Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00086

 

Т.Б, Б.T, Г.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/03336 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Б, Б.T, Г.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н, “И” ХХК, Г.Т нарт холбогдох,

 

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол Х гудамж 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Н, “И” ББСБ ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч Б.T, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б, Б.T, Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Т.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хын гудамжны 15 дугаар байрны 32 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч, уг  сууцад 1980 оноос хойш амьдарч байна. Зээ хүү Г.Т 2014.11.03-ны өдөр И ХХК-тай 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл болон барьцааны гэрээ байгуулж, барьцаанд уг байрыг тавьсан. Ингэхдээ Г.Т дундаа хамтран өмчилдөг орон сууцыг төлбөртөө тооцож авахыг зөвшөөрөхдөө орон сууцны нэг ч өмчлөгчтэй санал хүсэлтийг сонсоогүй. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02755 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба И ХХК болон төлбөр төлөгч Г.Т нар дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар И ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Г.Т орон сууцыг төлбөртөө тооцож өгөхдөө Т.Бгийн гарын үсгийг хуурамчаар зурж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн. Т.Б нь үйлдвэрлэлийн ослын улмаас насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж, цээжин бие үлдэж, цус харвасны улмаас бичиг баримтад гарын үсэг зурах , нотариат дээр биечлэн очих боломжгүй. Иймээс 2017.02.14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хын гудамжны 15 дугаар байрны 32 тоот 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Н, И ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өмчлөгч нарт мэдээгүй, хуулийн дагуу явагдаагүй. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр Б.T, Г.Б, Т.Б нарын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэгч Т.Б гуайг өвчтэйг мэддэг байсан. Түүний өмчлөлийн байрыг дур мэдэн бусдад шилжүүлсэн. Энэ тухай 2018 оны 4 дүгээр сард И ХХК, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, хариуцагчаар татагдаж мэдээд, нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.T, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т бидний өмчлөлийн байрыг зөвшөөрөлгүй барьцаанд тавьсан. Шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн бичигт Б.T, Г.Б нар гарын үсэг зураагүй. Мөн аав тэр үед хүнд хэвтэрт байсан. Нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.

 

Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Би өмчлөгч нарын гэрт очсон. Намайг очиход Т.Б гуай нэг өрөөндөө хэвтэрт байгаад хүн оруулдаггүй байсан. Тухайн үед гарын үсэг зуруулж, мэдэгдэж чадаагүй, бусад хүмүүст мэдэгдсэн гэжээ.

 

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргах хугацаа дуусгавар болсны дараа гомдлыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хоёр шатны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан Т.Б, Б.Э, Г.Т, Г.Б нарын нотариатаар гэрчлэгдсэн хүсэлтийг үндэслэн дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т бид хоёр найзууд. Энэ зээлийн асуудал бид хоёртой холбоотой. Өвөөдөө мэдэгдээгүйн үнэн. Тухай үед биеийн байдал нь хүнд байсан учраас хэлэхгүй нууж, байрыг нь барьцаалснаа зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот, 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Н, И ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5780 дугаартай Шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 584 772 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэн улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 946 772 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо : Төлбөр төлөгчөөс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт ирсний дагуу өмчлөх эрхийг төлбөр авагчид шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.Барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Т.Б, Б.T, Г.Б, Г.Т нарын иргэний цахим үнэмлэхийн  хуулбартай, тэдгээрийн гарын үсэгтэй хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байсан. Анхан шатны шүүх тухайн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн Баянгол дүүргийн тойргын нотариатч Д.Аийн шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б, Б.Э, Г.Б нар нь хариуцагч Н, “И” ХХК, Г.Т нарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол Х гудамж 15 дугаар байрны 32 тоот 29 м.кв  талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг  даалгуулахаар шаардсаныг хариуцагч “И” ХХК, Н эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж тайлбарлажээ./ хх–ийн 1-4, 31-32, 47 дугаар хуудас/

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2755 дугаар захирамжаар Г.Тгээс 40 635 609 төгрөгийг гаргуулж “И” ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот 29 м.кв талбайтай , улсын бүртгэлийн Y-2205011539 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцнаас Г.Тд ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг  хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Наас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 11, 13-15/

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянгол дүүргийн 14-р хороо, 3-р хороолол, Хын гудамж 15-р байрны 32 тоотын  өмчлөгч нар бөгөөд уг орон сууцыг төлбөрт тооцон авахыг мэдээгүй, зөвшөөрөөгүй өмчлөгч Т.Бгийн гарын үсэг хуурамчаар зурагдсан, Т.Б хэвтэрт, өвчтэй тул гадагшаа гарч гарын үсэг зурах чадваргүй гэж тайлбарлажээ. Т.Б өвчтэй, бусдын тусламжгүйгээр гадагш гарч чаддаггүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

 

Мөн нэхэмжлэгч нар нь хариуцагч Наас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэрт зааснаас өөр ажиллагаа явуулсан гэсэн үндэслэл дурджээ.

 

Талууд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлаар маргаж байх тул маргааныг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар биш, хуучин үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан авч үзэж шийдвэрлэсэн нь, мөн дээрх гомдлыг өмчлөгчдийн буюу гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаар гаргасан гомдол гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөв юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь түүний өмчлөлийн хөрөнгө барьцаалагдсан, битүүмжлэгдсэн, албадан дуудлага худалдаанд орохоор байгаа бол Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож үнэ тогтоох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээнд гомдол гаргах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр хэлбэрийг тогтоолгохоор санал гаргах, мөн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангах, дуудлага худалдаанд оролцох гэх мэт олон эрхийг эдлэх бөгөөд эдгээр эрхийг өмчлөгч нарт эдлүүлсэн, эрхийг хангасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн тухайн хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үүрэг гүйцэтгэгч Г.Тд ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг заасан бөгөөд барьцааны хөрөнгө 4 этгээдийн дундын өмч гэх талаар талууд маргаагүй. Иймд дундаа өмчлөгчдийн эрх, үүрэг хангагдсан гэх байдал мөн тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн агуулга нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсанд гомджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага юм. Иймд төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлыг төлбөр авагч ИББСБ ХХК, төлбөр төлөгч Г.Т нар хариуцах этгээд биш байгааг анхан шатны шүүхээс анхаараагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулаагүй, тухай бүрийд өмчлөгч нарт мэдэгдээгүй , өмчлөгч нарыг уг ажиллагаануудад оролцуулаагүй болох нь үнийн саналд, төлбөрт тооцон өгөхийг хүссэн баримтад гарын үсгийн шинжилгээ хийхэд Т.Б, Б.T, Г.Б нарын гарын үсэг биш, 2017 оны 1 дүгээр сарын 25-ний баримтад Б.Tийн гарын үсэг мөн, Г.Бий гарын үсэг биш гэж тогтоосноор нотлогдож байна.

 

Орон сууцыг битүүмжлэн хураах, үнийн санал авах, мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлэхдээ зохих ёсоор мэдэгдсэн гэх байдал тогтоогдоогүй, анхны болон хоёр дахь дуудлага худалдааны талаар өмчлөгч нар мэдээгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нараас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөрт тооцон өгөх хүсэлтэд өмчлөгчид гарын үсгээ бүрэн зураагүй байна. Гэрч Д.Аийн “.., хүсэлтэд  Т.Бгийн гарын үсгийг зуруулж, нотариатын үйлдэл хийж гэрчилсэн“ гэх мэдүүлэг нь гарын үсэгт шинжилгээ хийж, тусгай мэдлэгийн тусламжтайгаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. /хх-168/

 

Дээрх үйлдлүүд нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг зохицуулсан Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нарын өмчлөлийн зүйлийг бүхэлд нь хариуцагч “И” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрх зөрчигдсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмчлөх эрхийг зөрчиж гэм хор учруулсан бол арилгах үүрэгтэй. Энэхүү хохирлыг тухайн өмчлөгч нарын өмчлөх эрхийг сэргээх замаар арилгуулах боломжтой байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөн, Т.Б, Б.T, Г.Б нарын эд хөрөнгө өмчлөх үндсэн эрхийг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, хариуцагч “И” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг  буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу болжээ. Дээрх хуулийн заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хамаарах зохицуулалт юм. Нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны / 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасны дагуу эрх ашиг нь зөрчигдсөн этгээдийн гаргасан гомдол байх тул холбогдох заалтыг баримталж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах, өмчлөгчдийн нэр дээр орон сууцыг буцаан шилжүүлж бүртгүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, харин төлбөр авагч “И” ХХК, төлбөр төлөгч Г.Т нар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд биш тул холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Хариуцагч Нын давж заалдах журмаар гаргасан “төлбөр төлөгчөөс барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлт ирсэн, Д.А гэрчилсэн” гэх гомдол нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч нарын тайлбараар үгүйсгэгдсэн, гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/0336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “16 дугаар зүйлийн 16.1” гэснийг “143 дугаар зүйлийн 143.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                                        

2. Хариуцагч Нын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг  тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД