Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00209

 

 

“К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03709 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Гд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.О нь “К банк” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 3009-15/11/01 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Ү-2205051561 гэрчилгээтэй орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсноор барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг “К банк” ХХК-д шилжүүлсэн. Г.О нь байр хүлээлгэж өгөхдөө О.Гг байрнаас гарна гэж хэлчихээд өөрөө Америкийн нэгдсэн улс руу гарсан. Улсын бүртгэлийн зарчмаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь “К банк” ХХК болсон. Хаяг нь 3, 4 дүгээр хороолол гэж буруу бичсэнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд хариуцагч О.Ггийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууц чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К банк” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 4 дүгээр хороолол гэж андуурч буруу бүртгэсэн байдаг. О.Г нь 4 дүгээр хороололд биш, 3 дугаар хорооллын 18/1 дүгээр байрны 18 тоотод 2008 оноос хойш амьдарч байна. 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Г.Оийн төрсөн ах Г.Болдбаатараас энэ орон сууцыг О.Г 36 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 15 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй байснаас гэрчилгээ гарахаар үлдэгдэл мөнгөө авахаар тохирч, худалдах-худалдан авах журмын дагуу уг байрыг О.Гд өсгөн. О.Г нь уг байранд 11 жил амьдарч байна. Г.О байрны өмчлөгчөөр тогтоолгох, О.Г нь байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаартай шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 18/1-18 тоот, 42.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч О.Г болохыг тогтоосон. О.Г шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий орон сууц “К банк” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулж өгөх боломжгүй гэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Гг гүйцэтгэх хуудсаа буцааж ав гээд гүйцэтгэх хуудас буцаагдсан. О.Г энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх “К банк” ХХК-ийн өмчлөлд байгаа бүртгэлийг хүчингүй болгож, О.Гг орон сууцны өмчлөгчөөр тогтоон улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг “Оюуны өмчийн улсын бүртгэлийн газар”-т даалгах тухай 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийдвэр гаргасан боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг одоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо нь 3 дугаар хороололд байрладаг, 4 дүгээр хороололд 14 дүгээр хороо гэж байдаггүй. “К банк” ХХК нь 4 дүгээр хорооллын байр чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Тус банк нь Г.От байр барьцаалж, зээл олгохдоо Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын байрыг үзээгүй 4 дүгээр хороололд байрлах өөр айлын байр үзсэн. Маргаан бүхий байрны өмчлөгч О.Г болохыг иргэний хэргийн анхан шатны шүүх 357 дугаартай шийдвэрээр тогтоосон учир байрнаас гаргах ямар ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Ггаас Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн “К банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК давж заалдах журмаар гарсан гомдолдоо: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205051561 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 14-р хороо, 4 дүгээр хороолол /16066/, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байршилтай 42,6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгосон. Уг орон сууцны өмчлөгчөөр хариуцагчийг тогтоосон шийдвэр байхгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд орон сууц өмчилдөг, хариуцагчийг Баянгол дүүргийн 3 дугаар хороонд орон сууц өмчлүүлэх тухай шүүхийн шийдвэр байдаг бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргаж байсан сөрөг нэхэмжлэлээс харахад тэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3-р хороолол, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хөндөөгүй. Нэгэнт нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгосон шийдвэр байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан шүүхийн шийдвэр нь учир дутагдалтай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “К банк” ХХК шүүхэд хандан, хариуцагч О.Ггийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            К банк нь иргэн Г.Отэй 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 50 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, 18/1 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан, гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Улмаар Г.О нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүйгээс барьцааны орон сууцаа зээлийн төлбөрийн үлдэгдэл 55 887 073 төгрөгт тооцон өгч, өмчлөх эрхээ 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр К банкинд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Оийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ. /хх-9-22 дахь тал/

            Зохигчид орон сууцны байршлын талаар марган, нэхэмжлэгч тал “...”К банк” ХХК нь 4 дүгээр хороололд байрлах орон сууцны өмчлөгч, ... хариуцагчийг 4 дүгээр хорооллын 18/1 байрны 18 тоот орон сууцнаас гаргуулна, О.Гг 3 дугаар хорооллын 18/1 байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... О.Г 3 дугаар хорооллын 18/1 байр 18 тоотод амьдарч байгаа, ... маргаан бүхий байрны өмчлөгч О.Г ..., ... 4 дүгээр хороололд 18/1- 8 тоот байр байхгүй ...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг төдийгүй энэ үндэслэлээр нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан байна. /хх-59-60, 68-69 дэх тал/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд иргэн Г.О, хариуцагч О.Г нарын хооронд үүссэн хууль бус эзэмшлээс албадан гаргуулах болон орон сууцны өмчлөлийн талаарх маргааныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШШ2016/00357 шийдвэрээр Г.Оийн орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч О.Ггийн сөрөг нэхэмжлэлийг хангаж түүнийг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 18 тоотод байрлах, 42.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-42-46 дахь тал/

Иймд нэхэмжлэгчийг “4 дүгээр хороололд” байршилтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн, хариуцагчийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “3 дугаар хороололд” байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосон” болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул зохигчдын маргаж буй орон сууцны өмчлөлийн талаар нэг мөр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх боломжгүй юм.

Талууд орон сууцны байршил зөрүүтэй бичигдсэнтэй холбогдуулан маргаж байгаа тохиолдолд шүүх нотолгооны ажиллагаанд оролцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ. Гэтэл шүүх 2 өөр байршилд бичигдсэн 18 тоот орон сууцыг нэг орон сууц гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад “нэг орон сууц” гэж дүгнэсэн нь буруу байна.

            Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ч.ЦЭНД