Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/02938

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2020/02938

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  И ТБ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ч ХХК -д холбогдох

Ч ны 5101000080 тоот дансанд байрших 2.600.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499133504 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

И ТБ нь Ч тай Харилцах дансны үйлчилгээний С/16-01004 дугаар гэрээг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулан ажиллаж байна.

Тус газраас Ч инд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай өдөр тутмын гүйлгээг шилжүүлэх 12 удаагийн төлбөрийн даалгаврыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хүргүүлсэн, улмаар албан бичгээр 3 удаа хандсан боловч өнөөдрийг хүртэл гүйлгээг хийхгүй байна.

Энэ үйлдэл нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2. дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.1. дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 8 дугаар зүйлийн 8.2. дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3. дахь хэсгийг тус тус зөрчөөд байна.

Ч ны дээрх хууль зөрчсөн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсээд байна.

Энэ тухай өмнө нь тус газраас Монгол банкинд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01/273 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Ч наас гүйлгээг хийгээгүй байна.

Тус банк нь Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаатай байгаа болно.

Иймд Ч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2. хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх болон Харилиах дансны үйлчилгээний С/16-01004 дугаар гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Ч ин дахь иргэний нисэхийн ерөнхий газрын 5101000080 тоот төгрөгийн дансанд байрших харилцах дансны үлдэгдэл 2.600.000.000 /хоёр тэрбум зургаан зуун сая/ төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь төгрөгийн 499133504 тоот дансанд шилжүүлүүлэхийг Ч инд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч нь И ТБтай 2,600,000,000 төгрөгийн төлбөр тооцооны асуудлаар ярилцдаг.

Төлбөр тооцоог банкны гэрээнд заасны дагуу тодорхой тамга тэмдэглэгээ ашигласан бланкаар гүйлгээ хийх хүсэлт гаргаснаар банк гүйлгээ хийнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг.

Түүнээс биш албан бичиг өгснөөр төлбөр тооцоо шилжүүлдэггүй. Яагаад гэвэл банк хуулийн этгээдийг төлөөлж нягтлан бодогч гарын үсэг зурж мөн байгууллагын дарга гарын үсэг зурах талаар хоорондоо тохиролцсоноор төлбөр тооцоо шилжүүлдэг. Иргэний нисэхийн ерөнхий газраас ийм төлбөр тооцоог шилжүүлэхийг даалгасан бичиг баримтыг өгч байгаагүй. Шүүхэд энэ баримтуудыг өгөөгүй.

Ч наас удаа дараагийн үйлдэлд нь албан бичгээр хариу өгөхдөө бид шилжүүлэх боломжтой, зохих журмын дагуу шилжүүлнэ, харин танайхаас баримт бичгийн дагуу гүйлгээ хийхэд татгалзах зүйл байхгүй бол бичиг баримтаа зөв бүрдүүлж ирүүлнэ үү гэсэн шаардлагыг тавьдаг.

Ингээд бид төлбөр тооцоог шилжүүлэх боломжгүй гэж үзсэн. Албан бичгээр Монгол банкнаас ирээд төлбөр тооцоог хий гэсэн шаардлага ирж байсан учраас бид дундын дансанд мөнгийг шилжүүлсэн.

Дундын данс гэдэг нь банкууд хоорондоо харилцах данс байдаг. Тухайн үед Төрийн банк руу төлбөр тооцоог шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгч байсан. Тухайн үед Төрийн банктай харилцан дундын дансанд мөнгийг шилжүүлсэн. Дундын данснаас Төрийн банк руу яагаад орохгүй байгаа асуудлыг Монгол банкнаас шалгуулах шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл Монгол банкнаас банк хоорондын төлбөр тооцооны асуудлыг эцэслэн шийдвэрлэж төлбөрийг яагаад шилжүүлэхгүй байгаа талаар тайлбар гаргах зохих ёсны этгээд юм. Манай Ч зохих ёсоор мөнгөө шилжүүлээд дундын дансанд шилжүүлчихсэн. И ТБ зохих байгууллагаас төлбөрөө нэхэх шаардлагатай болохоос биш Ч наас нэхэмжлэх шаардлагагүй юм.

Уг асуудал нь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдэж байна. Гэрээгээ цуцлаад манай банкан дахь мөнгөө авъя гэж байгаа юм уу? гэрээ цуцлахгүй дансан дахь мөнгөө авъя гэж байгаа юм уу? гэрээ цуцлах албан бичгээ өгсөн юм уу? өгөөгүй 2,600,000,000 төгрөг дээр нь хүү болох 360,000,000 төгрөгийг авах ёстой байсан гэсэн. Энэ мөнгө нь үлдэж байгаа юм уу? тиймээс нэг дор шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Худалдаа Хөгжлийн банкан дахь төгрөгийн дансанд шилжүүлж өгнө үү гэж дундын дансанд хийсэн гээд тайлбар өгөөд байхад үүнийг шалгаад нотлох баримтын шаардлага хангалттай биш байгаа учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

              ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нь Ч ХХК-д холбогдуулан Ч ны 5101000080 тоот дансанд байрших 2.600.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499133504 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэг талаас Ч ХХК, нөгөө талаас Иргэний нисэхийг ерөнхий газар нар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр С/16-01004 дугаартай Харилцах дансны үйлчилгээний хугацаагүй гэрээ байгуулж, харилцагч И ТБ нь тус банкинд 5101000080 дугаартай харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, банк нь харилцагчийн харилцах дансны 1.000.000 төгрөгнөөс дээш үлдэгдэлд 3,6%-ийн хүү тооцож олгохоор тус тус тохирчээ. /хх-ийн 5-р хуудас/

Зохигчдын хэн аль нь дээрх гэрээ байгуулсан, талуудын хооронд 2016 оноос харилцах дансны хадгаламжийн харилцаа үүссэн, тус банкинд Иргэний нисэхийн ерөнхий газрын 2.600.000.000 /хоёр тэр бум зургаан зуун сая/ төгрөг байршиж байгаа талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1.-д заасан харилцаа үүсчээ.

Харилцагч И ТБ нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Ч ХХК-д 12 удаа төлбөрийн даалгавар явуулж тус банк дахь 5101000080 дугаартай төгрөгийн данснаас гүйлгээ хийхийг шаардаж байсан байна. /хх-ийн 11-22-р хуудас/

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1.Төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд /цаашид төлбөр тооцоо гүйцэтгэгч гэх/ нь иргэн болон хуулийн этгээд /цаашид харилцагч гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж,

мөн хуулийн 445.4.Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэж, 445.5.Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж тус тус заажээ.

Мөн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1.-д Банк хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөхөөр заажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3.-т Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ гэжээ.

Банк гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу харилцагчийн хүссэн цагт мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Харилцагч И ТБ нь Чинис хаан банкин дахь өөрийн мөнгөн хөрөнгөөс буцаан авахаар төлбөрийн даалгаврыг удаа дараа хүргүүлсэн боловч банк хуулиар хүлээсэн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар буцаан өгөх үүргээ эс биелүүлж мөнгийг олгоогүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3, 4, 6, 7-22-р хуудас/

Мөн Ч ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 13/221 дугаартай албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газрын 2,6 тэр бум төгрөгийн тусгай харилцах дансны үлдэгдлийг хуваарийн дагуу зарлагын гүйлгээ гаргахаар хуваарь гарган хүргүүлсэн боловч уг хугацаандаа хуваарьт заасан мөнгөн хөрөнгийн гүйлгээг хийгээгүй байна./хх-ийн 10-р хуудас/

Тус банкны дансанд Иргэний нисэхийн ерөнхий газрын 2,6 тэр бум төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч Ч ХХК-ийн 5101000080 тоот дансанд байрших 2.600.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499133504 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч Ч ХХК нь Төрийн банктай харилцан дундын дансанд уг мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1., 445.3., 445.4. дэх хэсэгт зааснаар Ч ХХК-ийн 5101000080 тоот дансанд байрших 2.600.000.000 /хоёр тэр бум зургаан зуун сая/ төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 499133504 тоот дансанд шилжүүлэхийг хариуцагч Ч ХХК-д даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ТБ ТӨААТҮГ нь улсын тэмдэгтйин хураамаас чөлөөлөгддөн болохыг дурьдаж, хариуцагч Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13.157.950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО