Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00410

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00441 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1363 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “И” ХХК-д холбогдох,

2 038 332 788 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “А” ХХК-ийн эзэмшиж буй 752 500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиунаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

АНУ-ын ­­“А” компани нь Монгол улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК-нд гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн. Гэвч “И” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулаагүй тул талууд тооцоо нийлж “И” ХХК 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Вексель үйлдэж “А” компанид өгсөн. Уг хэлцлээр “И” ХХК нь 752 500 ам.долларыг “А” компанид 2013 оны 03 дугаар сарын 31-нд 417 500 ам.доллар, 2013 оны 7-11 дүгээр сарын хооронд сар бүр 50 000 ам.доллар, нийт 250 000 ам.доллар, үлдэгдэл 85 000 ам.долларыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр баталгаа гаргасан. 

“И” ХХК нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр, хүү торгуулийг тооцон тус компанийн захирал Уоллос Мэйсийн цахим шуудангаар нэхэмжлэл явуулж байсан. “И” ХХК, захирал Уоллос Мэйс, түүний хуульч нарын зүгээс манай явуулж байсан нэхэмжлэлд ямар нэгэн хариу өгөөгүй. 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Вексельд 752 500 ам.долларт жилийн 8 хувийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй бол хугацаа хэтрүүлсний торгуульд 5 хувийг төлөхөөр заасан. “И” ХХК нь үндсэн үүрэг, түүний хүүг огт төлөөгүй тул хэлцэлд заасны дагуу хүү, торгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар тооцож 269 021 ам.доллар буюу 536 801 813 төгрөгийг нэмж, үндсэн үүрэгт 752 500 ам.доллар буюу 1 501 530 975 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл торгууль 269 021 ам.доллар буюу 536 801813 төгрөг, нийт 2 038 332 788 төгрөгийг “И” ХХК-иас нэхэмжилж байна. Ам.долларын ханшийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ханш болох 1 995.39 төгрөгөөр тооцсон болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Вексельд Вексель бичигч гэдэгт “И” ХХК болон “WM Mining” компанийг дурджээ. “WM Mining” компани нь АНУ-ын Колорода мужид бүртгэлтэй хуулийн этгээд болохыг ч уг Вексельд дурджээ. Векселийн 9 дүгээр зүйлийн доор “Энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг АНУ-ын Колорода мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна” гэж заасан. Энэ Вексельтэй холбоотой шийдвэрүүдийг Колорода мужид байрлах холбооны болон мужийн шүүх шийдвэрлэх тухай заасан байна. Талууд аль улсын ямар хууль тогтоомж, эрх зүйн эх сурвалжийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх, хаанахын ямар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эсэхээ Вексельдээ тусгаж тохиролцсон байна. Энэ тохиролцоонд Вексельтэй холбоотой маргааныг Монгол Улсын үндэсний хууль тогтоомжоор Монгол Улсын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх үг, үсэг байдаггүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. Талууд маргаанаа хэрхэн шийдвэрлэх болон харъяаллын талаар тохиролцсон байх бөгөөд тэр нь Монгол Улсын шүүхийн харъяалал биш байхаас гадна маргаан шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын үндэсний хууль тогтоомжууд биш байгаа байдал, АНУ-ын Колорода мужийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг Монгол Улсын шүүх хэрэглэх нь хуулиар хязгаарласан нөхцөл байдлууд тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гаргасан үндсэн нотлох баримт бол 2012 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гаргасан Вексель юм. Монгол Улсын Векселийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Вексель” гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн гэж тодорхойлсон байна. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Векселийн бүрдүүлбэр болох 11 зүйлийг заасан байна. “А” компанийн эзэмшиж буй Вексель нь бүрдүүлбэрийн дараах заалтуудыг хангахгүй байна. Үүнд: Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т төлбөр хариуцагчийн нэр, хаяг, төлбөр хийх банкин дахь харилцах дансны дугаар /энгийн вексельд төлбөр хариуцагч болон вексель бичигчийн нэр адилхан байна/ гэсэн байхад Вексельд төлбөр хийх харилцах дансны дугаарыг тусгаагүй байна. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т төлбөр гүйцэтгэх газар, төлбөр хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаяг гэсэн байхад төлбөр гүйцэтгэх газрыг тодорхойлоогүй, хариуцагчийн харилцах данс байгаа банкны нэр, хаягийг тусгаагүй байна.

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11-т Вексельд заасан төлбөрийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ. /Векселийн тухай хуулиас/ гэсэн бичвэр байх ёстой гэж хуульчилсан байхад энэ бичвэр Вексель дээр байдаггүй. Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Векселийн загвар, хэрэглэх журмыг Монголбанк тогтооно гэж заасан байна. “А” компанийн эзэмшиж буй Вексель нь Монголбанкнаас батлагдсан загварын дагуу хийгдээгүй байна. Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу, мөн зүйлийн 3-т векселийг батлагдсан загвар бүхий маягтан дээр бичээгүй нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заасан байна. Вексель бичигч нь Вексель гаргах гэж байгаагаа Монгол банкинд бүртгүүлж батлагдсан загварын дагуу Векселийн маягтыг худалдан авч Векселээ үйлдэх журамтай. “А” компанийн эзэмшиж буй Вексель нь дээрх журмын дагуу гаргаагүй байна. 

Иймд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “А” компанийн эзэмшиж буй 752 500 ам.долларын Векселийг Монгол Улсын Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

“А” компанийн өмнө хүлээсэн үүргийг үл маргах журмаар төлж барагдуулахаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК нь АНУ-ын Колорода мужид бүртгэлтэй, одоогийн “И” ХХК-ийн толгой компани болох “Даблью Эм Майнинг” ХХК /WM Mining Company LLC/-тай хамтран Вексель бичиж өгсөн байдаг. Энэхүү векселийг АНУ-ын 1933 оны Үнэт цаасны хууль, түүнд орсон нэмэлтийн дагуу болон мужийн бусад хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн байна. “Даблью Эм Майнинг” ХХК болон “И” ХХК-ийн захирал нь ноён Уоллос Мэйс бөгөөд тэрбээр Монгол Улсад байнга оршин сууж байсан тул Вексель эзэмшигч нь өөр харъяалалтай аливаа шүүхэд хандаж болно, Вексель бичигчдийн үүрэг нь хамтын болоод дангаар хүлээх үүрэг байна гэж Вексельд заасны дагуу “А” компани Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1-д зааснаар Монгол Улсад бүртгэлтэй “И” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг вексельд энэхүү Векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг Колорода мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна гэж заасан. Ингэснээр Векселийн хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч Монгол Улсын шүүхэд маргахгүй байхаар өөрсдийн бичиж өгсөн хэлцэлд тусгажээ. 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00441 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3, Векселийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан “И” ХХК-иас 2 038 332 788 төгрөгийг гаргуулан “ААТА интернейшнл инк” компанид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 752 500 ам.долларын Векселийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ААТА интернейшнл инк” компаниас улсын тэмдэгтийн хураамжид 10 126 664 төгрөг төлөхөөс 7 663 605 төгрөг төлснийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2 463 059 төгрөг төлөхийг, хариуцагч “И” ХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг төлөхийг тус тус хойшлуулсан болохыг дурдаж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 663 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, 10 126 664 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1363 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00441 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 349 613 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Зохигчдын хооронд байгуулсан хэлцэл буюу Вексельд зааснаар уг векселийн хүчин төгөлдөр байдал, түүний бүтэц, үйлчлэлийг АНУ-ын Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулахаар заасан боловч шүүхийн харъяалал нь онцгой харъяалал биш, Вексель эзэмшигчийн сонголтоор өөр шүүхэд хандаж болох тухай зохицуулалтыг мөн тусгаж өгсөн. Ингэснээр Вексель бичигч нь хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд Вексель эзэмшигч Монгол улсын шүүхэд хандах эрх нь нээлттэй бөгөөд шүүх түүнийг хүлээн авч ердийн журмаар Монгол улсын хууль тогтоомжийг хэрэглэн хэргийг шийдвэрлэх боломжийг бий болгосон юм. Энэ нь шүүх хэргийн оролцогчийн гэрээний эрх чөлөөнд хөндлөнгөөс оролцохгүй байж, эрх үүргийг нь хязгаарлахгүй байх зарчимд нийцнэ. Иргэний хуулийн 540 дүгээр зүйлийн 540.1-д шаардлагатай бол шүүх гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэж болох талаар зохицуулсан. Энэ нь заавал хэрэгжүүлэх императив хэм хэмжээ биш бөгөөд шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр шаардлагатай эсэхийг үнэлж, дотоодын эсхүл гадаадын хууль тогтоомжийг аль нэгийг сонгон хэрэглэж шийдвэрээ гаргах боломжтой юм. Харин 541 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь дээрх 540 дүгээр зүйлээс урган гарах дараагийн харилцааг зохицуулж байгаа ба хэрэв шүүх гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн бол Иргэний хуулийн 541 дүгээр зүйлийн зохицуулалт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болох юм. Анхан шатны шүүх гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэнийг Давж заалдах шатны шүүх гадаад улсын хууль тогтоомжийг хэрэглэх шаардлага нь чухам юу вэ гэдгийг тодорхойлохгүйгээр шууд буруутган шийдвэрийг хүчингүй болгох нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр гаргах дотоод итгэл үнэмшил, хараат бус байдлыг хөндөж байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 540, 541 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг. Талуудын хооронд өмнө хийгдэж байсан гэрээ, хэлцлүүд, түүний төлбөрийн талаарх баримтыг гаргуулах нь угаасаа энэ хэрэгт ач холбогдолгүй юм. Учир нь талууд өмнөх гэрээний харилцаанаас үлдсэн өр төлбөрийг тооцоо нийлэх замаар хамгийн сүүлийн Векселийг үйлдсэн ба Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүрэг нэгэнт дуусгавар болсон тул энэ талаарх баримт нь гаргуулах хүсэлт нь үндэслэлгүй. Нөгөө талаар уг баримтууд нь хариуцагчид өөрт нь байх ёстой баримтууд байх тул шүүхийн журмаар цуглуулах нотлох баримт биш.

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч сүүлийн Векселиэр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй гэж тодорхойлж байхад “WM Mining” компаниас “А” компанид төлбөр төлсөн, уг төлбөрийн баримтыг гаргуулна гэсэн хүсэлт нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгдөж байгаагүй учир тийм баримт гаргах боломжгүй юм. “WM Mining” компани болон “И” ХХК нь нэг эзэнтэй компани болох нь Вексельд Уоллос Мэйс хэмээн хоёр компанийг төлөөлөн нэг хүн гарын үсэг зурснаар тогтоогдох бөгөөд хэрэв төлбөр төлж байсан бол түүний баримт нь энэ хоёр компанийн эзэнд байх учиртай. Бид нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сард гаргасан ба үүнээс хойш 1 жил гаруй хугацаанд хариуцагч өөрийн татгалзлыг нотлох баримт хэрэв байсан бол гаргаж өгөх хугацаа, боломж хангалттай байсан. Өөрөөр хэлбэл уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан өөрөө олж авах боломжгүй баримт биш юм. Ийм учир анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн 1363 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч АНУ-ын хуулийн этгээд болох “ААТА интернейшнл инк” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “И” ХХК-иас векселийн төлбөрт 752 500 ам.доллар буюу 1 501 530 975 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж, хүү, торгуульд 269 021 ам.доллар буюу 536 801 813 төгрөгийг нэмж нэхэмжилжээ. Хариуцагч “И” ХХК шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна маргааны зүйл болж буй векселийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Вексель гэж төлбөр хариуцах этгээдээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлдэг. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн учир энэхүү баримтын дагуу вексель эзэмшигч  төлбөр шаардах эрхтэй.

Векселийн дагуу шаардлага гаргах эрх нь үл маргах журамтай холбоотой боловч векселийн үндэслэл болсон эрх зүйн харилцаа, уг харилцааг үүсгэсэн гэрээ, уг гэрээний нөхцөл, агуулга, хэрэгжилт тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна. Учир нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн дээрх вексельд вексель бичигчээр буюу төлбөр хариуцагчаар АНУ-ын хуулийн этгээд болох “Даблью Эм Майнинг” компани, Монгол Улсын хуулийн этгээд болох “И” ХХК гэж хоёр этгээд оролцсон ба эдгээр хоёр хуулийн этгээдийг төлөөлж нэг хүн буюу АНУ-ын иргэн Мэйс Уоллос Майкл гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэгч “ААТА интернейшнл инк” компани нь векселийн төлбөрийг зөвхөн “И” ХХК-иас шаардаж байгаа ба вексельд гарын үсэг зурсан этгээд ийнхүү уг компанийг төлөөлөх эрхтэй байсан эсэх, өрийг хүлээн зөвшөөрч вексель бичих болсон үндэслэл ямар харилцаанаас үүдэлтэй болох нь тодорхой бус байна.

Вексельд “Монголд И Олборлолтын Төслийн Хөвөгч дээр суурилсан Баяжуулагч Нэгж барьж байгуулахад шаардагдах санхүүг хүлээн авах эсхүл санхүүжүүлсэн өдөр 417 500 ам.долларыг төлөх” талаар зааснаас өөрөөр зохигчийн хооронд ямар харилцаа үүссэн байснаас вексель бичигдсэн болох нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгчээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт албадан гаргуулах тухай  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх тодорхой үндэслэл заалгүй хангахаас татгалзсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журмыг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болох учир анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.-т заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна.

 

“И” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дүрэмд зааснаар уг компанийн үүсгэн байгуулагч нь АНУ-ын “Даблью Эм Майнинг” компани байх ба үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Уоллос М.Майс \Уаллас М.Мэйс\ байна. Гэтэл “И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг компани 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэрчилгээг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дахин олгосон байна. Компанийн дүрмийн сан гэрчилгээнд зааснаар 12 000 000 төгрөг байх ба дүрэмд 10 000 ш хувьцаа нь нийт 100 000 ам.долларын үнэтэй байна.

“И” ХХК-ийн эрх зүйн байдал, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх тодорхой бус байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байна.

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах хуулийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөр дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 540, 541 дүгээр зүйлүүдэд заасан гадаад улсын хууль, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэх тухай зохицуулалтыг уялдаа холбоотой хэрэглэхийн тулд шүүх вексельд заасан талуудын тохиролцоог анхааралтай судалж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах журмыг баримтлах шаардлагатай.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй вексельд хэрэглэх хууль, маргааныг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тодорхойлсон байх ба эдгээр нь нэг векселийн агуулга, хэрэгжилттэй холбоотой боловч өөр хоорондоо ялгаатай байна. Тухайлбал, “векселийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, бүтэц, үйлчлэл болон бусад холбогдох зүйлсийг АНУ-ын Колорадо мужийн хууль болон шийдвэрээр зохицуулна”, “Колорадо мужид байрлах холбооны болон мужийн шүүх нь энэхүү векселийн дагуу албадан биелүүлэх, хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааг шийдвэрлэх шүүх эрх мэдлийн байгууллага”, “гэхдээ уг шүүхийн харьяалал нь онцгой харьяалал биш бөгөөд вексель эзэмшигч нь өөр харьяалалтай аливаа шүүхэд хандах эрхтэй” гэж заажээ.

Эрх зүйн ямар асуудлаар аль улсын хууль баримтлах, улмаар шүүхэд хандах талаар талууд хэрхэн тохиролцсон болохыг шүүх үндэслэлтэй тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189, 190 дүгээр зүйл, Иргэний хуулийн 549 дүгээр зүйлд нийцсэн, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1363 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН