Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 43

 

Ц.Бын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч ЕГЭ ХХК-д холбогдох

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Ц.Бын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ЕГЭ ХХК-д холбогдох,

 

Ажиллаж байсан хугацааны цалин, амралтын мөнгө, алданги нийт 17.991.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

 

2014 оны 04 дүгээр сарын хооронд 180 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед Бет-Андууд ХХК-д Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Энэ үед ажиллаж байсан Бет-Андууд ХХК-ийн Ерөнхий захирал М.Мэндбаттай Ж.Бат-Эрдэнэ маргалдаж муудалцсаны улмаас 2014 оны 04 дүгээр сарын 24-нд ажилгүй болж ажлаас халагдсан ба намайг Ж.Бат-Эрдэнийн хүн гэж тооцон ажлаас халсан. 2014 оны 05 дугаар сараас эхлэн Ж.Бат-Эрдэнэ бид хоёр хамтран ажиллахаар хэлцэл хийж, хэлэлцэн тохирч 2014 оны 09 дүгээр сард миний ажлын хөлсөнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Залуус хотхоны 2 өрөө орон сууцыг өгч 3-5 жил хамтран ажиллахаар тогтсон билээ. Ж.Бат-Эрдэнэ захирал надад 1 сарын ажлын хөлс цалинд 1,000,000 төгрөг өгнө гэж хэлсэн бөгөөд би 2 өрөө байранд нь амьдарч өөрийн орон сууцтай болсон учраас надад цалин хөлс болно гэж бодоод нэг сая төгрөгийг хүлээн зөвшөөрч ажилласан юм. Үүний хөдөлмөр хөлсийг би огт аваагүй юм. Би Ж.Бат-Эрдэнэтэй хамтран ажилласан хугацаандаа 2016 оны 06 дугаар сарыг хүртэл цувуулж авсан мөнгө, биет төгрөг 2.300.000 төгрөг болж байна.

 

Түүнтэй ажилласан үеүүдэд энэ хүн мөнгөгүй байхад би энэ хүнээс мөнгө нэхэж зовоогоод яахав, намайг ойлгож цалин мөнгийг өгөх л байлгүй гэж бодсоор өнөөдрийг хүрсэн, цаашид би түүнээс цалин авч чадахгүй болж байгаа тул миний түүнтэй хамтран ажилласан үеийн буюу 2014 оны 05, 06, 07, 08 дугаар саруудын, 2015 оны 07,08,09,10 дугаар саруудын, 2016 оны 04,05 дугаар саруудын цалин авах ёстой байсан 18.000.000 төгрөгийг Ж.Бат-Эрдэнээс гаргуулж, хөдөлмөрийн хөлсийг надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

 

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 13 сар ажилласны 13 сая төгрөг авахаас 1.705.000 төгрөг авч үлдсэн 11.295.000 төгрөгийг аваагүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.15-д ээлжийн амралт эдлэхээр заасан боловч амралт эдлээгүй учир ажлын 15 хоногоор бодож 1 өдрийн 45.454 төгрөгөөр бодоход 682.000 төгрөг болж байна. Ажил олгогч нь миний ажилласан хугацаанд НДШ, ЭМД төлөөгүй байх тул МУ-ын ЗГ-ын 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар баталсан журмын дагуу цалингийн 12 хувиар ажил олгогч НД болон ЭМД-г байгууллагаас 13 сараар тооцож 1.500.000 төгрөгийг гаргуулах, Бат-Эрдэнэ нь ажилд авсан тушаал гаргаагүй мөн одоо хүртэл ажлаас халсан тушаал өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3,141.4-ийг удирдлага болгон гэрээнд заасан хугацаанд цалин олгоогүй учир хожимдуулсан хоног тутмын 0,3 хувиар алданги тооцож 4.514.750 төгрөг, нийт 17.991.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЕГЭ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Ж.Бат-Эрдэнэ миний бие Бет-андууд ХХК-д гүйцэтгэх захирлаар 2011 оноос 2014 оны 3-р сар хүртэл ажилласан ба энэ хугацаанд Ц.Б нь тухайн компанид 2012 оны 6-р сараас даамлаар 2014 оны 3-р сар хүртэл ажиллаж байсан. Бид хоёр тухайн компанид цуг ажиллаж байсан болохоос би түүнийг цалинжуулах эрх, үүрэггүй байсан ба тухайн компанид ерөнхий захирлаар Д.Мэндбат ажиллаж байсан бөгөөд бид хоёр цуг халагдсан. Энэ үеийн цалинг ярих гэж байгаа бол Д.Мэндбаттай заргалдаж асуудлаа шийдүүлэх шаардлагатай болно. Би 2014 оны 4-р сард Есөнгол-Эрдэнэ ХХК-ийг үүсгэн байгуулж барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч улмаар тендерийн ажил хөөцөлдөх үед Ц.Б нь би найдвартай хүнтэй яриад барилгын тендер олж өгье гээд тухайн үед Улаанбаатар сувиллын захирал Олдох гэдэг хүнтэй уулзуулж таван сая төгрөг надаас гаргуулж түүнд өгч байсан боловч тэр хүн сураггүй алга болсон. Тэгээд манай компани ямар ч ашиггүй он дуусган 2015 он гарсан билээ. Тиймээс Ц.Б нь 2014 оны 5,6,7,8 дугаар саруудад ямар ч ажил эрхлээгүй өмнө нь цуг ажиллаж байсан танил гэдгээс өөр харьцаа бид хоёрын дунд байгаагүй ба харин би түүнд идэш 600.000 төгрөгөөр авч өгч өөрийн орон сууцанд түрээсийг дараа авах нөхцөлтэйгээр 2014 оны 9-р сарын 18-наас байлгаж 1 жилээр гэрээ хийсэн. Харин тэрээр одоо болгол тэр байрыг чөлөөлж өгөхгүй байсаар байгаа. 2015 он гараад л тендерийн ажил олох гэж хөөцөлдсөөр 2015 оны 7-р сар хүргэж улмаар 2015 оны 7-р сарын 20-ны өдөр Бүтээгч ХХК-тай гэрээ хийж 9 давхар 63 айлын барилгын төмөр бетон карказ угсралт гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын үед Ц.Быг 2015 оны 07 сарын 20-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ хийж талбайн даамлаар авч ажиллуулсан. 2015 оны 7-р сарын 23-ноос ажил эхлээд 8, 9-р саруудад бүтэн ажилласан ба 2015 оны 10-р сарын 21-нээс захиалагч талаас барилгын ажил зогсоох шийдвэр гарч хүйтний улирлын зогсолт хийсэн. Энэ хугацаанд Ц.Б нь архи ууж ажил тасалдаг байсан тул цагийн бүртгэлийг үндэслэн зохих цалинг нь өгч байсан. Үүнийг баримтаар хавсаргана. 2016 он гарч хүйтний улирал дуусч урин цаг ирсэн тул 2016 оны 4-р сарын 4-ний өдрөөс захиалагч талын шийдвэрээр ажлаа үргэлжлүүлж 2016 оны 6-р сард барилга угсралтын гэрээт ажлаа дуусгасан. Энэ хугацаанд Ц.Б нь 2016 оны 4-р сард 12 хоног, 2016 оны 5-р сард 11 хоног ажиллаад ажлаа хаяад явсан юм. Түүнд ажилласан хоногт тохирсон цалинг өгч байсан. Ажил дээр архи уусан үедээ ирдэг байсан ба Бүтээгч ХХК-ны ХЭМАБ-ын албанаас ажлын байранд ажиллуулахгүй явуулдаг байсан. Ажилласан хугацааны цалинг санхүүжилт орж ирсэн тухай бүрт нь өгч байсан бөгөөд цалин олгох хүснэгтэнд гарын үсэг нь байгаа. Иймээс Ц.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэрээр:

 

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан Ц.Бийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 141 дүгээр зүйлийн 141.3-д заасныг баримтлан Есөнгол Эрдэнэ ХХК-наас 7.926.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247.950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ЕГЭ ХХК-аас 141.766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан нар давж заалдсан гомдолдоо:

 

Би 2015 оны 04 дүгээр сараас эхэлж ЕГЭ ХХК-д барилгын даамлаар ажиллаж эхэлсэн. Компаний захирал нь 2015.07.23 хүртэл тушаалгүйгээр ажиллуулж байсан. Гэтэл шүүх нотлох баримтыг буруу үнэлж 2 сарын цалин 2.000.000 төгрөгийг хассан. Би ажилласан хугацаандаа 1.705.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Надтай байгуулсан гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээгээ цуцлаагүй учраас мөн хугацаагаар сунгагдахаар гэрээнд заасан өвлийн улиралд би компаний захирлын даалгасан ажлуудыг өдөр дутам гүйцэтгэж байсан. Сул зогсолтын талаар ямар ч тушаал шийдвэр гараагүй. Надад 11, 12 дугаар сар 2016 оны 2,4 дүгээр сарл цалингийн урьдчилгаа өгч байснаар нотлогдоно. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног дутамд 0,3 хувиар алданги олгогчид шүүх оногдуулж ажилтанд олгоно гэж заасан. Гэтэл шүүх ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон гэж үзээд зөвхөн 90 хоногийн алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Яагаад гэвэл би одоо болтол цалин хөлсөө аваагүй, цаашдаа ч хэдийд авах нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр алдангийг хассан. Би тухайн байгууллагад ажилласан хугацаанд нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч төлөх ёстой байхад шүүх түүнийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлээс үндэслэлгүй хассан 10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар давж заалдсан гомдолдоо:

 

Анхан шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 141 дүгээр зүйлийн 141.3-д заасныг баримтлан Есөнгол-Эрдэнэ ХХК-иас 7.926.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож... гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

 

Шүүхэд гаргаж буй маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой эсэх талаар:

 

Давж заалдах шатны шүүхээс "...нэхэмжлэгч Ц.Б нь дутуу олгогдсон цалин, ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө гаргуулахаар нэхэмжпэлдээ дурдсан ба шүүхэд гаргаж буй маргаан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой эсэхийг тодруулахгүйгээр хэргийн шийдвэрлэсэн нь буруу байна. гэж хянасан байхад энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийлээ. Тодруулбал: ...нэхэмжлэгч цалин, хөлстэй холбоотой асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй ... цалинг нь өгөхгүй байгаа талаархи гомдлыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад зохих хугацаанд нь гаргаагүй боловч энэ нь Есөнгол-Эрдэнэ ХХК маргаан шийдвэрлэх комисс байгаагүйтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох үндэстэй гэж үзлээ... гэж шүүх дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээс зүйлийн 129.1-д зааснаар ...Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй... гэснийг шүүх буруу тайлбарлан, хуулийн зохих заалтыг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Есөнгол-Эрдэнэ ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй гэдгийн зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар үнэлж байгаа нь хийсвэр дүгнэлт. Хуульд заасан 3 сарын дотор Ц.Б Есөнгол Эрдэнэ ХХК болон хөдөлмөрлөх эрхийг нь хамгаалах байгууллагад огт хандаагүй. Зөвхөн хариуцагчийн буруутгаж байгаа нь өрөөсгөл юм.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар зохигчдын зүгээс хүсэлт, тайлбар гаргаагүй байхад шүүх санаачилгаараа хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа нь буруу байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д шүүх хянан шийдвэрлээхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ ... гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.

 

Хууль хэрэглээний талаар:

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйл \шүүхээр хянан шийдвэрлэх маргаан\ -ийн 128.1.5-д зааснаар энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан" буюу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор гэсэн зохицуулалтаар Ц.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа үндэсгүй. Ц.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан ... ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон... гэсэн ажлаас үндэслэлгүй халсан тухай маргаан огт биш байхад энэ зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч гэрээний дагуу цалин хөлсөө хариуцагчаас шаардах эрхийн тухайд:

 

Шүүхээс ...Нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сараас 2015 оны 08, 09, 10 сар хүртэл ажиллаж, ... 2016 оны 02, 03, 04, 05 сард нийт 8 сарын хугацаанд ажиллаж байсан нь цалин олгосон хүснэгтээр тогтоогдож байх тул 8 сая төгрөг шаардах эрхтэйгээс цалинд авсан баримтаар тогтоогдсон 2.296.000 төгрөгийг хасч, үлдэх 5.704.000 төгрөгийн үндсэн цалинг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ ... гэснийг зөвшөөрөхгүй байна. Далай ван ХХК-ийн дүгнэлтээр Цалингийн тооцоололыг гарт олгох цалин ...5.272.678 төгрөг тооцсон байхад зөвхөн гарт олгосон цалинг үнэлээд байгаа нь дэндүү хийвсэр дүгнэлт болжээ. Захиалагч Бүтээгч ХХК нь ажлыг 2015 оны 11 сараас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил зогсоосон. Хэрэгт Бүтээгч ХХК-ийн албан бичиг бий. Санхүүжилт 2015 оны 12 дугаар сард, цагаан сарын өмнө 2016 оны 02 дугаар сард орж ирсэн учраас цалин олгосон тухай шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан. Эдгээр баримтуудад шүүх дүгнэлт хийсэнгүй. Мэргэжлийн байгууллага нь Ц.Бт цалин 5.272.000 төгрөг олгоно гэж үзсэн. \хариуцагч энэ тооцооллыг зөвшөөрөхгүй\ байхад шүүх хийвсэрээр 8.000.000 төгрөг тооцож байгаа нь буруу. Нэхэмжлэгчийн хүсэлтээр цагийн бүртгэлд гарын үсгийн шинжилгээ хийлгэсэн ба ...цагийн бүртгэлийг нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох боломжгүй... гэсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх огт үнэлээгүй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон... ажил олгогч Есөнгол Эрдэнэ ХХК нь нэхэмжлэгч Ц.Бын цалинг сар бүр тогтмол, бүрэн гүйцэт олгож байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх заалтыг үндэслэн алданги тооцох үндэстэй ... 2016 оны 05 сараас 2016 оны 08 дугаар сарын 31 ны хүртэл 90 хоногт ... 1.504.000 төгрөг... тооцож байгаа нь үндэсгүй байна. Ц.Бын цалинг сар бүр тогтмол, бүрэн гүйцэт олгож байгаагүй.. гэсэн ямар баримтууд байгааг шийдвэрт тусгаагүй.Энэ тухай баримт хэрэгт байхгүй. Харин захиалагчаас олгосон санхүүжилтийн хүрээнд цалинг зохих ёсоор олгосон тухай зохигчид тайлбарладаг. Санхүүгийн баримтуудад шинжээчид дүгнэлт хийсэн байгааг шүүх бодитоор үнэлээгүй. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 97 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр шийдвэрлэх маргаан мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүх үзэмжээрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа алдааг залруулж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б ЕГЭ ХХК-иас ажиллаж байсан цалин 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17.991.750 төгрөг болгон өөрчилж, хариуцагч ЕГЭ ХХК нь ...нэхэмжлэгч нь тухайн бүр ажлаа тогтмол хийж байгаагүй, санхүүжилт ирэх болгонд цалинг нь тооцож өгч байсан, архи ууж ажил их тасалдаг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сунгаж, хариуцагч ЕГЭ ХХК-иас цалингийн зөрүү-5.704.000 төгрөг, ээлжийн амралтын олговор 682.000 төгрөг, алданги 1.540.000 төгрөг бүгд 7.926.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Б нь тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар талбайн даамлын үүрэгт ажил гүйцэтгэх, сарын цалингийн хэмжээг 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан ч 2016 оны 4, 5 дугаар саруудад ажиллаж байсан нь тогтоогдсон байна.

 

Шүүх нэхэмжлэгч Ц.Бын ажилласан хугацаа, цалинг тодорхойлохдоо хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т цалин 1 сая төгрөг гэж заасны дагуу сарын цалинг 1.000.000 төгрөг, ажиллаж байсан хугацааг 8 сараар тооцож цалингийн зөрүү 5.704.000 төгрөг, алданги-1.540.000 төгрөг нийт 7.926.000 төгрөгийг хариуцагч компаниас гаргаж нэхэмжлэгчид олгож, сул зогсолтын хугацааг 2015 оны 11,12, 2016 оны 1 сараар тооцож, нийгмийн даатгалын хураамж 1.500.000 төгрөг, цалин, алданги 8.565.750 төгрөг нийт 10.065.750 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч хэрэгт авагдсан цалингийн бүртгэлийг үндэслэж дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн чөлөөтэй /ч/, амралттай /а/ байсан хугацааны цалин олговрыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу чөлөөтэй байсан хугацааны цалинг тооцолгүйгээр цалингийн хэмжээг 5.272.678 төгрөг гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг шүүх тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтанд үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Харин шүүх хариуцагч ЕГЭ ХХК нь нэхэмжлэгч Ц.Быг хэзээ ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн гаргасан ...маргаан шийдвэрлэх комисс байгаагүй гэх тайлбар үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хураамж-1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлал нь хуульд харшлаагүй бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ...нэхэмжлэлээс үндэслэлгүй хассан 10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ...хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч 1.500.000 төгрөгний шаардлагаасаа татгалзсан татгалзлалыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00097 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

 

шийдвэрийн 2 дахь заалтанд ...10.065.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...8.565.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн

 

шийдвэрийн 2,3,4 дүгээр заалтыг 1,2,3 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.010 төгрөгийг, хариуцагчийн төлөөлөгч Ж.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.766 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

 

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

 

 

Б.ОЮУНЦЭЦЭГ