Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.О*****,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Б.О*****оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.О*****д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 91 дүгээрт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 28 гараашийн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

3.Дээрх байршилд нэхэмжлэгчийн гарааш байрлаж буй болох нь шүүхийн үзлэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн агаар сансрын зураг зэргээр нотлогдсон.

4.Нэхэмжлэгч Б.О*****ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ Миний эзэмшлийн граашийг Нийслэлийн засаг дарга  нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар болон Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зөвшөөрөлгүй баригдсан гараашуудын тоонд оруулан албадан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон бидний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна.

2/Газрын тухай хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,  57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах 2 үндэслэлээр газрыг

албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж ойлгож байна. Үүнд:

1. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан,

2. Бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн.

3. Нэг л удаа олгосон хуулийн хугацаа нь дууссан

3/Гэтэл бидний эзэмшиж, омчилж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан байдаг. Түүнчлэн иргэд бид газрыг болон уг гараашийг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно. Зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа болно. Уг гараашийг худалдан авахаасаа өмнө газрын албан дээр очиж тодруулахад газрын төлбөрөө төлөөд, нэр дээрээ шилжүүлэн авна гэсэн захиргаа газрын алба-ны үйл ажиллагааны дагуу гараашийг худалдан авч, хувийн хэрэгцээндээ эзэмшиж, өмчилж байгаа билээ.

Газрын тухай хуулийн 27.-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 36.4-д “Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно”,мөн тус хуулийн 30.1-д заасан газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

4/Гэтэл миний бие гараашийн төлбөрийг тогтмол тасалдалгүй 2019 он хүртэл төлж явсан иргэн И.Доржхандаас худалдан авч 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2020 оны газрын төлбөрийг төлсөн болно. 1994 онд баригдсан гараашид 15 жилийн хугацаа нь 2009 онд дуусгавар болох ёстой хэдий ч аль аль талаас ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргаагүй тул уг хуулийн заалтаар нэг удаадаа 40 жилээс илүүгүйгээр сунгагдсан гэж үзэх олон улсын жишиг болон хуулийн дагуу болсон билээ.

Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба мөн хуулийн 34.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, хорооны газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн. Үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын алба “эзэмших гэрчилгээ олгох ёстой байдаг билээ.

5/1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж нь Газрын тухай хууль батлагдахаас өмнө гарсан. Харин газрын тухай хууль батлагдан гарахад ямар нэгэн дагаж мөрдөх журмын хуулиар урьд барилга байгууламж барих зориулалтаар олгосон зөвшөөрөл шийдвэр нь хүчингүй болох талаар заагаагүй болно. Тиймээс уг захирамжийг Газрын тухай хуулийн  33-т заасантай дуйцнэ гэж бид үзэж байна.

Иймд иргэд бид шударгаар олж авсан хоронгө болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар бүрэн дунд сургуулийн ард байрлалтай гараашийг зөвшөөрөлгүй баригдсан барилгад оруулан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын хуулийн 57.3, 57.4-д нийцэхгүй, иргэний шударгаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, омчлох эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Бидний зүгээс нийслэл, дүүргийн захиргаанаас нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгаа ба гагцхүү хууль дээдлэх зарчмын хүрээнд, иргэний эрхийг дордуулахгүйгээр, иргэдтэй зөвшилцөн, сонсох ажиллагаа явуулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д хамаарч байгаа болно. Учир нь Нийслэлийн засаг даргын А/388 дугаар  захирамжийн хавсралт нь ямар нэгэн кадастрын зураггүй гарсан ба 2 дугаар дунд сургуулийн хойд талын бүх гараашууд гэж албадан буулгах талаар заасан байна. Харин эдгээр гараашууд нь буюу манай 34 тоот гараж нь зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд үүнийг захиргаанаас нарийвчлан судлахгүйгээр бүгдийг буулгахаар шийдвэрлэсэн зөвшөөрөлтэйгөөр баригдсан гарааш эзэмшигч, өмчлөгчдийн эрхэд халдсан ноцтой зөрчсөн” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.О***** нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн ард орших 34 тоот гараашийг эзэмшиж, өмчилдөг. Уг гарааш нь Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/56 дугаар захирамжаар 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баригдсан. Тухайн газарт “А***” ХХЭАА нь 2 дугаар сургуулийн хашааны зүүн хойд талд 23 гарааш, мөн түүний ард 24 гарааш гэх зэргээр нийт 105 гарааш барьсан. Тухайн гараашийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Б.О***** худалдан авсан. Нийслэлийн Засаг дарга  2022 оны 03 дугаар 14-ний өдөр А/388 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 03 дугаар сард зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудын тоонд тус гараашийг оруулж албадан буулгахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь иргэн, хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэнд ноцтой халдсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, мөн тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах 2 үндэслэлээр арга хэмжээ авахаар заасан байна гэж ойлгож байна. Нэгдүгээрт: Зохих зөвшөөрөлгүйгээр тус газарт барилга байгууламж барьсан, бусад хэлбэр түүнийг дур мэдэн эзэмшсэн,  нэг удаа олгодог хуулийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцож болно. Гэтэл Б.О*****ын эзэмшиж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан, түүнчлэн тус гараашийг дур мэдэн эзэмшээгүй буюу зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашийг худалдан авч эзэмшиж байгаа юм. Уг гараашийг худалдаж авахаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас энэ талаар тодруулан, газрын төлбөрөө төлж өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан. Мөн Б.О***** нь тухайн гараашийг худалдаж авснаас хойш газрын төлбөрөө төлж байсан. Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжаар гараашнуудыг буулгах тухай шийдвэр гарсан учраас шүүхэд хандсан” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно.

2/Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно.

3/Газрын тухай хуульд заасны дагуу газрыг зөвхөн гэрээ болон гэрчилгээг үндэслэж эзэмшүүлэх ёстой. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гарааш байршиж байгаа газрыг эзэмших эрхгүй гэж үзсэн учраас 2022 оны А/388 дугаар захирамжаар албадан буулгах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс 1993 онд тухайн газрыг эзэмших эрхтэй болсон гэж тайлбарлаж байгаа боловч тухайн газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаар захиргааны байгууллагад хандаж байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тус гараашийг үл хөдлөх хөрөнгө гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй. Нийслэлийн Засаг даргаас өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд А/388 дугаар захирамжийг гаргасан, түүнчлэн Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын хэмжээнд газар эзэмших эрхгүй гараашнуудыг буулгаж, тохижилт хийх шийдвэр гаргасан. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захирамж юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А36 дугаар захирамжийн 2 дахь заалтаар амины машины гаражийн барилгыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн зүүн талд байрлуулан 0,05 газарт байршлыг тогтоожээ.

2.Нийслэлийн Засаг даргын 1994 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 6в/892 дугаар захирамжаар байршлыг өөрчлөн 2 дугаар дунд сургуулийн хашааны хойд талд 24 машины гарааш барихыг зөвшөөрчээ.

3.Харин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 91 дүгээрт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 28 гараашийн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

4.Дээрх байршилд нэхэмжлэгчийн гарааш байрлаж буй болох нь шүүхийн үзлэг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн агаар сансрын зураг зэргээр нотлогдож байна.

5.Нэхэмжлэгчээс “гараашийг хуулийн дагуу эзэмшдэг” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрын зөвхөн хуульд зааснаар гэрээний үндсэн дээр гэрчилгээгээр эзэмших ёстой” гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг” хэлнэ, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж тус тус заажээ.

6.Гэтэл дээрх байршилд гарааш барих эрх нь Газрын тухай /1994, 2002 оны / хуулиуд хэрэгжиж эхлэхээс өмнө үүссэн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан гэх үндэслэлд хамаарахгүй байна.

7.Учир нь хуулийн дээрх үйлчлэлээс өмнө үүссэн эрх зүйн харилцааны тухайд эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр /БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж, Нийслэлийн Засаг даргын 1994 оны захирамж/ нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын нэгэн адил үйлчлэх ёстой бөгөөд энэ тохиолдолд гарааш барихыг зөвшөөрсөн нь түүнтэй холбоотой газар эзэмших эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэнтэй нэгэн адил юм.

8.Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн байршилд, зориулалтын дагуу 1994 оноос маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 28 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшсэн байхад гэрээ байгуулаагүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй гэх үндэслэлээр зөрчилд тооцох нь үндэслэлгүй юм.

9.Мөн нэхэмжлэгч, түүний өмнөх эзэмшигч нар гараашийн доорх газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй, энэ талаар хүсэлт гаргаж байгаа хэдий ч газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан болох нь нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Газрын албаны дансанд төлсөн 184320 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-д тус тус заасныг баримтлан Б.О*****ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 91 дүгээрт бичигдсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 28 гараашийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ