Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2017/00724

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2017/00724

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00407/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Д........ тоотод оршин суух М. овогт Э.С. /РД: ./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан . Т. х.холбогдох,

 

"Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.С- нь ДУА ТХ-с 2014 оны 04 сарын 10-ны өдөр дотоод ажил хариуцсан ажилтнаар анх томилогдсон. 2015 оны 09 сараас хүний нөөцийн албан мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, ажлаа чин үнэнчээр гүйцэтгэдэг байсан. Гэтэл шинээр томилогдсон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б- нь хууль бус үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байна. Ажлаас халсан 2017 оны Б/21 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн бага хүү Г.Х- нь 2 нас 8 сартай байхад ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг мөн зөрчсөн байдаг. Иймд Татварын хэлтсийн хүний нөөцийн албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Б- шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхэд хандахаас өмнө буюу 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 тушаалаар хүчингүй болгон Э.С-т тухайн өдөр утсаар, 2017 оны 03 сарын 31-ний өдөр цахим хаягаар нь мэдэгдсэн. Гааль, Татварын ерөнхий газрын харьяа аймгийн Татварын газар, хэлтсүүдийн орон тооны бүтэц батлах тухай 2016 оны 05 сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалын 20 дугаар хавсралтад Хүний нөөцийн мэргэжилтэн-Хуулийн зөвлөх-ийн албан тушаалд шаардлага нь улсын байцаагч, хураагч байх, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн А/03 тушаалаар харьяа нэгжийн бүтэц, чиг үүрэг батлагдсаны дагуу даргын зөвлөлийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн, хэлтсийн даргын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн А/01 тушаалаар ДУА-ийн Т. х. орон тоо, зохион байгуулалтын бүтэц баталсныг нийт албан хаагчдын 2017 оны 01 сарын 13-ны өдрийн хурал дээр уншиж танилцуулсныг хүний нөөц-архивын ажилтан Э.С- мэдсэн нь хурлын ирц болон хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

Уг тушаалын дагуу 2017 оны 01 сарын 24-ний өдөр Э.С-т хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг өөрийг нь дуудаж гардуулах гэсэн боловч мэдэгдлийг гардан авахаас зайлсхийж, 1-р сарын 24-нд эмнэлгийн магадлагаагаар хүүхдээ асрах акт авсан боловч тухайн өдөр хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлсэн тухай мэдээлэл цагийн бүртгэлийн цахим системд тэмдэглэгдсэн байдаг ба ТУАБ Б.С. утсаар мэдэгдэхэд Ширээн дээр тавьчих гэсэн хариу өгсөн. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй байна.

Э.С-т хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийг тооцон ахлах нягтлан бодогч О.А- 2017 оны 03 сарын 30-ны өдөр Хаан банкин дахь түүний эзэмшлийн 5046422479 тоот дансанд шилжүүлсэн.

Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт орсонтой холбогдуулан хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Э.С-ийг өндөр насны тэтгэвэрт гарсан ТУБ О.А рцаагийн сул орон тоонд 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж удаа дараа ажлаа хийхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С- нь ДУА ТХ-с холбогдуулан, тус хэлтсийн хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн ТХ- нь Э.С-ийг ажлаас чөлөөлсөн тус хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг Э.С-ийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүчингүй болгож, түүний ажиллаж байсан орон тоо байхгүй тул 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс өөр ажилд томилсон учир нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Нэхэмжлэгч Э.С- нь 2014 оны 04 сарын 09-ний өдрөөс ДУА ТХ-с архив, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс тус албан тушаалаас чөлөөлөгдөн, хүний нөөцийн ажилтан, архивчаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б.21 дугаартай Э.С-ийг ажлаас чөлөөлөх, комисс томилох тухай тушаалаар 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс түүнийг хүний нөөц, архивын ажилтны ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан 0994471 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаал хүчингүй болгох тухай тушаалаар хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, мөн өдрийн Б/26 дугаартай Татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаалаар Э.С-ийг 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

Дээрх Б/25 дугаартай тушаалд Э.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгосон үндэслэлээ түүний хүүхэд 3 нас хүрээгүй гэжээ.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-оос нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх шаардлагагүй, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Э.С-ийг татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаалыг бид хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцахдаа мэдсэн, Э.С- нь улсын байцаагчийн эрхгүй байхад ийм албан тушаалд томилж байгаад шаардлага хангаагүй гэж дахин халах магадлалтай тул Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаа дэмжиж байна. Э.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг зөрчиж, ажлаас чөлөөлөх тухайгаа Э.С-т 1 сарын өмнө мэдэгдээгүй, 2 ой 8 сартай хүүхэдтэй байхад нь ажлаас халсан тул үндэслэлгүй гарсан гэж тус тус тайлбарладаг болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Э.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь тус даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар хүчингүй болсон байх бөгөөд ажил олгогч, эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй юм.

Ийнхүү ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болсон байх тул Э.С-ийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй бөгөөд хүчингүй болсон тушаалын талаар шүүх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаас Татварын Ерөнхий газрын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн А/03 дугаартай Татварын ерөнхий газрын харъяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д аймгийн татварын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг баталсан байх бөгөөд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 01 сарын 11-ний өдрийн А/01 дугаартай Орон тоо, бүтэц батлах тухай тушаалаар тус хэлтсийн бүтэц, орон тоог баталжээ. Тус тушаалаар хүний нөөцийн ажилтан, архивчийн орон тоо байхгүй байх бөгөөд ахлах нягтлан бодогч, архив гэсэн 1 орон тоотой байхаар заасан байна.

Энэхүү бүтэц, орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгч Э.С-ийг татварын улсын байцаагчийн сул орон тоонд Татварын орлогын тасагт түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай тушаалын талаар нэхэмжлэгч талаас шаардлага гаргаагүй байх тул шүүх энэхүү тушаалыг хянах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.С- нь Татварын хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 28-ны өдрийн Б/26 дугаартай тушаал гарсныг мэдээгүй шүүхэд гаргасан хариуцагчийн тайлбараас мэдсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б- тушаал гарсан даруйд Э.С-т утсаар болон цахимаар мэдэгдсэн гэж тус тус тайлбарладаг болно.

Хариуцагч тал энэхүү тайлбараа нотлохоор Дархан-Уул аймгийн ТХ- /Г./-тай байгуулсан гэрээний дагуу ..... дугаарын 2017 оны 03 сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг ирүүлсэн байх бөгөөд энэхүү жагсаалтаар 9... дугаартай утасруу хандалт хийж, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 16 цаг 13 минутад 54 секунд, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 16 цаг 15 минутад 1 минут 3 секундын яриа хийсэн болох нь тогтоогдож байна. Энэхүү 95139393 дугаар нь нэхэмжлэгч Э.С-ийн дугаар болох талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.С- нь 2017 оны 03 дугаар сард ногдох цалин болох нийт 434,744 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан татварын хэлтсийн ажилтнуудын 2017 оны 03 дугаар сарын цалингийн жагсаалт, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Э.С-ийн ДУА ТХ-с холбогдуулан гаргасан тус хэлтсийн хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан Э.С-ийн ДУА ТХ-с холбогдуулан гаргасан тус хэлтсийн хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.С- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ