Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 138

 

Капитрон банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01364/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Капитрон банкны нэхэмжлэлтэй

           Хариуцагч “Наран косметикс” ХХК,

           Хариуцагч Б овогтой Т-ын М-д холбогдох

          “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч “Наран косметикс” ХХК-ийн итгэжмлэгдсэн төлөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ч.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболдоос:

Т.М- В.Б- нар нь Капитрон банктай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3006/2013/156 тоот зээлийн гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2003006888 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 13-65 тоот, 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн орон сууцыг барьцаалахад Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаанд байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Гэтэл Т.М- нь 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Наран косметикс” ХХК-д тухайн байрыг барьцаалж зээл авсан байдаг. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 3 өмчлөгчтэй байсан. Гэтэл Т.М- нь “Наран косметикс” ХХК-тай гэрээ байгуулахдаа В.Б-гаас зөвшөөрөл аваагүй бөгөөд В.Б-н гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчсөн гэрээ учир мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-д заасан үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээ нь “Наран косметикс” ХХК болон “Бурхантын хот” ХХК-ийн хооронд байгуулагдсан байхад тус өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь иргэн Ш.Жаргал болон иргэн Т.М- нарын хооронд байгуулагдсан байна. Иймд тус гэрээг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Наран косметикс” ХХК, Т.М- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Наран косметикс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булганаас:

Капитрон банк нь 2013 онд В.Б-, Т.М- нартай зээлийн гэрээ байгуулсан, харин “Наран косметикс” ХХК нь Т.М-тай 2011 онд барьцааны гэрээ байгуулсан. Банкны эрх ашиг нь хөндөгдөөгүй байсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан сонирхогч этгээд биш юм. Мөн Т.М- нь манай компанийг хууран мэхэлж байрыг нэг хүний өмчлөлийнх гэж ойлгуулсан бөгөөд хууран мэхлэгдсэн этгээд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 59.4-т зааснаар мэдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул Капитрон банк нь шаардлага гаргах эрхгүй. Мөн барьцааны гэрээ байгуулах үед Т.М- нь ганцаараа барьцааны орон сууцыг өмчлөх эрхтэй байсан тул В.Б-гаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Гэрээг байгуулахдаа хуулийн хориглох заалтыг зөрчөөгүй, Т.М- тухайн үед Дархан сум, 16-р баг 1-р хороолол 13-65 тоот, 42.1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ганцаараа байсан гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон гэрчилгээний хуулбар, эрхийн бүртгэлийн товчоонд тэмдэглэсэн тэмдэглэл, нотариатч Д.Гантулгын мэдүүлэг, нотариатч Ш.Алтанцэцэгийн хамтран өмчлөгч бүртгэгдээгүй гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Хамтран өмчлөгчөөр Б-н Мишээл гэж сүүлд орж ирсэн. Төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхний хуулбарыг авахдаа 2005 оны 06 сарын 20-ны өдрөөр нотариатаар батлуулж маргааш өдрөөр нь хуулбар хийсэн харагдаж байсан. Тухайн үед Т.М- дангаараа өмчлөгч нь байсан учир В.Б-гаас зөвшөөрөл авахгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 128 дугаар зүйл заалтууд хамааралгүй болж байна. Иргэд хоорондын гэрээ гэж үзэж байгаа. Жаргалд итгэмжлэл олгож Т.М-тай барьцааны гэрээ хийсэн байсан. Хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Капитрон банкыг шаардах эрх гаргахгүй этгээд гэж үзэж байна. Гэтэл 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдааны болон барьцааны гэрээ байгуулсан. 2013 оны 11 дүгээр сард Капитрон банк иргэн Т.М-тай барьцааны гэрээ сүүлд хийсэн байсан. Т.М- Капитрон банкыг хууран мэхэлснээс эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М-аас:

Анхнаасаа тус байрны гэрчилгээг авахдаа В.Б-, Т.М-, Б.Мишээл гэсэн 3 хүний нэр дээр авсан. Ганцхан миний нэр дээрх гэрчилгээ гэж байгаагүй, би хараагүй. Харин сүүлд хэргийн материалтай танилцахдаа хуулбарыг нь харсан. 2011 онд “Наран косметикс” ХХК-тай би барьцааны гэрээ байгуулахад барьцааны байр бид 3-ын нэр дээр л байсан. Тэгээд гэрээнд би В.Б- гэж нэрийг нь бичсэн нь үнэн. Капитрон банкны зээл, “Наран косметикс” ХХК-ийн барааны төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд орсон, дээрх хоёр байгууллагад өр төлбөртэй нь үнэн. Би өөрөө 2 байгууллагад төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б-гаас:

Миний бие 2010 оноос эхлэн Т.М-ыг “Наран косметикс” ХХК-тай хамтран ажилладаг талаар мэдэж байсан боловч үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байсныг мэдээгүй. Тус барьцааны гэрээнд зурагдсан хамтран өмчлөгчийн гарын үсэг бол миний гарын үсэг биш. Тухайн байрыг 2005 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, 3 хүний нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нь авсан. Татварт төлдөг 2 хувиас болоод бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ бол манай гэр бүлийн өмч мөн. Капитрон банкинд зээл авахдаа барьцаанд тавихад би Т.М-д итгэмжлэл өгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. “Наран косметикс” ХХК-тай гэрээ хийхээс өмнө бид Ариг банкнаас зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гурвуулаа батлуулж зээл авч байсан. Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан “Наран косметикс” ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Наран косметикс ХХК, Т.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Наран косметикс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган давж заалдсан гомдолдоо:

2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Наран косметикс” ХХК-ийн захиргаа хүний нөөцийн ажилтан Жаргал нь Т.М-тай 22 тоот барьцааны гэрээ байгуулах үед барьцааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн 13-р байрны 65 тоот орон сууц нь зөвхөн Т.М- гэсэн нэг эзэмшигчтэй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Капитрон” банк хариуцагч “Наран косметикс” ХХК, Т.М- нарт холбогдуулан “Наран косметикс” ХХК болон Т.М-, В.Б- нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 22 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагч “Наран косметикс” ХХК “Капитрон” банк нь шаардлага гаргах эрхгүй этгээд гэж  маргасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч “Наран косметикс” ХХК болон Т.М-ын  хооронд 2011 оны 11 сарын 05-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 13-65 тоот, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000127376 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006888 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Капитрон” банктай, Т.М-, В.Б- нар нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан 3006/2013/156 дугаартай зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Зохигчид худалдааны хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээний талаар маргаагүй болно.

Харин хариуцагч “Наран косметикс” ХХК болон Т.М-ын  хооронд 2011 оны 11 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 22 тоот гэрээнд зурсан гарын үсэг зурсан В.Б-гийн гарын үсэг биш гэж маргасан байна. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 сарын 22-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтээр маргаж буй 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 дугаартай, “Наран косметикс “ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд бичигдсэн В.Б- гэх гарын үсэг нь В.Б-н гарын үсэг биш байна гэсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээс авсан 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1775 дугаартай лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 65 тоот, 42,1 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.М-, В.Б-, Б.Мишээл нар бүртгэгдсэн байна.

Үүнээс үзэхэд “Наран косметикс” ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулах үед Т.М-, В.Б-, Б.Мишээл нар тухайн орон сууцны  өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

Иймд  “Наран косметикс” ХХК  нь 2011 оны 11 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч В.Б-гийн зөвшөөрлийг авахгүйгээр тус барьцааны гэрээг байгуулсан гэж үзнэ.

Тус байрны хамтран өмчлөгч болох Т.М-, В.Б- нар нь гэр бүлийн гишүүд болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т: гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн гишүүдийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан тул дээрх үндэслэлүүдээр Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу “Наран косметикс” ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган нэхэмжлэгч “Капитрон” банкыг хуульд заасан шаардлага гаргах сонирхогч этгээд биш гэж тайлбарласан боловч сонирхогч этгээд гэдэг нь хэлцэл хийсэн талуудаас гадна эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа гуравдагч этгээд байж болох тул “Капитрон” банкыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх баримт тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч “Наран косметикс” ХХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Наран косметикс” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                             

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                            ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                 С.ОЮУНЦЭЦЭГ