Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 03336

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр                   Дугаар 102/ШШ2018/03336                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоотод оршин суух, Галт овогт Тувааны Бямбаа

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоотод оршин суух, Галт овогт Бямбаагийн Эрдэнэцэцэг

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоотод оршин суух, Цэцэн овогт Галсансүрэнгийн Билгүүн нарын нэхэмжлэлтэй

       

         Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж 3 тоотод байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

       

         Хариуцагч Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24 Рокмон бюлдинг 404 тоотод байрлах, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК

       

         Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 7 дугаар байрны 165 тоотод оршин суух, Цэцэн овогт Галсансүрэнгийн Тэмүүжин нарт холбогдох 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол Хасбаатар гудамж 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад авч хянав.       

       

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галсүрэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, хариуцагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Т.Бямбаа, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.Бямбаа миний бие Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 15 дугаар байрны 32 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцанд 1980 оноос хойш гэр бүл, үр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байна.

         Миний зээ хүү Г.Т 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-тай 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж,  барьцаанд уг байрыг тавьж, зээлээ барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. 

         Ингэхдээ Г.Т гэр бүлийн бусад гишүүдтэй дундаа хамтран өмчилдөг орон сууцыг төлбөртөө тооцож авахыг зөвшөөрөхдөө орон сууцны нэг ч хүнтэй уулзаж санал хүсэлтийг сонсоогүй болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02755 дугаартай шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Их ирээдүй капитал ББСБ” ХХК болон төлбөр төлөгч Г.Т нар бидний дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар өөр хоорондоо шилжүүлэхээр тохирч,  “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд ноцтой халдсан.

  Г.Т дундын өмчийн орон сууцыг төлбөртөө тооцож өгөхийг зөвшөөрсөн бичгийг хийж өгөхдөө Т.Бямбаа миний гарын үсгийг хуурамчаар зурж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн байна.

  Би үйлдвэрлэлийн ослын улмаас насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болж, цээжин бие үлдэж, цус харвасны улмаас бичиг баримтанд гарын үсэг зурах , нотариат дээр биечлэн очих боломжгүй байсан үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсгийг минь хуурамчаар зурж зөвшөөрсөн бичгийг өгчээ.

 Иймээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 15 дугаар байрны 32 тоот 29 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгаж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Бямбаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдолтой байгаа. Учир нь:

Ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Явагдаагүй гэдгийн үндэслэл нь өмчлөгч нарт мэдээгүй. Г.Т бусад өмчлөгч нарын өмнөөс гарын үсгийг зурж, өөрийнхөө авсан зээлийн барьцаанд зөвшөөрсөн, зөвшөөрлийн бичгийг хийж өгсөн. Энэ нь Шүүхийн шинижлгээний Үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн, Т.Бямбаа нарын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэгч Т.Бямбаа гуайг өвчтэйг мэддэг байсан. Түүний өмчлөлийн байрыг дур мэдэн бусдад шилжүүлсэн. Энэ тухай 2018 оны 4 дүгээр сард “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, хариуцагчаар татагдаж мэдээд, нэхэмжлэлээ гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.

 

           Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т бидний өмчлөлийн байрыг зөвшөөрөлгүй барьцаанд тавьсан нь үнэн. Шийдвэр гүйцэтгэх албанд өгсөн бичигт Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нар гарын үсэг зураагүй. Мөн аав тэр үед хүнд хэвтэрт байсан. Нэхэмжлэлээ дэмжинэ, гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Би өмчлөгч нарын гэрт очсон. Намайг очиход Т.Бямбаа гуай нэг өрөөндөө хэвтэрт байгаад хүн оруулдаггүй байсан. Тухайн үед гарын үсэг зуруулж, мэдэгдэж чадаагүй, бусад хүмүүст мэдэгдсэн гэжээ.

 

Хариуцагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг нэхэмжлэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан хүчин төгөлдөр бусд тооцогдсон хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэхь хэсэгт заасан урьдчилан авах арга хэмжээг зөрчсөн, гомдол гаргах хугацаа дуусгавар болсны дараа гомдлыг гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хоёр шатны албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан Т.Бямбаа, Б.Эрдэнэцогт, Г.Т, Г.Билгүүн нарын нотариатаар гэрчлэгдсэн хүсэлтийг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

          Хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т бид хоёр найзууд. Энэ зээлийн асуудал бид хоёртой холбоотой. Өвөөдөө мэдэгдээгүйн үнэн. Тухай үед биеийн байдал нь хүнд байсан учраас хэлэхгүй нууж, байрыг нь барьцаалснаа зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг зөвшөөрнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Т.Бямбаа, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, Г.Т нарт холбогдох 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

         Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч Өмчлөгч нарт ажиллагааны талаар мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

        

         Хариуцагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Т.Бямбаа гарын үсгээ зурсан гэж маргаж байна.

        

         Хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

 

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02755 дугаартай Шийдвэрээр хариуцагч Г.Тгээс 40.635.609 төгрөгийг гаргуулж, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгээр шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

        

           Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Т.Бямбаа, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн, Г.Т нар болох нь Ү-2205011539 дугаарын Улсын бүртгэлтэй, 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн Гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.

        

          Улмаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд тус байрыг шилжүүлсэн нь Ү-2205011539 дугаарын бүртгэлтэй, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгийн Гэрчилгээгээр тогтоогдож байна.

       

         Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1967 дугаартай Гүйцэтгэх хуудас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгогдож, хариуцагч байгууллага 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

 

          Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 16/504 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 16/356 дугаартай Тогтоолоор хурааж,  2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/346 дугаартай Тогтоолоор орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах болсон нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байна.

 

           Тэрээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/346 дугаартай Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолд заасан үнийн саналын талаар 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан бичигт өмчлөгч Т.Бямбаа, Г.Билгүүн, Б.Эрдэнэцэцэг нарын санал тусгагдаагүй, энэхүү бичигт зурагдсан Т.Бямбаа, Г.Билгүүн, Б.Эрдэнэцэцэг нарын гарын үсэг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Эрдэнэжаргалын “...гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй” гэсэн дүгнэлтээр Т.Бямбаа, Г.Билгүүн, Б.Эрдэнэцэцэг нарын гарын үсэг биш болох нь тогтоогдож байна.

 

        Мөн хавтаст хэргийн 19 дүгээр хуудсан дахь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар Т.Бямбааг 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоожээ.

 

        Хариуцагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Т.Бямбаагийн гарын үсэг мөн гэж маргаж байгаа боловч” тэрхүү үндэслэл татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүх зохигчид эрх үүргийг тайлбарлан өгч, хэрэгжүүлэх боломжоор хангасан боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргаагүй зэргээр няцаагдаж байна.

       Иймээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ”,

       Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3 дахь заалт “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”,

       Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна “гэж зааснаар маргаан бүхий байрны нэг өмчлөгчийг хүнд өвчтэй, өндөр настайг мэдсэн атлаа хариуцагч түүний амьдралынхан салшгүй хэсэг болох орон байрыг бусдад шилжүүлэхдээ ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, шийдвэрт тусгагдсанаар Г.Тгийн ногдох хэсгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн байхад бүхэлд нь өмчлөгч Т.Бямбаа, Б.Эрдэнэцэцэг, Г.Билгүүн нарын эрхийг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

         Нэхэмлэгч нар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн талаарх бүртгэлийг 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар 5хороолол, 15 дугаар байрны 32 тоот 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх иргэний хэрэгт, хариуцагчаар татсанаар мэдсэн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасныг хариуцагч нар үгүйсгэж, маргаагүй мөн 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж зааснаар гомдол гаргах хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5780 дугаартай Шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 584.772 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэн улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 946.772 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

        115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан 17/188 дугаар тогтоолыг хүчингүй болгож, улсын бүртгэлийн Ү-220501539 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 15 дугаар байрны 32 тоот, 29 квадрат метр талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмнөх өмчлөгчдийн нэр дээр шилжүүлж бүртгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК, төлбөр төлөгч Г.Т нарт даалгасугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5780 дугаартай Шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 584.772 төгрөгийг нэхэмжлэгч нараар төлүүлэн улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 946.772 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА