгэхээр хариуцах ёстой этгээд нь “Хенфа” ХХК тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  Бид 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 17/9 тоот, 2017оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17/23 тоот “Шатахуун хангамжийн гэрээ”-г тус тус байгуулсан. Гэрээний дагуу авсан дизель түлшний хэмжээ, үлдэгдэл төлбөр дээр маргахгүй. Гэхдээ хариуцагч талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манайх нэхэмжлэгчээс авсан бүхий л дизель түлшийг “Хенфа” ХХК-д шууд нийлүүлсэн. “Хенфа” ХХК нь уг түлшний мөнгийг төлөх ёстой, нэхэмжлэгч нь “Хенфа” ХХК-иас түлшний үнээ шаардах хэрэгтэй байх гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг  судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК болон хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК-иуд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот, мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-нүүдийг байгуулжээ.

 

Эдгээр гэрээгээр “Гүнзэгэстэй” ХХК нь дизель түлшийг “Дэлгэрийн бараан” ХХК-д нийлүүлэх, харин “Дэлгэрийн бараан” ХХК нь төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.  

 

2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээний дагуу “Гүнзэгэстэй” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 9,600,000 төгрөгийн, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6,176,000 төгрөгийн, нийт 19,664,000 төгрөгийн дизель түлшийг “Дэлгэрийн бараан” ХХК-д нийлүүлсэн байна. Үүнээс“Дэлгэрийн бараан” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг төлсөн ба 7,776,000 төгрөгийг төлж дуусаагүй байгаа талаар зохигчид маргаангүй.

 

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-ний дагуу 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 29,437,200 төгрөгийн дизель түлш нийлүүлснээс мөн өдрөө “Дэлгэрийн бараан” ХХК нь 10,000,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Дэлгэрийн бараан” ХХК-д дахин 29,437,200 төгрөгийн буюу 19,890 литр дизель түлшийг хариуцагч талд нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-ийн зүгээс нийлүүлсэн талаар талууд маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК нь хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК-д холбогдуулж 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн №17/9 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 7,776,000 төгрөг, алданги 3,888,000 төгрөг, харин 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 48,874,400 төгрөг, алданги 24,437,200 төгрөг, нийт 84,975,600 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ. 

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй дээр дурдсан гэрээнүүдийг байгуулсан болон гэрээний зүйл болох дизель түлшийг хүлээн авсан эсэх талаараа маргаагүй хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

 

Хүлээн авсан дизель түлшээ “Хенфа” ХХК-д шууд нийлүүлсэн тул нэхэмжлэгч нь “Хенфа” ХХК-иас гэрээний төлбөрөө шаардах нь зохимжтой гэж өөрсдийн татгалзлаа хариуцагч тайлбарласан боловч энэхүү тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь “Гүнзэгэстэй” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх нь хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК-ийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байдаг тул нэхэмжлэгч “Гүнзэгэстэй” ХХК-д хариуцагч “Дэлгэрийн бараан” ХХК-иас гэрээний үүргээ шаардах эрх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр №17/9 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 7,776,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №17/23 тоот “шатахуун хангамжийн гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 48,874,400 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.  

 

Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна. 

 

Талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 9,975,600 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 75,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,975,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 532,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-долгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ