Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, Залуус хотхон 22 дугаар байр 54 тоотод байрлах “Есөн гол Эрдэнэ” ХХК-д холбогдох

 “Ажиллаж байсан хугацааны цалин 18,000,000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Борис, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Борис шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Монгол Улсын иргэн Ц.Борис би “Есөн гол Эрдэнэ” ХХК-ийн захирал тэй хамтран ажиллахаар болж түүнд бүхий л чадлаараа хүчин зүтгэж, ажил, ажил мэргэжлийн ур чадвараа гаргаж, туслаж, дэмжиж хөдөлмөрлөсөн бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн энэ хүний удирдлаган дор ажиллаж эхэлсэн билээ. Энэ цаг мөчөөс эхлэн *******,*******, 8 дугаар багийн 11 дүгээр хороололд орон сууцны зориулалттай 6 давхар 3 блок бүхийн 180 айлын орон сууцны байшинг барьж ашиглалтанд оруулахад миний бие талбайн техникч мэргэжлээр ажиллаж, талбай дээр ажиллаж буй ажилчдыг мэргэжлийн удирдлагаар ханган удирдан ажиллуулсан юм. 2014 оны 04 дүгээр сарын хооронд 180 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед “Бет-Андууд” ХХК-д гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан юм. Энэ үед ажиллаж байсан “Бет-Андууд” ХХК-ийн Ерөнхий захирал М.Мэндбаттай маргалдаж муудалцсаны улмаас 2014 оны 04 дүгээр сарын 24-нд ажилгүй болж ажлаас халагдсан юм. Энэ нь мөн намайг Ж.Бат-Эрдэнийн хүн гэж тооцон ажилгүй болгосон болно. Миний зүгээс ажлын талбай дээр ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй амжилттай ажилласан билээ. 2014 оны 05 дугаар сараас эхлэн бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн*******ын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар тогтсон билээ. Энэ хугацаанд бид хоёр 2014 онд тендерийн ажил хөөцөлдөхөөр ******* руу хамт явж 3-4 сарыг өнгөрөөсөн юм. 2015 оны 07 дугаар сараас Төрийн орон сууцны корпорацийн хөтөлбөрт хамрагдах 1000 айлын орон сууцны 9 давхар барилгын 1 блок 63 айлын орон сууцны суурийн ажлаас нь эхэлж, арматур, мужааны ажлыг хийж, хүн хүч боловсон хүчнийг бүрдүүлж, ажлыг эхлүүлэн бүрэн цутгамал 9 давхар барилгын карказыг цутгаж, заслын ажил орон хэмжээнд хүртэл хийж гүйцэтгэж дуусгасан. Энэхүү ажлыг хийж эхлүүлэхэд захирал надад 1 сарын ажлын хөлс цалинд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн бөгөөд би 2 өрөө байранд нь амьдарч өөрийн орон сууцтай болсон учраас надад цалин хөлс болно гэж бодоод нэг сая төгрөгийг хүлээн зөвшөөрч ажилласан юм. Үүний хөдөлмөр хөлсөн огт би цалин аваагүй юм. Би тэй хамтран ажилласан хугацаандаа 2016 оны 06 дугаар сарыг хүртэл цувуулж авсан мөнгө, биет төгрөг 2,300,000 төгрөг болж байна. Тэрээр анхнаасаа л хоёулаа бүх зүйлийн ард гарна гэж намайг урамшуулж хамтран ажилласаар ирсэн. Би түүнд цалин хөлсгүй ажилласаар ирсэн нь миний буруу биш гэж бодож байна. Би захирал “Би Цалингийн зээл авсан, цалингүй ажиллах надад хэцүү байна” гэхэд “За ямар ч байсан түр хүлээ, хоёулаа энэ ажлын ард гарсан хойно өргүй болж сайхан амьдарна” гэж хэлж “гэр орныхон чинь дулаан байранд тохитой байгаа, чи ажлаа сайн хий, тэгвэл хоёулаа болно” гэж ярьсаар итгүүлсээр л байсан. Энэ бүгдийг бодоод намайг хуурахгүй хэлсэндээ хүрнэ байх гэж бодоод ажиллаж явахад 2016 оны 05 дугаар сард ажил дээр ирж надтай уулзаад “би эхнэрээсээ салахаар болж байна” гээд намайг “байраа суллаж өг” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би “ажилласан хугацааныхаа цалинг авъя” гэж хэд хэдэн удаа хэлж хандсан, би байрнаас чинь гарахаар гэр оронгүй байна, надад ажилласан цалин, хөлсийг минь бүрэн гүйцэт өгөөд дээр нь өөрийн боломжоороо мөнгө  өг, тэгвэл би байрыг чинь суллаад өгье гэтэл надад олон жилийн цалин хөлс өгөх нь битгий хэл утсаа авч ярихаа больсон. 2014 оноос хойш бид хоёр цуг явахад надад өгсөн мөнгө гэвэл: хамгийн их мөнгө өгсөн нь л 600,000 төгрөгөөр үхрийн мах авч өгсөн, тэгээд увуулж, цувуулж 50,000 төгрөг, 100,000 төгрөг, 200,000 төгрөг, 300,000 төгрөг тус тус өгсөн боловч энэ мөнгө нь нийлээд 2,500,000 төгрөг ч хүрэхгүй байна. тэрээр анх 2014 оны 09 дүгээр сард *******,*******,*******, Залуус хотхоны 22 дугаар байрны 44 тоот 2 өрөө орон сууцыг надад цалин болгохоор хэлцлийн үр дүнд өгсөн юм, тэрээр уг байраа бцаан авахаар болсон гэх тул өөрийн ажилласан үеийн хөдөлмөрийн хөлсөө нэхэмжилж авахаар хүсэлт гарган хандав. Түүнтэй ажилласан үеүүдэд би бодохдоо “энэ хүн мөнгөгүй байхад би энэ хүнээс мөнгө нэхэж зовоогоод яахав, намайг ойлгож цалин мөнгийг өгөх л байлгүй” гэж бодсоор өнөөдрийг хүрсэн, цаашид би түүнээс цалин авч чадахгүй болж байгаа тул миний түүнтэй хамтран ажилласан үеийн буюу 2014 оны 05,06,07,08 дугаар саруудын, 2015 оны 07,08,09,10 дугаар саруудын, 2016 оны 04,05 дугаар саруудын цалин авах ёстой байсан 18,000,000 төгрөгийг эс гаргуулж, хөдөлмөрийн хөлсийг надад олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: 2014 оны 05 дугаар сараас эхлэн бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн*******ын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар болж, 2015 оны 05 дугаар сарын 12-нд 100,000 төгрөг цалингийн урьдчилгаа авсан. 2015  оны 07 дугаар сарын 23 нд 300,000, 2015 оны 08 дугаар сарын 30-нд 200.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23 нд 360.000, 2015 оны 11 дүгээр сарын 14 нд 350.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-нд 295.000 төгрөг бүгд 2016 оны 05 дугаар сарын 12-нд 100,000 төгрөг бүгд 1,705,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд авсан.

Хөдөлмөрийн гэрээгүйгээр 2015 оны 5 сараас ажиллуулаж, барилга дээр ажиллах ажилчидыг олж ХХАА ны сургалтанд суулгах, эрүүл мэндийн үзлэгт оруулах болон бусад бэлтгэл ажиллуудыг 5-6 сард хийж 2015 оны 07 сараас барилгын ажил жигдэрч ирсэн.

Энэ үеэс хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажилд авсан тушаалыг өгөөгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 2.2 т үндсэн цалин сарын 1,000,000төгөөр тохирч, гэрээний 4.1.9 д цалинг сар бүрийн 20, дараа сарын 05-ны өдрөөр тооцож олгох үүргийг ажил олгогч хүлээсэн боловч тэр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Ц.Борис 2016 оны 06 дугаар сарын  01-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн боловч цагийн бүртгэлд буруу бичигдсэн байна. Иймд 2015 оын 05 дугаар сарын 01 нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан хугацааны цалин 12,000.000 төгрөгнөөс авсан 1,705,000 төгрөгийг хасаж, үлдсэн 10,295,000 төгрөг үүн дээр бүтэн жил ажилласан, ээлжийн амралт эдлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.15 д ээлжийн амралт эдлэхээр заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 79 р зүйл ийн 79.1 д ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болох заалттай учраас Мөн хуулийн 79.2 т зааснаар ээлжийн амралтыг 15 хоногоор бодож 1 өдрийн 45,454 төгрөг 15 өдөр = 681,000 төгрөг болно. Хөдөлмөрийн хуулийн 141 р зүйлийн 141.3 т ( Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ноогдуулж ажилтанд олгоно гэж) заасны дагуу миний дутуу авсан 10,295,000 төгрөгийг би 2016 оны 06 дугаар сарын 01-нээс хойш одоо хүртэл аваагүй байгаа учир хариуцагчаас ИХ ийн 232 р зүйлийн 232.4 т заасан үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож олгох зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц.Борис нь надаас цалин хөлс болох арван найман сая төгрөгийг нэхэмжилсэн Үунд хариу тайлбар хийж байна. Жамсран овогтой Бат-Эрдэнэ миний бие “Бет-андууд” ХХК-д гүйцэтгэх захирлаар 2011 оноос 2014 оны 3-р сар хүртэл ажилласан ба энэ хугацаанд Ц.Борис нь тухайн компанид 2012 оны 6-р сараас даамлаар 2014 оны 3-р сар хүртэл ажиллаж байсан.

Бид хоёр тухайн компанид цуг ажиллаж байсан болохоос би түүнийг цалинжуулах эрх, үүрэггүй байсан ба тухайн компанид ерөнхий захирлаар Д.Мэндбат ажиллаж байсан бөгөөд бид хоёр цуг халагдсан. Энэ үеийн цалинг ярих гэж байгаа бол Д.Мэндбаттай заргалдаж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болно. Би 2014 оны 4-р сард “Есөнгол-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулж барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч улмаар тендерийн ажил хөөцөлдөх үед Ц.Борис нь би найдвартай хүнтэй яриад барилгын тендер олж өгье гээд тухайн үед Улаанбаатар сувиллын захирал Олдох гэдэг хүнтэй уулзуулж таван сая төгрөг надаас гаргуулж түүнд өгч байсан боловч тэр хүн сураггүй алга болсон. Тэгээд манай компани ямар ч ашиггүй он дуусган 2015 он гарсан билээ. Тиймээс Ц.Борис нь 2014 оны 5,6,7,8 дугаар саруудад ямар ч ажил эрхлээгүй өмнө нь цуг ажиллаж байсан танил гэдгээс өөр харьцаа бид хоёрын дунд байгаагүй ба харин би түүнд идэш 600,000 төгрөгөөр авч өгч өөрийн орон сууцанд түрээсийг дараа авах нөхцөлтэйгээр 2014 оны 9-р сарын 18-наас байлгаж 1 жилээр гэрээ хийсэн.

Харин тэрээр одоо болгол тэр байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байгаа. 2015 он гараад л тендерийн ажил олох гэж хөөцөлдсөөр 2015 оны 7-р сар хүргэж улмаар 2015 оны 7-р сарын 20-нь өдөр “Бүтээгч” ХХК-тай гэрээ хийж 9 давхар 63 айлын барилгын төмөр бетон карказ угсралт гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын үед Ц.Борисыг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамалаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8,9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Борис нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргана. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан.

Энэ хугацаанд Ц.Борис нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. Түүнд ажилласан хоногт тохирсон цалинг өгч байсан. Ажил дээр архи уусан үедээ ирдэг байсан ба “Бүтээгч” ХХК-ны ХЭМАБ-ын албанаас ажлын байранд ажиллуулахгүй явуулдаг байсан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Борисын нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Ц.Бористой холбогдуулан сөрөг нэхэмжлэхийг гаргах болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Иргэн Ц.Борис надаас хөлс оолох арван найман сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнд хариу тайлбар хийж байна. Жамсран овогтой Бат-Эрдэнэ миний бие “Бет-андууд” ХХК-д гүйцэтгэх захиралалр 2011 оноос 2014 оны 03 сар хүртэл ажилласан ба энэ хугацаанд Ц.Борис нь тухайн компанид 2012 оны 6 дугаар сараас даамлаар 2014 оны 3-р сар хүртэл ажиллаж байсан. Бид хоёр тухайн компанид цуг ажиллаж байсан болохоос би түүнийг цалинжуулах эрх үүрэггүй байсан ба тухайн компанид Ерөнхий захиралаар Д.Мэндбат ажиллаж байсан бөгөөд бид хоёр цуг халагдсан. Энэ үеийн цалннг ярих гэж байгаа бол Л.Мэндбаттай заргалдаж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болно. Би 2014 оны 04 дүгээр сард “Есөнгол-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэн байгуулж барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч улмаар тендерийн ажил хөөцөлдөх үед Ц.Борис нь би найдвартай хүнтэй яриад барилгын тендер олж өгье гээд тухайн үед Улаанбаатар сувиллын захирал Олдох гэдэг хүнтэй уулзуулж 5 сая төгрөг надаас гаргуулж түүнд өгч байсан боловч тэр хүн сураггүй алга болсон. Тэгээд манай компани ямар ч ашиггүй он дуусган 2015 он гарсан билээ. Тиймээс Ц.Борис нь 2014 оны 5,6,7,8 дугаар саруудад манай компанид ямар ч ажил эрхлээгүй бөгөөд тухайн үед Дарханд 2 давхар 5-н ширхэг хаусны барилга барьж байсан юм. Миний хувьд өмнө нь цуг ажиллаж байсан танил гэлгээс өөр харьцаа бид хоёрын дунд байгаагүй ба харин би түүнд бэлнээр цувуулан 2300.000 төгрөг өгч өөрийн орон сууцанд түрээсийг дараа авах нөхцөлтэйгээр 2014 оны 9-р сарын 18-наас байлгаж 1 жилээр гэрээ хийсэн. Харин тэрээр байрыг чөлөөлж өгөхгүй байсаар 2016 оны 12-р сарын 9-ний өдөр би өөрийн зардлаар нүүлгэсэн. 2015 он гараад мөн л тендерийн ажил олох гэж хөөлөлдсөөр 2015 оны 7-р сар хүргэж улмаар 2015 оны 7-р сарын 20-ны өдөр “Бүтээгч" ХХК-тай гэрээ хийж 9 давхар 63 айлын барилгын төмөр бетон карказ угсралт гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын үед Ц.Борисыг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамалаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8.9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Борис нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргав. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан. Энэ хугацаанд Ц.Борис нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. Түүнд ажилласан хоногт тохирсон цалинг өгч байсан. Ажил дээр архи уусан үедээ ирдэг байсан ба иБүтээгч” ХХК-ны ХЭМАБ-ын албанаас ажлын байранд ажиллуулахгүй явуулдаг байсан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Борисын нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэн Ц.Бористой холбогдуулан сөрөг нэхэмжлэхийг гаргах болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Есөн гол Эрдэнэ” ХХК нь 2014 оны 04 дүгээр сард үүсгэн байгуулагдсан боловч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд тухай үед барилгын ажил олдоогүй. 2015 оны 07 дугаар сарын 20-нд ТОСК-ийн захиалгаар Очир ундраа ХХК-ийн гүйцэтгэх 9 давхар орон сууцны 1-р блок буюу 63 айлын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн билээ. Уг барилгын 6-н давхар хүртэлх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 22-нд хийж дуусгаад хүйтний улирал болсон тул хавар дулааны улирал эхлэх хүртэл зогсоосон юм. 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарыг дуустал 7,8,9 давхар болон техникийн давхарын ажлыг хийж хүлээлгэн өгсөн ба энэ хугацаанд Ц.Борис нь 2015 оны 8,9,10 дугаар сард бүтэн, 2016 оны 04 дүгээр сард 12 хоног, 2016 оны 05 дугаар сард 11 хоног ажилласан болно. Цалингаа санхүүжилт орж ирсэн тухай бүрт авч байсан ба манайх банк авчих тул миний цалинг бэлнээр өгч байна уу гэж хүссэний дагуу бэлнээр өгч байсан юм гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                        ҮНДЭСЛЭХ нь :

 

            Нэхэмжлэгч Ц.Борис нь “Есөн гол Эрдэнэ” ХХК-д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллсан хугацааны цалин 10,295,000 төгрөг, алданги 5.147.500 төгрөг, амралтын мөнгө 681.000 төгрөг, нийт 16.123.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2014 оны 05 дугаар сараас эхлэн бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн*******ын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар болж, 2015 оны 07 дугаар сараас Төрийн орон сууцны корпорацийн хөтөлбөрт хамрагдах 1000 айлын орон сууцны 9 давхар барилгын 1 блок 63 айлын орон сууцны суурийн ажлаас нь эхэлж, арматур, мужааны ажлыг хийж, хүн хүч боловсон хүчнийг бүрдүүлж, ажлыг эхлүүлэн бүрэн цутгамал 9 давхарын барилгын карказыг цутгаж, заслын ажил орон хэмжээнд хүртэл хийж гүйцэтгэж дуусгасан. Гэвч 2016 оны 05 дугаар сард ажил дээр ирж надтай уулзаад “би эхнэрээсээ салахаар болж байна” гээд намайг “байраа суллаж өг” гэж хэлсэн. Энэхүү ажлыг хийж эхлүүлэхэд захирал надад 1 сарын ажлын хөлс цалинд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Миний бие ажиллаж байх хугацааны авсан цалингаа тооцвол 2015 оны 05 дугаар сарын 12-нд 100,000 төгрөг цалингийн урьдчилгаа авсан. 2015  оны 07 дугаар сарын 23 нд 300,000, 2015 оны 08 дугаар сарын 30-нд 200.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 23 нд 360.000, 2015 оны 11 дүгээр сарын 14 нд 350.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-нд 295.000 төгрөг бүгд 2016 оны 05 дугаар сарын 12-нд 100,000 төгрөг бүгд 1,705,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд авсан. Хөдөлмөрийн гэрээгүйгээр 2015 оны 5 сараас ажиллуулаж, барилга дээр ажиллах ажилчдыг олж ХХАА ны сургалтанд суулгах, эрүүл мэндийн үзлэгт оруулах болон бусад бэлтгэл ажиллуудыг 5-6 сард хийж 2015 оны 07 сараас барилгын ажил жигдэрч ирсэн. Хөдөлмөрийн гэрээний 2.2 т үндсэн цалин сарын 1,000,000 төгрөгөөр тохирч, гэрээний 4.1.9 д цалинг сар бүрийн 20, дараа сарын 05-ны өдрөөр тооцож олгох үүргийг ажил олгогч хүлээсэн боловч тэр үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Би 2016 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн боловч цагийн бүртгэлд буруу бичигдсэн байна. Иймд 2015 оны 05 дугаар сарын 01 нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл ажилласан хугацааны цалин 12,000.000 төгрөгнөөс авсан 1,705,000 төгрөгийг хасаж, үлдсэн 10,295,000 төгрөг үүн дээр бүтэн жил ажилласан, ээлжийн амралт эдлээгүй, хөдөлмөрийн гэрээний 4.2.15 д ээлжийн амралт эдлэхээр заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 79 р зүйл ийн 79.1 д ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болох заалттай учраас Мөн хуулийн 79.2 т зааснаар ээлжийн амралтыг 15 хоногоор бодож 1 өдрийн 45,454 төгрөг 15 өдөр = 681,000 төгрөг болно. Хөдөлмөрийн хуулийн 141 р зүйлийн 141.3 т ( Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ноогдуулж ажилтанд олгоно гэж) заасны дагуу миний дутуу авсан 10,295,000 төгрөгийг би 2016 оны 06 дугаар сарын 01-нээс хойш одоо хүртэл аваагүй байгаа учир хариуцагчаас ИХ ийн 232 р зүйлийн 232.4 т заасан үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож цалинг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ц.Борисыг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамалаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8.9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Борис нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргав. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан. Энэ хугацаанд Ц.Борис нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажилаа дуусгасан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Борисын нэхэмжлэхийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Нэхэмжлэгч 2015 оны 5 сараас ажилласан гэж байгаа нь үндэслэлгүй, 2015 оны 7 сард анхны ажлаа авсан. Энэ бол төмөр караказ угсралтын ажил байсан.Ажил 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эхэлсэн. 2015 оны 07 дугаар сарын сүүл 8-9-р сард бүтэн ажиллаад 2015 оны 10 дугаар сарын 21-нээс хүйтний улирлын зогсолт хийсэн. Бүх ажилчид сул зогсож байсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа эхэлсэн. Угсралтын ажлаа 4-5 дугаар сард хийгээд дуусгасан. Борис 2016 оны 8-9-р сард бүтэн ажилласан. 2016 оны 4-р сард 11 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажилласан.Тэгээд өөрөө Багануурт ажил гарлаа гээд явсан. Тухайн үед цаг бүртгэлийг хянаж байгаад нягтлан бодогч нар цалинд нийт 4.206.000 төгрөг олгосон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байна.

            Учир нь зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй билээ.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Есөнгол Эрдэнэ” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанид талбайн даамлаар ажиллах болсон байх бөгөөд сарын цалин сард 1.000.000 төгрөг,гэрээний хугацааг 2015 оныг дуустал хүчинтэй байхаар харилцан тохиролцжээ.

            Гэрээг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан боловч нэхэмжлэгч нь 2015 оны 4 сараас эхлэн тус компанид ажиллах болж, ажилчдыг бүртгэх, тэдэнд хөдөлмөр хамгааллын сургалт явуулах, барилгын суурь ухах, кран суурилуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байсан байна.

            Хариуцагч нь хүйтний улирал эхэлсэн , барилгын ажил 2015 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зогссон гэж тайлбарлаж байгаа боловч, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар заагаагүй, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч гэрээ дуусгавар болгох тухай санал гаргаагүй, хариуцагч үргэлжлүүүлэн ажиллаж байсан байх тул хөдөлмөрийн гэрээ тухайн нөхцлөөр сунгагдсан гэж дүгнэхээр байна. Харин хариуцагч “Есөнгол Эрдэнэ” ХХК-ныг 2015 оны 12 сар, 2016 оны 1,2,3 сард хүйтний улирлын улмаас ажиллаагүй гэж үзэх үндэстэй байна.

Иймд Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 16,125,000 төгрөг болгосон, нэхэмжлэлийн шаардлагаас сул зогсолтын 4 сарын хугацааны цалин 4.000.000 төгрөгийг хасаж тооцон цалинг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 5.147.500 төгрөг, амралтын мөнгө 681.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

             Хариуцагч нь нэхэмжлэгчид 4.206.000 төгрөгний цалин олгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт байхгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баталж чадахгүй байна.

            Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг ажилдаа согтуу ирдэг, ажил хийдэггүй байсан гэж байгаа боловч энэ байдал мөн нотлогдохгүй байх бөгөөд түүнд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байсан баримт байхгүй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасныг баримтлан “Есөнгол Эрдэнэ” ХХК-наас 6.295.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Борист олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9.830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын ИХШХШТХуулийн 57 дгаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Есөнгол Эрдэнэ” ХХК-аас 115,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Борист олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                Б.БЯМБАСҮРЭН