Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 166

 

С.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00532/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг  даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэртэй,    

          Нэхэмжлэгч  С.Ц-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Ж.О-, Д.Ц- нарт  холбогдох

          “манжингийн үнэ 2.240.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

          Хариуцагч Ж.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч С.Ц-ээс:

            Манайх 2016 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Зулзагын голд ногоо тарьж 10 дугаар сарын 20-ны үеэр оройн манжинг хураасан. Бид шуудай манжинг 10.000 төгрөгөөр өгөхөөр тооцсон байсан. Манайх агуулах байхгүй учраас древенд ногоогоо хураачихаад телевизэд манжин зарна гэж зар өгсөн. Ж.О-, Д.Ц- нартаа тохиролцохдоо оройн манжингийн үнийг 2017 оны 04 дүгээр сард авахаар болж Ж.О-, Д.Ц- нар нийт 280 шуудай оройн манжинг худалдаж авсан тул үнэ 2.240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ж.О-, Д.Ц- нараас:

            С.Ц-ээс 280 шуудай манжин авсан. Авахдаа стандартын шаардлага хангаагүй зөөлрөлт ихтэй байсныг хэлсэн. Бид ажлын зооринд хийж 1.000.000 төгрөгийн түрээс төлсөн.

4 сард тохирсон ёсоор мөнгийг нь өгөх гэтэл борлуулалт муу байгаа тул надаас ногоо авч зараад мөнгөө ав гээд зоорин дээрээ дуудсан боловч ирээгүй. Заавал мөнгө авна гэсэн хорогдол, ажилласан хүчний мөнгө хөлс тооцоод тооцоогоо хий гэдгийг өөрт нь удаа дараа хэлж байсан. Нэг шуудайнаас 5 кг хасагддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ хүний өгсөн ногоо надад өнөөдрийг хүртэл байж байгаа тул ногоогоо авч болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр  шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч Ж.О-, Д.Ц- нараас 2.240.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-, Д.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжид 50.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.О- давж заалдсан гомдолдоо:

Би манжинг зараагүй ашиг олоогүй,  харин ч зооринд 1.000.000 төгрөг өгч эрсдэлд орсон. Манжингаа буцааж ав гэж аман гэрээгээ цуцлах санал удаа дараа тавьсан боловч ирээгүй ногоогоо аваагүй.  Анхан шатны шүүхээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж  үзэв.

            Нэхэмжлэгч С.Ц-, Ж.О-, Д.Ц-  нарт холбогдуулан  манжингийн үнэ  2.240.000 төгрөг гаргуулах  шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч  маргасан байна.

            Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ хийгдсэн,  хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар  худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн  хариуцагч нараас манжингийн үнэ 2.240.000 төгрөг  гаргуулж  шийдвэрлэсэнийг  хариуцагч   эс зөвшөөрч  давж заалдсан гомдол гаргасан байна.

Зохигчдын хооронд  2016 оны 10 дугаар сард,  280 шуудай  манжин худалдах худалдан авах хэлцэл хийж манжингийн үнэ 2.240.000 төгрөгийг  2017 оны 04 дүгээр сард  өгөхөөр харилцан тохиролцсон  энэ талаар  талууд  маргаагүй болно.

Хариуцагч нь  шаардлагыг   зөвшөөрөхгүй үндэслэлээ  “...4 сард мөнгийг өгөх гэтэл борлуулалт муу байгаа тул  надаас ногоо авч  зараад мөнгөө ав  гээд зоорин дээрээ дуудсан боловч  ирээгүй. Заавал мөнгө  авна гэсэн, хорогдол, ажилласан хүчний мөнгө хөлс  тооцоод тооцоогоо хий гэдгийг өөрт нь  удаа дараа  хэлж байсан,  ...1 шуудайнаас 5 кг  хасагддаг,  ...энэ хүний  өгсөн ногоо надад  өнөөдрийг хүртэл  байж байгаа  тул  ногоогоо авч болно.”   гэж,  давж заалдсан гомдолд,  “...манжинг  зараагүй, ашиг олоогүй, харин ч зооринд хадгалсны хөлс 1.000.000 төгрөг өгч эрсдэлд  орсон, манжингаа ав гэж аман гэрээ  цуцлах санал удаа  дараа  тавьсан...”  гэж  дурджээ.

Зохигчдын   дунд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ хийгдсэн,  худалдагч тал буюу  С.Ц- биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй  холбоотой  баримт бичгийг  худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч  буюу Ж.О-, Д.Ц- нар худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, худалдагчид  хэлэлцэн тохирсон  үнийг  дараа  төлөх  үүргийг  тус  тус хүлээжээ.

С.Ц-  280 шуудай манжинг  худалдан авагчийн эзэмшилд  шилжүүлэх  үүргээ биелүүлж,  Ж.О-, Д.Ц- нар  манжингийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй   болох нь  тогтоогдсон байна.

Хариуцагчийн  татгалзлалын агуулгаас үзвэл  манжингийн үнийг  өөр ногоогоор төлөх  ингэхдээ гарсан зардал болон  хорогдлыг хасаж  тооцох, ашиг олоогүй, алдагдалд орсон, гэрээг цуцлахыг  шаардсан  гэж үзэхээр байна.

Талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээгээр  худалдан  авагч  манжингийн үнэ төлөх  үүрэгтэй  учир  төлбөрт  өөр ногоо  авахыг, мөн худалдан авагчийн эзэмшилд  хөрөнгө бүрэн  шилжсэн тул  ямар нэгэн зардал, хохирлыг  худалдагчаас  шаардах эрхгүй  байна.

Хариуцагч  нь Иргэний хуулийн  254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар  эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр  солиулах, доголдлыг  арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг  цуцлах тухай  шаардлага гаргах, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар  тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш зургаан сарын дотор  доголдлыг илрүүлсэн худалдан авагч  энэ хуулийн  254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль  нэгийг  гаргах  эрхтэй  хэдий ч энэ хуулийн  255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар  эдгээр шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Анхан шатны шүүх   хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв  талаас нь  үнэлж, дүгнэн, зохигчдын хооронд үүссэн маргааны харилцааг зөв тодорхойлж,  холбогдох хуулийн заалтыг  зөв, оновчтой хэрэглэсэн  байх тул  хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 954 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.800  төгрөгийг төрийн сангийн орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ  

                                    ШҮҮГЧИД                                                       Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ