Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/00971

 

2019 оны 04 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2019/00971 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: А компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: И ХХК -д холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 1,021,521 ам доллар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

 

Хариуцагчийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан компанийн эзэмшиж буй 752,500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: АНУ-ын А компани нь Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай И ХХК-д гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн. Гэвч И ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд тооцоо нийлж И ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Вексель үйлдэж А компанид өгсөн. Уг хэлцлээр И ХХК нь 752,500 ам долларыг А компанид 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 417,500 ам доллар, 2013 оны 7-11 дүгээр сарын хооронд сар бүр 50,000 ам доллар, нийт 250,000 ам доллар, үлдэгдэл 85,000 ам долларыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр баталгаа гаргасан. И ХХК нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, хүү торгуулийг тооцон тус компанийн захирал М цахим шуудангаар нэхэмжлэл явуулж байсан.

 

Их тохойрол ХХК, захирал Уоллос Мэйс, түүний хуульч нарын зүгээс манай явуулж байсан нэхэмжлэлд ямар нэгэн хариу өгөөгүй, төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

 

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Вексельд 752,500 ам долларт жилийн 8%-ийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтрүүлсний торгуульд 5%-ийг төлөхөөр заасан. Их тохойрол ХХК нь үндсэн үүрэг, түүний хүүг огт төлөөгүй тул хэлцэлд заасны дагуу хүү, торгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцож 269.021 ам доллар буюу 536.801.813 төгрөгийг нэмж, үндсэн үүрэгт 752.500 ам доллар буюу 1.501.530.975 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл торгууль 269.021 ам доллар буюу 536.801.813 төгрөг, нийт 2.038.332.788 төгрөгийг Их тохойрол ХХК-иас нэхэмжилж байна. Ам долларын ханшийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханш болох 1995,39 төгрөгөөр тооцсон болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ААТА Интернэйшнл Инк компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал би Их тохойрол ХХК-д холбогдуулан 2,038,332,788 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг дүн нь Их тохойрол ХХК-иас ААТА Интернэйшнл Инк компанид төлөх ёстой төлбөр болох 1,021,521 ам долларыг Монгол банкны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханшаар тооцож хөрвүүлсэн дүн юм. ААТА Интернэйшнл Инк компани болон Их тохойрол ХХК-ийн хооронд хийсэн хэлцэл нь АНУ-д хийгдсэн, хэлцэлд зааснаар үүргийг америк доллараар тооцож хийхээр харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэлийн үнийг өөрчлөхгүйгээр мөнгөний нэгжийг америк доллар болгон өөрчилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АНУ-ын хуулийн этгээд болох ААТА Интернэйшнл Инк компанийн нэхэмжлэлтэй Их тохойрол ХХК-д холбогдох 2,038,322,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг танай шүүхээс хянан гаргуулсантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн Тооцоо нийлэх болон хариуцлагаас харилцан чөлөөлөх тухай гэрээ /цаашид Тооцооны гэрээ гэх/ болон нэхэмжилж байгаа мөнгөн дүнг тодорхойлсон гэрээний хавсралт болох Векселийг гаргаж өгсөн байна. Тооцооны гэрээний 3 дугаар зүйлийн А/2-т Энэхүү тооцооны гэрээг байгуулмагц Даблью Эм майннинг болон Их тохойрол ХХК нь 625,000 ам долларыг төлөх үүрэг бүхий Векселийг хавсралт А-д заасан хэлбэрээр үйлдэнэ гэжээ. Мөн түүнчлэн Тооцооны гэрээний 5 буюу Бусад гэсэн зүйлийн Л заалтад Тооцооны гэрээг хэрэгжүүлэх. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх аливаа үйлдэлд Денвер мужийн Колорадо дүүргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр тохиролцсон бөгөөд тухайн шүүх нь аливаа маргааныг эцэслэн шийдвэрлэх цорын ганц байгууллага байна гэжээ. Гэтэл тооцооны гэрээний хавсралтад А-гийн дагуу 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн Вексеийн 3 дугаар хуудасны эхний догол мөрний хамгийн сүүлд .. гэхдээ тухайн маргаан шийдвэрлүүлэх харьяалал нь цорын ганц биш бөгөөд Төлбөр хүлээн авагч нь өөрийн сонголтоор аливаа маргааныг өөр бусад шүүхэд үүсгэж болно хэмээн үндсэн гэрээтэй зөрчилдсөн заалт оруулжээ.

 

Иргэний эрх зүйд гэрээний үндсэн заалт нь хавсралттайгаа зөрчилдсөн тохиолдолд гэрээний үндсэн заалтыг баримтлах бөгөөд энэхүү зарчим нь Монголын хууль эрх зүйд ч Английн хуулийн дагуу байгуулагдсан гэрээний хувьд ч адилхан баримтлагддаг. Өөрөөр хэлбэл өмнө нь Тооцооны гэрээ хэрэгт авагдаагүй гагцхүү Векселийн зүйл, заалтын дагуу хэрэг үүсгэсэн байсан бол өнөөдөр Тооцооны гэрээ эх хувиараа хэрэгт авагдсанаар энэхүү хэргийг Монголын шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн хувьд үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна.

 

2. Тооцооны гэрээний 5 Бусад гэсэн зүйлийн Ай заалтад Хэрэглэх хууль. Энэхүү Тооцооны гэрээг зөрчилт хэм хэмжээний хууль тогтоомжийн үл харгалзан бусад улсын хууль хэрэглэгдэх байсан ч /АНУ-ын/ Колорадо муж улсын хуулийн дагуу тайлбарлаж хэрэгжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээнээс үүдэлтэй аливаа маргаан зөвхөн АНУ-ын Колорадо муж улсын хууль тогтоомжийг хэрэглэхээр талууд харилцан тохиролцсон байна.

 

3. Талуудын хооронд үүссэн дээрх маргааны үндэс болсон Байгаль орчин болон нийгмийн нөлөөлөх байдлын үнэлгээ нь хариуцагчаас АНУ-ын хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорацтай зээлийн Санхүүжилтийн гэрээг байгуулж, зээл авахад зориулагдсан бөгөөд уг гэрээг 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Уг санхүүжилтийн гэрээний 7.02 дугаар заалт Өр төлбөр гэсэн гарчиг бүхий заалтад дараах агуулгатай зүйлс тусгагдсан байна. 7.02 дугаарт Өр төлбөр: Зээлдэгч нь зээлийн өр төлбөрөөс бусад дараах өр төлбөрийг үүсгэх, бий болгохыг зөвшөөрөх, баталгаа гаргахгүй. Үүнд:

а. зээл;

в. Бизнесийн хэвийн үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээг худалдан авахтай холбогдох зээлийн хэмжээ нь 100,000 ам доллароос хэтрэхгүй нөхцөлөөр 90 өдрөөс хэтрэхгүй хугацаанд бүрэн төлбөл зохих өр төлбөр;

с. Валютын ханш унах эрсдэлээс хамгаалах зорилгоор OPIC-ийн хүлээн зөвшөөрвөл зохих хэлбэр болон агуулгаар байгуулах нэг ба түүнээс дээш Валютын эрсдэлээс хамгаалах гэрээ, хэлцэлтэй холбогдох өр төлбөр;

d. хавсралт 7.02-т тусгасан зээлийн өр төлбөр.

Ингэхдээ дээр дурдсан аль ч зээлийн өр төлбөрийн нөхцөл нь Зээлдэгчийн 6.10-д заалтад заасан санхүүгийн хувь хэмжээг дагаж мөрдөх үүргийг зөрчихөд хүргэхгүй. Өөрөөр хэлбэл, ОПИК-той Санхүүжилтийн гэрээ байгуулснаар Монголын Их тохойрол ХХК нь ОПИК буюу Зээлдүүлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр Тооцооны гэрээ байгуулах эрх хэмжээгүй байсан бөгөөд ингэж байгуулсан гэрээ нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Энэ тохиолдолд Тооцооны гэрээний 5 дугаар зүйлийн Эф заалтад заасан Тусгаарлах. Хэрэв энэхүү тооцооны гэрээний аль нэг заалт, хэсэг нь ямар нэг шалтгаанаар хүчин төгөлдөр бус, эсхүл хэрэгжих боломжгүй бол Тооцооны гэрээний үндсэн хэсэг нь хүчин төгөлдөр байна. гэж заасны дагуу Монгол улсын Их тохойрол ХХК-тай холбоотой Тооцооны гэрээний зүйл заалт, хэсэг нь хүчин төгөлдөр бус байх юм.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үнэхээр Монголын хуулийн дагуу энэ хэргийг шийдвэрлэж байна гэж үзэх юм бол 2012 оны 12 дугаар сарын вексель ярих нь зөв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан үндсэн нотлох баримт бол 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гаргасан Вексель юм. Монгол Улсын Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн гэж тодорхойлсон байна.

 

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Векселийн бүрдүүлбэр болох 11 зүйлийг заасан байна. ААТА Интернейшнл Инк компаний эзэмшиж буй Вексель нь бүрдүүлбэрийн дараах заалтуудыг хангахгүй байна. Үүнд: Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т Төлбөр хариуцагчийн нэр, хаяг, төлбөр хийх банкин дахь харилцах дансны дугаар /энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр адилхан байна/ гэсэн байхад Вексельд төлбөр хийх харилцах дансны дугаарыг тусгаагүй байна. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т Төлбөр гүйцэтгэх газар, төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаяг гэсэн байхад төлбөр гүйцэтгэх газрыг тодорхойлоогүй, хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаягийг тусгаагүй байна.

 

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т "Вексельд заасан төлбөрийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ. /Векселийн тухай хуулиас/ гэсэн бичвэр байх ёстой гэж хуульчилсан байхад энэ бичвэр Вексель дээр байдаггүй. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Векселийн загвар, хэрэглэх журмыг Монголбанк тогтооно гэж заасан байна. ААТА Интернэйшнл Инк компанийн эзэмшиж буй Вексель нь Монгол банкнаас батлагдсан загварын дагуу хийгдээгүй байна. Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу, мөн зүйлийн 3-т векселийг батлагдсан загвар бүхий маягтан дээр бичээгүй нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж тус тус заасан байна. Вексель бичигч нь Вексель гаргах гэж байгаагаа Монгол банкинд бүртгүүлж батлагдсан загварын дагуу Векселийн маягтыг худалдан авч Вексел үйлдэх журамтай. ААТА Интернэйшнл Инк компанийн эзэмшиж буй Вексель нь дээрх журмын дагуу гаргаагүй байна. Иймд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан ААТА Интернэйшнл Инк компанийн эзэмшиж буй 752,500 ам.долларын Векселийг Монгол Улсын Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ААТА Интернэйшнл Инк компанийн өмнө хүлээсэн үүргийг үл маргах журмаар төлж барагдуулахаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Их тохойрол ХХК нь АНУ-ын Колорадо мужид бүртгэлтэй, одоогийн Их тохойрол ХХК-ийн толгой компани болох Даблью Эм Майнинг компани ХХК / WM Mining Company LLC / -тай хамтран Вексель бичиж өгсөн байдаг. Энэхүү векселийг АНУ-ын 1933 оны Үнэт цаасны хууль, түүнд орсон нэмэлтийн дагуу болон мужийн бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн байна. Даблью Эм Майнинг ХХК болон Их тохойрол ХХК-ийн захирал нь ноён Уоллос Мэйс бөгөөд тэрбээр Монгол улсад байнга оршин сууж байсан тул Вексель эзэмшигч нь өөр харъяалалтай аливаа шүүхэд хандаж болно. Вексель бичигчдийн үүрэг нь хамтын болоод дангаар хүлээх үүрэг байна гэж Вексельд заасны дагуу ААТА Интернэйшнл Инк компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-т зааснаар Монгол улсад бүртгэлтэй Их тохойрол ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг вексельд Энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж заасан. Ингэснээр Векселийн хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч Монгол улсын шүүхэд маргахгүй байхаар өөрсдийн бичиж өгсөн хэлцэлд тусгажээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ААТА Интернэйшнл Инк компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал нь Их тохойрол ХХК-д холбогдуулан 1,501,530,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү, торгуульд 269,021 ам доллар буюу 536,801,813 төгрөг нийт 2,038,332,788 төгрөгийг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч 1,021,520 ам доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Хариуцагч Их тохойрол ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад векселийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй гэж тус тус маргаж байна.

 

1.       Үндсэн нэхэмжлэл болох 1,021,521 ам доллар гаргуулах шаардлагын тухайд:

 

АНУ-ын хуулийн этгээд ААТА Интернэйшнл Инк компани болох Даблью Эм Майнинг компани Монгол улсын хуулийн этгээд болох Их тохойрол ХХК нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хүрээлэн буй орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зардлын зөвшөөрөл 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Харилцан чөлөөлөлт ба Эвлэрлийн гэрээ-г тус тус байгуулжээ.

 

Харилцан чөлөөлөлт ба Эвлэрлийн гэрээний А заалтад 800,000 ам долларыг жилийн 8 хувийн хүүтэй төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг байгуулмагц 175,000 ам долларыг төлөх, үлдэгдэл 625,000 ам долларт гэрээний хавсралт Ад Вексель үйлдэхээр, 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 625,000 ам.долларын төлөгдөөгүй үндсэн дүнгээс төлөгдөөгүй хугацаагаар жилийн 8% тогтмол хүү тооцож төлөхөөр, Векселийн дагуу хэсэгчлэн хугацаа зааж төлөх, үлдэгдэл төлбөрийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар тохиролцож Вексель бичигдэж ААТА Интернэйшнл Инк компанийг төлөөлж Ж, хүлээн авсан WM Mining ХХК Уоллос Мэйс гэж гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1-д Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна. гэж заажээ.

 

Зохигчдын тохиролцсоноос үзэхэд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 625,000 ам долларын өрд бичигдсэн вексельд, 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, талуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж буй Вексельд заасан үнийн дүн дээр нэмэлт гэрээнд тусгагдсан зардлыг тусгаж, векселийн үнийн дүнг өөрчилж 752.500 ам долларыг жилийн 8%-ийн хүүтэйгээр, хугацаа хожимдуулсан тохиолдолд 5%-ийн торгууль төлөхөөр 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр вексель бичиж гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болжээ.

 

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бичигдсэн векселд Энэхүү векселийг ААТА интернэйшнл Инк компанид 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн векселийн үндсэн хэмжээ, хуримтлагдсан хүү болон бусад төлбөр ба дүнг нэгтгэн энэ векселийн эхэнд заасан үндсэн дүн болсоныг вексель бичигч баталж байна, Энэхүү векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулан. Колорадо мужид байрлах холбооны болон мужийн шүүх нь энэхүү шийдвэрлэх эрх мэдлийн байгууллага болохыг вексель Бичигч, түүний төлөөлөгч, батлан даагч зөвшөөрч байгаа ба, үүнийг хэрэгжүүлснээр, сайн дураар уг шүүхэд хандана, гэхдээ уг шүүхийн харьяалал нь онцгой харьяалал биш бөгөөд вексель Эзэмшигч нь өөр харьяалалтай аливаа шүүхэд хандах эрхтэй. гэж тохиролцсоноос үзэхэд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэж үзэв.

 

Векселийн дээрх агуулгаас үзэхэд нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

 

Талуудын хооронд үйлдэгдсэн /бичигдсэн/ Вексель болон Колорадо мужийн захиргааны гэрчилгээг гэрчилсэн Апостиль гэрчилгээ нь Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц, Гадаад харилцааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/42 дугаартай тушаалаар батлагдсан Баримт бичиг баталгаажуулж Апостиль гэрчилгээ олгох журам-д нийцсэн байна.

 

АНУ-ын ААТА Интернэйшнл Инк компани нь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсад бүртгэлтэй Их тохойрол ХХК-д гэрээний дагуу ажил гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул талууд тооцоо нийлж 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх векселийг үйлдсэн, хүчинтэй эсэх талаар талууд маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Их тохойрол ХХК-ийг 2016-2017 онд худалдан авахад вексель байсан талаар төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараас үзэхэд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр вексель бичигдсэн байсныг үгүйсгээгүй болно.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс АНУ-ын Колорада мужийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны цахим хаягт хийсэн үзлэгээр компани зөвхөн нэг хувьцаа эзэмшигчтэй тул захирлуудын зөвлөл нь нэг хүн байх бөгөөд тэр нь доор хүн Жон Ж Аронсан, Их тохойрол ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь Даблью Эм Майнинг ХХК /WM Mining/- ийн захирал М болох нь тус компанийн дүрмээр нотлогдож байна. /1хх-ийн 77, 94-98 дугаар талууд/

 

Вексель гэж төлбөр хариуцах этгээдээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримт тул вексель эзэмшигч төлбөр шаардах эрхтэй.

 

Хариуцагч /вексель бичигч/ Их тохойрол ХХК нь нэхэмжлэгч /вексель эзэмшигч/ ААТА Интернэйшнл Инк компанид үндсэн үүрэгт 752,500 ам доллар, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүү 165,551 ам доллар, торгууль 103,470 ам долларыг төлөх үүрэгтэй болох нь Вексель, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./1 хх-ийн 14-27,6-13 дугаар талууд/

 

Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 1,021,521 ам долларыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно. гэж зааснаар хариуцагч Их тохойрол ХХК-иас гаргах төлбөрийг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу Монгол банкнаас зарласан ханш /2016.02.12/ 2018.82 төгрөгт тооцон 2,062,267,025 төгрөгийг Их тохойрол ХХК-аас гаргуулж ААТА Интернэйшнл Инк компанид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлын тухайд:

 

Хариуцагч Их тохойрол ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр бичигдсэн 752,500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг ААТА Интернэйшнл Инк компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Зохигчид 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дээрх вексель бичигдсэн, векселийн хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.2-т Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно., 548.3-т хэлцэл хийж байгаа этгээдүүд өөр өөр улсад оршин суудаг бөгөөд аль нэг улсын хуулиар тогтоосон хэлцлийн хэлбэрийг харилцан тохиролцож баримталсан бол тухайн хэлцэл нь хэлбэрийн хувь хүчин төгөлдөр байна. гэж заажээ.

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Вексель нь вексель гэсэн бичвэр, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр төлөх тухай бичсэн заалт, эсхүл тэр хэмжээний мөнгөн хөрөнгө төлөхийг баталсан төлбөр хариуцагчийн зөвшөөрөл, энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр, төлбөр гүйцэтгэх газар, төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаяг, төлбөр гүйцэтгэх валютын нэр, төлбөр гүйцэтгэх хугацаа, вексель бичсэн он, сар, өдөр, вексель бичигчийн нэр, хаяг, гарын үсэг; гэсэн бүрдүүлбэртэй байна. зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан, Иргэний хууль болон Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журам-д нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.4-т Монгол улсын хуулийн шаардлагыг хангасан бөгөөд гадаадад хийсэн хэлцлийг зөвхөн хэлбэр зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй., Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т тус тус гэж зааснаар Их тохойрол ХХК /вексель бичигч/, ААТА Интернэйшнл Инк компани /вексель эзэмшигч/-уудын хооронд бичигдсэн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 752,500 ам долларын векселийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх тул Их тохойрол ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,115.2.3., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1., Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Их тохойрол ХХК-аас 2,062,267,025 /хоёр тэрбум жаран хоёр сая хоёр зуун жаран долоон мянга хорин таван/ төгрөгийг гаргуулж ААТА Интернэйшнл Инк компанид олгосугай.

 

2. Иргэний хуулийн 546 дугаар зүйлийн 546.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 752,500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Их тохойрол ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ААТА Интернэйшнл Инк компаниас улсын тэмдэгтийн хураамжид 10,126,664 төгрөг төлөхөөс 7,663,605 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2,463,059 төгрөг төлөхийг, хариуцагч Их тохойрол ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7,663,605 төгрөг төлөхийг тус тус хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч Их тохойрол ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7,663,605 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 10,126,664 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 181/ШЗ2016/18674 дугаар бүхий Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй тал болох хариуцагчийн төлөөлөгчид шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ГАНЧИМЭГ