Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 05

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00590/И

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дугаартай шийдвэртэй,

Н.М-ын нэхэмжлэлтэй, Н.И-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 4409000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Н.И

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Н.И нь тухайн үед Алтанбулагийн хилийн боомтын ээлжийн ахлагч хийдэг байсан. Тэрээр 2013 онд надаас 5000000 төгрөг олж өгөхийг гуйсан. Би Хас банкнаас 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12000000 төгрөгийн зээл авч үүнээсээ 5000000 төгрөгийг И-д итгэж зээлдүүлсэн. Намайг Хас банкнаас зээл авч байхад И над руу утсаар ярьж өөрийнхөө дансны дугаарыг явуулсан. Би зээлээ ажил тарж байхад авсан учраас мөнгөө маргааш шилжүүлье гэхэд И өөрийн найз У-гаа явуулаад мөнгө авахуулсан. У хүүхэдтэйгээ хамт ирсэн. Би зээлийн гэрээний баримт дээр У-аар 5000000 төгрөг хүлээн авсан гэдгийг бичүүлж авсан. Үүнээс хойш И-аас мөнгөө нэхэж олон удаа ярьсан. И нь 3000000 төгрөгийг буцаан өгч үлдсэн 2000000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна. Н.И миний банкнаас зээлж  авсан мөнгөнөөс зээлсэн учраас түүнийг зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх ёстой гэж үзэж байна. Хэрвээ И-д 5000000 төгрөг зээлээгүй бол би банкнаас 12000000 төгрөг биш 7000000 төгрөг зээлэх байсан. Би банкнаас зээлсэн 12000000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. 1 сарын зээлийн хүү нь 2.2 хувь байсан. Иймд 5000000 төгрөгийн зээлийн хүү 2409000 төгрөг болж байна. И нь “энэ мөнгийг би аваагүй, гарын үсэг зурсан н.У-аас ав” гэдэг. Би У-г танихгүй, И-д итгэж мөнгө зээлүүлсэн учраас түүнээс нэхэмжилнэ. Иймд Н.И-аас зээлийн үлдэгдэл 2000000 төгрөг, зээлийн хүү 2409000 төгрөг, нийт 4409000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэл худал, гүтгэлгийн чанартай байна. Б.У бид нар гэр бүлийн найзууд байсан. Тэрээр нөхрийнхөө дүүтэй нийлж бизнес хийж, Зам-Үүдээс барилгын материал татаж байгаа, мөнгөний шаардлага байна, хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу  олж өгөөч гэж гуйсан. Би уг саналыг М-д хэлж, хүүтэй мөнгө зээлэх талаар асуухад тэрээр хүлээн зөвшөөрсөн. М зээлэх мөнгө бэлэн болсон гэж ярихаар нь би мөнгө зээлэх хүн чам дээр яваад очно гээд У-д М-ын утасны дугаарыг өгч У, М нар өөрсдөө уулзаад мөнгөө өгч авалцсан. Мөн Б.У дахин 5000000 төгрөгийг 20 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлмээр байна гэхээр нь би валютын ченж Д.О-аас өөрийн биеэр 5000000 төгрөгийг зээлж авч өгсөн. Мөнгийг буцаан өгөх хугацаа болж У руу залгахад утсаа авахгүй, уулзахгүй байсан учир аргагүй эрхэнд гэрт нь очиж У-гийн нөхөр Л.О болон ээжтэй нь уулзахад түүнийг гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй олон хүнээс хүүтэй мөнгө зээлж, их хэмжээний өрөнд орсон гэхэд би түүнд хууртсан гэдгээ мэдсэн. У-ийн нөхөр О О-гаас болон М-аас зээлсэн мөнгийг бага багаар миний данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгө цаг хугацаандаа эзэндээ очиж байсан. Би М-тай уулзаж энэ талаар хэлж, У-ийн нөхөр О эхний сар хүү болох 500000 төгрөг өгснийг М-д өгсөн. Мөн 3000000 төгрөгийг миний дансруу хийснийг би тухай бүрт нь Н.М-ын данс руу шилжүүлж байсан. О, М нарын аль алийг нь таньдаг учир би өөрийн нэр төрийг бодож М-ын мөнгийг яаралтай өгүүлэх талаар О-гээс шаардаж, сэтгэл гаргаж олон хоног  ажлаа орхин хөөцөлдөж, цаг заваа зарцуулж байсан. М, У-ийн нөхөр О-тэй өөрөө уулзсан. Ажлынх нь газар ч гомдол гаргаж байсан. О “энэ явдалд И хамаагүй, бид өөрсдөө хариуцна, мөнгийг чинь өгнө” гэдгээ М-д хэлж байсан. Миний хувьд хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй. М-д би өөрөө мөнгө зээлнэ гэж хэлж байгаагүй. Үүнийг өөрөө мэдсээр байж намайг зээлж авсан мэтээр хэлж байгаад  гайхаж байна. Миний хувьд адилхан л хууртаж хохирсон хүн. М намайг хууран мэхэлсэн, оргон зайлсан мэтээр шүүхийн байгууллагад хандан эрэн сурвалжлуулж, орон нутгийн ард иргэдийн дунд залилагч, худалч мэтээр ярьж нэр хүндийг минь гутаан доромжилж байгаад гомдолтой байна. Би 2015 оны 9 сараас 2016 оны 7 сар хүртэл ОХУ-ын Москва хотын ХАБА-н хилийн академид суралцаж төгсөөд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Булган аймгийн Тэшиг сумын хилийн 0286 дугаар ангид томилогдон ирсэн. Сэлэнгэ аймгийн шүүхээс Н.М-ын гаргасан нэхэмжлэлийн дагуу намайг хоёр удаа дуудахад би өөрийн биеэр очиж уулзан болсон үйл явдлын талаар тодорхойлолт бичиж өгч байсан. Б.У-ийн нөхөр Л.О-тэй утсаар байнга холбогдож уг асуудлыг яаралтай шийдвэрлэх, хүнийг хохиролгүй болгох талаар хэлж байсан. Би хэн нэгнийг хууран мэхэлж, эд зүйлийг нь авч ашиглан, хохироож байгаагүй, уг мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр сарын 281.1-д зааснаар хариуцагч Н.И-аас 4409000 /дөрвөн сая дөрвөн зуун есөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85494 /наян таван мянга дөрвөн зуун ерөн дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Н.М давж заалдах гомдолдоо:

...Тус шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заахдаа нэхэмжлэгч нь Н.И-ын гуйлтаар 5.000.000 төгрөгийг түүний найз н.У-д өгсөн учраас Н.И-аас 4.409.000 төгрөгийг гаргуулна гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч Н.И нь Н.М-аас 5.000.000 төгрөг зээлж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж бичсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь би шүүхийн бичсэн шиг Н.И-ын гуйлтаар н.У гэдэг хүнд мөнгө өгөөгүй шүү дээ. Харин би Н.И-ын гуйлтаар Н.И-д өөрт нь л мөнгө өгсөн юм.

Н.И нь тэр өдөр 14 цагийн орчим "та миний энэ дансанд мөнгөө хийчихээрэй гэж хэлээд дансныхаа дугаарыг миний утас руу мессэжээр явуулсан юм. Тэгээд би банкин дээр зээлээ авах гэж нилээд удаад ажил тарах үе болсон тул Н.И руу ярьж мөнгөө маргааш шилжүүлье гэхэд "би тань руу хүн явуулаад мөнгөө авчихая гээд н.У гэдэг эмэгтэйг явуулсан байсан бөгөөд тэр эмэгтэй хүүхэдтэйгээ ирсэн юм. Тэгэхээр нь би их хэмжээний бэлэн мөнгө өгч байгаа тул тэр хүнээр гарын үсэг зуруулсан юм. Энэ бол би н.У гэдэг хүнд мөнгө зээлүүлээд гарын үсэг зуруулж байгаа явдал биш юм. Шүүх болохоор энэ гарын үсгийг хараад н.У-д мөнгө зээлүүлсэн юм шиг дүгнэсэнд гомдолтой байна. Ямар ч байдлаар бодсон би танихгүй хүнд их хэмжээний мөнгө өгөхгүй шүү дээ. Ер нь бусад хүн ч гэсэн танихгүй хүнд их хэмжээний мөнгө өгөхгүй гэж бодож байна. Н.И ч гэсэн хэрвээ надаас мөнгө зээлээгүй юм бол өөрийнхөө дансыг над руу явуулах огт шаардлага байхгүй шүү дээ. Над руу дансаа явуулсан мессэжийг нь би шүүхэд нотлох баримт болгож өгсөн билээ. Мөн Н.И нь надаас мөнгө зээлсэн болоод л зээлсэн мөнгөнөөсөө 3.000.000 төгрөгийг буцааж надад өгсөн шүү дээ. Хэрвээ тэр н.У гэдэг хүн зээлсэн бол тэр н.У л надад 3.000.000 төгрөг буцааж уг нь өгөх ёстой шүү дээ. Энэ мэт тодорхой нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Н.И нь шүүхэд худлаа тайлбар өгч байсан болно. Н.И надаас гуйсаар байгаад банкнаас зээл авахуулж хохироосон тул би зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан билээ. Миний энэ гомдлыг хүлээн авч Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү…гэжээ.

                                                        

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.И-д холбогдуулан 4.409.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт  цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.М нь 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банкны Сэлэнгэ аймаг дахь салбараас 12.000.000 төгрөгний зээл авч тэр өдрөө Б.У-д 5.000.000 төгрөгийг гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Н.И-д 5.000.000 төгрөг зээлдүүлсэн, тэр найзаараа дамжуулан авсан тул зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 2.409.000 нийт 4.409.000 төгрөг гаргуулах талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн байгаа боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Н.И нь 5.000.000 төгрөгийг зээлж авсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.

 Харин Н.И нь Б.У-ийн нөхөр Л.О-ийн шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.М-ын ХААН Банкны ... тоот дансруу тухайн өдөрт нь шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон зэргээс үзэхэд Н.И нь нэхэмжлэгч Н.М-аас 5.000.000 төгрөгийг зээлж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Н.М-ын давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Н.М-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94.950.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН

 

    ШҮҮГЧИД                                                                   С.УРАНЧИМЭГ

 

                                                                                      М.ХҮРЭЛБААТАР