Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00324

 

 

 

 

 

 

 

 

 

И ТӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02938 дугаар шийдвэртэй, И ТӨААТҮГ-ын  нэхэмжлэлтэй, “Ч” ХХК-д холбогдуулан гаргасан 2 600 000 000 төгрөгийг “Х” ХХК-ийн 499133504 тоот дансанд шилжүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ТӨААТҮГ нь “Ч” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр харилцах дансны үйлчилгээний С/16-01004 дугаар гэрээг байгуулан ажиллаж байна.

Нэхэмжлэгч байгууллагаас “Ч” ХХК-д нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай өдөр тутмын гүйлгээг шилжүүлэх 12 удаагийн төлбөрийн даалгаврыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хүргүүлсэн, улмаар албан бичгээр 3 удаа хандсан боловч өнөөдрийг хүртэл гүйлгээг хийхгүй байна.

Энэ үйлдэл нь Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд “Ч” ХХК-ийн уг хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нислэг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүсээд байна. Энэ талаар Монгол банкинд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 01/273 тоот албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл “Ч” ХХК-аас гүйлгээг хийгээгүй.

Иймд “Ч” ХХК дахь И ТӨААТҮГ-ын 5101000080 тоот төгрөгийн дансанд байрших 2 600 000 000 төгрөгийг “Х” ХХК дахь төгрөгийн 499133504 тоот дансанд шилжүүлэхийг “Ч” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр тооцоог банкны гэрээнд заасны дагуу тодорхой тамга тэмдэглэгээ ашигласан бланкаар гүйлгээ хийх хүсэлт гаргаснаар банк гүйлгээ хийнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Түүнээс биш албан бичиг өгснөөр төлбөр тооцоо шилжүүлдэггүй. И ТӨААТҮГ-аас ийм төлбөр тооцоог шилжүүлэхийг даалгасан бичиг баримтыг өгч байгаагүй. Шүүхэд энэ баримтуудыг өгөөгүй.

“Ч” ХХК-аас удаа дараа шилжүүлэх боломжтой, зохих журмын дагуу шилжүүлнэ, шаардлага хангасан баримт бичгийн дагуу гүйлгээ хийхэд татгалзах зүйл байхгүй, бичиг баримтыг зөв бүрдүүлж ирүүлнэ үү гэсэн шаардлагыг тавьдаг. Монгол банкнаас төлбөр тооцоо хий гэсэн шаардлага ирсний дагуу дундын дансанд мөнгийг шилжүүлсэн. Дундын данс гэдэг нь банкууд хоорондоо харилцах данс байдаг.

Тухайн үед “Т” ХХК-ийн данс руу төлбөр тооцоог шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгч байсан. “Т” ХХК-тай харилцан дундын дансанд мөнгийг шилжүүлсэн. Дундын данснаас шилжүүлэг хийгдэхгүй байгаа асуудлыг Монгол банкаар шалгуулах шаардлагатай.

И ТӨААТҮГ зохих байгууллагаас төлбөрөө нэхэх шаардлагатай болохоос биш “Ч” ХХК-аас нэхэмжлэх шаардлагагүй юм. Уг асуудал нь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдэж байгаа.

Гэрээгээ цуцлаад манай банкан дахь мөнгөө авъя гэж байна уу, гэрээ цуцлахгүй дансан дахь мөнгөө авъя гэж байна уу, гэрээ цуцлах албан бичгээ өгсөн үү, 2 600 000 000 төгрөгийн хүү болох 360 000 000 төгрөгийг авах ёстой гэх боловч уг мөнгө нь үлдэж байна уу, нэг дор шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай, дундын дансанд хийснийг шалгах нотлох баримт хангалттай биш байгаа учир шүүх хуралдаан хийх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1., 445.3., 445.4. дэх хэсэгт зааснаар “Ч” ХХК-ийн 5101000080 тоот дансанд байрших 2 600 000 000 төгрөгийг “Х” ХХК-ийн 499133504 тоот дансанд шилжүүлэхийг хариуцагч “Ч” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ТӨААТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 13 157 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: И ТӨААТҮГ нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ч” ХХК-тай харилцах дансны үйлчилгээний гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Харилцагч нь харилцах дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээ хийнэ.” гэж заасан байна.

Мөн хэрэгт авагдсан төлбөрийн даалгаварт И ТӨААТҮГ нь 2 500 000 000 төгрөгийн гүйлгээ хийхээр хүсэлт өгсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт “Ч” ХХК-иас 2 600 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь харилцах дансны үйлчилгээний гэрээнд заасан гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гэж заасан гэрээний заалтыг зөрчиж хариуцагчаас 100 000 000 төгрөг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, И ТӨААТҮГ нь гэрээний дагуу 2 500 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийг банкинд өгсөн боловч шүүх 100 000 000 төгрөгөөр илүү шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч И ТӨААТҮГ нь “Ч” ХХК-д холбогдуулан 2 600 000 000 төгрөгийг “Х” ХХК дахь 499133504 тоот дансанд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч банктай 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр тус банк дахь 5101000080 тоот харилцах дансанд байрших мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийх, банк нь харилцагчийн харилцах дансны 1 000 000 төгрөгөөс дээш үлдэгдэлд 3,6 хувийн хүү тооцож олгохоор тус тус тохиролцжээ. /хх5/

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан, “Ч” ХХК дахь 5101000080 тоот харилцах дансанд И ТӨААТҮГ нь өөрийн мөнгөн хөрөнгийг байршуулсан талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч дансанд 2 600 000 000 төгрөгийн хэмжээгээр мөнгөн хөрөнгө байршиж байгаа гэх үйл баримтыг буруу тогтоосныг залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд хариуцагч банкинд 5101000080 тоот төгрөгийн данснаас гүйлгээ хийх 12 удаагийн төлбөрийн даалгавар хүргүүлсэн, “Ч” ХХК нь дээрх төлбөрийн даалгаврын дагуу харилцах данснаас гүйлгээ хийгээгүй болох нь хэрэгт авагдсан “Ч” ХХК-аас “И ТӨААТҮГ-т хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13/203 тоот “И ТӨААТҮГ-ын төлбөрийн даалгавраар гүйцэтгэсэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гүйлгээг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Ч” ХХК-д буцаасан болно” гэх, мөн сарын 25-ны өдрийн 13/221 тоот “...банкны үйл ажиллагаанд хүндрэл үүссэнээс шалтгаалан танай гүйлгээг цаг тухайд нь хийж чадаагүйдээ хүлцэл өчье. Бид харилцагчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэхийн тулд Монголбанк, Хөгжлийн банкнаас ойрын хугацаанд зээл авахаар хүсэлт гаргасан, ...иймд бид танай байгууллагын 2.6 тэрбум төгрөгийн тусгай харилцах дансны үлдэгдлийг дараах хуваарийн дагуу зарлагын гүйлгээг гаргах хүсэлтэй байгааг хүлээн авна уу” гэх агуулга бүхий албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх8, 10/

 

Гэхдээ анхан шатны шүүх дээрх 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13/221 тоот албан бичгийг үндэслэн албан бичигт дурдсан хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Учир нь талууд гэрээний 2.3-т “харилцан дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гүйлгээний баримтыг үндэслэн дансны үлдэгдэлд багтааж зарлагын гүйлгээг хийнэ” гэж тохиролцсон байх ба уг албан бичгийг гэрээнд заасан баталгаажсан гүйлгээний баримт гэж үзэх үндэслэлгүй, гэрээний 2.3-т заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд гэрээний 2.3-т заасны дагуу “И ТӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эрх бүхий этгээдийн баталгаат гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан төлбөрийн даалгаврыг “Ч” ХХК хүлээн авсан атлаа төлбөрийн гүйлгээг хийгээгүй нь тогтоогдож байсан. /хх11/

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 445.5 дахь хэсэгт заасан төлбөр тооцоог харилцагчийн өгсөн үүргийг үндэслэн гэрээнд зааснаар төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй юм. Энэхүү үүргээ заасан ёсоор гүйцэтгэсэн байдал нотлогдоогүй. Түүнчлэн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т зааснаар харилцагчийн мөнгөн хөрөнгийг анх шаардсанаар өгөх, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар төлбөрийн гүйлгээг өдөрт нь багтааж гүйцэтгэх үүргээ хариуцагч байгууллага зөрчсөн байна.

 

Харин хариуцагч банк нь “тухайн үед “Т” ХХК-ийн данс руу төлбөр тооцоог шилжүүлэх хүсэлт өгсний дагуу “Т” ХХК-тай харилцан дундын дансанд мөнгийг шилжүүлсэн, дундын данснаас шилжүүлэг хийгдэхгүй байгаа асуудлыг Монгол банкаар шалгуулах шаардлагатай” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, үүргийг гүйцэтгэхэд саад болж буй нөхцөл байдал байгаа болохыг баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч байгууллага нь гэрээний дагуу 2 500 000 000 төгрөг гаргуулах хүсэлтийг хариуцагч банкинд өгсөн байх тул уг банк дахь 5101000080 тоот харилцах данснаас 2 500 000 000 төгрөгийг “Х” ХХК-ийн 499133504 тоот дансанд шилжүүлэхийг “Ч” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь харилцах дансны хуулга баримтаар хэрэгт авагдаагүйгээс төлбөрийн даалгаварт бичигдээгүй 100 000 000 төгрөг нь гэрээний 2.4-д заасан харилцах дансны хүү эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 100 000 000 төгрөгийг шаардсан үндэслэлийг тодорхойлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Харилцагчийн бүрдүүлсэн баримтад заасан мөнгөн хөрөнгийг гаргуулах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь цаашид дансан дахь мөнгөн хөрөнгийг зарцуулах нэхэмжлэгч байгууллагыг эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

 Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02938 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “2 600 000 000 төгрөгийг” гэснийг “2 500 000 000 төгрөгийг” гэж, “даалгасугай” гэснийг “даалгаж, нэхэмжлэлээс 100 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтын “13 157 950 төгрөгийг” гэснийг “12 657 950 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА