Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01630

 

 

 

 

 

2020 06 12

181/ШШ2020/01630

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С.Т ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  М ХХК-д холбогдох

11.440.608 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Т нь М-Си-Эс Интернэйшнл ХХК-д 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 120 тоот тушаалаар чөлөөлөгдсөн.

М-Си-Эс интернэйшнл ХХК-нд 2011-2013 онуудад чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан ажилтан, 2013-2016 онд Оюу толгой Барилга Инженерингийн багц төслийн чанарын хяналтын ажилтан, 2016-2017 онд Оюу толгой гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн чанарын хяналтын баг хариуцсан ахлах мэргэжилтэн, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 02 дугаар cap хүртэл Оюу Толгой Барилга Инженерингийн багц төсөлд төслийн удирдагчаар тус тус ажилласан.

Оюу толгой барилга инженерингийн багц төсөлд төслийн удирдагчаар ажиллахдаа 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр MNFS/LA-180-17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Тус төслийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сард дуусаж ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохтой холбогдуулан тогтвортой ажилласны урамшууллыг 2017 оны 6 дугаар сараас 2019 оны 3 дугаар cap хүртэлх ажилласан хугацааны сарын цалингийн 20 хувиар тооцож нийт 19.138.076 төгрөг олгох байтал мөн хугацааны үндсэн цалингийн 20 хувиар тооцож 7.697.468 төгрөгийг ажил олгогчоос гэрээний үүргийн дагуу төлсөн.

Хөдөлмөрийн гэрээний нэгдүгээр хавсралтанд дурдсан тогтвортой ажилласны урамшууллыг сарын цалингийн 20% (cap бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулан төсөл дуустал ажилласан тохиолдолд олгоно.) гэж талууд тус тус харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан атлаа тус үүргээ ажил олгогч зөрчсөн.

1.1. Хариуцагч М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот Төсөлд тогтвортой ажилласны урамшуулал олгох тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч С.Т ын урамшууллыг бодож олгосон байдаг.

С.Т тай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан MNFS/LA-180-17 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Энэхүү гэрээ 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс Оюутолгой Барилга инженерингийн багц төсөл дуусталх хугацаатай байгуулсан болно гэж харилцан тохиролцсон.

Нэхэмжпэгчтэй байгуулсан гэрээнд гэрээний хугацааг тодорхой үйл явдлыг үндэслэж гэрээ байгуулсан.

Гэтэл тогтвортой ажилласны урамшуулалыг бодож олгосон хүснэгт /183 тоот тушаалын нэгдүгээр хавсралт/-ийн баруун дээд буланд төсөл үргэлжпэх нийт хугацаа 36 cap, төсөл үргэлжилсэн хугацаа 23 cap гэж тодотгож оруулсан.

Үүнээс шалтгаалан тус хүснэгтийн 7 дугаар багананд /Төслийн гэрээний хугацаанд ажилласан хувь нийт 20%/ С.Т ын тогтвортой ажилласны урамшуулалын хувийг тооцоолж 11.7% гэж үндэслэлгүйгээр тогтоосон.

11.7 хувийг тооцохлохдоо /36 cap ажилласан бол 20 хувь авах ёстой бөгөөд 21 cap ажилласан тул 11.7 хувь гэж үндэслэлгүй тооцоолсон/ гэрээнд заагдаагүй аргачлалаар тооцож бодолт хийсэн.

Тус төсөл 36 cap үргэлжлэх талаар болон ажилласан хугацаанд нь ногдох урамшууллын талаар гэрээнд огт тусгаагүй.

Мөн гэрээнд cap бүрийн цалингийн 20 гэж тодорхой тусгасан атал нийт төслийн үргэлжлэх хугацаанаас хамааруулж хувь тэнцүүлэн олгож байгаа нь үндэслэлгүй юм.

1.2. Хөдөлмөрийн гэрээний нэгдүгээр хавсралтанд дурдсан тогтвортой ажилласны урамшууллыг сарын цалингийн 20% (cap бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулан төсөл дуустал ажилласан тохиолдолд олгоно) гэж талууд тус тус харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан атлаа тус үүргээ ажил олгогч зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. гэж хуульчилсан бөгөөд сарын цалингийн тухай ойлголт тусгагдаагүйн зэрэгцээ цалин гэдэг нэр томъёог шууд үндсэн цалин гэж ойлгох талаар хуульчлаагүй.

Мөн Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 3 дугаар зүйлд Цалин хөлсний бүрэлдэхүүн хэсгийг дараах байдлаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

а/үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлнэ.

Үндсэн цалинд хийснээр болон цагаар тарифт цалин, албан тушаалын цалин, ажлын онцлог, ажилтны онцгой ур чадварыг үндэслэн контракт болон хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээpтэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад баталгаат хөлс хамаарна гэж заасан.

Иймд MNFS/LA-180-17 дугаартай гэрээний нэгдүгээр хавсралтын дагуу хариуцагчаас тогтвортой ажилласны нэмэгдлийг 20 хувиар шууд бодож олгох ёстой байсан урамшуулалын зөрүүнд 6.371.958 төгрөг, цалин хөлснөөс тооцож олгох урамшууллын зөрүүнд 5.068.650 төгрөг, нийт 11.440.608 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь тус компанид 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан ажилтан, чанарын мэргэжилтэн зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд компанийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой Барилга Инженерингийн багц төсөлд төслийн удирдагч албан тушаалд MNFS/LA-180-17 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Уг төсөл нь Компанийн Үндсэн захиалагч болох Оюутолгой ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 5452/Ргос тоот Гэрээ цуцлах тухай мэдэгдлийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцлагдсан.

Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь орон тоо хасагдсантай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын 120 тоот тушаалын дагуу дуусгавар болсон.

Төсөл дуустал ажилласан тохиолдолд cap бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулан олгохоор талууд тохиролцож Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1-т тусгасан.

Уг төсөл дээр ажиллаж байсан ажилтнуудад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захирлын 183 тоот тушаалаар тогтвортой ажилласны урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон тогтвортой ажилласны урамшуулал болох 8.920.742 төгрөгийг олрохоор шийдвэрлэж, уг урамшууллаас холбогдох татвар хураамж (хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл)-ийг суутган 7.697.468 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.

Тогтвортой ажилласны урамшуулал хүлээж авсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь компанид тус урамшуулалтай холбоотой аливаа санал хүсэлт, гомдол тавиагүй.

Тогтвортой ажилласны урамшуулалтай холбогдох нэхэмжлэл нь уг урамшуулалыг олгосноос хойш 9 сарын дараа гарч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл уг урамшуулалтай холбоотой гомдол гаргах хугацаа дууссан байна.

Тогтворой ажилласны урамшууллыг цалин хөлснөөс бодсон нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь

1. Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1-т Сарын цалингийн 20% буюу cap бүрийн цалингийн 20% хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг олгоно гэж тодорхой заасан. Тогтвортой ажилласны урамшууллыг тооцон олгохдоо Төсөл дуустал ажилласан тохиолдолд олгох талаар, мөн cap бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх гэж тодорхой дурдсан

2. Цалин болон Цалин хөлс гэсэн нэр томъёонууд нь эрх зүйн хувьд ялгаатай тайлбарлагдах бөгөөд Цалин хөлс гэдэг нь илүү өргөн утгаар тайлбарлагдах бол харин цалин гэдэгт зөвхөн Ажилтны үндсэн цалин хамаарна.

а.Ажилтны сарын цалин гэдэгт үндсэн цалин буюу албан тушаалын цалин-г ойлгодог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тусгана гэж заасны дагуу Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1-т ажилтны цалинг тодорхой тусгасан.

б.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн дагуу цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан тул урамшууллыг цалин хөлснөөс тооцох боломжгүй. Учир нь урамшуулал бол цалин хөлсийг бүрдүүлж байгаа нэг үндсэн бүрдэл хэсэг тул урамшууллыг цалин хөлснөөс тооцох боломжгүй харин үндсэн цалингаас бодох үндэслэлтэй. Урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн дагуу Хөдөлмөрийн гэрээгээр заавал тохирох ёстой гол нөхцөлүүдийн нэг биш.

в.Цалин хөлс нь ээлжийн амралтын олговор бодогдоход ашиглагддаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж заасан.

3. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн гэрээний Хавсралт №1-т заасан гүйцэтгэлийн урамшууллыг олгосон.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь цалин хөлснөөс буюу үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, гүйцэтгэлийн урамшууллаас, ээлжийн амралтын олговор зэргээс бүрдсэн дүнгээс нэхэмжилж байгаа нь дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдтэй нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь үндсэн цалин, илүү цаг, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, гүйцэтгэлийн урамшуулал, ээлжийн амралтын олговорыг тооцон олгосон дүнгээс бодсон нь урамшуулал өөрөө цалин хөлсийг бүрдүүлж байгаа нэг нэг үндсэн бүрдэл хэсэг тул урамшууллыг цалин хөлснөөс тооцох боломжгүй.

Иймд Нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн мөн цалин хөлснөөс бодсон зэрэг үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч С.Т нь М ХХК-д холбогдуулан урамшууллын мөнгө 11.440.608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч М ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус компанид Төслийн удирдагч ажил эрхлэхээр MNFS/LA-180-17 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 38, 39, 41-р хуудас/

Талууд С.Т ыг 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан ажилтан, чанарын мэргэжилтэн, тус компанийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу Толгой Барилга Инженерингийн багц төсөлд төслийн удирдагч албан тушаалд ажиллаж байгаад М ХХК ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 120 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар маргаагүй болно.

Талууд дээрх Хөдөлмөрийн гэрээний хавсралт 1-ийн Төсөлд ажиллах үеийн цалин, хангамж хэсэгт:

Гүйцэтгэлийн урамшуулал сарын цалингийн 10% /гүйцэтгэлийн үнэлгээн дээр үндэслэн сар бүрийн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулж жилд нэг удаа олгоно/ гэж,

Тотвортой ажилласны урамшуулал сарын цалингийн 20% /сар бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулан төсөл дуустал ажилласан тохиолдолд олгоно/ гэж тус тус тохиролжээ./хх-ийн 41-р хуудас/

М ХХК ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А-04 дугаартай тушаалаар Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журмыг баталжээ. /хх-ийн 51-57-р хуудас/

Дээрх гэрээ болон журмын дагуу ажилчдын 2017, 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн урамшууллыг бодож олгосны дотор С.Т нь 2017 онд 1.851.461 төгрөг, 2018 онд 2.962.973 төгрөгийг тус тус хүлээн авч тухайн үед энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 49, 50, 92-95-р хуудас/

Нэхэмжлэгч С.Т тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болж, түүнийг төсөлд тогтвортой ажилласны урамшууллыг тооцоход 8.920.742 төгрөг болсоноос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган үлдэх 7.697.468 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 14, 31, 32-р хуудас/

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж заасан заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Т нь тус байгууллагад ажиллаж байх үедээ авсан цалин хөлснөөс тооцож олгох гүйцэтгэлийн урамшуулалын зөрүүд 5.068.650 төгрөг, тогтвортой ажилласны урамшуулалын зөрүүд 6.371.958 төгрөг, нийт 11.440.608 төгрөгийг дутуу олгосон талаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч С.Т нь урамшуулал олгох тухай шийдвэр гарч өөрийнх нь дансанд мөнгө шилжүүлсэнээс хойш гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3.-т заасны дагуу сэргээн тогтоож болох боловч түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд MNFS/LA-180-17 дугаартай гэрээний нэгдүгээр хавсралтын дагуу хариуцагчаас тогтвортой ажилласны нэмэгдлийг 20 хувиар шууд бодож олгох ёстой байсан урамшуулалын зөрүүнд 6.371.958 төгрөг, цалин хөлснөөс тооцож олгох урамшууллын зөрүүнд 5.068.650 төгрөг, нийт 11.440.608 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан хариуцагч М ХХК -иас урамшуулалд 11.440.608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгч С.Т аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО