Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0216

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.******* 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрээр:

“1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 16.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи цалин болох 7.799.281 /долоон сая долоон зуун ерэн есөн мянган/ төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 2016 оны 7 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хангаж, харин “2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон уг хугацааны цалинг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...анхан шатны шүүх иргэн Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.******* “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын миний өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.******* намайг Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойшхи цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан билээ.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг татан буулгасан.

Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг шинээр байгуулсан. Ингэснээр нэхэмжлэгч Б.*******ийн өмнө ажиллаж байсан “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” татан буугдсан. Шинээр байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дүрэм, бүтцийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан.

Уг төв нь 14 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан бөгөөд төвийн бүтцэд Б.*******ийн ажиллаж байсан “санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоо байхгүй. Мөн төвийн албан хаагчдыг томилох асуудлыг төвийн дүрмийн 3.4 дэх хэсэгт төвийн дарга нь ....бүтцийн нэгжийн дарга, мэргэжилтэн, ажилтанг хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлөх ...эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн албан хаагчдыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга бус тус төвийн дарга нь томилж, чөлөөлөх эрхгүй болсон.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэгч Б.******* 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон өргөдлийг гаргасан. Мөн Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 878 дугаар албан бичгээр “Б.*******ийн өргөдлийг судалж, хариуг өгнө үү” гэж өргөдлийг хавсарган ирүүлсэн.

Эдгээр өргөдлийг тус яам хүлээн авах үед Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай” 55 дугаар тогтоолоор Б.*******ийн ажиллаж байсан “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” татан буугдсан байсан.

Өмнө Б.*******ийн ажиллаж байсан төлөөлөгчийн газар нь “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөн зохион байгуулагдсан төдийгүй албан хаагчдыг томилох, чөлөөлөх нь төвийн даргын эрх хэмжээний асуудал болсон тул яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд Б.*******ийн өргөдлийг хангаж өмнө нь ажиллаж байсан байгууллагад томилох шийдвэр гаргах боломжгүй болсон.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” захиргааны акт нь илт хууль бус захиргааны акт болох бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гаргасан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй болохыг заасан.

Нэгэнт төвийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх боломжгүй болсон, төвийн дарга нь томилогдоогүй зэрэг нөхцөл байдал, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан чиглэлийг тус тус харгалзаж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 3/90 дугаар албан бичгээр “Б.*******ийг ажлын байраар хангах зорилгоор зохих журмын дагуу ажлын байраар хангах” чиглэлийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт өгсөн, үүний дагуу нэхэмжлэгч нь ажлын байраар хангагдсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Б.*******ийн өргөдлийг шийдвэрлэхдээ хууль бус эс үйлдэхүй гаргаагүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/23 дугаар тушаалд заасны дагуу тус яамны харъяа Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.*******ийн хүүхэд асрах чөлөөний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дуусах болсонтой холбогдуулж ажилдаа эргэж орох хүсэлтийг нэхэмжлэгчээс 9 дүгээр сарын 14, 2016 оны 1 дүгээр сарын 5, 4 дүгээр сарын 14, 8 дугаар сарын 22-ний өдөр яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болон Сайдад тус тус гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэжээ.

Хэдийгээр Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн яамны харьяа “БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний төв” болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв” болгож өөрчлөн зохион байгуулсан, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/157 дугаар тушаалаар баталсан дүрмийн 3.4-т “төвийн дарга бүтцийн нэгжийн дарга, мэргэжилтэн, ажилтанг хууль тогтоомжийн дагуу томилж, чөлөөлнө” гэж заасан ч цаг хугацааны хувьд эдгээр шийдвэрийг гарахаас өмнө нэхэмжлэгч Б.******* ажилдаа эргэж орох хүсэлтээ гаргасан байх тул тухайн үед хүсэлтийг нь шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг дээрх тогтоол болон сайдын тушаалаар зөвтгөх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж тус тус зааснаас үзэхэд Б.*******ийн хүсэлтийг үндэслэн чөлөөний хугацаа дууссан өдрөөс нь үүрэгт ажилд нь буцаан ажиллуулах үүрэгтэй.

Тухайн үед асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ хариуцагчид бүрэн байсан, иймд өөрчлөн зохион байгуулагдсан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга төвийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрхтэй болсноор, эсхүл уг төвийн орон тооны бүтцэд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан “Санхүү бүртгэл, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоо байхгүй болсон гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн Төрийн нарийн бичгийн дарга хууль бус үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэх боломжгүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын байраар хангагдсантай холбогдуулан нэхэмжлэгчээс “урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагаасаа татгалзсан, гэвч энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас шаардах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрт уг маргаанд хамааралгүй буюу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг баримталсан, шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон болохоо бичээгүй орхигдуулсан, түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 7.799.281 төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бус харин Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн зэргийг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо чөлөөний хугацаа дууссанаас хойш 30 хоногийг дээрх хуулийн дагуу хүсэлтийг шийдвэрлэх хугацаа гэж үзэн хассан нь буруу боловч энэ талаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ” гэж заасан, мөн яамны Төрийн нарийн бичгийн дарга албан тушаалтны хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож байгаа тул нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг яамнаас гаргуулах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг баримтлан Б.*******ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор 7.799.281 /долоон сая долоон зуун ерэн есөн мянган/ төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн 2016 оны 7 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалган, харин “2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН