Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2021/02221

 

2021 09 16                      184/ШШ2021/02221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С ББСБ" ХХК

Хариуцагч: Р.Э холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 31,700,603 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Эрдэнэбат нь "С Банк бус санхүүгийн байгууллагад хандан зээл хүссэн бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч зээлдэгчийн өөрийн эзэмшилд байсан газрыг барьцаалж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ТЗ-20191120-01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээл авсан.

2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ТЗ-20200219-01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулан 15,300,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Иргэн Р.Э нь "С Банк бус санхүүгийн байгууллагад хандан удаа дараа зээл хүссэн бөгөөд түүний хүсэлтийг хүлээн авч зээлдэгчийн өөрийн эзэмшилд байсан 49-85 УБЛ улсын дугаартай, HYUNDAI starex маркын автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч Р.Э нь:

-2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ТЗ-20191120-01 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2019 оны 12 сарын 11-нд 1,005,000 төгрөг, 2020 оны 01 сарын 29-нд 1,005,000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-нд 300,000 төгрөг нийт 2,310,000 төгрөг төлсөн.

-2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ТЗ-20200219-01 тоот зээлийн гэрээний хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд гэрээ дууссанаас хойш 2020 оны 10 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-нд 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг тус тус төлсөн байна.

Covid-19 өвчний үеийн хөл хорионы улмаас нийт иргэдийн хувьд хүнд байдалтай байгааг харгалзан үзэж манай байгууллага зээлдэгчдийнхээ эргэн төлөлтийн хугацааг зээлдэгчдийн хүсэлтээр тодорхой хугацаанд хойшлуулж зээлийн хүүг бууруулж сунгах боломжоор байнга хангаж ажилласан.

Зээлдэгч Р.Эад зээлийн төлбөрөө төлөх талаар утсаар холбогдож сануулж ирсэн. 2021 оны 03 сарын 15-нд зээлдэгч өөрийн биеэр манай байгууллага дээр ирж бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээрх хоёр зээлийн төлөх дүн болох үндсэн зээл 30,300,000 төгрөг, хүү 14,694,545 төгрөг, нийт 44,994,545 / дөчин дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун дөчин тав/ төгрөг бодогдсоноос 4,994,545 төгрөгийг хүүнээс тооцож хасалт хийсэн. Үлдсэн 40,000,000 төгрөгийг төлөхөөр болж, үүнээс 12,000,000 сая төгрөгөнд автомашинаа суутган тооцуулж үлдэгдэл 28,000,000 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу зээлдэгчид зээлийн график гаргаж өгсөн.

Гэтэл зээлдэгч нь зээл төлөхөөр тохирсон өдрөөс хойш зээлийн төлбөрт огт мөнгө төлөөгүй бөгөөд зээлээ төлөхийг шаардахад зээл төлөх боломжгүй байна гэсэн. Иймд Р.Эын зээлийн төлбөр болох 28,000,000 төгрөг болон 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хүүгийн төлбөрт 3,700,603 төгрөг буюу нийт 31,700,603 /гучин нэгэн сая долоон зуун мянга зургаан зуун гурав/ төгрөгийг Р.Эаас гаргуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Э нь "С ББСБ" ХХК-тай 2019 оны 11 сарын 20-нд 15,000,000 сая төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн гэрээний барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 2-12 тоот 247 м,кв талбай бүхий газраа барьцаалсан. Мөн 2020 оны 02 сарын 19-нд 15,300,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай HYUNDAI starex маркын автомашинаа барьцаалж тус тус зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 гэрээний дагуу нийт 2,310,000 төгрөгийг төлсөн.

2020 оны 02 сарын 19-нд ТЗ-20200219-01 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 1,000,000 төгрөгийг төлж, "С ББСБ" ХХК нь HYUNDAI starex маркын автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлж, "С ББСБ" ХХК-д 2021 оны 03 дугаар сард дээрх автомашинаа шилжүүлсэн.

Иймд дээрх зээлийг барагдуулсан гэж үзэж байна. Учир нь тухайн автомашины зах зээлийн үнэлгээ 15,000,000 төгрөгийн үнэ бүхий байгаа бөгөөд "С ББСБ" ХХК нь барьцааны зүйл болох миний автомашиныг хэт доогуур үнэлж бодож авсан. Түүнчлэн 2019 оны 11 сарын 20-ны өдөр ТЗ-20191120-01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 2,310,000 төлсөн бөгөөд миний эхнэр Батжаргал хувийн бизнес эрхэлдэг байсан. Эхнэр бид хоёр өвчний улмаас хагалгаанд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. 2020 оны 01 сард цар тахал дэгдэж хөл хорио тогтоох, дэлгүүрийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар зогссон. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Бид улс орон даяар учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зээлдүүлэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт уян хатан нөхцөл оруулахыг хүссэн боловч зээлдүүлэгч нь бидний саналыг хүлээн аваагүй.

Тус "С ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цар тахлын зээлдэгчдийнхээ эргэн төлөлтийн хугацааг зээлдэгчдийн хүсэлтээр тодорхой хугацаанд хойшлуулж зээлийн хүүг бууруулж сунгах боломжоор байнга хангаж ажилласан гэсэн нь худлаа юм. Энэхүү давагдашгүй хүчин зүйл учирсан цаг үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээ, төлөлтөд уян хатан хандах хүсэлт гаргаж байна. Тухайн ББСБ-аас хоёр тусдаа барьцаатай зээлийн гэрээ байгуулсан атлаа 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг дуудаж төөрөгдөлд оруулж 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ нь үндэслэлгүй бөгөөд "С ББСБ" ХХК өөрт ашигтай хэт нэг талыг барьсан дүр үзүүлсэн гэрээ хийж намайг гарын үсэг зур гэж зуруулсан. 2021 оны 03 сарын 15-нд зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөг олгож байгаа юм шиг зарлагын падаан бичсэн дээрх төгрөгийг аваагүй, энэ илт хууль бус зүйл юм.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасанчлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан тохиолдолд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Иймд автомашинаа "С ББСБ" ХХК-д шилжүүлснээр 2020 оны 02 сарын 19-ний өдрийн ТЗ-20190219-01 дугаар зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзэж байна.

Харин 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн 15,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаалагдсан хашаагаа зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийг төлөх хугацааг нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-тай уяан хатан нөхцөлтэйгөөр график байгуулж тохиролцох саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-нь хариуцагч Р.Эад холбогдуулан зээлийн хоёр гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 28,000,000 төгрөг, зээлийн хүү 3,700,603 төгрөг, нийт 31,700,603 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Р.Э нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ: Хоёр удаа зээлийн гэрээ байгуулж нийт 30,300,000 төгрөг авсан боловч 17,0 сая төгрөгт автомашинаа "С ББСБ" ХХК-д өгч шилжүүлснээр 2020 оны 02 сарын 19-ний өдрийн ТЗ-20200219-01 дугаар зээлийн гэрээний үүрэг дууссан, харин 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 гэрээний дагуу 15,0 сая төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрнө гэж маргаж байна. /хх 33 дугаар талын доороос 16,17 дугаар мөр/

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 12 сарын 27-нд олгосон 5784662 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, компанийн дүрмийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд болох нь тогтоогдож байна. /21-24 дүгээр тал/

Зохигчид 2020 оны 02 сарын 19-нд №ТЗ-20200219-01 дугаар зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан гэрээний зүйл болох 15,000,000 төгрөгийг 4,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцон HYUNDAI Starex 9890 УНИ авто машин барьцаалж зээлж авсан болох нь кассын орлогын ордер болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-н 4-9,21-24 дүгээр тал/

2019 оны 11 сарын 20-нд мөн ТЗ-20191120-02 дугаар зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 15,300,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 4,2 хувийн хүүтэй зээлж барьцаанд СХД 7-р хороо Баянхошуу 2-12 тоот 247 мкв нэгж талбарын 1863631303011272 дугаар, гэрчилгээний 000658867 дугаартай амины хашаа барьцаалж зээлсэн болох нь шилжүүлэгийн мэдээлэл, талууд харилцан гарын үсэг зурсан зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн газар бүртгүүлээгүй байна. /хх10-17 дугаар тал/

Хариуцагч нь: ...хоёр удаа бичгээр зээлийн гэрээ байгуулсан нийт 30,300,000 төгрөг зээлж авсан үүнээс машинаа өгч эхний зээлийн гэрээний төлбөр хаагдсан, одоо үлдэх нэг гэрээний төлбөр 15,0 сая төгрөгийг хүүний хамт төлнө гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Р.Э хүлээн авсан тухай тайлбарлаж байгаа ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасан дагуу гэрээ байгуулагдаж мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг үүссэн байна.

Түүнчлэн талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй тул дээрх үйл баримтууд тогтоогдсон гэж үзлээ. /хх 18 дугаар тал/

 

Улмаар талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.8-д зээлдэгч ...гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлэхийг,...гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах, ББСБ-д учирсан хохирлыг зээлдэгчээс шаардах, 8.2.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд ...биелүүлээгүй бол гэрээг цуцлах... гэсэн заалтыг тусгасан байх ба гэрээний дагуу болон хуульд зааснаар шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компани нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү тооцох эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу тодорхой хэмжээнд алдсан гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 13.3-д ...эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ...хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж тус тус зааснаар иргэн хуулийн этгээд аль аль нь хуулийн өмнө тэгш эрх эдлэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хоёр удаа тус тусдаа зээлийн гэрээ байгуулсан ба 2019 оны 11 сарын 20-ны өдрийн гэрээний үүргийн хугацаа 24 сар бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй,

2020 оны 2 сарын 19-нд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 3 сар бөгөөд хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг дээрх хоёр гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж 2021.07.27-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээнээс татгалзаж гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Харин 2020 оны 2 сарын 19-нд байгуулсан талуудын хоорондох зээлийн гэрээний 3 сарын хугацаа дууссан байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь утсаар шаардсан гэх тайлбар нь буруугүй гэдгээ нотолж чадахгүй байна.

Хариуцагч нь өмнөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад 2020 онд хийсэн гэрээний үүрэгт KMJWA37JAAU243366 арлын дугаартай, өмнөх улсын дугаар нь 4985 УБЛ байсан одоо 9320ТӨА дугаартай Hyundai Starex маркын авто машиныг зээлийн гэрээний үүргийн биелэлтэд тооцуулж 12,0 сая төгрөгт өгсөн байна. / хх-ийн 8,41-43, 45 / дугаар тал

Нэхэмжлэгч нь үүргийг хугацаандаа шаардаагүй тул дээрх гэрээний үлдэх хэсгийг хүү тооцох ёсгүй гэж үзлээ.

Талуудын хооронд хоёр өөр хугацаанд зээлийн гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгч талыг урьд хийсэн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор дахин гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр нийт 33,300,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн гэж тайлбарлаж энэ талаар талууд маргаагүй болно.

 

а/.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 11 сарын 20-нд ТЗ-20191120-02 дугаар зээлийн гэрээний тухайд:

2019.11.20-нд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 20 -нд дуусах байсан ба зээлийн барьцаанд СХД, 7-р хороо, Баянхошуу 2-12 тоот 247 мкв нэгж талбарын 1863631303011272 дугаар, гэрчилгээний 000658867 дугаартай амины хашааг барьцаалжээ.

Хариуцагч нь 24 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийн зээлийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргэн төлөлтөд сард зээлийн хүү 630.000 төгрөг төлөх ба 2019.12.11-нд 1,005,000 төгрөг, 2020.01.29-нд 1,005,000 төгрөг, 2020.03.05-нд 300,000 төгрөг нийт 2,310,000 төгрөг төлсөн байна. Үүнээс гэрээний дагуу үндсэн зээлэнд 420,000 төгрөг, зээлийн хүүнд 1,890,000 төгрөг төлөгдөж хуваарилагдсан байна. Нийт зээлсэн 15,000.000-2,310.000=12,690,000 төг х 4,2%=532,980 төг /сард төлөх хүү/ үүнээс 2019.12.11-ээс 2021 оны 07 сарын 27-ний өдөр хүртэлх хугацааны хүү 532,980 х 19 сар = 10,126.620 хүү + 15,000.000 үндсэн зээл = 25,126,620 төгрөг төлөхөөр байна. Нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй байна.

Гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 20-ныг хүртэл үргэлжлэх боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө шаардсан тул шүүхэд хандах хүртэл хугацаагаар тооцох зүйтэй байна.

Хэрэв нийт 24 сарын хугацаанд тооцвол 15,200,000 хүү +15,0 сая үндсэн зээл = 30,200,000 төгрөг төлөх байсан байна.

б/.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 19-ний өдрийн №ТЗ-20200219-01 дугаар зээлийн гэрээний тухайд: Тус гэрээгээр 15,300,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авсан ба гэрээний хугацаа 2020.05.19-нд дууссан байна.

Зээлийн барьцаанд хөдлөх хөрөнгө буюу HYUNDAI Starex 9890 УНИ дугаар авто машин барьцаалжээ.

Хариуцагч нь гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа дууссанаас хойш 2020.10.12-оос 10 сарын 30-ныг хүртэл хугацаанд тус бүр 500,000 төгрөг төлж нийт 1,000.000 төгрөг төлснөөс 357,400 үндсэн төлбөр, хүү 642,600 төгрөг төлөгдсөн байна. Хариуцагч нь зээлийн төлбөрт барьцааны авто машиныг 12,000,000 төгрөгт тооцон 2021 оны 3 сарын 15-ны өдөр төлж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл:

15,300,000 төгрөг х 4,2% = 642,600 сард төлөх хүү бөгөөд 3 сарын хугацаанд гэрээний дагуу 1,927,800 төгрөгийн хүү +15,3 сая =17,278,200 төгрөг төлөх байсан байна.

Үндсэн зээл, хүү нийт 17,300,000 төг-12,0 сая /машины үнэ/ -1,0 сая = 4,278,000 төгрөг төлөгдөөгүй зөрүү үлдсэн байна. Иймд хоёр гэрээний үүрэгт нийт 25,126,620 төгрөг + 4,278,000= 29,937,600 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Зохигчид нь зээлийн гэрээнүүдийн нийт үлдэгдэл төлбөр 28,000,000 төгрөг төлөгдөөгүй байдлыг 2021.03.15-нд кассын зарлагын ордер гэх цэнхэр өнгийн санхүүгийн баримт дээр бичсэн ба хариуцагч Р.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй би энэ мөнгийг аваагүй гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгчээс төлбөрийн үлдэгдлээ тооцож бичсэн баримт юм. Мөнгө аваагүй нь үнэн гэж маргаагүй байна. / хх 37 дугаар тал /

Дээрх нөхцөлийг хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийг 5 сарын хугацаанд төлөх тухай 2021.3.15 нд нэхэмжлэгч талд хүсэлт бичиж тооцоо хийсэн тухай үйл явдал болсон болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 39-43 дугаар тал /

 

Нэхэмжлэгчийн тооцсон үндсэн нэхэмжлэл болон хүү тооцсон нь зээлдэгчийн эрхийг дордуулсан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д Иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болох гэж мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл гэж зааснаар иргэний эрх ашиг сонирхол дээрх хуулиар хамгаалагдахаар хууль зохицуулсан байна.

Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... үүргийг хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж тус тус зааснаар Зээлдүүлэгч нь гэрээний үүргийн үлдэх хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч нь 2019 оны 6 сарын 29-нд 950,000 төгрөг, 7 сарын 29-нд 950,000 төгрөг, 8 сарын 30-нд 690,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан 2019 оны 10 сарын 01-ний өдрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 6 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно. / хх 52-60,65-69/ дүгээр тал

. Нэхэмжлэгчээс 2019.6.10-ны гэрээний үүрэг дууссан. Хариуцагч өөрөө хольж яриад байна гэснийг баримтаар няцааж тайлбарлаагүй болно.

Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч нь 2019.11.20, 2020.02.19 нд тус тус байгуулсан гэрээний үүргийг шаардсан байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 28,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 3,600.603 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Р.Эаас 28,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С ББСБ" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316.453 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээж хариуцагчаас 298,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2- д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.ОЮУНЦЭЦЭГ