Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0781

 

 

 

 

 

 

 

               Б.Оын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.О

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 696 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0417/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Ооос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 696 шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг тус тус баримтлан Б.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 91 дүгээрт бичигдсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 28 гараажийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх “дээрх байршилд гарааж барих эрх нь Газрын тухай /1994, 2002 оны/ хуулиуд хэрэгжиж эхлэхээс өмнө үүссэн байх тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан” гэх үндэслэлд хамаарахгүй байна. ...Зөвшөөрөгдсөн байршилд зориулалтын дагуу 1994 оноос маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 28 жилийн хугацаанд тухайн газрыг эзэмшсэн байхад гэрээ байгуулаагүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй гэх үндэслэлээр зөрчилд тооцох нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд гарааж байршиж байгаа газрын хувьд анх нийслэлийн Засаг даргын 1994 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 дугаар захирамжаар эзэмшүүлсэнтэй огт маргаагүй бөгөөд тухайн эзэмшүүлсэн шийдвэр, зөвшөөрлийн дагуу газар эзэмшигч нь хугацаа сунгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан. Тухайн маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх хугацаа сунгасан, газар эзэмших, ашиглах эрхийн бүртгэлийг огт хийлгэж байгаагүй, тэр талаар ч хүсэлт гаргаж байгаагүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу “зохих зөвшөөрөлгүй” гэж үзнэ.

3.2.Мөн шүүхээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184.320 төгрөгийн газрын төлбөр төлсөн баримтыг үнэлэхдээ “цаг тухайд төлж байсан нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймээс маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

    ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Анх БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны А36 дугаар захирамжаар амины автомашины гараж барих байршлыг  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар дунд сургуулийн зүүн талд орших 0.05 га газарт гэж тогтоосноор, Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/86 дугаар захирамжаар уг байршлыг тус сургуулийн хашааны зүүн талд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий архитекторын 1994 оны “Газрын зөвшөөрлийн тухай” 6в/892 дугаар албан бичгээр мөн байршлыг сургуулийн хашааны хойд талд байхаар тус тус өөрчилснөөр нэхэмжлэгч Б.Од иргэн И.Даас 2020 онд худалдан авсан, уг байршилд эзэмшиж буй гаражын доорх газрын эзэмших эрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу үүссэн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Бодит байдалд 1994 онд гараж баригдаж, өнөөдрийг хүртэл нийтдээ 28 жилийн хугацаа өнгөрч байж болох ч энэ нь нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуульд заасан газар эзэмших нөхцөл, шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болохгүй.

2.Тухайлбал уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, гэтэл нэхэмжлэгч Б.Од дээр дурдсан Худалдах, худалдан авах гэрээнээс өөрөөр гаражын доорх газрыг эзэмших эрх огт үүсээгүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй, иймд 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газрын төлбөрт 184320 төгрөг төлсөнөөр газар эзэмших эрх үүссэн гэж дүгнэж болохгүй.

3.Цаг хугацааны хувьд Газрын тухай хууль /1994 оны/ батлагдахаас өмнө дээрх байршилд эрх бүхий этгээдээс гараж барихыг зөвшөөрсөн ч 2020 оны 5 дугаар сараас хойш нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрх үүсээгүй энэ тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг батлахдаа нэхэмжлэгчийн эзэмшлийн гаражыг хамруулсан нь хууль бусад тооцогдохгүй. 

Учир нь хариуцагчаас нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-т зааснаар “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах бүрэн эрхтэй. 

4.Иймд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн Газрын харилцааны талаарх 9.4.2-т “…орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам, талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, …” гэснийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан маргаан бүхий захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Харин 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11/25 дугаар “Гараж худалдах, худалдан авах гэрээ”-ний 2-т “Худалдагч талын шилжүүлэх авто гаражын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон бусад хүчин зүйл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн шаардлагад нийцсэн байна” гэж, уг хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх …үүргийг …хүлээнэ” гэж тус тус заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авснаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг баримтлан Б.Оын “нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 91-т заасан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах 28 ширхэг гаражын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Угийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН