Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/00085

 

Зны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02182 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Зны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 484 401 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2011 оны 5 сарын 18-ны өдрийн ЦТХ-ДУ 2011/01/72 тоот гэрээний 5-д “гүйцэтгэгч нь Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг Дуобусыг угсрах ажлыг 2011 оны 05 сарын 18-ны өдөр эхэлж, 2012 оны 12 сарын 20-ны өдөр ашиглалтад оруулна” гэж тохиролцсон. Гэвч гүйцэтгэгч нь 2 Дуобусыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх заалтыг зөрчсөн. Гэрээний 8 дахь заалтыг зөрчсөн. Тендерт оролцохыг хүссэн хүсэлт, үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн  албан тоот авагдсан. Уг ажлыг гүйцэтгэхэд нийт хэдэн төгрөгийн төсөв гарах вэ гэдгийг хариуцагч тал урьдчилсан тооцоолж, эрсдлээ хүлээнэ гэсний дагуу гэрээ байгуулсан. Долларын ханш сэлбэг хэрэгслийн үнэ өссөн талаар ямар нэг тооцоо судалгаагүйгээр нийт 234 000 000 төгрөгийн алдагдал байна гэж тайлбарладаг. Алдагдлыг хэрхэн тооцоолсон нотлох баримт байдаггүй. Хариуцагч үндэслэлгүйгээр үнийн өсөлтийг өөрсдөө гаргасан. Мөн Засгийн газарт санал оруулах гэтэл яамдуудаас санал авахад ихэнх нь хүлээн зөвшөөрөхгүй өөрсдөө үнийн саналаа оруулж ирсэн учраас Засгийн газрын хуралдаанаар оруулах шаардлагагүй гэсэн тайлбарыг хариуцагч өгсөн.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар нь үүрэг үүсэх үеийн ханшаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан учраас 12 ширхэг Дуобусыг бид тоо ёсоор нь хариуцагчаас хүлээн авч улсыг хохиролгүй болгох ёстой. Гэрээний тусгай нөхцлийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “...гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө...” гэж заасны дагуу одоо хүртэл нийлүүлэгдээгүй байгаа 2 Дуобусны үнэ 322 934 167 төгрөг, алданги 161 467 083 төгрөг, нийт 484 401 250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд “Цахилгаан тээврийн хэрэгсэл-12 ширхэг Дуобус угсрах” ЦТХ-ДУ 2011/01/72 дугаар гэрээг 2011 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсаны дагуу Дуобус угсрах ажлыг 2012 оны 12 сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар ажилласан ч үйлдвэрлэлийг хэвийн явуулах санхүүжилтийн эх үүсвэргүй, валютын ханшийн огцом өсөлтийн улмаас JEA 800F загварын 10 ширхэг Дуобус угсарч үйлдвэрлэсэн. Тодруулбал, гэрээт ажлыг гүйцэтгэх явцад валютын ханшийн өсөлтөөс 286 200 000 төгрөгийн алдагдал,  мөн төслийн ажлын дутуу санхүүжилт 83 400 000 төгрөг, нийт 370 000 000 төгрөгийн хөрөнгө дутсаны улмаас ажлын тоо хэмжээнд заасан 12 ширхэг Дуобус угсрах боломжгүй болсон. Дээрх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, гэрээний хугацааг сунгаж өгөх хүсэлтийг удаа дараа захиалагчид албан тоотоор хандсан боловч шийдэж өгөөгүй. Дээрх асуудлын хүрээнд Зам тээвэр хөгжлийн яамны зүгээс алдагдлыг шийдүүлэхээр яамдуудаас санал авч Засгийн газрын хуралдаанаар асуудал оруулан Цэвэр агаар сангаас санхүүжүүлэхээр хөөцөлдөж байсан боловч тухайн үед сан санхүүжүүлэхээс татгалзсан. Энэ талаарх баримтууд Зам тээвэр хөгжлийн яаманд байгаа. Дээрх гэрээний ажлын гүйцэтгэлд аудитын байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэж, ханшийн өсөлтөөс хүлээсэн алдагдлыг баталгаажуулсан бөгөөд МХАҮТанхимаас 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/564 тоот хүнд нөхцөл байдал /hardship/-ын гэрчилгээ авсан. Санхүүжилт дутсанаас үүдэн гарах аливаа эрсдлийг гүйцэтгэгч хариуцах үндэслэлгүй. Цахилгаан тээвэр компани Дуобус угсрахдаа сэлбэгүүдээ гадаадаас доллараар худалдаж авахтай холбоотойгоор валютын ханшны өсөлт нь шууд туссан. Гэрээ ёсоор захиалагч энэ тохиолдолд гүйцэтгэгчтэй харилцан тохиролцоод нэмэлт санхүүжилт авах нь бодит байдалд илүү нийцэхээр байсан. Энэ талаар Цахилгаан тээвэр компани байхдаа ч гэсэн дараа нь З ОНӨААТҮГ болсны дараа ч гэсэн Занд удаа дараа албан тоот хүргүүлсэн. Энэ албан тоотууд нь хавтаст хэрэгт авагдсан. Валютын ханшны өсөлтөөс үүсээд ямар арга хэмжээ авах талаар гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд тодорхой заасан заалт байхгүй. Нэг америк доллар үнэ 200 гаруй төгрөгөөр хэлбэлзсэнээс болж, хариуцагч тал нийт 234 000 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З ОНӨААТҮГазраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 484 401 250 төгрөг гаргуулах /дөрвөн зуун наян дөрвөн сая дөрвөн зуун нэг мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, лсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд үүрэг үүсэх үеийн ханшаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан учраас 12 ширхэг дуобусыг гүйцэтгэгчээс бүрэн гүйцэт хүлээн авах үндэслэлтэй.  Гэрээний 8 дахь заалтад “гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З нь хариуцагч З ОНӨААТҮГ-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны үр дагавар буюу 2 ширхэг дуобусны үнэ гэх 322 934 167, алданги 161 467 083 нийт 484 401 250 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “хариуцагч санхүүжилтыг бүрэн өгөөгүй, ханшийн огцом өсөлтөөс болж үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон” гэж маргажээ. /хх-1-2, 49/

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч хариуцагч байгууллагатай 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсарч нийлүүлэх ажил гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 1 937 605 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-79-96/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч нь ажлын хөлс 1 937 605 000 төгрөгөөс 1 852 613 000 төгрөгийг төлсөнд, хариуцагч нь 10 ширхэг дуобус угсарч  нийлүүлсэн, 2 ширхэг дуобусыг угсраагүй, хүлээлгэн өгөөгүй үйл баримтад талууд маргаагүй. Нэхэмжлэгч нь З ОНӨААТҮГ хуучнаар Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-тай гэрээ байгуулсан ч З ОНӨААТҮГ болж нэр нь өөрчлөгдсөн, мөн гэрээ байгуулах үед нэхэмжлэгч З гэсэн нэртэй байснаа З болсон үйл баримтын талаар буюу гэрээний талын эрх зүйн байдлын талаар маргаагүй.

 

Гэрээний үүргийг гүйцэтгэх явцад ам.долларын ханшийн өсөлт явагдаж, нэг дуобусыг үйлдвэрлэх төсөв нэмэгдэхээр байгаа талаар хариуцагч нэхэмжлэгчид удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан Цахилгаан тээвэр компаниас З болон Зны холбогдох албан тушаалтнуудад хандсан албан бичгээр тогтоогдсон, уг нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч няцаагаагүй болно. /хх-ийн 81-84/.

 

Гэрээний нийт төсөв / үнийн дүн/ 1 937 605 000 төгрөгөөс 83 400 000 төгрөгийн санхүүжилт дутуу өгсөн гэсэн хариуцагчийн тайлбарыг мөн нэхэмжлэгч няцаагаагүй. /хх-ийн 49/ Мөн 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш гэрээ байгуулах үед буюу 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1 214 төгрөг, эхний санхүүжилт шилжүүлэх үед буюу 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1 258 төгрөг, хоёр дахь санхүүжилтээр буюу 2011 оны 12 сарын 30-ны өдөр 1 396 төгрөг, гурав дахь санхүүжилтээр буюу 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 1 379 төгрөг болсон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд энэхүү ханшийн мэдээ нь нийтэд илэрхий үйл баримт юм.

 

Талуудын гэрээний нийт төсөвт өртөг 1 937 605 000 төгрөгийг 12 дуобуст хувааж үзвэл нэг тээврийн хэрэгслийг угсарч нийлүүлэх өртөг 161 467 083 төгрөг болж байна. Түүнчлэн гэрч О.Б 12 дуобусыг нийт 1 937 000 000 төгрөгт багтааж хийхээр тохиролцсон гэсэн мэдүүлэг өгчээ. /хх-162/ Талууд ханшийн өсөлтөөс болоод хөрөнгө хүрэлцэхгүй, гэрээний үнэд багтааж хийх боломжгүй болсон тул энэ асуудлыг шийдвэрлэх, гэрээний хугацааг сунгаж өгөх хүсэлтийг хариуцагчаас нэхэмжлэгчид өгч байсан, уг асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрлээгүй, гэрээний хугацааг сунгаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-162/

 

Харин зохигчид ам.долларын ханшийн өсөлттэй уялдуулан гэрээний нийт төсөвт өртгийг өсгөж тооцох эсэх, өөрөөр хэлвэл нэг дуобус үйлдэрлэхэд гарах 161 000 000 төгрөгийг нэмэгдүүлэн тооцох үндэслэлтэй эсэхэд, хариуцагч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн эсэхэд маргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь  өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үндсэн үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл 12 ширхэг дуобус угсарч нийлүүлэх, захиалагч  буюу нэхэмжлэгч нь уг 12 ширхэг дуобусыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг хуульд өөрөөр заагаагүй бол талууд тохиролцон тодорхойлдог. Гэрээний 2 дугаар зүйлд гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэснээс үзэхэд гэрээний нийт үнэ гэж үзэхээр байна. Талууд гэрээний ерөнхий нөхцлийн хэсэгт “гэрээний үнэ” гэсэн ойлголтыг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд дурдсан, гэрээний заалтын дагуу цаашид тохируулж болох үнийг хэлнэ. Үнийн тохируулга: зөвхөн гэрээний тусгай нөхцөлд заасан нөхцөлд үндсэн материал, түүхий эд, ажиллах хүчний зардлын хэлбэлзлийг тусгах зорилгоор “үнийн тохируулга” хийнэ гэж тодорхойлсон байна. Харин гэрээний тусгай нөхцөлд үнийн тохируулга хийх талаар тусгайлсан заалт алга байна.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт зааснаар талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх нь ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. Талуудын гэрээний тусгай нөхцөлд үнийн тохируулга хийх заалт байхгүй, талууд гэрээгээ ханшийн өөрчлөлттэй уялдуулан өөрчлөөгүй байна. Өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн үнийг өөрчлөх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн гэрээний талуудад хамаарах асуудал, зөвхөн талууд шийдэх эрхтэй юм.

 

Талуудын гэрээнд валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан гэрээний үнэ, гүйцэтгэх ажлын хэмжээ өөрчлөгдөх талаар тусгаагүйгээс гадна санхүүжилтыг үе шаттайгаар төлөхөөр тохиролцсоноос үзэхэд 100 хувь нэхэмжлэгчийн буюу захиалагчийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэхээр тохиролцоогүй. Хариуцагч нь 1 852 613 000 төгрөг нь 10 ширхэг дуобус үйлдвэрлэх ажлын хөлс гэдгийг нотолоогүй, бараа материал, үнэ татварын, зардлын тооцоог гаргаагүй. Хэргийн 119-р талд авагдсан баримтаар Уул уурхайн сайд “ хариуцагчийн тооцоо баталгаажаагүй байгааг” нэхэмжлэгч талд анхааруулж байсан байна. Хариуцагч нь гэрээний ажлын гүйцэтгэлд Аудитын дүгнэлт гаргуулсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, МХАҮТ-аас 2014 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн 1/564 тоот хүнд нөхцөл байдлын /Hardship/-ын гэрчилгээ авсан байна. Уг баримт нь гэрээний үнэ эсхүл гүйцэтгэх ажлыг өөрчилсөн гэж үзэхээр баримт биш юм. /хх-ийн 82/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талууд үүрэг үүсэх үеийн ханшаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, гэрээний 8 дахь заалтад “гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ” гэж заасан гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Учир нь талууд ханшийн өөрчлөлтийг тооцох талаар дээр дурдсанаар тохиролцоогүйгээс гадна хариуцагч нь захиалагчийн төлсөн 1 852 613 000 төгрөгт багтаан 12 ширхэг дуобус угсарч, нийлүүлэхээр үүрэг хүлээхдээ эрсдлийг мөн давхар тооцож үүрэг хүлээх нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдлын зарчимд нийцэх юм.

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээний нийт үнээс 83 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 -д зааснаар хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2 ширхэг дуобусыг биет байдлаар нь буюу гэрээний гүйцэтгэл шаардаагүй, гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй тул нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө гүйцэтгээгүй үлдсэн ажлын хэмжээнд тооцон буцаан шаардсаныг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь гэрээг цуцлахдаа гэрээгээр шилжүүлсэн нийт ажлын хөлснөөс хариуцагчийн гүйцэтгэсэн  ажлын гүйцэтгэлийн үр дүнг хасч үлдэх мөнгөө шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүнгээс тооцвол нэг дуобусны үнэ 1 937 605 000:12= 161 467 083 төгрөг, хариуцагчийн шилжүүлсэн нийт 10 дуобусны үнийн дүн 10х161 467 083= 1 614 670 833 төгрөгийг хариуцагчийн бодитойгоор шилжүүлсэн төсөвт өртөг болох 1 852 613 000 төгрөгөөс хасч тооцоход 1 852 613 000-1 614 670 833=237 942 166 төгрөгийг хариуцагч буцааж өгөх үүрэгтэй.

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болгох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж буруу тайлбарлажээ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан захиалагч гэрээг хэдийд ч цуцлах эрхээ хэрэгжүүлж, гэрээг цуцалж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай адил буюу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаах үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж алданги шаардах эрхгүй юм.

 

Алданги нь гэрээний үндсэн үүргийн биелэлтийн хугацааг хэтрүүлэхтэй холбоотой үүсэн шаардах эрхтэй, гүйцэтгэх ёстой ажлын үр дүнд төлөх ёстой мөнгөн төлбөрт тооцдог хариуцлагын зохицуулалт учир гэрээнээс татгалзсаны дагуу буцаан шаардаж буй мөнгөн төлбөрт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг шаардах эрх үүсээгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох төгрөгийг буцаан гаргуулж, илүү, үндэслэлгүй нэхэмжилсэн 84 992 001 төгрөг, алданги 161 467 083 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны сүүлчээр шүүхэд энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан, 2015 онд дахин нэхэмжлэл гаргаж дахин буцаасан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг “З олон нийтийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар” гэж буруу бичсэн нь шүүхийн эцсийн шийдэлд нөлөөлөхгүй ч гэсэн техник алдаа байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 , 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.1 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч З ОНӨААТҮГ-аас 237 942 166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 246 459 084 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгч Зны давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД