Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 115

 

Э.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00407/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч М овогтой Э-гийн С-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдох

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Э.С-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.С-, хариуцагчийн төлөөлөгч Ж.Баярт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзоригоос:

Э.С- нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дотоод ажил хариуцсан ажилтнаар анх томилогдсон. 2015 оны 09 сараас хүний нөөцийн албан мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж хариуцлага хүлээж байгаагүй, ажлаа чин үнэнчээр гүйцэтгэдэг байсан. Гэтэл шинээр томилогдсон даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярт-Од хууль бус үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн. Ажлаас халсан 2017 оны Б/21 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мөн бага хүү Г.Хосбаяр нь 2 нас 8 сартай байхад ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг мөн зөрчсөн байна.

Иймд Татварын хэлтсийн хүний нөөцийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баярт-Одоос:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хэлтсийн даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхэд хандахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 тушаалаар хүчингүй болгон Э.С-т тухайн өдөр утсаар, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим хаягаар нь мэдэгдсэн. Гааль, Татварын ерөнхий газрын харьяа аймгийн Татварын газар, хэлтсүүдийн орон тооны бүтэц батлах тухай 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалын 20 дугаар хавсралтад “Хүний нөөцийн мэргэжилтэн Хуулийн зөвлөх”-ийн албан тушаалд шаардлага нь улсын байцаагч, хураагч байх, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тушаалаар харьяа нэгжийн бүтэц, чиг үүрэг батлагдсаны дагуу даргын зөвлөлийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн хурлаар хэлэлцэн, хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 тушаалаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц баталсныг нийт албан хаагчдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурал дээр уншиж танилцуулсныг хүний нөөц-архивын ажилтан Э.С- мэдсэн нь хурлын ирц болон хурлын тэмдэглэлээр нотлогдож байна. Уг тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Э.С-т хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг өөрт нь дуудаж гардуулах гэсэн боловч мэдэгдлийг гардан авахаас зайлсхийж, 1 дүгээр сарын 24-нд эмнэлгийн магадлагаагаар хүүхдээ асрах акт авсан боловч тухайн өдөр хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлсэн тухай мэдээлэл цагийн бүртгэлийн цахим системд тэмдэглэгдсэн байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй байна. Э.С-т хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэмэгдлийг тооцон ахлах нягтлан бодогч О.Алтантуяа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкин дахь түүний эзэмшлийн 5046422479 тоот дансанд шилжүүлсэн. Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт орсонтой холбогдуулан хэлтсийн даргын 2017 оны 03  дугаар сарын 28-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Э.С-ийг өндөр насны тэтгэвэрт гарсан ТУБ О.Арцаагийн сул орон тоонд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж удаа дараа ажлаа хийхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байгаа болно. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэртэй шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан Э.С-ийн Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан тус хэлтсийн хүний нөөцийн ажилтан, архивчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.С- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.С- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлалгүй зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үндэслэж хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас анхан шатны шүүх хуралдаанд төлөөлөгчөө оролцуулсан боловч миний төлөөлөгч бодит явдлыг тодорхой мэдэхгүйгээс болж намайг шүүх хуралдаанд бүрэн төлөөлж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеээр оролцох хүсэлттэй байх тул шүүх хуралдаанд намайг оролцуулах хэргийг дахин хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.С- Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын  2017 оны 03 дугаар  сарын 28-ны өдрийн Б/25 тоот тушаалаар нэхэмжлэгчийг иргэний хэргийн шүүхэд хандахаас өмнө нэхэмжлэгч Э.С-ийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож, Э.С-ийг 2017 оны 04  дүгээр сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Э.С-ийг  ажлаас халсан 2017 оны Б/21 тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 заалтаар ажилтныг ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө энэ тухай ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн тухай Э.С-т тухайн өдөр утсаар, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим хаягаар нь мэдэгдсэн гэж хариуцагч тал тайлбарладаг.

Нэхэмжлэгч Э.С-ийн бага хүү Г.Хосбаярыг 2 нас 8 сартай байхад нь түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн гэж хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалаа хүчингүй болгож,  нэхэмжлэгчид 3 сарын цалинг олгожээ.

Нэхэмжлэлийн шаардлагаар хүчингүй болгохыг хүссэн 2017 оны 03  дугаар сарын 06-ны өдрийн Б/21 тушаалыг хариуцагч тал өөрөө санаачлагаараа хүчингүй болгосон нь нотлогдсон ба энэ тушаалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна гэж үзээд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Э.С- 2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрөөс Татварын орлогын тасагт татварын улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/25 тоот тушаалд ажилд буруу шилжүүлсэн талаар  нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул энэхүү тушаалын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч Э.С-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 724 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.С- тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ