Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2017/00629

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн Хан жаргалант гэх газар оршин суух, Шандас овогт Шагдарсүрэнгийн *******нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ын төлөөлөн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3б-11-4 тоотод оршин суух, Боржигон овогт *******д холбогдох, 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00590/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.*******,

хариуцагч: 1980 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 3б-11-4 тоотод оршин суух, Боржигон овогт ******* /РД: ГЮ*******/, нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.*******нийх Дундат голын Бааван давааны аманд өвөлжиж байхад нь О.Үүрийнхаяа эгч н.*******гийн хамт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр очиж осолд ороод машин уначихлаа гээд хүрэн халтар зүстэй сувай үнээ гуйж аван оронд нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тугалтай үнээ өгнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн байна. Мөн 7 хоногийн дараа ах н.Үүрийнтуяагийн хамт очиж ухаа халзан бяруу авч явсан байна. Одоо нэхэхээр 7 хоногийн дараа өгнө гэх мэтээр хугацаа авч байгаа тул Булган сумын үнэлгээний комиссийн үнэлгээнд үндэслэн О.Үүрийнхаяагаас сувай үнээний үнэ 1150000 төгрөг, бярууны үнэ 350000 төгрөг нийт 1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч О.Үүрийнхаяа нь эгч н.*******гийн хамт нэхэмжлэгч *******нийд очиж осолд ороод машин уначихлаа гээд хүрэн халтар зүстэй сувай үнээ гуйж аваад оронд нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тугалтай үнээ өгнө гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн байна. Мөн хэд хоногийн дараа очиж бяруу гуйж авсан байдаг. Тэрээр тохирсон хугацаандаа тугалтай үнээгээ өгөөгүй, мөн бярууны үнийг төлөөгүй тул тугалтай үнээ болон бярууны үнэ 1300000 төгрөгийг хариуцагч О.Үүрийнхаяагаас нэхэмжилж байна. Дахин гаргасан үнэлгээг харгалзан сувай үнээний үнийг 950000 төгрөг болгон үүн дээр бярууны үнэ 350000 төгрөгийг нэмж нийт 13000000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хариуцагч нь тохирсон хугацаандаа тугалтай үнээгээ өгөөгүй, одоо мал муудсан байгаа учраас тугалтай үнээ авахгүй гэж нэхэмжлэгч хэлсэн. Тийм учраас үнийг нь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

Хариуцагч О.Үүрийнхаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 03 дугаар сард машинаа онхолдуулчихаад *******нээс сувай үнээ авсан нь үнэн. Оронд нь хавар тугалтай үнээ өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Тохирсон хугацаандаа өгч чадаагүй ч одоо өгөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэгч өөрөө үхэр мал турсан тугалтай үнээ авахгүй гээд байгаа. Би хүний юм авсан юм чинь өгөх ёстой, гэхдээ тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй учир анх тохирсноороо тугалтай үнээ өгнө. Зах зээлийн ханшаар тугалтай үнээ 500000-600000 төгрөгийн үнэтэй байгаа. Сувай үнээ очиж авсаны дараа *******нэ намайг архи, пиво аваад ир гэж ярьсан. Би 3 пиво, 3 шил архи авч очсон. Тэр үед *******нэ нэг бяруу өргүүлээд байгаа, чи мал болгоод ав гэхээр нь би авч явсан. Үүнээс хойш машинаараа мод татаж өгсөн, бас удаа дараа архи, пиво авч өгч байсан тул бярууны үнийг төлөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.*******нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь хариуцагч О.Үүрийнхаяад холбогдуулан тугалтай үнээ болон бярууны үнэ 1500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1300000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч О.Үүрийнхаяа нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч сувай үнээний оронд тугалтай үнээ өгнө, бярууны оронд машинаараа мод татаж өгсөн, бас олон удаа архи, пиво авч өгсөн тул үнийг нь төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч О.Үүрийнхаяа нь 2017 оны 2 сард нэхэмжлэгч Ш.*******нээс сувай үнээ авч оронд нь 2017 оны 6 сард тугалтай үнээ өгөхөөр тохиролцож баталгаа гаргасан болох нь зохигчдын тайлбар, .. Үүрийнхаяа би *******нэ ахад 6 сарын 10-нд тугалтай үнээ өгөх нь үнэн гэж бичсэн баримт[1] зэргээр тогтоогдож байна. Хариуцагч нь сувай үнээний оронд тугалтай үнээ өгөх арилжааны гэрээ хийгдсэн болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй боловч арилжааны гэрээний үндсэн шинж нь талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгө биш тугалтай үнээний үнэ буюу мөнгө гаргуулахаар нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний холбогдох заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч О.Үүрийнхаяа нь 2017 оны 2 сард нэхэмжлэгч Ш.*******нээс сувай үнээ авч оронд нь 2017 оны 6 сард тугалтай үнээ өгөхөөр тохирсон гэдэгт маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь тугалтай үнээний үнэ 1150000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа тул 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг[2] үндэслэн хариуцагчаас тугалтай үнээний үнэ 800000 /гэрээ биелүүлэх хугацаа 2017 оны 6 дугаар сар байсан тул тэр үеийн үнэлгээгээр тооцсон болно/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******нэд олгох зүйтэй байна.

Бярууны үнэ 350000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд; 2017 оны 2 сард худалдаж авсан бярууны үнэ 350000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч бярууны оронд машинаараа мод татаж өгсөн, бас олон удаа архи, пиво авч өгсөн тул үнийг нь төлөхгүй гэж тайлбар гаргаж, маргаж байгаа хэдий ч хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Иймд хариуцагчаас бярууны үнэ 350000 төгрөг[3], сувай үнээний үнэ 800000 төгрөг нийт 1150000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсаныг дурьдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтээ шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 35000 төгрөгийг[4] хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч О.Үүрийнхаяагаас 1150000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******нэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Үүрийнхаяагаас 32150 /гучин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******нэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч О.Үүрийнхаяагаас 35000 /гучин таван мянга/ төгрөг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их мандал төвийн 3 давхарт байрлах Тольдох оюуны өгөөж ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

 

 

 

 


[1] хх 5 тал

[2] хх 21-31 тал

[3] хх 4 тал

[4] хх 20 тал