Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 01741

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01741

 

 

МУЭХЯны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01559 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МУЭХЯны хариуцагч Д.Бт холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 17 268 179 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Эрчим Хүчний яамны Тавантолгойн цахилгаан станц Төслийн нэгжийн захирлын албан тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд Хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, дараах санхүүгийн зөрчлийг гаргасан. МУЭХЯны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тавантолгойн цахилгаан станц Төслийн Удирдах Хороонд Үүрэг даалгавар хүргүүлэх тухай в/4003 дугаартай албан бичгийн 2-т Төслийн нэгжийн захирал Д.Б нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад ирсэнээр бүртгэж 5,3 сая төгрөгийн цалин авсан гэж заасан. Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дүгнэлтэд зааснаар 2018 оны 8 дугаар сард 21 өдөр, 9 дүгээр сард 19 өдөр, 10 дугаар сард 9 өдөр нийт ажилдаа ирээгүй 49 өдрийн хугацаанд ногдох 12 045 679 төгрөгийн цалин авч хохирол учруулсан. САГ-2019/57/СТА-ТХН аудитын кодтой Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2018 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн зөрчил болох Төслийн нэгжийн захирал Д.Б дээд албан тушаалтны шийдвэргүй өөртөө тушаал гаргаж, гадаадад томилолтоор ажилласнаас учирсан хохирол 3 022 000 төгрөг; САГ-2019/57/СТА-ТХН аудитын кодтой Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн 2018 санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитаар илэрсэн зөрчил болох автомашины түлхүүр хийлгэснээс учирсан хохирол 1 040 000 төгрөг гэж гарсан. Мөн Төслийн нэгжийн захирлын албан хэрэгцээний Тоёота Ланд круйзер 200 автомашинд зориулан суурилуулахаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан 1 160 500 төгрөгийн үнэ бүхий 2 камертай DVR- GPS, 400В Чанга яригчийн ком, 4 ширхэг улаан Маяк, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг гэрэл, 32гб SD карт гэсэн нэр төрлийн эд хөрөнгийг хариуцагч хүлээлгэн өгөлгүй өөртөө авсан зөрчил илэрсэн. Дээрх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч эд хөрөнгийг буцаан өгөх тодорхой үйлдэл хийсэнгүй. Иймд хариуцагч Д.Бээс 17 268 179 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би МУЭХЯны харьяа Таван толгойн цахилгаан станц Мега төслийн нэгжийн захирлын албан тушаалд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл удирдлагадаа 25 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Ажиллах хугацаандаа өдөр болгон шахуу Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний яам дээр байнга хуралд дуудагдах, яамны бодпого төлөвлөлтийн газрын төлөөлөлтэй төслийн дотоодын хөрөнгө оруулагч MCS ХХК болон банкны удирдлагуудтай уулзах зэрэг өрөөнд суухаас илүүтэйгээр гадуур явж гүйцэтгэх ажил асар их байсан. Гэтэл түүнийг 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж 12 045 676 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. САГ-2019.57 СТА-ТХН аудитын кодтой Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжийн санхүүгийн төслийн аудитаар намайг дээд албан тушаалтны шийдвэргүй өөртөө тушаал гаргаж, гадаадад томилолтоор ажилласнаас учирсан хохирол 3 022 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо ТТЦС Мега төсөлд гадаадын хөрөнгө оруулагчаар оролцох саналаа илэрхийлээд байсан Солонгосын Эрчим хүчний корпораци, зээл олгох Солонгос улсын Экспорт импорт банк, дотоодын хөрөнгө оруулагч ТТЦС ХХК , эрчим хүч худалдан авагч Оюу толгой ХХК-ийн төлөөлөл зэрэг оролцсон маш чухал уулзалт болсон. Харин түүний зардлыг төслийн нэгж хариуцан гаргасан. Энэхүү уулзалтад дэд захирлаа явуулах гэсэн боловч БНХАУ-д албан томилолтоор явсан байсан тул зайлшгүй би явахаас өөр аргагүй болсон. Д.Бийн томилолтын зардлыг Эрчим хүчний яам биш төслийн нэгжээс гаргасан. Иймд 3 022 000 төгрөгний хохирлыг ТТЦС Мега төслийн нэгжид болон Эрчим хүчний яаманд учруулаагүй болно. Төслийн нэгж нь Тоёота Ланд круйзер 200, Лексус 570 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй байсан. Машин тус бүр 2 түлхүүртэй, Лексус 570 маркийн машины 1 ширхэг түлхүүрийг жолооч Шинэбаяр нь хаяж урэгдүүлсэн тул шинээр 1 түлхүүрийг захиалан хийлгүүлсэн. Тоёота Ланд круйзер 200 маркийн машины түлхүүрийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Мэндсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хувьдаа ашиглаж байсан ба төслийн нэгж машинаа буцаан авах үед түлхүүргүй ирсэн. Түүнээс биш дээрхи түлхүүрийг Д.Бийн буруутай үйл ажиллагаа, хувийн автомашиндаа түлхүүр хувилуулан хийлгэснээс болж, байгууллагад хохирол учруулсан асуудал байхгүй, зардлыг төслийн нэгжийн автомашины сэлбэг материалын зардлаас гаргасан байдаг. Д.Б албан хэрэгцээний Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд зориулан суурилуулахаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан 1 160 500 төгрөгний үнэ бүхий 2 камертай DVR-GPS, 400В чанга яригчийн ком, 4 ширхэг улаан маяк, 2 ширхэг их гэрэл, 2 ширхэг гэрэл, 32 GB-ийн SD карт гэсэн нэр төрлийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэр бүхий 1 160 500 төгрөгний үнэ бүхий сэлбэг тоноглолыг Тоёота Ланд круйзер-200 маркийн 14-45 УНҮ улсын дугаартай автомашинд суурилуулсан, салгаж авч яваагүй. Тухайн үед ажиллаж байсан жолооч Шинэбаяр нь төслийн нэгжтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээтэй, уг автомашины эд хариуцагч байсан ба намайг ажлаа хүлээлгэн өгөхөд нь тээврийн хэрэгсэлийг суурилуулсан тоног сэлбэгтэй нь аваад үлдсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хувьдаа ашигласан зүйл байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 6.708.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрчим хүчний яаманд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.560.179 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122.278 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчээс Д.Бт 2018 оны 8,9,10 дугаар саруудад нийт 15 391 304 төгрөгийн цалин олгосон нь баримтаар нотлогдож байхад шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг нягтлан үзэхгүйгээр буруу шийдвэр гаргасан байна. Хариуцагч нь энэ хугацаанд 56 өдрийн цалин хөлс авсан байх бөгөөд үүнээс 49 өдөрт нь ажил тасалсан болох нь тогтоогдож, 7 өдрийн цалин авах ёстой байтал албан тушаалын давуу байдлаа ашиглаж цалингаа бүтэн бодуулж авсан нь үндэслэлгүй. Д.Бийн гадаад томилолтод зориулан олгосон 1.636.025 төгрөгийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. Гадаад томилолтын зардал шилжүүлсэн баримтад хүлээн авагч Д.Б гэж хангалттай тодорхой дурдсан бөгөөд үүнд өөр этгээдийн нэрийг дурдаагүй, мөн зориулалтыг тодорхой дурдсан байдаг. Энэ гадаад томилолтын зардлыг зөвхөн Д.Бт олгосон бөгөөд шүүхээс хариуцагчийн гадаадад томилолтоор ажилласан дээд албан тушаалтны зөвшөөрөлгүй гэж үндэслэл хэсэгтээ дүгнэсэн байна. Мөн 2 ширхэг автомашины түлхүүр, автомашины дохиоллын тоног төхөөрөмжийг авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд үүнээс дохиоллын тоног төхөөрөмжийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэрэглэсний улмаас хураалгасан тухайгаа хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрхээс дүгнэхэд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу үнэлж, үнэн байдалд нийцэхгүй шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Бийг 49 хоног ажил тасалсан атлаа 5 300 000 төгрөгний цалин авсныг буцаан гаргуулахаар шийдсэн. Гэтэл Д.Б нь нэхэмжлэгч Эрчим Хүчний Яамнаас биш “Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжээс цалингаа авдаг байсан. Өөрөөр хэлбэл “Тавантолгой цахилгаан станц төслийн нэгж” нь тусдаа аж ахуйн нэгж юм. Мөн гадаадад томилолтөор ажилсны улмаас учирсан хохирол гэж 1 466 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ ажлынхаа тайланг БНСУ-д томилолтоор ажиллаж ирснийхээ дараа Б.Ерөн-Өлзий, Д.Б нар нь ЭХЯ-д хургүүлсэн ба түүнийг нь яам хүлээн зөвшөөрч, хүлээн авсан талаархи нотлох баримт хэрэгт авагдсан. Эрчим хүчний яамны ямар эрх, хэрхэн зөрчигдөж байгаа тодорхойгүй, нэхэмжлэгч биш гэж үзэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпзлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч МУЭХЯ хариуцагч Д.Бт холбогдуулан 17 268 179 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Талуудын хооронд 2016 оны 9 сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдан хариуцагч Д.Б нь Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд 2018 оны 11 сарын 21-ний өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байна.

Хэргийн 7 дугаар талд авагдсан Хөлсөөр ажиллах гэрээний 1.4-т “Төслийн нэгжийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно” гэжээ. Гэтэл хэрэгт төслийн нэгжийн дотоод журам авагдаагүй байхад Д.Бийг 49 өдөр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн хөлсөөр ажиллах гэрээний маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдыг хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба хэргийн дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01559 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                   Б.НАРМАНДАХ