Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2017/00954

 

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2017/00954

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00532/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ..........., ..........., ....................... тоотод оршин суух ............ овгийн Сэ-ийн Ц- /РД:.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ..........., ............................................. тоотод оршин суух ............ овгийн Ж-ийн О-/РД:................./-холбогдох

2.240.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2016 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Зулзагын голд ногоо тарьж 10 дугаар сарын 20-ны үеэр оройн манжинг хураасан. Бид шуудай манжинг 10.000 төгрөгөөр өгөхөөр тооцсон байсан. Манайх агуулах байхгүй учраас Древэнд ногоогоо хураачхаад оройн манжин зарна гэж телевизэд зар өгсөн. Гэтэл хариуцагч Ж.О-, Д.Ц-нар ирж надтай уулзсан. Хариуцагч нар манай оройн манжинг хараад сайхан манжин байна гээд худалдаж авахаар болсон. Бид манжин худалдах худалдан авахаар аман хэлцлээр тохиролцсон. Тохиролцохдоо оройн манжингийн үнийг 2017 оны 4 дүгээр сард авахаар болж Ж.О-, Д.Ц-нар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр оройн манжин авахаар гурван хүнтэй ирсэн. Бидний зүгээс манжин ачихад гурван хүн ажиллуулсан. Хариуцагч Ж.О-, Д.Ц-нар нийт 280 шуудай оройн манжинг худалдаж FILENAME \p \* MERGEFORMAT авсан тул үнэ 2.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.О-, Д.Ц-нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...С.Ц-ээс 280 шуудай манжин авсан. Авахдаа стандартын шаардлага хангаагүй зөөлрөлт ихтэй байсныг авахдаа хэлсэн. Уг манжинг С.Ц- борлуулах гэж Дарханы телевизээр зар долоо хоног явуулаад дараа нь зарагдахгүй хүн авахгүй болохоор Д- эгчээр дамжуулан хөлдөх гээд байна хавар мөнгийг нь өгөөрэй гэсэн юм. Бид ажлын зооринд хийж 1.000.000 төгрөгийн түрээс төлсөн. 4 сард тохирсон ёсоор мөнгийг өгөх гэтэл борлуулалт муу байгаа тул надаас ногоо авч зараад мөнгөө ав гээд зоорин дээрээ дуудсан боловч ирээгүй. Заавал мөнгө авна гэсэн хорогдол, ажилласан хүчний мөнгө хөлс тооцоод тооцоогоо хийвэл болно гэдгийг өөрт удаа дараа хэлж байсан. Намрын орсон ногоо намраараа гардаггүй юм. Нэг шуудайнаас 5 кг хасагддаг юм. Нэхэмжилсэн 2.240.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ хүний өгсөн ногоо надад өнөөдрийг хүртэл байж байгаа тул ногоогоо авч болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ц- нь хариуцагч Ж.О-, Д.Ц-нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 280 шуудай шар манжинг 2.240.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг амаар хийж, нэхэмжлэгч С.Ц- манжинг шилжүүлсэн, хариуцагч Ж.О-, Д.Ц-нар манжингийн үнэ 2.240.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Хариуцагч Ж.О-, Д.Ц-нар нь манжин зөөлөрсөн, хорогдол ихтэй байсан тул үнийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

 

Хариуцагч Ж.О-, Д.Ц-нар нь манжин стандартын шаардлага хангахгүй, зөөлөрсөн болохыг тухайн үед мэдсэн болохоо тайлбартаа дурдсанаас гадна нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагч манжин үзээд авсан тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.д зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авсан зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч нь тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээх тул манжингийн үнэ болох 2.240.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч Ж.О-, Д.Ц-нараас 2.240.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-, Д.Ц-нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ