Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01743

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01743

 

 

С.Ф ББСБ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16ы өдрийн 184/ШШ2021/02221 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ф ББСБ-ийн хариуцагч Р.Эад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31 700 603 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Сүлд финанс ББСБ" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эрдэнэбат нь "Сүлд финанс Банк бус санхүүгийн байгууллагаас газар барьцаалж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ТЗ-20191120-01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдөр ТЗ-20200219-01 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулан 15 300 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Р.Эын эзэмшилд байсан 49-85 УБЛ улсын дугаартай, HYUNDAI starex маркын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч Р.Э нь:

-2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ТЗ-20191120-01 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд 2019 оны 12 сарын 11-нд 1,005,000 төгрөг, 2020 оны 01 сарын 29-нд 1,005,000 төгрөг, 2020 оны 03 сарын 05-нд 300,000 төгрөг нийт 2,310,000 төгрөг төлсөн.

-2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ТЗ-20200219-01 тоот зээлийн гэрээний хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд гэрээ дууссанаас хойш 2020 оны 10 сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 сарын 30-нд 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг тус тус төлсөн. Covid-19 өвчний үеийн хөл хорионы улмаас нийт иргэдийн хувьд хүнд байдалтай байгааг харгалзан үзэж манай байгууллага зээлдэгчдийнхээ эргэн төлөлтийн хугацааг зээлдэгчдийн хүсэлтээр тодорхой хугацаанд хойшлуулж зээлийн хүүг бууруулж сунгах боломжоор байнга хангаж ажилласан.

Р.Эад зээлийн төлбөрөө төлөх талаар утсаар холбогдож сануулж ирсэн. Тэрээр 2021 оны 3 дугаар сарын 15-нд өөрийн биеэр манайд ирж бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дээрх хоёр зээлийн төлөх дүн болох зээл 30,300,000 төгрөг, хүү 14,694,545 төгрөг, нийт 44,994,545 төгрөг бодогдсоноос 4,994,545 төгрөгийг хүүгээс тооцож хасалт хийсэн. Үлдсэн 40,000,000 төгрөгийг төлөхөөр болж, үүнээс 12,000,000 сая төгрөгт автомашинаа суутган тооцуулж үлдэгдэл 28,000,000 сая төгрөгийг 5 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу зээлдэгчид зээлийн график гаргаж өгсөн. Гэтэл зээлдэгч нь зээл төлөхөөр тохирсон өдрөөс хойш зээлийн төлбөрт огт мөнгө төлөөгүй. Иймд Р.Эаас зээл 28,000,000 төгрөг болон 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хүүгийн төлбөрт 3,700,603 төгрөг буюу нийт 31,700,603 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: "Сүлд финанс ББСБ" ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 20-нд 15,000,000 сая төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 2-12 тоот 247 м,кв талбай бүхий газраа барьцаалсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 19-нд 15,300,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай HYUNDAI starex маркын автомашинаа барьцаалж тус тус зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 гэрээний дагуу нийт 2,310,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 02 сарын 19-нд ТЗ-20200219-01 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт 1,000,000 төгрөгийг төлж, "Сүлд финанс ББСБ" ХХК нь HYUNDAI starex маркын автомашиныг 12,000,000 төгрөгөөр үнэлж, "Сүлд финанс ББСБ" ХХК-д 2021 оны 03 дугаар сард дээрх автомашинаа шилжүүлсэн.

Иймд дээрх зээлийг барагдуулсан гэж үзэж байна. Учир нь тухайн автомашины зах зээлийн үнэлгээ 15,000,000 төгрөгийн үнэ бүхий байгаа бөгөөд "Сүлд финанс ББСБ" ХХК нь барьцааны зүйл болох миний автомашиныг хэт доогуур үнэлж бодож авсан. Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ТЗ-20191120-01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 2,310,000 төлсөн бөгөөд миний эхнэр Батжаргал хувийн бизнес эрхэлдэг байсан. Эхнэр бид хоёр өвчний улмаас хагалгаанд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. 2020 оны 01 сард цар тахал дэгдэж хөл хорио тогтоох, дэлгүүрийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар зогссон. Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, зээлийн үлдэгдлийг хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Бид улс орон даяар учирсан энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг зээлдүүлэгчид мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, эргэн төлөлтийн хуваарьт уян хатан нөхцөл оруулахыг хүссэн боловч зээлдүүлэгч нь бидний саналыг хүлээн аваагүй.

Тус "Сүлд финанс ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цар тахлын зээлдэгчдийнхээ эргэн төлөлтийн хугацааг зээлдэгчдийн хүсэлтээр тодорхой хугацаанд хойшлуулж зээлийн хүүг бууруулж сунгах боломжоор байнга хангаж ажилласан гэсэн нь худлаа юм. Энэхүү давагдашгүй хүчин зүйл учирсан цаг үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээ, төлөлтөд уян хатан хандах хүсэлт гаргаж байна. Тухайн ББСБ-аас хоёр тусдаа барьцаатай зээлийн гэрээ байгуулсан атлаа 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр намайг дуудаж төөрөгдөлд оруулж 28,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ нь үндэслэлгүй бөгөөд "Сүлд финанс ББСБ" ХХК өөрт ашигтай хэт нэг талыг барьсан дүр үзүүлсэн гэрээ хийж намайг гарын үсэг зур гэж зуруулсан. 2021 оны 03 сарын 15-нд зээлийн гэрээгээр 28,000,000 төгрөг олгож байгаа юм шиг зарлагын падаан бичсэн дээрх төгрөгийг аваагүй, энэ илт хууль бус зүйл юм. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасанчлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан тохиолдолд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Иймд автомашинаа "Сүлд финанс ББСБ" ХХК-д шилжүүлснээр 2020 оны 02 сарын 19-ний өдрийн ТЗ-20190219-01 дугаар зээлийн гэрээний харилцаа дууссан гэж үзэж байна.

Харин 2019 оны 11 сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн 15,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаалагдсан хашаагаа зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийг төлөх хугацааг нэхэмжлэгч "Сүлд финанс ББСБ" ХХК-тай уяан хатан нөхцөлтэйгөөр график байгуулж тохиролцох саналтай байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Р.Эаас 28,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Сүлд финанс ББСБ" ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,603 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316.453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 298,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.Э нь 2021 оны 3 дугаар сард зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байсан тул тухайн зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ өөрийн биеэр аваачиж өгөөд тухайн зээлийг хаагаад өг гэж санал тавьхад 12 000 000 төгрөгөөр үнэлж авсан.Барьцаа хөрөнгийг хурааж авсан тул зээлийг хаагдсан гэж ойлгосон. Нэхэмжлэгч нь машины үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж зээлийн үүрэгт тооцож авсан. Тухайн машин нь одоогийн зах зээлийн ханшны үнэлгээ нь 20 000 000 төгрөг байгаа. Тухайн банк бус санхүүгийн байгууллагаас 2 удаа зээлийн гэрээ байгуулахдаа хоёр барьцаа тавьж зээлийн гэрээ байгуулсан атлаа нийт зээлийг нэмж нэгтгэн нэхэмжлэл гаргасан. Мөн шүүх бас нэмж нэгтгэн шийдвэр гаргасан байна. 2020 оны 2 дугаар сарын 09-ний өдөр авсан зээлийн гэрээ нь барьцаагаараа үүрэг бүрэн хангагдсан юм. Иймд 2019 оны 11 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлөлт 15 000 000 төгрөг төлөхийг дахин хянаж шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ф ББСБ нь хариуцагч Р.Эад холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн, 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэгтгэн дүгнэж зээл 30 300 000 төгрөг, хүү 14 694 545 төгрөг, нийт 44 994 545 төгрөг бодогдсоноос 4 994 545 төгрөгийг хүүгээс тооцон хасалт хийж, үлдсэн 40 000 000 төгрөгөөс 12 000 000 төгрөгийн үүрэгт автомашин суутган тооцож, үлдэгдэл 28 000 000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хүүгийн төлбөрт 3 700 603 төгрөг нийт 31 700 603 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

С.Ф ББСБ болон Р.Э нар нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь 15 300 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлсэн. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. /хх 10-18/

 

Мөн 2020 оны 2 дугаар сарын 19-нд №ТЗ-20200219-01 дугаар зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 15 000 000 төгрөгийг 4,2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, HYUNDAI Starex 98-90 УНИ авто машин барьцаалсан болох нь кассын орлогын ордер болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх 4-9/

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн ТЗ-20200219-01 дугаартай зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 тоот зээлийн гэрээгээр авсан зээл 15 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлнө гэж маргажээ.

 

Нэхэмжлэлээс 3 600 603 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Талууд 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн тооцоо нийлсэн бодолт хийж гэрээг цуцалсанд маргаангүй.

 

Мөн өдөр автомашиныг 12 000 000 төгрөгт тооцон 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №ТЗ-20200219-01 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулан авсанд талууд маргаангүй.

 

Түүнчлэн 2021 оны 3 дугаар сарын 15-ний өдөр тооцоо нийлэх үед 4 994 545 төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж хасалт хийсэн талаар нэхэмжлэгч тайлбарласан.

 

Эхний буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хувьд анхан шатны шүүх зөвхөн гэрээний хугацаагаар зээлийн бодолтыг хязгаарлаж /3 сараар/ хэтэрсэн хугацааны хүүг тооцоогүй, үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр хийвэл зохих үйлдлээ хийхгүй удаашруулсан талаар дүгнэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Анхан шатны шүүх хоёр зээлийн гэрээг тус тусад нь дүгнэн үзэлгүй алдаа гаргасныг зөвтгөж дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Зээлийн тооцооллыг шалгаж үзвэл:

Талуудын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №ТЗ-20200219-01 тоот гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 19-нд дуусахаар байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 15-нд эцсийн байдлаар тооцоо бодож, мөн өдөр автомашиныг бодитойгоор гаргуулан авсан. Хариуцагч нь энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 000 000 төгрөг төлсөнд талууд маргаангүй. Энэ гэрээгээр зээл 15 300 000 төгрөг х 4,2% = 642,600 буюу нэг сард төлөх хүү х 3 сар нийт 1 927 800 төгрөгийн хүү+зээл 15 300 000 төгрөг =17 278 200 төгрөг төлөх байсан. Зээл, хүү нийт 17 300 000 төгрөгөөс -12 000 000 төгрөг /автомашины үнэ/-1 000 000 төгрөг = 4 278 000 төгрөгийн төлөгдөөгүй зөрүү үлдсэн. Гэвч талууд 4 994 545 төгрөгийг хүүгээс хөнгөлсөн байх тул энэ гэрээ дуусгавар болсон байна.

 

Хоёр дах зээл буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ТЗ-20191120-02 тоот гэрээ нь 24 сарын хугацаатай. Талууд гэрээг 2021 оны 3 дугаар сарын 15-нд цуцалсан. Энэ зээлийн үүргийн гүйцэтгэлд 2 310 000 төгрөг буцаан төлсөнд талууд маргаангүй. Гэрээ 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цуцлагдах хүртэл 16 сарын хүү 10 080 000 төгрөг, зээл 15 000 000+10 080 000= нийт 25 080 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 310 000 төгрөгийг хасч хариуцагчийн гүйцэтгэвэл зохих төлбөр 22 770 000 төгрөгийн хэмжээгээр хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг тодорхойлох нь Иргэний хуулийн 451 дүгэээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэх юм. Учир нь гэрээ цуцлагдсанаас хойш нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй юм. Иймд хариуцагч Р.Эаас 22 770 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16ы өдрийн 184/ШШ2021/02221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 28 100 000 гэснийг 22 770 000 гэж, 3 600 603 гэснийг 8 930 603 гэж 2 дах заалтын 298 450 гэснийг 271 800 гэж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД