Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

М.Ххолбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Д.Батзаяа,

Хохирогч: Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд  нээлттэй  хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолтой М.Х холбогдох 2038000000406 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Авга овогт Махбуриадын Х, 1998 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар.................../.

Шүүгдэгч М.Хнь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт Б.Бы баруун чихний хойд хэсэгт гараараа цохиж, баруун шанаа, дух, нүдний орчим өшиглөж, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдэд няцралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Авга хариад овогт Махбуриадын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Махбуриадын Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Хт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдолдоо: Иргэн Батнямын Б би М.Хт холбогдох эрүүгийн 2038000000406 дугаартай хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцсон боловч тус хэрэг миний оролцоогүйгээр, миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдахгүйгээр шийдвэрлэгдэж 2020/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд

1. Мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд:

Миний бие 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Галт суманд Чулуунбаатар, Х нарт зодуулж гэмтэл авсан юм. Үүнээс хойш эмнэлгийн байгууллагаас тусламж авч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл эмнэлгээр явж байгаад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт гомдлоо гаргасан юм.

Цагдаад хэргийг шалгаж байх явцад мөрдөгч Бат-Оргил гэгч 1 удаа намайг дуудан баахан баримтад гарын үсэг зуруулсан нь одоо хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт, хэрэг танилцуулсан баримтууд болохыг ойлгож байна. Тухайн үед хэрэг танилцуулахдаа тухайн материалыг уншиж танилцах ямар ч боломж олгоогүй бөгөөд бичих үгийг хүртэл хэлж бичүүлсэн.

Би гомдолтой, хохирлоо төлүүлэх хүсэлтэй талаараа хэлж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Толгойн компьютерт томографийн шинжилгээ”-нд тусгагдсан “Баруун нүдний ухархайн дотор хажуу хананд 0,8 см өргөн хэсэгт, дотогш этмойд хөндий рүү 0,7 см гүн цөмөрсөн” тухай гэмтэл бүхий баримт бичгийг үзүүлж дахин шинжээч томилж өгөхийг хүсэж байсан ч “таны хэргийг прокурорт хянуулаад буцаад аваад ирнэ. Тэгээд дахиад шинжээч томилуулъя” хэмээн хуурч гарын үсэг зуруулж авсан.

Миний зүгээс хэн гэдэг прокурор хяналт тавьж байгаа талаар асуухад хэлж өгөөгүй бөгөөд “прокуророос дуудна” гэсний дагуу би хүлээж байтал прокуророос ч дуудсан юмгүй бүр шүүхээр хэргийг шийдвэрлэсэн байна. Би мэдүүлэг дээрээ “гомдол саналтай, хохирол төлбөрөө нэхэмжилнэ” хэмээн мэдүүлсээр байхад миний эрх ашгийг уландаа гишгэж, амьдралын боломж тааруу, хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлыг минь тохуурхан даажигнаж шийдвэр гаргасан хуулийн байгууллагуудад үнэхээр гомдож байна.

Мөрдөгчийн зүгээс прокурорт ямар ойлголт өгөөд Д.Батзаяа прокурор намайг нэг ч дуудахгүй яллах дүгнэлтээ үйлдэж, тухайн дүгнэлтийнхээ хавсралтад “Б.Б нь мөрдөн байцаалтын явцад М.Хаас хохирол нэхэмжлээгүй” гэж бичсэнийг огт ойлгохгүй байна.

Түүнчлэн прокурорын зүгээс хохирогч Б.Б намайг хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдүүдийг яллагдагчаар татсан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх зэргээр хуульд заасан хяналтаа тавиагүй нь мөн л надад ойлгомжгүй байна.

Хэрэгт Чулуунбаатар, Х нар 2-уулаа намайг бүлэглэж зодсон талаарх үйл баримтыг мэдэх Аамаа эгч гэх гэрчийг асуугаагүй зэргээр асуудалтай зүйлүүд олон байна. Энэ хүний талаар Чулуунбаатар, Х, Б нарын мэдүүлэгт тусгагдсан байгаа юм.

2. Шүүхийн шатан дахь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:

Юун түрүүн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг 1 ч удаа дуудаагүй болохыг хэлэхийг хүсэж байна. Энэ нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт, хэргийн материал танилцуулсан баримт зэрэгт хохирогч Б.Б миний гарын үсэг зурагдаагүй зэргээр нотлогдоно. Харин 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/568 дугаартай “Яллагдагчийн шүүхэд шилжүүлэх тухай" захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаар хохирогч Б.Б намайг шүүх хуралдаанд оролцуулах талаар дурдаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаад байхад тухайн шүүгчийн туслах 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №6 дугаартай /Шүүхийн мэдэгдэх хуудас/ утсаар ярьсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж миний эзэмшлийн 99498855 дугаартай утсанд залгаж надад мэдэгдсэн мэтээр хуурамч баримт үйлдсэн асуудлыг ойлгохгүй байгаа бөгөөд энэ асуудлыг жич шалгуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл миний утсанд шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбуу гэгчийн 89136039 дугаартай утаснаас нэг ч дуудлага ирж байгаагүй болохыг холбогдох байгууллагаас лавлагаа авахаар гарч ирнэ гэж найдаж байна.

Намайг шүүх хуралдаанд дуудаж, хэргийн материалтай танилцуулсан бол өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд хамаарах нотлох баримтуудаа, баруун нүдний ухархай цөмөрсөн гэмтэл зэрэгт холбогдох баримтуудаа эх хувиар нь шүүхэд гарган өгч шинжлэн судлуулах боломжтой байсныг шүүх харгалзан үзнэ гэдэгт найдаж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Хнь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг дэвсгэрт Б.Бы баруун чихний хойд хэсэгт гараараа цохиж, баруун шанаа, дух, нүдний орчим өшиглөж, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдэд няцралт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хавтаст хэрэгт Б.Б, М.Хнарыг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр асууж авсан тэмдэглэл /хх-ийн 11-14 тал/ авагджээ. Гэтэл энэхүү тэмдэглэлд гэмт хэрэг 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдөр гарсан талаар мэдүүлсэн нь ойлгомжгүй, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн нь эргэлзээтэй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл мөрдөгч нь хохирогчоор тогтоогдох этгээдийг гэрч гэж үзэн гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 06-ний өдөр мэдүүлэг авсан, уг  мэдүүлгийг прокурор яллах талын нотлох баримтад тооцож яллах дүгнэлтэд тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай нийцэхгүй байна.

Мөрдөгч нь хохирогч Б.Быг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахдаа түүнийг хэрхэн, яаж хохирсон талаар огт тодруулаагүйн дээр түүний “...гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан...” гэснийг л тусгажээ.

Гэтэл хохирогч Б.Быг гэрчээр асууж авсан мэдүүлэг нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарахаас өмнө  авсан мэдүүлэг байх тул түүнийг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

Хохирогчийг тогтоохоос өмнө аливаа этгээдээс мэдүүлэг авах боломжтой бөгөөд хохирогч тогтоогдсон тохиолдолд хохирогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг цаашид анхаарах нь зүйтэй.

Хохирогч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэхдээ “...Би энэ хэрэгт хохирсноос болж гарч буй бүх төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэж мэдүүлжээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч М.Хаас хохирол нэхэмжлээгүй гэсэн нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөгч, прокурор нь эргэлзээгүй нотлоогүйн дээр хохирогч нь хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэж мэдүүлсээр байхад хохирогчийг шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх эрхийг хангалгүйгээр, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэлгүйгээр, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзнэ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хохирогч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахдаа дүүгийнхээ хамт бүлэглэн зодсон талаар гомдол гаргасан байхад М.Чулуунбаатарыг уг хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

Б.Бы гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Мөн Гүрээ гэж дууддаг эгч Аамаа гэж эгчтэй хамт надаас тэр залууг салгасан...” гэж мэдүүлсэн зэргийг мөрдөгч, прокурор нь анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Гүрээ, Аамаа нарыг олж тогтоон хэргийн талаар нотлох ажиллагааг явуулах шаардлагатай байна.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Хт холбогдох Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг  прокурорт  очтол  шүүгдэгч  М.Хт  урьд  авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                      Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                  Н.БАЯРХҮҮ