Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1401

 

Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/00915 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/04955-дугаар 20 992 000 төгрөгийг Н.Буянжаргалд олгох тухай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гүйцэтгэж, миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 906 байр, 65 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056237 дугаарт бүртгэгдсэн 37 09 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжлэн хурааж авсан. Энэхүү орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон гэх ба зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 60 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай орон сууц ойролцоогоор 80 000 000 төгрөгөөс 100 000 000 орчим төгрөгийн үнэлгээтэй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяад гомдол гаргасан боловч үнэлгээтэй холбоотой гомдлыг хүлээн авахгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/733 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн. Дээрх орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 42 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдлийг ирүүлсэн нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд 60 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү."гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 дугаар шийдвэрийн гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Төлбөр төлөгч Д.Оюунчимэгт төлбөрөө сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч үл биелүүлсэн тул түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 906 дүгээр байрны 65 тоот 37.09 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дээрх орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээчний тогтоосон үнэ болох 60 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 42 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу барьцааны орон сууцанд үнэлгээчний тогтоосон үнэ болох 60 000 000 төгрөгийн 50 хувиар тооцон 30 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрт төлбөр төлөгч Д.Оюунчимэгийг байлцуулан, түүнд мэдэгдлийг тухай бүрт нь гардуулж, тайлбар авч, тэмдэглэл хөтлөх зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж ажилласан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 тоот орон сууцыг 60 000 0000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “..хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутаас товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүхэд ирүүлсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв...” гэжээ. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг танилцуулаагүй, шүүх хурлын тов мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлеөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулж шүүх хурлыг явуулах хүсэлт тавьсан ч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн зэргээс үзвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.3, 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг зөрчин анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргаж нэхэмжлэгчийг хохироожээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 дугаар шийдвэрээр Д.Оюунчимэгээс 20 992 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Буянжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 137 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу Д.Оюунчимэгийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 37, 43 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх /хх.25/, хураах /хх.27/, үнэлгээ тогтоох /хх.29-35/, мэдэгдэл хүргүүлэх, анхны болон хоёр дах албадан худалдаанд оруулах /хх.39, 42/ зэрэг ажиллагааг явуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3/733 тоот мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Оюунчимэгт эд хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин 60 000 000 төгрөгөөр тооцсон тул 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/463 тоот тогтоол гарган 60 00 000 төгрөгийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол /хх.39/ гаргажээ.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн /хх.26/, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн /хх.28/, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хх.41/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх.44/ зэргээс үзэхэд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлуулах эд хөрөнгийн үнийн талаар санал авах ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар өөр нотлох баримт байхгүй байна. Эдгээр баримтуудад төлбөр төлөгчид төлбөр төлж барагдуулах талаар мэдэгдэл, сануулга өгч байсан талаар бичсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал гаргах, уг асуудлаар төлбөр авагчтай тохиролцон тогтоох эсэх талаар мэдэгдсэн гэж үзэхгүй. Иймд үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх тул үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл үндэслэлтэй.

Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцсан /хх.18/, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр /хх.50/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр утасны мессежээр шүүх хуралдааны товыг /хх.51/ мэдэгдсэн байна. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс оролцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдаанд ирээгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцож чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлт гаргаагүй боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар дугаар 30-ны өдрийн 181/ШШ2017/00915 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/04955 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 90б дугаар байрны 65 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оюунчимэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

      ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ