Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03709

 

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2018/03709

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Г-д холбогдох,

                            

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Онь “КБ” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 300915/01/01 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр 50.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Ү-2205051561 гэрчилгээтэй орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсноор барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг “КБ” ХХК-д шилжүүлсэн. Г.О нь байр хүлээлгэж өгөхдөө О.Гг байрнаас гарна гэж хэлчихээд өөрөө Америкийн нэгдсэн улс руу гарсан. Улсын бүртгэлийн зарчмаар “КБ” ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөгч. “КБ” ХХК-ийг орон сууцны өмчлөгч биш гэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Хаяг 3, 4 гэж буруу бичсэнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Улсын дээд шүүхэд орон сууцны өмчлөх эрхийн маргаан үүсээгүй. “КБ” ХХК нь Г.От зээл олгосон. Г.О зээлээ төлж чадахгүй болохоор банканд байраа шилжүүлж өгсөн. “КБ” ХХК нь өмчлөх эрхээ хамгаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өмчлөх эрхийн лавлагаагаар маргаан бүхий орон сууцны бүртгэл “Капитрон” банк ХХК-ийн нэр дээр байгаа тул хариуцагч О.Ггийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Иймд “КБ” ХХК-ийн хууль ёсны өмчлөх эрхийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “КБ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 4 дүгээр хороолол гэж андуурч буруу бүртгэсэн байдаг. О.Г нь 4 дүгээр хороололд биш, 3 дугаар хорооллын 18/1 дүгээр байрны 18 тоотод 2008 оноос хойш амьдарч байна. 2008 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Г.Оийн төрсөн ах Г.Болдбаатараас энэ орон сууцыг О.Г 36.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 15.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаагүй байснаас гэрчилгээ гарахаар үлдэгдэл мөнгөө авахаар тохирч, худалдах, худалдан авах журмын дагуу уг байрыг О.Гд өсгөн. О.Г нь уг байранд 11 жил амьдарч байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Шийдвэрт Г.О байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. О.Г байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, 357 дугаартай шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 18/1-18 тоот, 42.6 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч О.Г болохыг тогтоосон. О.Г шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн газраас маргаан бүхий орон сууц “КБ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулж өгөх боломжгүй гэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Гг гүйцэтгэх хуудсаа буцааж ав гээд гүйцэтгэх хуудас буцаагдсан. О.Г энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “КБ” ХХК-ийн өмчлөлд байгаа бүртгэлийг хүчингүй болгож, О.Гг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг “Оюуны өмчийн улсын бүртгэлийн газар”-т даалгах тухай шүүхийн шийдвэр гарсан. “КБ” ХХК анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдаж, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 425 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. “КБ” ХХК хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаартай Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Одоо хэрэг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн н.Бямбацэрэн гэх шүүгчид хуваарилагдаж, ажиллагаа хийгдэж байгаа. “КБ” ХХК-ийн нэр дээр гарсан орон сууцны дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үл хөдлөхийн өмчлөгчөөр О.Гг тогтоож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. “КБ” ХХК нь О.Гг өмчлөгчөөр тогтоосон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 357 дугаартай шүүхийн шийдвэрт маргаан бүхий байрыг 3 дугаар хороолол гэдэг. “КБ” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд маргаанд бүхий орон сууцыг 4 дүгээр хороолол гэдэг гэж маргадаг. “КБ” ХХК хуулийн бүх боломж ашиглаж, Захиргааны хэргийн гурван шатны шүүхэд хандсан. Эцсийн бүлэгт Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 357 дугаартай шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж гардаг. 14 дүгээр хороо нь Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрладаг болохоос замын урд 4 дүгээр хороололд 14 дүгээр хороо гэж байдаггүй. О.Г замын урагшаа нүүж, 4 дүгээр хороололд амьдраагүй. “КБ” ХХК нь 4 дүгээр хорооллын  байр чөлөөлүүлэх шаардлага гаргасан. О.Г ч 3 дугаар хороололд амьдардаг гэдгийг маш сайн мэдэж байгаа. “КБ” ХХК нь Г.От байр барьцаалж, зээл олгохдоо Баянгол дүүргийн 14 дүгээр хороол, 3 дугаар хорооллын байрыг үзээгүй, 4 дүгээр хороололд байрлах өөр айлын байр үзсэн. “КБ” ХХК нь Г.Оийг Эрүүгийн журмаар шалгуулна уу, түүнээс л мөнгөө олж авах ёстой байх. Маргаан бүхий байрны өмчлөгч О.Г болохыг Иргэний хэргийн анхан шатны шүүх 357 дугаартай шийдвэрээрээ тогтоосон. О.Гг байрнаас гаргах ямар ч үндэслэл байхгүй. “КБ” ХХК-ийн О.Гг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.         

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч О.Гд холбогдуулан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205051561 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О.Г нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч тул чөлөөлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Капитрон банк” нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15/173 дугаартай зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205051561 дугаартай, 2 өрөө орон сууцыг Г.Оээс шилжүүлэн авч өмчлөгч  болсон болох нь зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх орон сууцны өмчлөлийн талаар Г.О, О.Г нар маргаж,  улмаар өмчлөгч болохоо тогтоолгохоор үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, О.Гг Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарчээ. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “КБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс О.Ггийн өмчлөгчөөр тогтоосон орон сууц нь 3 дугаар хороололд байрладаг манай өмчлөлийн чөлөөлүүлэхийг хүссэн орон сууц нь 4 дүгээр хороололд байрладаг, өөр өөр орон сууц гэж тайлбарлаж байх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар шийдвэр, тухай шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа О.Ггийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох, захиргааны маргаантай хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр зэргээс энэ нь нэг орон сууц болох нь харагдаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах, Ү-2205051561 дугаартай, 2 өрөө орон сууцыг хариуцагч О.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу өмчилж байгааг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх боломжгүй  байх тул О.Ггийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

  

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1  дэх заалтыг баримтлан хариуцагч О.Ггаас Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 байр, 18 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч “КБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ