Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0022

 

С.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Л.О

 Шүүгдэгч С.Э

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

 Хохирогч Г.О Н арийн бичгийн дарга Э.Булгантамир

нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолтой, С.Э-т холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц овогт С-н Э.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 Цагаанчулуут багийн 29-13 тоотод оршин суух иргэн Г.О-н эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг хөшин хууль бусаар нэвтэрч 8 хос шинэ гутал, 240 литрийн усны сав 1 ширхэгийг хулгайлж 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ц овогт С-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдолдоо:

... Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн амьдардаг гэрээсээ хулгай хийж хүмүүсийн итгэлийг алдсандаа маш их гэмшиж байна. Миний биеийн байдал одоогоор нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оноштой Нэгдсэн эмнэлгийн доторын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ийм учир миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж урьд оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

3 Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн, Баян-Өндөр сумын, Цагаанчулуут багийн 29-13 тоотод оршин суух Г.О-н байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 8 хос шинэ гутал, 240 литрийн усны сав 1 ширхэг зэргийг хулгайлж 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Э-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч С.Э нь ... Миний биеийн байдал одоогоор нойр булчирхайн архаг үрэвсэл гэсэн оноштой Нэгдсэн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ийм учир миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж урьд оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн гомдол гаргасан боловч хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй, өөрөөл хэлбэл анхан шатны шүүх түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА