Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00078

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 154/ШШ2022/00078

Булган сум

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг Жаргалант сум Бугат баг 24-9 тоотод оршин суух Очир овогт Цэндсүрэнгийн*******,

Хариуцагч Ховд аймаг, Жаргалант сум Магсаржав баг 48 айлын орон сууцны 35 тоотод байрлах******* ХХК захирал С.*******т холбогдуулан 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлэн ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа /онлайн/ хариуцагч С.******* нар /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Гансүх, Ц.Байгальмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Э.Гансүх, Ц.Байгальмаа бид хариуцагч******* ХХК-тай 2015 оны 01 сарын 30-ны өдөр 13 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Э.Гансүх, Ц.Байгальмаа бид******* ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 48 айлын орон сууцны 13 тоот 2 өрөө байрыг 6.120.000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Э.Гансүх, Ц.Байгальмаа бид 10 сая төгрөгийг******* ХХК-ийн харилцах дансаар шилжүүлж 5 сая төгрөгт тооцож 04-64 ХОА улсын дугаартай Тоёота Rab маркийн тээврийн хэрэгслийг уг компанийн захирал С.*******т шилжүүлж нийт 15 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн.

Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр нэхэмжлэгч би ипотекийн зээлд хамрагдахаар хөөцөлдсөн боловч санхүүгийн хямралын улмаас ипотекийн зээл олголт зогссон.

Иймд Э.Гансүх би 2018 оны 09 сард 1 жилийн хугацаагаар өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд явахдаа захирал С.*******тай тохирч энхийг сахиулах ажиллагаанаас буцаж ирээд үлдэгдлийг нь төлөхөөр тохирсон. Гэтэл Э.Гансүх намайг энхийг сахиулах ажиллагаанд явсан хойгуур******* компанийн захирал С.******* нь хэлсэн тохирооноосоо буцаж манай эхнэр Ц.Байгальмаа, бага насны 2 хүүхдийг өвлийн хүйтнээр орон сууцнаас хөөн гаргаж, оронд нь өөр айл оруулсан байсан.

Одоо нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болж******* ХХК байраа буцаан авсан тул Э.Гансүх, Ц.Байгальмаа бид урьдчилгаанд өгсөн 15 сая төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Э.Гансүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа /онлайн/ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Байрны урьдчилгаанд 10.000.000 төгрөг бэлнээр өгөөд 5.000.000 төгрөгт нь 04-64ХОА улсын дугаартай суудлын машин өгсөн. Байрны үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр худалдан авахаар болсон. Нэхэмжлэгч Э.Гансүх нь энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирсон боловч хариуцагч С.******* нь үлдэгдэл мөнгөө 3 сарын дараагаар нэхэх болсон. Нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн ипотекийн зээлийн асуудал шийдвэрлэгдэхгүй байх хугацаанд байрнаас гарах шаардлага тавиад байхаар нь байрыг суллаж өгсөн.

Урьдчилгаанд тооцож өгсөн машинаа буцааж аваагүй байгаа. Хариуцагчтай урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгөө гаргуулан авч машиныг буцаан авахаар эвлэрэх саналыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул машиныг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн үнэлгээ болох 4.000.000 төгрөгөөр үнэлж нийтдээ 14.000.000 төгрөг нэхэмжилнэ.

Иргэний хуулийн 205,204 дүгээр зүйлд өгсөн авснаа буцааж авахаар байгаа. Машинаа шинжээчийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээ 4.000.000 төгрөгөөр тооцож нийтдээ 14.000.000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа /онлайн/...Энэ байрны асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа асуудал биш ээ.Урд нь эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. Ц.Байгальмаа нь надтай олон удаа уулзаж байрны мөнгө төлсөн гээд манай нөхөрт хэлээрэй. Манай нөхөр энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд мөнгийг өгнө. Та манай нөхөрт битгий хэлээрэй гэж байнга хэлж байсан.*******гийн хадам аав, ээж гээд 2 хөгшин надтай уулзаж байсан. Өөрийнх эгч гээд надтай яриад мөнгийг чинь төлнө. Байрнаас нь битгий гаргаач гээд гуйж байсан.Би хувь хүнийхээ хувьд Ц.Байгальмааг өрөвдөөд эмэгтэй хүн юм байна гэж ойлгоод олон сар байрандаа үнэгүй байлгаад мөнгөө төлчих байх гэж бодсон. Сүүлдээ байранд нөхөртэйгээ зодолддог, нөхөр нь архи ууж агсам согтуу тавих байдалтай байдаг талаар тэр байрны бүх хүн ярьж байгаа. Мөнгөө өгөхгүй болохоор нь өөр хүн байрандаа оруулсан.

Би энэ нэхээд байгаа мөнгийг төлөхгүй. Ц.Байгальмаа нь 38 сар манай байранд суух хугацаандаа цахилгаан, дулаан, ус, хогны мөнгө гэж төлж байгаагүй. Дээр нь байранд засвар хийгдсэн учраас энэ мөнгийг төлөхгүй би хүлээн зөвшөөрөхгүй.

Надад өгсөн гээд байгаа машиныг би хүлээж аваагүй. Одоо машин нь манай хашаанд байж л байна. Ц.Байгальмаа өөрөө машинаа зарна гээд хүмүүс дагуулж ирж үзүүлээд л явж байдаг. Надад машин авах шаардлага ч байхгүй би хүлээж аваагүй. Машины үнэ надаас нэхэмжлээд байна. Би шүүхэд машины өмчлөгч эзнийг нь тогтоогоод өг гээд хүсэлт гаргасныг аймгийн Иргэний хэргийн шүүх нь шийдэж өгөөгүй. Одоо яагаад надаас машины үнэ нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Ц.Байгальмаагийн хувьд ипотекийн зээл гарах боломжгүй гэж банкнаас хариу өгдөг. Энэ бүх асуудлыг Ц.Байгальмаа нь бүгдийг сайн мэдэж байгаа. Яагаад энэ олон жил шүүхээр яваад байгааг би мэдэхгүй байна. Өөрөө шүүхэд ажилладаг хүн сайн мэдэх байх. Шүүх нь ч шийдэж өгдөггүй юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Байгальмаа, Э.Гансүх нар нь******* ХХК-ийн захирал С.*******т холбогдуулан захиалгаар орон сууц бариулсны урьдчилгаа төлбөрт 10.000.000 төгрөг, суудлын автомашины үнэ 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гүйцэтгэгч болон захиалагч гарын үсэг зурснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Уг гэрээний ерөнхий нөхцөл нь Ховд аймгийн Магсаржав багт байрлалтай 6 давхар орон сууцны 1 дүгээр орцны 4 давхрын 13 тоотын 51 м квадрат 2 өрөө орон сууцыг барьж захиалагчид өгөх, захиалагч гэрээнд заасны дагуу үнийг гүйцэтгэгч талд төлөх үүргийг харилцан хүлээсэн нь талуудын хооронд байр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэрээний нэг тал хариуцагч С.******* нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт авагдсан гэрээ нь хуучин байгуулсан гэрээ байна шинээр гэрээ байгуулагдсан гэж мэдүүлж байгаа боловч шүүхэд болон шүүх хуралдаанд шинээр гэрээ байгуулсан талаар нотлох баримтаа ирүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаар тодорхой тайлбарлаж нотолж чадахгүй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлахдаа: Ц.Байгальмаа нь тухайн байранд 38 сар түрээслэн суусан бөгөөд, ус, цахилгаан, дулаан зэрэг зардлаа төлөөгүй би эдгээр зардлыг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэж маргаж байгаа, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10.000.000 төгрөгөө гаргуулах, машинаа шинжээчийн үнэлгээгээр 4.000.000 төгрөгөөр үнэлж машинаа буцаан авч 10.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай саналыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д заасан зохигч тал нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэх хуульд нийцэхгүй өөрийн тайлбартайгаа холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн байранд 38 сар оршин сууж, ус цахилгаан дулааны мөнгөө төлөөгүй гэх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь хариуцагчийн өөрийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас тухайн зардалд хэдэн төгрөг төлснийг хасаж тооцож байгаа талаарх баримт ирүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3, 4.5-д зааснаар халаалт болон цахилгаан, усны мөнгийг захиалагч хариуцан төлөхөөр гэрээ байгуулсан нь гэрээний захиалагчийн эрх үүрэгтэй хамааралтай учир хариуцагч нэхэмжлэгчээс шаардах эрхгүй бөгөөд хариуцагчийн ус, цахилгаан, дулааны мөнгийг төлөөгүй учир нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж буй тайлбар нь үндэслэлгүй байна.

Гэрээний 5.1-д зааснаар гүйцэтгэгч /хариуцагч/ гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан бөгөөд тухайн байранд өөр оршин суугчийг оруулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь тухайн байрыг худалдан борлуулсан нь хариуцагч гэрээнээс татгалзсан гэж үзлээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар урьдчилгаа 10.000.000 төгрөг шилжүүлснээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүрэг үүссэн, хариуцагч гэрээний үүргээсээ татгалзсанаар захиалгаар бариулсан байрны урьдчилгаа 10.000.000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээнэ.

Иймд хариуцагчаас байрны урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гансүх, Ц.Байгальмаа нарт олгох нь зүйтэй байна. Байрны урьдчилгаа төлбөр 10.000.000 төгрөгийг С.*******т шилжүүлсэн нь хэрэгт авагдсан ХААН банкны 2015 оны 01 сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2015 оны 06 сарын 2-ны өдөр 4.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийг баримтаар тогтоогдож байх ба урьдчилгаа 10.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ц.Байгальмаа 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 04-64 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.*******т шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч С.*******т өмчлөх эрхээ шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн...уг машиныг С.*******ын эхнэр Б.Болормаа сонгуулийн сурталчилгаанд унаж ашиглаж байсан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судалсан гэрч Н.Чинбатын...2016 оны сонгуульд Б.Болормаа, Дашням бид нар Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт сонгуулийн сурталчилгаанд унаж ашиглаж байсан гэх мэдүүлэг, хариуцагчийн уг машиныг би хүлээж аваагүй манай хашаанд тавьсан тэр хэвээрээ байгаа гэх мэдүүлэг, болон уг машины өмчлөгч эзэмшигч хэн болох талаар тогтоолгох тухай хүсэлтийг Ховд аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй байдал, хариуцагчаас тус шүүхэд өмчлөгчийн талаар бичгээр хүсэлт ирүүлээгүй зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.2-д зааснаар өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар шаардах эрх үүсэх учир нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд өмчлөх эрх шилжээгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн эзэмшилд байна гэж дүгнэх үндэслэл болно.

Иймд хариуцагч С.*******аас нэхэмжилж буй тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь машины үнийг 2020 оны 09 сарын 10-ны өдрийн авто машин үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгасан гэж шүүхээс дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 233.000 төгрөг төлснийг дурдаж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ н:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас байрны урьдчилгаа төлбөр 10.000.000 /Арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гансүх, Ц.Байгальмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 04-64 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ