Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02657 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Бд холбогдох

 

3 780 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч У ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар такси транспорт сервис ХХК болон П.Б нарын хооронд автомашин санхүүгийн түрээсийн ТТ16-051 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 15-23 УНС улсын дугаартай Хюндай Элентра автомашиныг таксины зориулалтаар эзэмшиж, ашиглаж, гэрээнд заагдсан түрээсийн төлбөрийг төлж, түрээслэгч нь гэрээнд заагдсан төлбөрийг бүрэн дуусгаж гэрээний зүйлийг түүний өмчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр акт үйлдсэн. Гэтэл П.Б нь түрээсийн гэрээний төлбөр төлөх нэмэлт хугацааг тогтоосон боловч үүргээ биелүүгээгүйгээс 29 хоногийн 725 000 төгрөгийн өртэй болсон тул автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 13.2.9-т заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийг байлцуулан автомашин хүлээлцэх акт үйлдэн, автомашиныг түр саатуулан үзлэг оношлогоонд оруулж, холбогдох засвар үйлчилгээг Монгол хюндай автомотив компаниар хийлгүүлсэн. Эвдэрсэн сэлбэгүүдээ шинээр сэлбэгээр сольж тавьсан. Жил бүрийн 1 дүгээр сард Монгол хюндай автомотив компанийн үзлэг оношилгоонд ордог. Түрээслэгч нь зам тээврийн зөрчил гаргаж 12 500 төгрөгийн торгуулийн өртэй болно. Иймд засвар үйлчилгээний зардал 2 818 820 төгрөг, түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 725 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 12 500 төгрөг, бусад авлага 724 400 төгрөг нийт 3 780 720 төгрөгийг хариуцагч П.Бгаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Автомашиныг анх надад өгөхдөө улсын үзлэгт тэнцээгүй машин өгсөнийг би засч авсан. Харин автомашиныг буцааж өгөхдөө бүгдийг нь зассан байсан. Нэхэмжлэлд дурдсан засварууд нь засагдаагүй. Энэ машин 160 000 км-ын гүйлттэй. Тэгэхэд би урьд нь 2011 онд 0 км-тай машин аваад 146 000 км яваад 26 500 000 төгрөг өгч хувьдаа авсан. Гэтэл энэ машин одоог хүртэл 160 000 км явсан мөртлөө дахиад 17 000 000 төгрөгийн өртэй байгаа. Мөн 3-4 жолооч солигдсон. Энэ машин хийх ёстой мөнгөө хийж, засвар үйлчилгээгээ хийлгэсэн. Миний төлсөн 7 000 000 төгрөг болон урд өмнөх жолооч нарын төлсөн мөнгө нийлээд төлбөр нь гүйцсэн. Жилд нэг удаа Монгол хюндай киа автомотив компанид үзлэг оношлогоонд ордог. Энэ автомашиныг 10 дугаар сард хүлээж авсан. Бүх юмыг шинээр сольсон гэдэг боловч хүлээж авснаас 2 сарын дотор амортизатор, рулийн аппарат эвдэрчихсэн. Рулийн аппаратыг шинээр авахад 2-3 жил ажилладаг. Эвдэрсэн байсан бол машин явах боломжгүй. Амортизор ямар байгааг өвөл шалгаж мэдэхгүй. Эдний компанид энэ талаар үзлэг оношлогоо хийх багаж байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар хариуцагч П.Бгаас 767 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 013 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн нэхэмжлэгчийн 75 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 22 963 төрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрийн 4 дэх талд "... гэрээгээр гэрээний зүйлийн чанарын талаар болон ердийн элэгдлийн талаар хэлэлцэн тохиролцоогүй тул засвар үйлчилгээний зардлыг хангах үндэслэлгүй" гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй бөгөөд чанар энгийн элэгдэл эвдрэл гэмтлийн талаар 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний 4.6-д "түрээслэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлд түрээсийн зүйлийг актаар хүлээлгэн өгөх бөгөөд автомашин түүний нэмэлт тоноглолыг эзэмших хугацаанд бий болсон эвдрэл гэмтэл хохирлыг түрээслэгч өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх  үүрэгтэй"  гэж зааснаар түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдал болон чанарыг түрээслэгч хариуцахаар тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт  "... дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн" гэсэн нь бодит үнэнд нийцээгүй. Учир нь автомашины оношлогоо дүгнэлтийг уг автомашиныг үйлдвэрлэгчийн Монгол дахь төлөөлөгчийн газар Монгол Хьюндай Автомотив ХХК-аар хийлгэсэн. Техникийн доголдлын талаар дундаас доош чанарын доголдол байгаа тул оношлогоог хийсэн байгууллага нь солих, засах гэж тэмдэглэсэн. Засах солих гэж оношлогдсон эд ангийг ердийн элэгдэлтэй гэсэн нь учир дутагдалтай, бодит байдалд нийцээгүй. Мөн шийдвэрийн 4 дэх хуудсанд "хэвийн ажиллагаатай автомашин хүлээлгэж өгсөн, өөрсдөө унаад явсан, рулын аппарат эвдэрсэн бол машин явах боломжгүй" гэх тайлбарын яагаад үндэслэлтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Учир нь рулын аппарат нь энгийн ба цахилгаан 2 янз байдаг. Маргаж байгаа автомашины хувьд цахилгаан аппараттай. Аль ч аппарат байсан аюулгүй ажиллагааг хангах зорилгоор эвдэрсэн ч гацахааргүй хийгдсэн. Хэрэв рулын аппрат нь эвдрээд гацвал жолоодлогоо алдана. Харин рулын аппратны эвдрэлтэй холбоотой жолоогоо алдаж байсан тохиолдол манай байгууллагын автомашинуудад гарч байгаагүй. Тэгээд ч рулын аппратыг бүр гацсан гэж оношлоогүй солих шаардлагатай эвдрэлтэй гэсэн. Дээрх үндэслэлүүдээс харахад шүүхийн шийдвэр хариуцагчийн мэдүүлэгт хөтлөгдөн бусад нотлох баримтуудыг үгүйсгэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээний 4.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч У ХХКнь хариуцагч П.Бд холбогдуулан засвар үйлчилгээний зардалд 2 818 820 төгрөг, түрээсийн төлбөрт 725 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс учирсан хохирол 12 500 төгрөг, бусад авлагад 724 400 төгрөг, нийт 3 780 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч дээрх шаардлагаас 737 500 төгрөг /725 000+12 500/ -ийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “тт-16-051” тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 1523 УНС улсын дугаартай “Хюьндай Элентра” автомашиныг 33 сарын хугацаатай, такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглуулахаар хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг тогтмол төлөх үүрэг хүлээж, уг автомашиныг хүлээн авсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх-5-9 дэх тал/ Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

Хариуцагч П.Б, түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан гэдэгт маргаагүй, харин эвдрэлгүй автомашин нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээр засвар үйлчилгээний болон бусад зардлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн байна. Тодруулбал, хариуцагч П.Б түрээсийн гэрээгээр тохирсон төлбөр төлөх хуваарь зөрчсний улмаас нэхэмжлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалж, тухайн өдрөө автомашин хүлээлцэх акт үйлдэн нэхэмжлэгчээс автомашиныг буцаан авсан болох нь автомашин хүлээлцсэн акт, талуудын тайлбараар тогтоогдсон. Ингэснээр нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна.

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход түрээслүүлэгч талын шаардлагыг тодорхойлохдоо түрээслэсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр, хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзэхээр заажээ.

            Хэрэгт авагдсан “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 03, 06-ны өдрийн засвар үйлчилгээний нэхэмжлэх, засвар үйлчилгээний хуудас зэрэг баримтууд нь П.Бгийн ашиглаж байсан 1523 УНС автомашинд хийлгэсэн үзлэг, оношлогооны хөлсний үнийн дүн байна. /хх-25-26 дахь тал/ Зохигчид автомашиныг сар бүр оношлогоо хийлгэдэг байсан гэж тайлбарладаг /хх-94 дэх тал/ тул уг зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох боломжгүй юм. Мөн “Монгол Хьюндай автомотив” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын сарын 15-28-ны өдрөөр огноолсон засвар үйлчилгээний хуудас, засвар үйлчилгээний нэхэмжлэх болон бараа материалын зарлагын баримтууд нь хариуцагчаас автомашиныг хүлээж авснаас хойш 1 сар гаруйн дараа үйлдэгдсэнээс гадна хариуцагч П.Бгийн буруутай үйл ажиллагаанаас автомашины эд ангид эвдрэл учирсан, нэхэмжлэгч хохирсон гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. /хх-27-39 дэх тал/

Анхан шатны шүүх, талуудын түрээсийн зүйл болох автомашиныг хүлээлцсэн 2 актыг харьцуулан үнэлж, хариуцагчийн хариуцах үүргийн хүрээнд хохирлын хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт, эвдэрсэн эд ангийн үнэлгээ /хх-15-16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг үндэслэн 30 200 төгрөгөөр тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг 767 200 төгрөгийн хэмжээнд хангасан нь Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлагдсаны үр дагаврыг шаардаж байхад шүүх мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг баримтлан тайлбарласан нь оновчгүй болжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

                      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02657 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “288 дугаар зүйлийн 288.2.3” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД