Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00074

 

                                Ц.Бадамжаргалын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00238 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Бадамжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Эрдэнэбат, Ц.Энхтуяа, Хас банкны Орхон аймаг дахь салбарт холбогдох

“Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагч Э.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Бадамжаргал нь нөхөр С.Гүрсэд болон охин Г.Уранзул нартай хамтран Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-27 тоот 2 өрөө 29 м.кв талбай бүхий орон сууцыг хамтран өмчилдөг бөгөөд уг байранд 1998 оноос хойш амьдарч байгаа. Гэтэл Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний өмчлөлийн байрыг битүүмжлэх ажиллагаа явуулж байгааг сонсоод хэргийн талаар асуутал Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1030 дугаартай шийдвэрээр дээрхи орон сууцыг Хас банк болон Э.Эрдэнэбатын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэх болсон үндэслэл нь миний зөвшөөрөлгүйгээр дээрх 5-21-27 тоот 2 өрөө орон сууцыг Э.Эрдэнэбат нь Хас банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан байна. Хэдийгээр тухайн зээлийн материалд миний нэрийн өмнөөс үйлдсэн итгэмжлэл байгаа боловч миний бие тухайн итгэмжлэлд гарын үсэг зураагүй, мэдээгүй юм. Хууль бус итгэмжлэлийн үндсэн дээр барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. Иймээс Орхон аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан нотариатч Ц.Энхтуяагийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн 367 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэлийг хүчингүй болгож, Э.Эрдэнэбат болон Хас банкны хооронд 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан 1630000652 тоот барьцаат зээлийн гэрээ, мөн тус өдөр Хас банк болон Э.Эрдэнэбат нарын хооронд байгуулагдсан 1630000652-1 тоот Баталгаат ипотекийн гэрээний орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Энхтуяа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 оны 5 дугаар сараас 2013 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Орхон аймгийн Нотариатын тойрогт нотариатчаар ажилласан. 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийн бүртгэлд Сэнгэбазарын Гүрсэдээс /М3:61100771/ иргэн Энхжаргалын Эрдэнэбатад /ФМ:85022875/ орон сууц барьцаанд тавих итгэмжлэлийг гэрчилсэн нь надад байгаа ерөнхий товьёогоос харагдаж байна. Дэлгэрэнгүй товьёог Орхон аймгийн Архивын газарт хадгалагдаж байгаа болно. Нотариатч миний бие нь нотариатын үйлчилгээ хийлгэх гэж байгаа, заавал байх ёстой иргэдийг бүгдийг нь байлцуулан тухайн үйлдлийг гэрчилдэг. Тийм учраас 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 тоот итгэмжлэлийг гэрчлэхэд тухайн орон сууцны гэрчилгээн дээр бичигдсэн ирэх ёстой хүмүүсийг бүгдийг нь байлцуулан гэрчилсэн байгаа. Иргэн С.Гүрсэд нь эхнэрийгээ гэж өөр эмэгтэйг дагуулж ирээд нотариатч намайг хуурч, залилан мэхлэж итгэмжлэл хийлгэжээ гэж үзэж байна. Нотариатч намайг залилан, хууран мэхлэж итгэмжлэлийг гэрчлүүлсэн үйлдэл нь гэмт хэрэг болох тул иргэн С.Гүрсэд, Э.Эрдэнэбат, дагуулж ирсэн эмэгтэй нарын бүлэглэн хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эрүүгийн хариуцлага тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хасбанк нь 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Э.Эрдэнэбаттай байгуулсан гэрээ нь зохих журмын дагуу хийгдсэн бөгөөд, өмчлөгч С.Гүрсэд, Ц.Бадамжаргал нар нь 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нотариатаар баталгаажуулсан 3 жилийн хугацаатай итгэмжлэл, өмчлөгч Г.Уранзулын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр БНСУ-д Монгол улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яамаар дамжуулан гаргасан итгэмжлэлүүдийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр хууль, журмын дагуу хийгдсэн. Иймд Цэвээндоржийн Бадамжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00238 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-21-27 тоот 2 өрөө орон сууцыг Хас банкны зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэл хангуулах тухай итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Хас банкны 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1630000652, 1630000652-1 дугаартай барьцаат зээлийн болон баталгаат ипотикийн гэрээний Уртбулаг баг 5-21-27 тоот 2 өрөө орон сууцтай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаа өнгөрмөгц тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/03411 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэбат, Ц.Энхтуяа, Хас банкнаас тус бүр 23 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бадамжаргалд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн нь дараахь үндэслэлээр нотлогдож байна.Үүнд:

  1.Шийдвэрийн үндэслэх хэсэгг маргаан бүхий итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангасан нотлох баримт байх тул шийдвэрийн үндэслэл болсон гэж заасан нь үндэслэл бүхий дүгнэлт болоогүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.”

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө“ гэж заасан байхад хэрэгт хавсаргасан итгэмжлэл, Хас банкны барьцаат зээлийн гэрээ нь эх хувиараа биш, нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбар байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй нотлох баримт байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Итгэмжлэл, Хас банкны барьцаат зээлийн гэрээ /XX-ийн 8-16 дугаар хуудас/

Мөн 2014 оны 11-р сарын 25- ны өдрийн 1030 тоот Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бусад нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.”Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нотлох баримт юм. /ХХ-ийн 44-45 дугаар хуудас/

 Иймд дээрх итгэмжлэл, Хас банкны барьцаат зээлийн гэрээг шүүхээс үнэлж шийдвэрийн үндэслэл бологож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуулиар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг нотой зөрчсөн үйл ажиллагаа болсон байна.

 2.Нотариатчийг залилан, хууран мэхлэж итгэмжлэлийг гэрчлүүлсэн иргэн С.Гүрсэд, Э.Эрдэнэбат нар, дагуулж ирсэн эмэгтэй нарын бүлэглэн хийсэн хэргиийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар 2017 оны 02-р сарын 15-ний өдөр Орхон аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. 2017 оны 02-р сарын 15-ний өдөр Орхон аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас иргэн С.Гүрсэд Э.Эрдэнэбат нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч захирамжаар түдгэлзүүлнэ гэж заасны дагуу Ц.Бадамжаргалын нэхэмжлэлтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гарсан байхад үндэслэлгүйгээр хариуцагчийн төлөөлөгч миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зөрсөн байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Бадамжаргал № 367 дугаартай итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, № 1630000652 тоот барьцааны гэрээ, № 1630000652-1 тоот Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Бадамжаргал, хариуцагч Хас банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөхдөө нотариатчаар гэрчлүүлээгүй барьцаат болон баталгаат ипотекийн зээлийн гэрээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх хуульд заасны дагуу жинхэнэ эхийг шаардан аваагүй, эх баримтанд үзлэг хийгээгүй, шинжлэн судлаагүй байх тул дээрх нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 

Хэрэгт авагдсан Хас банк болон хариуцагч Э.Эрдэнэбат, Э.Энхбат нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн №1630000652, № 1630000652-1 тоот барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх уг баримтуудыг үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хариуцагч Ц.Энхтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан “...хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэр гаргасан “...  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь боломжтой  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргий дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2017/00238 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                                   Б.ОЮУНЦЭЦЭГ