Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00751

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00751

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01364/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ...... байрлах К. нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... байрлах Н.... ХХК,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух Б. овогт Т. М. /РД: ...../ нарт холбогдох,

 

"Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-, хариуцагч Н.к- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, хариуцагч Т.М-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М- В.Б- нар нь К.Б-тай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3006/2013/156 тоот зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Ү-....... тоот улсын бүртгэлийн дугаартай, ........ тоот, 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн орон сууцыг барьцаалахад Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаанд байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Гэтэл Т.М- нь 2011 оны 11 сарын 05-ны өдөр Н.к- ХХК-д тухайн байрыг барьцаалж зээл авсан байдаг. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 3 өмчлөгчтэй байсан. Гэтэл Т.М- нь Н.к- ХХК-тай гэрээ байгуулахдаа В.Б-гаас зөвшөөрөл аваагүй бөгөөд В.Б-н гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг.

Энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчсөн гэрээ учир мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-д заасан үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Мөн 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээ нь Н.к- ХХК болон Б.х-ХХК-ийн хооронд байгуулагдсан байхад тус өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь иргэн Ш.Ж- болон иргэн Т.М- нарын хооронд байгуулагдсан байна.

Иймд тус гэрээг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Н.к- ХХК, Т.М- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.к- ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Б- нь 2013 онд В.Б-, Т.М- нартай зээлийн гэрээ байгуулсан, харин Н.к- ХХК нь Т.М-тай 2011 онд барьцааны гэрээ байгуулсан. Банкны эрх ашиг нь хөндөгдөөгүй байсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан сонирхогч этгээд биш юм. Мөн Т.М- нь манай компанийг хууран мэхэлж байрыг нэг хүний өмчлөлийнх гэж ойлгуулсан бөгөөд хууран мэхлэгдсэн этгээд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 59.4-т зааснаар мэдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул К.Б- нь шаардлага гаргах эрхгүй. Мөн барьцааны гэрээ байгуулах үед Т.М- нь ганцаараа барьцааны орон сууцыг өмчлөх эрхтэй байсан тул В.Б-гаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Гэрээг байгуулахдаа хуулийн хориглох заалтыг зөрчөөгүй, Т.М- тухайн үед Дархан сум, ....... тоот, 42.1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ганцаараа байсан гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон гэрчилгээний хуулбар, эрхийн бүртгэлийн товчоонд тэмдэглэсэн тэмдэглэл, нотариатч Д.Г. ын мэдүүлэг, нотариатч Ш.А. ийн хамтран өмчлөгч бүртгэгдээгүй гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Хамтран өмчлөгчөөр Б-н Мишээл гэж сүүлд орж ирсэн. Төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхний хуулбарыг авахдаа 2005 оны 06 сарын 20-ны өдрөөр нотариатаар батлуулж маргааш өдрөөр нь хуулбар хийсэн харагдаж байсан. Тухайн үед Т.М- дангаараа өмчлөгч нь байсан учир В.Б-гаас зөвшөөрөл авахгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйл заалтууд хамааралгүй болж байна. Иргэд хоорондын гэрээ гэж үзэж байгаа. Ж-д итгэмжлэл олгож Т.М-тай барьцааны гэрээ хийсэн байсан. Хууль бус гэж үзэх үндэслэлгүй, К.Б-ыг шаардах эрх гаргахгүй этгээд гэж үзэж байна. Гэтэл 2011 оны 11 сарын 05-ны өдөр худалдааны болон барьцааны гэрээ байгуулсан. 2013 оны 11 дүгээр сард К.Б- иргэн Т.М-тай барьцааны гэрээ сүүлд хийсэн байсан. Иргэн Т.М- К.Б-ыг хууран мэхэлснээс эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа тус байрны гэрчилгээг авахдаа В.Б-, Т.М-, Б.М- гэсэн 3 хүний нэр дээр авсан. Ганцхан миний нэр дээрх гэрчилгээ гэж байгаагүй, би хараагүй. Харин сүүлд хэргийн материалтай танилцахдаа хуулбарыг нь харсан. 2011 онд Н.к- ХХК-тай би барьцааны гэрээ байгуулахад барьцааны байр бид 3-ын нэр дээр л байсан. Тэгээд гэрээнд би В.Б- гэж нэрийг нь бичсэн нь үнэн. К.Б-ны зээл, Н.к- ХХК-ийн барааны төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд орсон, дээрх хоёр байгууллагад өр төлбөртэй нь үнэн. Би өөрөө 2 байгууллагад төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос эхлэн Т.М-ыг Н.к- ХХК-тай хамтран ажилладаг талаар мэдэж байсан боловч үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байсныг мэдээгүй. Тус барьцааны гэрээнд зурагдсан хамтран өмчлөгчийн гарын үсэг бол миний гарын үсэг биш. Тухайн байрыг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, 3 хүний нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нь авсан. Татварт төлдөг 2 хувиас болоод бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ бол манай гэр бүлийн өмч мөн. К.Б-инд зээл авахдаа барьцаанд тавихад би Т.М-д итгэмжлэл өгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Н.к- ХХК-тай гэрээ хийхээс өмнө бид А.аас зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гурвуулаа батлуулж зээл авч байсан. К.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Б- нь хариуцагч Н.к- ХХК, Т.М- нарт холбогдуулан, Н.к- ХХК болон Т.М-, В.Б- нарын хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.к- ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: К.Б- нь 2013 онд В.Б-, Т.М- нартай зээлийн гэрээ байгуулсан, харин Н.к- ХХК нь Т.М-тай 2011 онд барьцааны гэрээ байгуулсан тул банкны эрх ашиг нь хөндөгдөөгүй байсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан сонирхогч этгээд биш юм. Мөн Т.М- нь манай компанийг хууран мэхэлж байрыг нэг хүний өмчлөлийнх гэж ойлгуулсан бөгөөд хууран мэхлэгдсэн этгээд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 59.4-т зааснаар мэдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул К.Б- нь шаардлага гаргах эрхгүй. Мөн барьцааны гэрээ байгуулах үед Т.М- нь ганцаараа барьцааны орон сууцыг өмчлөх эрхтэй байсан тул В.Б-гаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж, хариуцагч Т.М- нь ... Анхнаасаа тус байрны бид гэрчилгээ авахдаа В.Б-, Т.М-, Б.М- гэсэн 3 хүний нэр дээр авсан. Ганцхан миний нэр дээрх гэрчилгээ гэж байгаагүй, би хараагүй. Харин сүүлд хэрэгтэй танилцахдаа хуулбарыг нь харсан. 2011 онд Н.к- ХХК-тай би барьцааны гэрээ байгуулахад барьцааны байр бид 3-ын нэр дээр л байсан.Тэгээд гэрээнд би В.Б- гэж нэрийг нь бичсэн нь үнэн. Би өөрөө 2 байгууллагад төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзэж байна гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хариуцагч Н.к- ХХК, Т.М- нар нь 2011 оны 11 сарын 05-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд мөн өдрөө Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн ...... тоот, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ...... дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг барьцаалсан, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр К.Б-тай, Т.М-, В.Б- нар нь зээлийн гэрээ байгуулж, мөн өдрөө зээлийн барьцааны гэрээ байгуулж, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зэрэг нь хэрэгт авагдсан 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаар Худалдааны хамтран ажиллах гэрээ, 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2013 оны 11 сарын 15-ны өдрийн ...... дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч К.Б- нь 2011 оны 11 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч В.Б-гийн зөвшөөрлийг авахгүйгээр тус барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул энэхүү барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үр дагавар шаардаагүй, харин дээрх хуульд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байгаа гэж тайлбарладаг болно.

 

Маргаж буй 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай, Н.к- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд гэрээ байгуулсан барьцаалуулагч дээр Т.М-, В.Б- нар гарын үсэг зуржээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр дээрх гэрээнд бичигдсэн В.Б- гэсэн бичвэр В.Б-нх мөн эсэх талаар шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.к- ХХК болон Т.М- нарын байгуулсан 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд бичигдсэн В.Б- гэх гарын үсэг нь В.Б-н гарын үсэг биш байна гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Н.к- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- барьцааны гэрээ байгуулах үед Т.М- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр дангаараа бүртгүүлсэн байсан тул В.Б-гаар гарын үсэг зуруулах шаардлага байхгүй, мөн гэрч Д.Г- шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... Орон сууц М. гэсэн нэг өмчлөгчтэй байсан, барьцааны гэрээ нь зөвхөн Н.к- ХХК болон М.-тай байгуулсан гэрээ байсан, Б- гэсэн нэр байгаагүй. Гэрээнд Б- гэсэн нэр байхгүй тул түүнийг дуудаж гарын үсэг зуруулах шаардлагагүй, гэрээний талуудыг дуудаж гарын үсэг зуруулсан. Б- гэрээний оролцогч биш учир итгэмжлэл ч шаардлагагүй гэсэн мэдүүлэг өгсөн хэдий ч хэрэгт авагдсан 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай гэрчилгээний эх хувь, 2016 оны 09 сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, мөн тус шүүхээс зохигчийн хүсэлтээр хийсэн үзлэгээр эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс авсан 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1775 дугаартай лавлагаанд бичигдсэн Улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн ....., 42,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.М-, В.Б-, Б.М- нар бүртгэгдсэн... гэсэн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн архивын тасгийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр Н.к- ХХК болон Т.М- нарын байгуулсан 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г гэрчлэхтэй холбоотой нотариатчийн архивт шилжүүлсэн баримтанд байгаа эрхийн улсын бүртгэлийн Т.М-, В.Б-, Б.М- нарын нэр дээр бүртгэгдсэн ...... дугаартай гэрчилгээ зэргээс үзэхэд 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай, Н.к- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулах үед барьцааны орон сууц Т.М-, В.Б-, Б.М- нарын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт дээрх барьцааны хөрөнгө Т.М-ын нэр дээр нэг өмчлөгчтэй бүртгэгдсэн 2005 оны 06 сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар байгаа боловч энэхүү гэрчилгээний дугаар харагдахгүй байгаа, Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн гэрчилгээн дээр гараар ...... гэж бичсэн байдал, мөн хариуцагч Т.М-ын шүүх хуралдаанд гаргасан ... энэ байр анхнаасаа 3 хүний нэр дээр байсан. Миний нэр дангаар өмчлөлтэй гэрчилгээ огт байгаагүй, би хараагүй. Би барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэхдээ 3 хүний нэр дээрх гэрчилгээг өгч байсан. Шүүх дээр ирээд миний нэр дээрх гэрчилгээний хуулбарыг харж байна. Эх хувь нь байдаггүй... гэсэн тайлбар зэргээс дүгнэхэд маргаан бүхий барьцааны гэрээг байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн Т.М-ын нэр дээр бүртгэлтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тус байрны хамтран өмчлөгч болох Т.М-, В.Б- нар нь гэр бүлийн гишүүд болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т: гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т: хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасы дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 

Н.к- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-нд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч В.Б- тус гэрээнд гарын үсэг зураагүй болох нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд нөгөө талаас дээрх хуульд зааснаар түүний зөвшөөрлийг аваагүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б- нэхэмжлэгч К.Б-ыг хуульд заасан шаардлага гаргах сонирхогч этгээд биш гэж тайлбарлаж байгаа боловч сонирхогч этгээд гэдэг нь хэлцэл хийсэн талуудаас гадна эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа гуравдагч этгээд байж болох тул К.Б-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Н.к- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан Н.к- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.к- ХХК, Т.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Б-инд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ