Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00238

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00238

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ц.Б

            Хариуцагч: Э.Э

            Хариуцагч: ХБ ХХК

            Хариуцагч: Ц.Э

Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч
Э.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , гэрч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Б нь нөхөр С.Г болон охин Г.У нартай хамтран Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн№ тоот 2 өрөө 29 м.кв талбай бүхий орон сууцыг хамтран өмчилдөг бөгөөд уг байранд 1998 оноос хойш амьдарч байгаа. Гэтэл Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний өмчлөлийн байрыг битүүмжлэх ажиллагаа явуулж байгааг сонсоод хэргийн талаар асуутал Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1030 дугаартай шийдвэрээр дээрхи орон сууцыг ХБ болон Э.Э ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэх болсон үндэслэл нь миний зөвшөөрөлгүйгээр дээрх№ тоот 2 өрөө орон сууцыг Э.Э нь ХБ ны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байна. Хэдийгээр тухайн зээлийн материалд миний нэрийн өмнөөс үйлдсэн итгэмжлэл байгаа боловч миний бие тухайн итгэмжлэлд гарын үсэг зураагүй, мэдээгүй юм. Хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. Иймээс Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан нотариатч Ц.Э 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн 367 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэлийг хүчингүй болгож, Э.Э болон ХБ ны хооронд 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан - тоот барьцаат зээлийн гэрээ, мөн тус өдөр ХБ болон Э.Э нарын хооронд байгуулагдсан : -1 тоот Баталгаат ипотекийн гэрээний орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өгнө үү гэв.

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардлагад тайлбаргүй гэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э ад 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацааны дотор тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

      Хариуцагч Ц.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 оны 5 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Орхон аймгийн Нотариатын тойрогт нотариатчаар ажилласан. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийн бүртгэлд С Г /М3:- / иргэн Энхжаргалын Э ад /ФМ:₮ / орон сууц барьцаанд тавих итгэмжлэлийг гэрчилсэн нь надад байгаа ерөнхий товьёогоос харагдаж байна. Дэлгэрэнгүй товьёог Орхон аймгийн Архивын газарт хадгалагдаж байгаа болно. Нотариатч миний бие нь нотариатын үйлчилгээ хийлгэх гэж байгаа, заавал байх ёстой иргэдийг бүгдийг нь байлцуулан тухайн үйлдлийг гэрчилдэг. Тийм учраас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийг гэрчлэхэд тухайн орон сууцны гэрчилгээн дээр бичигдсэн ирэх ёстой хүмүүсийг бүгдийг нь байлцуулан гэрчилсэн байгаа. 2015 оны сүүлч 2016 оны эхээр Б гэдэг хүний өмгөөлөгч нь байна гээд /Г гэсэн байхаа/ надтай утсаар ярьсан. Тэр өмгөөлөгч ярихдаа ... С.Г нь Ц.Б нөхөр нь. Эхнэр Б өмнөөс өөр эмэгтэйг дагуулж ороод таниар итгэмжлэл хийлгэсэн байна. Б нь мэдээгүй байжээ, Цагдаад өргөдөл өгч шалгуулсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл өгөх гэсэн юм хаягаа өгөөч гэхээр нь би хаягаа өгсөн. Энэ өмгөөлөгчийн ярьсанаас дүгнэхэд иргэн С.Г нь эхнэрийгээ гэж өөр эмэгтэйг дагуулж ирээд нотариатч намайг хуурч, залилан мэхлэж итгэмжлэл хийлгэжээ гэж үзэж байна. Нотариатч намайг залилан, хууран мэхлэж итгэмжлэлийг гэрчлүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг болох тул иргэн С.Г , Э.Э , дагуулж ирсэн эмэгтэй нарын бүлэглэн хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эрүүгийн хариуцлага тооцуулж өгнө үү. Иргэн С.Г нь өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээ, биеийн байцаалтуудтайгаа өөрсдөө нотариатч дээр ирсэн байх ёстой. Мөн зээл олгох гэж байгаа банк нь судалгаа сайн хийж, гэрт нь очиж орон сууцны зургийг нь авч, зээл төлөгдөх боломжийг нь судлаж байж зээл олгох зөвшөөрөл олгодог. Зээл олгох зөвшөөрөл гарсаны дараа нотариатын гэрчлэх үйлчилгээ хийгддэг. Иргэн С.Г  нь эхнэрээ гэж өөр хүн авчирсан бол нотариатч намайг байтугай зээл олгосон банкыг ч давхар давхар залилсан байна. Үнэхээр иргэн Б нь нотариатч дээр ирж итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй, нөхөр нь өөр эмэтгтэйг дагуулж ирэн гарын үсэг зуруулсан нь шүүхэд өгсөн нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд итгэмжлэл дээр иргэн Бадамжаргалаас бусад зөвшөөрөл өгсөн өмчлөгчдөд ноогдох хэсгийг хүчинтэйд тооцож иргэн Б хамрагдах хэсгийг нь л хүчингүй болгох нь шударга болно гэж үзэж байна. Дээрхи итгэмжлэлтэй холбогдох материал нь Орхон аймгийн Архивын тасагт байгаа болно гэв.

      Хариуцагч ХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хасбанк нь 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Э.Э тай байгуулсан гэрээ нь зохих журмын дагуу хийгдсэн бөгөөд, өмчлөгч С.Г , Ц.Б нар нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нотариатаар баталгаажуулсан 3 жилийн хугацаатай итгэмжлэл, өмчлөгч Г.У  2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-д Монгол улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яамаар дамжуулан гаргасан итгэмжлэлүүдийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр хууль, журмын дагуу хийгдсэн. Иймд Цэвээндоржийн Бадамжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Э.Э , ХБ , нотариатч Ц.Э нарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, ХБ Э.Э нарын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч  мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн№ тоот 2 өрөө 29 м.кв талбай бүхий орон сууцыг нөхөр, охины хамтаар хамтран өмчилдөг бөгөөд уг байранд 1998 оноос хойш амьдарч байгаа. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1030 дугаартай шийдвэрээр манай орон сууцыг ХБ болон Э.Э ын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байсныг хожим шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад мэдсэн. Нэхэмжлэгч миний зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байна. Би тухайн итгэмжлэлд гарын үсэг зураагүй, мэдээгүй, хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. Иймд нотариатч Ц.Э 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай итгэмжлэл гэрчилсэн үйлдэлийг хүчингүй болгож, Э.Э болон ХБ ны хооронд 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан - тоот барьцаат зээлийн гэрээ, : -1 тоот Баталгаат ипотекийн гэрээний орон сууцтай холбогдох хэсгийг төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

      Хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Нотариатч нь нотариатын үйлчилгээ хийлгэх гэж байгаа, заавал байх ёстой иргэдийг бүгдийг нь байлцуулан тухайн үйлдлийг гэрчилдэг.  2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийг гэрчлэхэд тухайн орон сууцны гэрчилгээн дээр бичигдсэн ирэх ёстой хүмүүсийг бүгдийг нь байлцуулан гэрчилсэн Хэрэв С.Г нь эхнэрийгээ гэж өөр эмэгтэйг дагуулж ирээд нотариатч намайг хуурч, залилан мэхлэж, итгэмжлэл гэрчлүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг болох тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, эрүүгийн хариуцлага тооцуулах үндэслэлтэй. Зээл олгох гэж байгаа банк нь судалгаа хийж, гэрт нь очиж орон сууцны зургийг нь авч, зээл төлөгдөх боломжийг нь судлаж байж зээл олгох зөвшөөрөл олгодог. Зээл олгох зөвшөөрөл гарсаны дараа нотариатын гэрчлэх үйлчилгээ хийгддэг гэж, ... Хасбанк нь 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Э.Э тай байгуулсан гэрээ нь зохих журмын дагуу хийгдсэн бөгөөд, өмчлөгч С.Г , Ц.Б нар нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн гурван жилийн хугацаатай итгэмжлэл, өмчлөгч Г.Уранзулын итгэмжлэлүүдийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр хууль, журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан Ц.Э нь 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ү-: улсын бүртгэлийн дугаар бүхий С.Г , Ц.Бадамжаргал, Г.У нарын дундын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг№ тоот 29.0 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг ХБ наас авах зээлийн болон барьцааны гэрээнд, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, гэрээний  үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг С.Г , Ц.Б нараас Э.Э ад гурван жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг төлөөлүүлэгч Ц.Б байлцуулахгүйгээр гэрчлэсэн болох нь нэхэмжлэгч Ц.Б тайлбар, “...итгэмжлэлд зурсан шинжилж буй гарын үсэг нь Ц.Б гарын үсэг биш, шинжилж буй гарын үсэгтэй тохирохгүй байна” гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 130 дугаар шинжээчийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 571 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Маргаан бүхий итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан нотлох баримт байх тул шийдвэрийн үндэслэл болсон бөгөөд дээрхи үйл баримтын талаархи нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлага, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1030 дугаартай шүүхийн шийдвэр, тусгай мэдлэг бүхий шинжээчдийн гаргасан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэдийгээр хариуцагч Э.Э , Ц.Э , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ц.Б өөрийн биеэр хүрэлцэн ирж нотариатын үйлдэл хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шинжээчдийн 2 удаагийн дүгнэлтээр Ц.Б гарын үсэг биш гэж тогтоогдсон, хариуцагч ХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зээлийн судалгаа хийхээр гэрт нь очиход Ц.Б байгаагүй гэсэн ...тайлбараар уг итгэмжлэлд нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй, зээлийн гэрээ байгуулагдсан болохыг мэдээгүй гэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээдийн хувийн байдлыг тогтоох, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж заасан байна.  

Иймд нотариатч Ц.Э гэрчилсэн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

ХБ нь Э.Э , Э.Энхбат нартай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн : , : -1 тоот гэрээ байгуулж,  дээрхи 2 өрөө орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотикийн гэрээ, зохигчдын тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн  64.2-ò çààñàí øààðäëàãûã õàíãààã¿é, õ¿÷èí òºãºëäºð áóñ èòãýìæëýëийг үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ХБ Э.Э Э.Энхбат нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн : , : -1 тоот гэрээний Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг№ тоот 29 м.кв 2 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг  хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ХБ Э.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний орон сууцтай холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэрч С.Г нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан Монгол улсын иргэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул гэрчийн мэдүүлэг аваагүй болно. 

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/03411 дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд хэвээр байхыг заах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 23 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг№ тоот 2 өрөө орон сууцыг ХБ ны зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан ХБ ны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн : , : -1 дугаартай барьцаат зээлийн болон баталгаат ипотикийн гэрээний У баг№ тоот 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаа өнгөрмөгц тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/03411 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э , Ц.Э , ХБ наас тус бүр 23 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б  олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

           

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ