Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/01559

 

 

 

 

 

2020 06 09

181/ШШ2020/01559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: МУЭХЯ ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б холбогдох,

17.268.179 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б нь ЭЯ ны Тавантолгойн цахилгаан станц Төслийн нэгжийн захирлын албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд Хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, дараах санхүүгийн зөрчлийг гаргаж байсан.

1. МУЭХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тавантолгойн цахилгаан станц Төслийн Удирдах Хороонд Үүрэг даалгавар хүргүүлэх тухай в/4003 дугаартай албан бичгийн 2-т Төслийн нэгжийн захирал Д.Б нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ирсэнээр бүртгэж 5,3 сая төгрөгийн цалин авсан гэж заасан. ЭЯ ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтэд зааснаар 2018 оны 8 дугаар сард 21 өдөр, 9 дүгээр сард 19 өдөр, 10 дугаар сард 9 өдөр нийт ажилдаа ирээгүй 49 өдрийн хугацаанд ногдох 12,045,679.00 төгрөгийн цалин авч хохирол учруулсан.

2. САГ-2019/57/СТА-ТХН аудитын кодтой Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2018 санхүүгийн тайлан, төсвийн гүйтэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн зөрчил болох Төслийн нэгжийн захирал Д.Б дээд албан тушаалтны шийдвэргүй өөртөө тушаал гаргаж, гадаадад томилолтоор ажилласнаас учирсан хохирол 3,022,000.00 төгрөг;

3. САГ-2019/57/СТА-ТХН аудитын кодтой Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2018 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн зөрчил болох автомашины түлхүүр хийлгэснээс учирсан хохирол 1,040,000.00 төгрөг гэж гарсан.

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар МУЭХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тавантолгойн цахилгаан станц Төслийн удирдах хороонд Үүрэг даалгавар хүргүүлэх тухай в/4003 дугаар албан бичиг, Тавантолгойн цахилгаан станц Төслийн удирдах хорооны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжид Үүрэг даалгавар хүргүүлэх тухай албан бичиг, САГ-2019/57/СТА-ТХН аудитын кодтой Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2018 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлтийг тус тус үндэслэн албан бичгээр хугацаатай шаардлагыг Д.Б т хүргүүлсэн боловч гаргасан зөрчлөө арилгах талаар тодорхой алхам хийлгүй зайлсхийж байна.

Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2019 оны эд хөрөнгийн тооллогоор дараах зөрчил нэмж илэрсэн.

4.Төслийн нэгжийн захирлын албан хэрэгцээний Тоёота Ланд круйзер 200 автомашинд зориулан суурилуулахаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан 1.160.500 төгрөгийн үнэ бүхий 2 камертай DVR- GPS, 400В Чанга яригчийн ком, 4 ширхэг улаан Маяк, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг гэрэл, 32гб SD карт гэсэн нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагч хүлээлгэн өгөлгүй өөртөө авсан зөрчил илэрсэн.

Дээрх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч эд хөрөнгийг буцаан өгөх тодорхой үйлдэл хийсэнгүй.

Иймд хариуцагч Д.Б ээс 17,268,179 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1.ЭЯ ны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн A 4003 дугаартай албан бичгийн 2 -т Төслийн нэгжийн захирал Д.Б нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ирснээр бүртгэж 5,3 сая төгрөгийн цалин авсан гэж заасан байхад ЭЯ ны Хяналт шинжилгээ үнэлгээ.дотоод аудитын газрын дүгнэлтэнд зааснаар 2018 оны 8 дугаар сард 21 өдөр, 9 дүгээр сард 19 өдөр, 10 дугаар сард 9 өдөр нийт ажилдаа ирээгүй 49 өдрийн хугацаанд ногдох 12,045,679 төгрөгийг цалин авч учруулсан хохирол хэмээн нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Д.Б нь МУЭХЯ ны харьяа Таван толгойн цахилгаан станц Мега төслийн нэгжийн захирлын албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл удирдлагадаа 25 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

Батбилэгийн хувьд өдөр болгон шахуу Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар,ЭЯ дээр байнга хуралд дуудагдах, яамны бодпого төлөвлөлтийн газрын төлөөлөлтэй төслийн дотоодын хөрөнгө оруулагч MCS ХХК болон банкны удирдлагуудтай уулзах зэрэг өрөөнд суухаас илүүтэйгээр гадуур явж гүйцэтгэх ажил асар их байсан.

Үүнийг ЭЯ ны эрх бүхий этгээдүүд бүгд мэдэж байгаа.Гэтэл түүнийг 49 өдөр ажил тасалж,гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 12,045,676 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.САГ-2019.57 СТА-ТХН аудитын кодтой Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжийн санхүүпайн төслийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн зөрчил болох Төслийн нэгжийн захирал Д.Б дээд албан тушаалтны шийдвэргүй өөртөө тушаал гаргаж.гадаадад томилолтоор ажилласнаас учирсан хохирол 3.022.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

2018 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо ТТЦС Мега төсөлд гадаадын хөрөнгө оруулагчаар оролцох саналаа илэрхийлээд байсан Солонгосын Эрчим хүчний корпораци, зээл олгох Солонгос улсын Экспорт импорт банк, дотоодын хөрөнгө оруулагч ТТЦС ХХК , эрчим хүч худалдан авагч Оюу толгойХХК-ны төлөөлөл зэрэг оролцсон маш чухал уулзалт болсон.

Тэр уулзалтад Д.Б нь ЭЯ ны хэлтсийн дарга н.Ерөн-Өлзийн хамт томилолтоор ажилласан.

Харин түүний зардлыг төслийн нэгж хариуцан гаргасан. Энэхүү уулзалтын талаархи мэдээллийг Эрчим хүчний сайд, төрийн нарийн бичгийн дарга Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлж байсан.

Түүнчлэн томилолтын тайлангаа ч өгсөн. Энэхүү уулзалтанд дэд захирлаа явуулах гэсэн боловч БНХАУ-д албан томилолтоор явсан байсан тул зайлшгүй Батбилэг нь өөрөө явахаас өөр аргагүй болсон. Д.Б ийн томилолтын зардпыг ЭЯ биш төслийн нэгжээс гаргасан.

Дээрхи уулзалтанд ТТЦС Мега төсөлд гадаадын хөрөнгө оруулагчаар оролцох саналаа илэрхийлсэн Солонгосын эрчим хүчний корпорациас манай төслийн багаас заавал 1 хүн оролцох хэрэгтэйг сануулж удаа дараа санал, урилгыг ирүүлж байсан учраас томилолтоор ажилласан. Иймд 3.022.000 төгрөгний хохирлыг ТТЦС Мега төслийн нэгжид болон ЭЯ анд учруулаагүй болно.

3. Төслийн нэгж нь Тоёота Ланд круйзер 200, Лексус 570 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй байсан.Машин тус бүр 2 түлхүүртэй байсан. Лексус 570 маркийн машины 1 ширхэг түлхүүрийг жолооч Шинэбаяр нь хаяж урэгдүүлсэн тул түүний амьдралын боломж болоцоог харгалзан хамт олноороо ярилцан шийдэд шинээр 1 түлхүүрийг захиалан хийлгүүлсэн.

Тоёота Ланд круйзер 200 маркийн машины түлхүүрийг ЭЯ ны төрийн нарийн бичгийн дарга Мэндсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хувьдаа ашиглаж байсан ба төслийн нэгж машинаа буцаан авах үед түлхүүргүй ирсэн.

Батбилэгийг ажлаас халагдах хүртэл нярав Энхболдыг явуулж асуулгаж түлхүүр авах гэсэн боловч өгөөгүй тул зайлшгүй шинээр Доктор авто сүлжээ ХХК-аар хувилан хийлгүүлж хүлээлгэж өгсөн. Аливаа автомашин 2 түлхүүртэй байх шаардлагатай бөгөөд гал усны аюул, жолооч өвчтэй чөлөөтэй үед нөөц түлхүүрийг ашиглах зайлшгүй шаардлага гардаг.

Харин түлхүүрийг хувилж өгсөн Доктор авто сүлжээ ХХК нь байгууллагаас өгсөн санхүүгийн баримтандаа автомашины маркийг андуурч Лексус RX 350 хэмээн бичсэн байна. Түүнээс биш дээрхи түлхүүрийг Д.Б ийн буруутай үйл ажиллагаа, хувийн автомашиндаа түлхүүр хувилуулан хийлгэснээс болж, байгууллагад хохирол учруулсан асуудал байхгүй, зардпыг төслийн нэгжийн автомашины сэлбэг материалын зардлаас гаргасан байдаг.

4.Д.Б Таван толгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байх хугацаандаа төслийн нэгжийн захирлын албан хэрэгцээний Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд зориулан суурилуулахаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан 1.160.500 төгрөгний үнэ бүхий 2 камертай DVR-GPS, 400В чанга яригчийн ком, 4 ширхэг улаан маяк, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг гэрэл, 32 GB-ийн SD карт гэсэн нэр төрлийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн.

Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 308 дугаартай тушаалаар хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлөгдсөн ба 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр акт үйлдэж ажлаа хүлээлцсэн. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэр бүхий 1.160.500 төгрөгний үнэ бүхий сэлбэг тоноглолыг Тоёота Ланд круйзер -200 маркийн 14-45УНҮ улсын дугаартай автомашинд суурилуулсан, харин салгаж авч яваагүй.

Уг тээврийн хэрэгслийг захирлын хэрэгцээнд гэдэг боловч ЭЯ ны төрийн нарийн бичгийн дарга Мэндсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл унаж ашиглаж байсан. Уг тээврийн хэрэгслийн 1 түлхүүр Мэндсайханд байгаа болно.

Тухайн үед ажиллаж байсан жолооч Шинэбаяр нь төслийн нэгжтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээтэй, уг автомашины эд хариуцагч байсан ба Батбилэгийг ажлаа хүлээлгэн өгөхөд нь тээврийн хэрэгсэлийг суурилуулсан тоног сэлбэгтэй нь аваад үлдсэн.

Харин 4 ширхэг маяк нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ХЗДХС-ын а/292 дугаарын тушаалын хавсралтаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журамд өөрчлөлт орж, тухайн журамд заагдсанаас бусад иргэн, аж ахуйн нэгжийг хэрэглэхийг хориглож, 4.3, 4.4, 5. 2. дугаар зүйлд тус тус зааснаар хураан авч устгалд оруулж журамласан. Үүний дагуу замын цагдаагийн газраас хураан авч устгалд оруулсан юм.

Одоо Мэндсайхан нь уг автомашины дугаарыг нь солиод унаж ашиглаж байгаа юм байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хувьдаа ашигласан зүйл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ төслийн сахүүжилтийг Хөгжлийн банк хийсэн. Энэ төсөлд ЭЯ ямар ч хамааралгүй тул нэхэмжлэх эрхгүй. Иргэний хуулийн ямар үндэслэлээр ЭЯ нэхэмжлэгч болоод байгаа юм бэ. Нэхэмжлэгч гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсан этгээд байх ёстой. Гэтэл ЭЯ ны ямар эрх ашиг нь хөндөгдөөд нэхэмжлэгч болоод байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч ЭЯ нь Д.Б т холбогдуулан 17.268.179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч /ажиллагч/ Д.Б нь Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх нэхэмжлэгч /ажиллуулагч/ ЭЯ нь Таван толгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаж, түүнийг сарын 6.000.000 төгрөгөөр цалинжуулах үүргийг тус тус хүлээжээ./хх-ийн 7-8,144-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2., 360 дугаар зүйлийн 360.1., 360.2.-т тус тус зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх, шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэжээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч /ажиллагч/ Д.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд сарын 6.000.000 төгрөгийн цалинтай ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ./хх-ийн 7, 8, 112, 113-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.1.-д ЭЯ нь холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах талаар холбогдох арга хэмжээ авч түүний биелэлтэд байнга хяналт тавьж ажиллана гэж,

3.1.-д ажиллагч Д.Б нь Таван толгойн төслийн нэгжийг удирдан, төслийн үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг төслийн удирдах хороо, холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах, батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу худалдан авалтын гэрээг байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг төслийн удирдах хороо, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, төслийн нэгжийн ажлын үр дүнг хариуцна гэж,

3.2.-т ажиллагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 132-136-р зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага хүлээнэ гэж тус тус үүрэг хүлээсэн байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно.

1.Төслийн нэгжийн захирал Д.Б нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд ажлын цаг ашиглалт хангалтгүй, 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ирснээр бүртгэн 5,3 сая төгрөгийн цалинг илүү олгосон болох нь Таван толгой цахилгаан станц төслийн нэгжийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн Аудитын тайлан, танилцуулга, цагийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 9, 114-121,130-135-р хуудас/

ЭЯ нь Д.Б ийн ажилаагүй хугацаанд олгосон 5,3 сая төгрөгийн цалинг захирал Д.Б ээр төлүүлж санхүүгийн зөрчилтэй асуудлыг холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх-ээр төслийн удирдах хороонд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн в/4003 дугаартай албан бичгийг явуулж байсан байна./хх-ийн 9-р хуудас/

Иймд Д.Б ийн ажилдаа ирээгүй 49 өдрийн хугацааны 12.045.679 төгрөгийн цалин нэхэмжилснээс 5.300.000 төгрөгийн цалинг хариуцагчаас гаргуулан үлдэх 6.745.679 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй.

2. Төсөл хэрэгжүүлж байх хугацаанд ЭЯ ны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай тушаалаар БНСУ-ын Сөүл хотноо 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах төслийн цаашдын хөгжүүлэлтийн асуудлаарх уулзалт, хэлэлцээрт тус яамны бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзийг томилон оролцуулахаар шийдвэрлэсэн байна./хх-ийн 125-р хуудас/

Дээрх уулзалтад оролцохоор явсан Д.Б , Б.Ерөн-Өлзий нарын тийзний үнэ гэж 2.816.000 төгрөгийг Мон-Аэртур ХХК-ийн дансанд, гадаад томилолтоор явахад 1.636.025,60 төгрөгийг Голомт банкны дансанд тус тус шилжүүлсэн байх бөгөөд Д.Б нь тийзний үнээс зөвхөн өөрт ногдох хэсэг буюу 1.408.000 төгрөгийг төлөх үүрэгтэй. /хх-ийн 13-р хуудас/

Гадаад томилолтоор явахад 1.636.025,60 төгрөг шилжүүлсэнийг Д.Б бүгдийг нь өөртөө зарцуулсан, Б.Ерөн-Өлзий зарцуулаагүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна./хх-ийн 14,15-р хуудас/

Иймд төслийн нэгжийн захирал Д.Б дээд албан тушаалтны шийдвэргүй өөртөө тушаал гаргаж гадаадад томилолтоор ажилласны улмаас учирсан хохирол 3.022.000 төгрөг гэж нэхэмжилсэний 1.408.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, үлдэх 1.614.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.Автомашины түлхүүр хийлгэхэд гарсан 1.040.000 төгрөгийн тухайд:

Таван толгой төслийн нэгжийн Toyota Lexus -570 /УБҮ7002/ маркийн автомашины жолооч Б.Шинэбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг гэрээ байгуулан уг автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцаж тус төслийн нэгжид жолоочоор ажиллаж байжээ./хх-ийн 105-107-р хуудас/

Төслийн нэгжийн захирал Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилаа хүлээлгэж өгөхдөө Toyota Lexus -570 автомашины түлхүүр 2ш, Toyota Land Cruiser 200 автомашины түлхүүр 1ш, hyandai starex автомашины түлхүүр 1 ш-ийг тус тус хүлээлгэн өгчээ. /хх-ийн 112,113-р хуудас/

Таван толгой төслийн нэгжээс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Доктор авто сүлжээ ХХК-иар автомашины түлхүүр 2 ширхэгийг хийлгэн 1.040.000 төгрөгийг төлсөнд Д.Б буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

4.Төслийн нэгжийн худалдан авалт хийх ажлын хэсэг хуралдаж Төслийн хөдөө орон нутагт ажиллах ажлын аюулгүй ажиллагааг хангахад зориулан авто тжжврийн хэрэгслийн нэмэлт тоноглол худалдан авах шаардлага үүссэн тул төслийн барилга байгууламж баригдаж эхлэхээс өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж УБҮ7002 авто тээврийн хэрэгслийн урд, хойд гарыг солих, тоёота ланд 200 авто тээврийн хэрэгсэлд салхи борооны хаялага, лүк болон копутны хаалт, хамгаалалтын нэмэлт тоноглолын худалдан авалт хийхээр болж Золоо авто электроникс ХХК-тай худалдах худалдан авах гэрээг хийх зөвшөөрлийг олгон, 1.160.500 төгрөгийн тоноглолыг худалдан авчээ. /хх-ийн 77, 79-81-р хуудас/

Төслийн нэгжийн захирал Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилаа хүлээлгэж өгөхдөө Toyota Lexus -570 автомашин гүйлт 113823, Toyota Land Cruiser 200 автомашин гүйлт 66055, hyandai starex автомашин гүйлт 105451 гэж 3 автомашин хүлээлгэн өгсөн байх бөгөөд авомашинд суурилуулсан 1.160.500 төгрөгний үнэ бүхий 2 камертай DVR-GPS, 400В чанга яригчийн ком, 4 ширхэг улаан маяк, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг гэрэл, 32 GB-ийн SD картыг хүлээлгэн өгөөгүй тухай бичигдээгүй байх тул Д.Б ийг уг эд зүйлийг салгаж авсан гэж үзэх үндэсгүй. /хх-ийн 112,113-р хуудас/

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Д.Б ээс ажилдаа ирээгүй 49 хоногийн цалин 5.300.000 төгрөг, дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр БНСАУ-д явсан онгоцны тийзний үнэ 1.408.000 төгрөг, нийт 6.708.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЯ анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.560.179 төгрөгийн нэхэмжлэлийн шааардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б ээс 6.708.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭЯ анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.560.179 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122.278 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ   Ч.ИЧИНХОРЛОО