Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2017/00915

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр Дугаар 181/ШШ2017/00915 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Оюунчимэг/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунчимэг миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Э.Ичинхорлоогийн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/04955 дугаар шийдвэрээр 20,992,000 төгрөгийг Н.Буянжаргалд олгохоор шийдвэрлэсэн билээ.

Улмаар уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэж, миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 90б байр, 65 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056237 дугаар бүртгэгдсэн 37,09 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хураан авсан. Энэхүү орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон гэх ба зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу дөнгөж 60 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай ойролцоо орон сууцны үнэлгээ 80,000,000-100,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяад гомдол гаргасан боловч үнэлгээтэй холбоотой гомдлыг хүлээн авахгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 3/733 дугаар хариу мэдэгдэр хуудсаар ирүүлсэн.

Улмаар дээрх орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 42,000,000 төгрөгийн үнээр Албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдлийг ирүүлсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд байгаа Д.Оюунчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүгийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 90б байрны 65 тоот эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 60,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд төлбөр төлөгч Д.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 дугаар шийдвэрээр Даваасүрэнгийн Оюунчимэгээс 20.992.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 262.910 төгрөгийг тус тус гаргуулж Н.Буянжаргалд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай алба хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.

Төлбөр төлөгч Д.Оюунчимэгт төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 906 дүгээр байрны 65 тоот 37.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дээрх орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Үнэлгээчний тогтоосон үнэ болох 60.000.000 төгрөгийн 70 хувиар тооцон 42.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу барьцааны орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 60.000.000 төгрөгийн 50 хувиар тооцон 30.000.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудпага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрт төлбөр төлөпч Д.Оюунчимэгийг байлцуулан, түүнд мэдэгдлийг тухай бүрт нь гардуулж, тайлбар авч, тэмдэглэл хөтлөх зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж ажилласан. Иймд төлбөр төлөгч Д.Оюунчимэгт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

:

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутаас товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Оюунчимэгээс 20 992 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 262 910 төгрөгийг тус тус гаргуулан Н.Буянжаргалд олгохоор шийдвэрлэж, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2902 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16261534 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 04955 дугаар шийдвэрийн болон 2902 дугаар гүйцэтгэх хуудас, 16261534 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-2204056237 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90б байр, 65 тоот орон сууцны өмчлөгч болох нь Улсын бүртгэл статистикийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн № 8/982 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:, 34.1.1-т .... эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;, 34.1.6эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох гэж заасан.

 

Хариуцагч нь 90б байр, 65 тоот орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын сарын 06-ны өдөр битүүмжилж, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан болох нь 162/18 дугаар эд хөрөнгө битүүмжлэх болон 162/78 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 37.2.2төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө; гэж заасан.

 

Нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь 90б байр, 65 тоот орон сууцны үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй болох нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/733 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь 191 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 90б байр, 65 тоот, 2 өрөө, 37.09 м.кв орон сууцны зах зээлийн нийт үнийг 60 000 000/жаран сая/ төгрөгөөр үнэлсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

90б байр, 65 тоот, 2 өрөө, 37.09 м.кв орон сууцыг 60 000 000/жаран сая/ төгрөгөөр үнэлсэн болохыг нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн № 3/36800 мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-2204056237 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 90б байр, 65 тоот 2 өрөө, 37.09 м.кв орон сууцыг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул 60 000 000/жаран сая/ төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 тоот орон сууцыг 60 000 000/жаран сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 тоот орон сууцыг 60 000 000/жаран сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

, С.ХИШИГБАТ