Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00800

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02657 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаар магадлалтай

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

П.Бд холбогдох,

3 780 720 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “У” ХХК болон П.Б нарын хооронд автомашин санхүүгийн түрээсийн ТТ16-051 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 15-23 УНС улсын дугаартай Хюндай Элентра автомашиныг таксины зориулалтаар эзэмшиж, ашиглаж, гэрээнд заагдсан түрээсийн төлбөрийг төлж, түрээслэгч нь гэрээнд заагдсан төлбөрийг бүрэн дуусгаж гэрээний зүйлийг түүний өмчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр акт үйлдсэн. Гэтэл П.Б нь түрээсийн гэрээний төлбөр төлөх нэмэлт хугацааг тогтоосон боловч үүргээ биелүүгээгүйгээс 29 хоногийн 725 000 төгрөгийн өртэй болсон тул автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 13.2.9-т заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийг байлцуулан автомашин хүлээлцэх акт үйлдэн, автомашиныг түр саатуулан үзлэг оншилгоонд оруулж, холбогдох засвар үйлчилгээг Монгол хюндай автомотив компаниар хийлгүүлсэн. Эвдэрсэн сэлбэгүүдээ шинээр сэлбэгээр сольж тавьсан. Жил бүрийн 1 дүгээр сард Монгол хюндай автомотив компанийн үзлэг оношилгоонд ордог. Түрээслэгч нь зам тээврийн зөрчил гаргаж 12 500 төгрөгийн торгуулийн өртэй болно.

Иймд засвар үйлчилгээний зардал 2 818 820 төгрөг, түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр 725 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 12 500 төгрөг, бусад авлага 724 400 төгрөг нийт 3 780 720 төгрөгийг хариуцагч П.Бгаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Автомашиныг анх надад өгөхдөө улсын үзлэгт тэнцээгүй машин өгсөнийг би засч авсан. Харин автомашиныг буцааж өгөхдөө бүгдийг нь зассан байсан. Нэхэмжлэлд дурдсан засварууд нь засагдаагүй. Энэ машин 160 000 км-ын гүйлттэй. Тэгэхэд би урьд нь 2011 онд 0 км-тай машин аваад 146 000 км яваад 26 500 000 төгрөг өгч хувьдаа авсан. Гэтэл энэ машин одоог хүртэл 160 000 км явсан мөртлөө дахиад 17 000 000 төгрөгийн өртэй байгаа. Мөн 3-4 жолооч солигдсон. Энэ машин хийх ёстой мөнгөө хийж, засвар үйлчилгээгээ хийлгэсэн. Миний төлсөн 7 000 000 төгрөг болон урд өмнөх жолооч нарын төлсөн мөнгө нийлээд төлбөр нь гүйцсэн. Жилд нэг удаа Монгол хюндай киа автомотив компанид үзлэг оншилгоонд ордог. Энэ автомашиныг 10 дугаар сард хүлээж авсан. Бүх юмыг шинээр сольсон гэдэг боловч хүлээж авснаас 2 сарын дотор амортизатор, рулийн аппарат эвдэрчихсэн. Рулийн аппаратыг шинээр авахад 2-3 жил ажилладаг. Эвдэрсэн байсан бол машин явах боломжгүй. Амортизор ямар байгааг өвөл шалгаж мэдэхгүй. Эдний компанид энэ талаар үзлэг оншилгоо хийх багаж байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02657 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 288 дугаар зүйлийн 288.2.3-д зааснаар хариуцагч П.Бгаас 767 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 013 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 75 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 22 963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаар магадлалаар:  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2018/02657 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “288 дугаар зүйлийн 288.2.3” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Магадлалд “Зохигчид автомашиныг сар бүр оншилгоо хийлгэдэг байсан гэж тайлбарладаг /хх-94 дэх тал/ тул уг зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох боломжгүй юм. Мөн “МХА ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-28-ны өдрөөр огноолсон засвар үйлчилгээний хуудас, засвар үйлчилгээний нэхэмжлэх болон бараа материалын зарлагын баримтууд нь хариуцагчаас автомашиныг хүлээж авснаас хойш 1 сар гаруйн дараа үйлдэгдсэнээс гадна хариуцагч Бгийн буруутай үйл ажиллагаанаас автомашины эд ангид эвдрэл учирсан, нэхэмжлэгч хохирсон гэдгийг нотлохгүй байна” гэж дүгнэсэн нь хариуцагч Бгийн учруулсан гэмтэл гэдэг нь доорх баримтаар нотлогдож байхад хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болгон дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Хариуцагч Б нь 2016 оны 10 дугаар сарын 14-өөс 2017 оны 11 дүгээр сарын 02-ыг хүртэл хугацаанд уг автомашиныг эзэмшиж байсан гэдэг нь гэрээ болон автомашин хүлээлцсэн актуудаар нотлогдож байна. Энэ талаар талууд маргаагүй. Харин актууд дээр тэмдэглэсэн засварын тэмдэглэл нь энэ хугацаанд эвдэрсэн гэдгийг нотлож байна. Мөн тус актууд болон МХА ХХК-ний засварын баримтан дээр хүлээлгэн өгөх үеийн болон хүлээн авах үеийн 1523 УНС автомашины явсан км-ийн заалтууд, гэмтлийн тэмдэглэлүүд нь Бг гэмтэл үүсгэсэн гэдгийг хангалттай нотлож байна.

Учир нь сар бүр хийгддэг оношилгоо нь техникийн явах эд ангийн хувьд үздэггүй зөвхөн такси үйлчилгээний ариун цэвэр, автомашины өнгө үзэмжийг л шалгадаг энэ талаар анхан шатны шүүх хурлын үеэр миний бие хэлж байсан хариуцагч ч мөн адил ярьсан байдаг. Мөн “МХА” ХХК-ийн засварын нэхэмжлэх болон баримтууд нь хугацааны хувьд сар гаруй байгаа нь “МХА” ХХК-ийн ачаалал, манай компанийн санхүүгийн байдал зэргээс хамааран хүлээгдэж байгаад 12 дугаар сард засварт орсон байгаа. Хугацааны хувьд 1 сар гаруйн зай байгаа ч Бгаас хүлээн аваад 2017 оны 11 сарын 03-ны өдөр оншилгоо хийсэн хуудсанд 129 235 км, 12 дугаар сард засвар хийлгэж байх үеийн км-ийн хэмжилтүүд нь хол зөрүүгүй таарч байгаа нь уг автомашиныг тухайн хугацаанд яваагүйг нотлож байна. Мөн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн оншилгооны хуудасны тэмдэглэлийн дагуу 12 дугаар сард засвар хийгдсэн нь оншилгоо болон “МХА” ХХК-ийн засварын хуудас зэргээс харагдаж байгаа нь уг автомашиныг Бгаас хүлээн авахад үүссэн байсан гэмтлүүдийг л засварласан гэдэг нь нотлогдож байна.

Мөн магадлалд /автомашиныг хүлээлцсэн 2 акт, эвдэрсэн эд ангийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн 30 200 төгрөгийн засварын зардлыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ/ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оншилгооны хуудас нь 12 дуугаар сарын засварын баримттай заавал таарах алба байхгүй юм. Жишээ нь доод рулийн аппарат солиход тэнхлэг тохиргоог заавал хийдэг, зарим эд ангийг задлахад доторх эд анги нь эвдэрсэн байх зэрэг нэмэлт засварууд хийгддэг тул оншилгооны хуудас, засварын баримт хоёр нь яг таарна гэж байхгүй юм иймээс нотлох баримтыг үнэлэхдээ дээрх асуудлыг анхаарч үзнэ үү.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд, нэмэлт өөрчлөлт оруулан, Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“У” ХХК нь иргэн П.Бд холбогдуулан 3 780 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 767 200 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зассан байна.

Зохигч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тт-16-051 тоот “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, түрээслэгч П.Б нь 15-23 УНС улсын дугаартай Хюндай Элентра автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглах, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч “У” ХХК нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, түрээслэгч сар бүр 550 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Гэрээний дагуу түрээслүүлэгч эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн, түрээслэгч зориулалтын дагуу эзэмшиж, түрээсийн төлбөрийг төлж, гэрээ нэг жилийн хугацаанд хэвийн хэрэгжиж байсан боловч түрээслэгч П.Б түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй үндэслэлээр түрээслүүлэгч гэрээнээс татгалзаж, хүлээн авсан автомашинд засвар үйлчилгээний хийлгэсэн зардал 2 318 820 төгрөг, түрээслэгчийн төлөгдөөгүй төлбөр 725 000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 12 500 төгрөг, бусад авлага 724 400 төгрөг нийт 3 780 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч дээрх төлбөрөөс түрээсийн төлөгдөөгүй төлбөр, торгуулийн төлбөрийг зөвшөөрч, автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн үндэслэлээр бусад шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хохирлыг нэхэмжилсэн шаардлагыг буруу тодорхойлсноос хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ. 

Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.-д түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ гэсэн байх ба автомашин нь тогтмол засвар, үйлчилгээ шаарддаг хөрөнгө, хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгасан гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар баримтгүй байх ба хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул засвар үйлчилгээний төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 237 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 166,26 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД