Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2017/00021

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01658/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ................... тоотод оршин суух .......... овогт С-ийн О- /РД:...................../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .......................... цэцэрлэгт холбогдох

Тэтгэмж 3.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О-, хариуцагчийн төлөөлөгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасны дагуу цэцэрлэгийн багшид 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгийг авах эрхтэй байдаг. 2015 оны 6 дугаар сард *******- дарга намайг дуудаж уулзаад тэтгэмжийн мөнгөнд хамрагдах материалаа бүрдүүлж, цохолт хийлгүүлээд нягтланд өгөөрэй гэж хэлсэн. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сард тэтгэмжийн мөнгөнд хамрагдах материалаа нягтлан М-т өгсөн. Энэ мөнгө нь 2016 оны 8 дугаар сард цэцэрлэгийн дансанд орж ирсэн боловч би мэдээгүй. Дарга тэтгэвэртээ гарч байгаа учраас 28 сая төгрөгийн тэтгэмж авсан, Э- багш 3,0 сая гаран төгрөгийн тэтгэмж авсан байсан. Би өөрийнхөө мөнгийг орж ирсэн гэдгийг ч мэдээгүй явж байгаад 9 дүгээр сарын дундуур нягтлан Мөнхөө эгчтэй таарахад чиний мөнгө чинь ороод ирчихсэн байгаа, гэхдээ дарга чиний ажилласан жил чинь хүрэхгүй гэдэг шалтгаанаар чамд олгохгүй гэж байсан. Чи даргатай уулзаарай гэж хэлсэн. Тэгээд би даргатай 4-5 удаа уулзахад чиний ажилласан жил чинь хүрэхгүй байгаа, гэхдээ нэг багшийн оронд 2 сар ажиллахад болчих байх гэсэн. Дараа нь дахин даргатай очиж уулзахад чи нягтлантай уулзаадах гэж хэлсэн. Тэгээд би нягтлантай уулзахад миний мөнгийг урсгал засварт хэрэглэсэн гэж ярьж байсан. Би энэ хоёр хүнд гомдоод өнөөдөр шүүхэд хандсан байгаа. Би энэ байгууллагад 6 жил гаруй ажилласан, миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 60 сар байгаа бөгөөд би 2010 онд 10 сар, 2011 онд 12 сар, 2012 онд 12 сар, 2013 онд 12 сар, 2014 онд 9 сар, 2015 онд 4 сар тус тус ажилласан байгаа. Би хуулийнхаа дагуу явж байгаа, хууль зөрчсөн ямар нэг асуудал надад байхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч *******- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдоод миний оронд багш хэрэгтэй болсон учраас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.О-ийг багшаар авсан. С.О- нь 2010-2013 онуудад ажиллаж байх хугацаандаа ажлаа сайн хийж байсан. Энэ хугацаанд С.О- багшийнхаа мэргэжил дээшлүүлэх болон нийгмийн асуудалд нь анхаарч бакалаврын сургалтад сургасан. Гэтэл 2014 оноос эхлэн С.О- багшийн ажилд доголдол гарч, өмнөх онуудад ажиллаж байсан шигээ ажиллахаа больсон. 2014 оны 4-5 дугаар сард С.О- багш чөлөө авсан. 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2015 оны 6 дугаар сар хүртэл К- улс руу явж амьдралаа дээшлүүлнэ гэж бас чөлөө авсан. Тэгээд 2015 онд К-аас ирэхэд нь би С.О- багшийг дуудаад чи 5 жилийн тэтгэмжийн мөнгөндөө хамрагдах болсон байна, харин 2015 онд чи бүтэн ажиллаж байж энэ тэтгэмжийг авна шүү гэдгийг анхааруулж хэлсэн. Яагаад гэвэл С.О- өмнө нь жилийн чөлөө авсан байсан учраас сар чинь хүрэлцэхгүй, тийм учраас 2015 онд бүтэн ажиллана шүү гэж хэлэхдээ мөнгийг нь суулгаад өгсөн байсан. Ингээд С.О- нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн ажилдаа ороод ажиллаж байтал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.О- нь миний бие өвдөөд байна гэж хэлж яваад чимээгүй байж байгаад өөрийнхөө төрсөн ахынхаа эхнэрээр нь над руу нэг өргөдөл явуулсан байсан. Би өргөдлийг үзэхэд өвчтэй гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байсан учраас чөлөө өгөх боломжгүй гэдгийг хэлээд, С.О- руу ярих гэтэл нөхрөө дагаад К- улс руу явсан гэж хэлсэн. Ингээд С.О- багшийн 5 жил хүрэхгүй байгаа учраас энэ мөнгийг өгөх боломжгүй байна. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд сар нь дутуу хүнд мөнгө өгсөн байна гэдэг шалтгаанаар над дээр акт тавигдана, би С.О-ийн мөнгийг идсэн зүйл байхгүй, сар бүрийн мэдээ дээр тэр мөнгө нь бүртгэгдээд явж байгаа. Бид нарт төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах тийм эрх хэмжээ байхгүй. Би С.О-т төрөөс олгож байгаа мөнгийг олгохын тулд 2016 оны 9 дүгээр сард багшийн орон тоо гарахад ажилд нь оруулах гээд Э- эгчээр нь хэлүүлсэн. Гэтэл ажиллахгүй гэж байна гэсэн хариу өгсөн. Тэгтэл 10 сард би нэг хүн ажилд авсан байхад С.О- нь хүрч ирээд миний сар дутуу байгаад байна, танд намайг 2-3 сар ажиллуулах боломж байна уу дарга аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сургуульд явж байгаа нэг багш байгаа, тэр багш хичээлдээ 45 хоног явдаг юм, тэр багшийн оронд чи хэд хоног ажиллачих, чи түр хүлээж бай, манайх мэргэжлийн хяналтын шалгалтад орчихсон байна гэж хэлсэн болохоос биш энэ хүнд мөнгийг нь өгөхгүй гэдэг зүйлийг огт хэлээгүй. С.О-ийн ажилласан жил нь 5 жил хүрч байгаа тохиолдолд миний зүгээс тэр тэтгэмжийн мөнгийг олгоход татгалзах зүйл байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Дархан-Уул аймгийн ...... сумын .... дүгээр цэцэрлэгт холбогдуулан тэтгэмж 3.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч талаас С.О- нь цэцэрлэгийн багшаар 5 жил ажиллаагүй тул тэтгэмжийг өгөх боломжгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч С.О- нь Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгийн багшаар 2010 оны 02 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан байх ба энэ хугацаанд С.О-ээс гаргасан ар гэрийн гачигдлын улмаас 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 сарын 30-ны өдрийг хүртэл чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэж цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай тушаалаар, чөлөө олгожээ.

С.О- нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажиллаагүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар С.О-т олгох тэтгэмж 3.300.000 төгрөг нь улсын төсвөөс цэцэрлэгийн төсөвт орсон боловч түүнд олгоогүй байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан С.О-ийн багшлах эрхийн үнэмлэх /хх 3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 4-6/, чөлөө олгохыг хүссэн өргөдөл /хх 21-24/, цалингийн түүвэр /хх 25/, Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай тушаал /хх 18/, Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгийн дансны хяналтын тайлан /хх 26-27/, төсвийн гүйцэтгэлийн 11 дүгээр сарын мэдээ /хх 28/ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримт болон тэтгэмжийн хэмжээний талаар маргаагүй.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох: 43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч; 43.1.7.б. сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.О- нь Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгийн багшаар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 4 жил 8 сар 6 хоног тасралтгүй ажилласан байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал захиргааны чөлөө авч, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сар 15 хоног ажилласан байна.

Хэдийгээр С.О- нь дээрх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т зааснаар чөлөө авсан боловч энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үзэхгүй тул түүнд Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан тэтгэмжийг олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгээс тэтгэмж 3.300.000 төгрөг гаргуулж, ...... овогт С-ийн О-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн ..........  ... дүгээр цэцэрлэгээс 67.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ