Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01735

 

 

 

 

С.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01630 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан тогтвортой ажилласан нэмэгдлийн зөрүү 11 440 608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: С.Түвшинбаяр нь М ХХК -д 2011 оны 01 сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 120 тоот тушаалаар чөлөөлөгдсөн. Оюу толгой барилга инженерийн багц төсөл-д төслийн удирдагчаар ажиллахдаа 2017 оны 05 сарын 22-ны өдөр MNFS/LA-180-17 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус гэрээний нэгдүгээр хавсралтаар тогтвортой ажилласны урамшууллыг сарын цалингийн 20 хувь гэж тохиролцсон байдаг.

Тус төслийн гэрээний хугацаа 2019 оны 02 сард дуусаж, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохтой холбогдуулан тогтвортой ажилласны урамшууллыг 2017 оны 06 сараас 2019 оны 03 сар хүртэлх ажилласан хугацааны цалингийн 20 хувиар тооцож нийт 19 138 076 төгрөг олгох байтал мөн хугацааны үндсэн цалингийн 20 хувиар тооцож 7 697 468 төгрөгийг ажил олгогчоос гэрээний үүргийн дагуу төлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж хуульчилсан бөгөөд сарын цалингийн тухай ойлголт тусгагдаагүйн зэрэгцээ цалин гэдэг нэр томьёог шууд үндсэн цалин гэж ойлгох талаар хуульчлаагүй. Иймд MNFS/LA-180-17 дугаартай гэрээний нэгдүгээр хавсралтын дагуу хариуцагчаас тогтвортой ажилласны нэмэгдлийн зөрүү төлбөр болох 11 440 608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь компанид 2011 оны 01 сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд компанийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу толгой барилга инженерийн багц төсөлд төслийн удирдагч албан тушаалд MNFS/LA-180-17 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь орон тоо хасагдсантай холбогдуулан 2019 оны 04 сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын 120 тоот тушаалын дагуу дуусгавар болсон.

Төсөл дуустал ажилласан тохиолдолд сар бүрийн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хуримтлуулан олгохоор талууд тохиролцож, хөдөлмөрийн гэрээний хавсралт 1-д тусгасан. Уг төсөл дээр ажиллаж байсан ажилтнуудад 2019 оны 06 сарын 26-ны өдөр өдрийн гүйцэтгэх захирлын 183 тоот тушаалаар тогтвортой ажилласны урамшуулал олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчид 8 920 742 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Компани нь урамшууллаас холбогдох татвар, хураамжийг суутган 7 697 468 төгрөгийг 2019 оны 06 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн. Тогтвортой ажилласны урамшуулал хүлээн авсан 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь компанид тус урамшуулалтай холбоотой аливаа санал хүсэлт, гомдол тавиагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа дууссан байна. Цалин болон цалин хөлс гэсэн нэр томьёонууд нь эрх зүйн хувьд ялгаатай тайлбарлагдах бөгөөд цалин хөлс гэдэг нь илүү өргөн утгаар тайлбарлагдах бол цалин гэдэгт зөвхөн ажилтны үндсэн цалин хамаарна. Иймд нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК -аас урамшуулалд 11 440 608 төгрөг гаргуулж, түүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч С.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шийдвэрийг үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан тэгш байдлыг хангахад оршино гэж заасан бөгөөд шүүхээс С.Т хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон процессыг зөв үнэлсэн атлаа 2019 оны 06 сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг ажилтан, ажил олгогч гэсэн харилцаа байхгүй буюу иргэн С.Түвшинбаяр, хуулийн этгээд М ХХК нарын хооронд үүсч буй харилцааг хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь С.Түвшинбаяр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсонтой маргаагүй бөгөөд сар бүрийн цалингаасаа хуримтлуулсан мөнгөө авах талаар нэхэмжлэл гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм.

С.Түвшинбаяртай байгуулсан MNFS/LA-180-17 дугаартай гэрээний нэгдүгээр хавсралтаар тогтвортой ажилласан урамшууллыг Сарын цалингийн 20% гэж тохирсон. Гэтэл тогтвортой ажилласны урамшууллыг бодож олгосон хүснэгтийн баруун дээд буланд төсөл үргэлжлэх нийт хугацаа 36 сар, төсөл үргэлжилсэн хугацаа 23 сар гэж тодотгож оруулсан. Үүнээс шалтгаалан тус хүснэгтийн 7 дугаар баганад С.Т тогтвортой ажилласны урамшууллын хувийг тооцоолж 11.7 хувь гэж үндэслэлгүйгээр тогтоосон. Гэрээнд сар бүрийн цалингийн 20 хувь гэж тодорхой тусгасан атал нийт төслийн үргэлжлэх хугацаанаас хамааруулж хувь тэнцүүлэн олгож байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн гэрээний нэгдүгээр хавсралтад дурдсан тогтвортой ажилласны урамшууллыг Сарын цалингийн 20% гэж талууд харилцан тохиролцсон атлаа тус үүргээ ажил олгогч зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 тоот Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 3 дугаар зүйлд заасан зохицуулалтыг шүүхээс дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь хариуцагч М ХХК -д холбогдуулан хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасны дагуу тогтвортой ажилласны урамшууллын зөрүү 11 440 608 төгрөгийг гаргуулж, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2017 оны 05 сарын 22-ны өдөр MNFS/LA-180-17 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан С.Түвшинбаяр нь Оюу толгой барилга инженерийн багц төсөл-д төслийн удирдагчаар ажиллаж эхэлсэн, улмаар Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 25-ны өдрийн 120 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, М ХХК -ийн зүгээс тогтвортой ажилласны урамшуулал гэж 7 697 468 төгрөгийг 2019 оны 06 сарын 28-ны өдөр С.Түвшинбаярт олгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх 38-39, 41, 40, 31-32, 16/

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй. Харин хөдөлмөрийн гэрээний хавсралтад дурдагдсан тогтвортой ажилласны урамшуулал-д юуг ойлгох, хэрхэн тооцоолох зэрэг нь маргааны гол зүйл болжээ. Энэ нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон урамшууллын зохицуулалтаас үүдэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор шүүхэд гомдлоо гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Түвшинбаяр нь тогтвортой ажилласан урамшууллыг дутуу хүлээн авсан гэх 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2019 оны 09 сарын 28-ны өдрийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул М ХХК -д холбогдуулан гаргасан С.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир хөдөлмөрийн гэрээний хавсралт, түүнд дурдагдсан тогтвортой ажилласны урамшууллын тооцооны талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...47 дугаар зүйлийн 47.1... гэснийг ...129 дүгээр зүйлийн 129.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР