Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 232

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням, улсын яллагч Д.Ууганцэцэг, иргэдийн төлөөлөгч И.Чулуунбаатар, хохирогч С.Туул, шүүгдэгч С.Ганхуяг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0086) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Очирваань овогт Санжжавын Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0373 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Очирваань овогт Санжжавын Ганхуяг, 1973 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 21-352 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Мянган оюутны байрны 2-206 тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ЧБ73031673, урьд нэг удаа ял шийлгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2. дахь хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд Шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосныг биеэр эдэлж байгаад, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоотод оршин суух төрсөн эгч С.Туулыг “мах идэх хутга өгсөнгүй” гэх шалтгаанаар буюу танхайн сэдэлтээр зодож, толгойд нь шилэн саваар цохиж, бие махбодод нь дагз ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

1. Шүүгдэгч С.Ганхуяг: Би хуульд заасан эрх, үүргээ ойлгож мэдлээ. Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар өөрийн санаж буй бүх зүйлээ мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж байна. Мөн шүүхийн өмнө төрсөн эгчээсээ уучлал гуйя гэв.

2. Хохирогч С.Туул: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн дүү С.Ганхуяг манай хашааны цасыг цэвэрлэж өгөхөөр ирсэн юм. Тэгээд хашаанд хашаа цэвэрлэж байгаа харагдсан. Гэтэл нэг харсан чинь алга болчихсон байсан. Тэгэхээр нь би “энэ яг л уучихлаа даа” гэж бодоод, гэрт орж ирээд ээжид “нөгөөдөх чинь цас цэвэрлэж байсан алга, нэг тэрэг оруулж ирээд тавьчихаж, архи уучих шиг боллоо” гэж хэлээд Ганхуягийн утас руу залгахад тэрээр утсаа аваад “дүү нь доор дэлгүүрийн хажууд хүнтэй тааралдчихаад, уулзаад байж байна, удахгүй очлоо” гэсэн. Тэгэхээр нь би “чи хурдан ирээрэй, хашаа онгорхой, хамаг юм задгай байна шүү” гэж хэлсэн. Тэгээд нэлээн удаж байгаад, дүү маань нэлээд согтсон байдалтай орж ирэхээр нь би түүнд “чи цас цэвэрлэнэ гэсэн яасан бэ, хаачаад ирэв” гэсэн чинь ээж цаанаас дохих шиг болохоор нь би өөр зүйл хэлээгүй. Учир нь дүү маань согтуу үедээ их ширүүн ааш зантай, юманд их амархан эмзэглэдэг юм. Тэгээд дүү маань буцаад гараад явсан. Түүнийг удаад байхаар нь би утас руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би “энэ ер нь бүтэхгүй нь” гэж бодоод хашааныхаа цасыг өөрөө цэвэрлэж дуусгаад, хашаагаа хаасан. Түүний дараа удалгүй дүү маань ороод ирсэн. Тэгээд Ганхуяг “би явлаа” гэснээ “хоол идье” гэсэн. Тэгэхээр нь би “өө тэгэлгүй яахав, толгой чанасан, ялз болчихсон байгаа” гээд түмпэнтэй хонины чанасан толгой гаргаж өгсөн. Тэгсэн дүү маань “хутга аваад өг” гэсэн. Би тухайн үед хутга байгаагүйг мэдээгүй учир шүүгээ татаж үзсэн. Гэтэл хутганууд байгаагүй. Тэгэхээр нь ээжээс асуусан чинь “Ганчимэг өнөөдөр ирлүүлэх гээд аваад явсан” гэж хэлэхээр нь би Ганхуягт “наад толгой чинь ялз болчихсон байгаа” гэж хэлсэн чинь тэрээр хувьс гээд явчихсан. Тэр үед нь би “за яг буруу ойлгочихлоо” гэж бодоод “хутганы хэрэг байхгүй, гараараа идэх боломжтой” гэж хэлсэн чинь Ганхуяг “та нар ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ” гээд над руу аяга шидсэн. Тэр үед нь би их айсан, сандарсан. Тэгээд намайг гал тогооны шүүгээний хажууд очих үед Ганхуяг миний толгой руу ус хийдэг шилэн саваар цохьсон. Үүний улмаас миний биед гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, миний гэмтэлтэй тохирч байсан. Над руу шидсэн шаазан аяга нь намайг оноогүй. Энэ хэрэг гардаг өдөр дүү бид хоёрын хооронд үүнээс өөр маргаан болоогүй. Ганхуяг “намайг хутга өгсөнгүй” гэж миний толгой руу шилэн саваар цохьсон гэж бодож байгаа. Би дүүдээ гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримт: (Эрүүгийн 2017 2601 0373 дугаартай хэргээс)

1. Хохирогч С.Туулын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн дүү С.Ганхуяг “манай хашааны цасыг цэвэрлэж өгнө” гээд ээж бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд хашааны цас цэвэрлэж байгаад өдөр гараад явчихсан байсан. Хэсэг байж байгаад Ганхуяг нэлээн согтуу орж ирээд явах гэж байснаа “хоол идье” гэсэн. Ээж тогоон дээр ялз чаначихсан байсан хонины толгой гаргаж өгсөн. Ганхуяг “хутга өгчих” гэхээр нь “Ганчимэг хутга ирлүүлэх гээд аваад явчихсан, хутга байхгүй байна” гэхэд “та нар намайг юу гэж бодоод байгаа юм” гээд уурлаад, савтай чанасан толгой, шаазан аяга над руу шидсэн. Тэгээд устай өндөр шилэн саваар миний толгойн баруун хэсэгт нэг удаа, цохиж гэмтэл учруулсан. Мөн гараараа цохиж байх шиг байсан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор хаана, яаж цохисныг нь санахгүй байна. Аяга, шилэн сав хоёроор цохиход толгойноос маш их цус гарсан. Тухайн үед манайд хутга байгаагүй, ууцаа янзална гээд Ганчимэг ирлүүлчихээд ирнэ гээд аваад явсан. Ганхуяг урьд нь төрсөн дүү Гантулгыг хутгалж амь насанд нь хүрч, шоронд сууж байгаад гарсан учраас “намайг хутга нуугаад өгөхгүй байна” гэж бодоод уурласан байх. Түүнээс биш намайг зодох шалтгаан байгаагүй. Мөн өнгөрсөн жил ээж дүү нараа зодоод цагдаад шалгагдаж байгаад ээж гомдол саналгүй гээд хэрэг нь хаагдаж байсан. Одоо бол Ганхуягаас үнэхээр айж байна. Би гомдолтой байна. Миний дүү Ганхуяг нь жоохон байхдаа гайгүй хүүхэд байсан юм. Том болоод архи уухаараа санаснаа яриад байдаг. 2003 онд дүүгийнхээ амь насыг хороогоод шоронд ороод гарч ирснээсээ хойш бүр сонин зантай болчихоод байгаа юм. Би өөрөө бол гомдолгүй гэж хэлж чадна. Гэхдээ ээж, дүү нараа энэ хүнээс хамгаалж олон хүний эрх ашгийн төлөө би гомдолгүй гэж хэлж чадахгүй байна. Ганхуяг нь архи уухаар их онгироо болчихдог юм... гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);

...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би хэдийгээр хохирсон боловч өөрийн төрсөн дүү С.Ганхуягаас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 23);

2. Гэрч С.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад Туул эгч над руу залгаад “Ганхуяг согтуу хутга нэхээд байна, чи хутга авч явснаа хэлээд өгөөч” гэсэн бөгөөд Ганхуяг ахтай яриагүй, утас нь тасарчихсан юм. Тэгээд 19 цагийн үед Туул эгч ахин залгаад “Ганчимэгээ хурдан ирээрэй, Ганхуяг миний толгойг хагалчихсан, цус гараад байна” гэсэн. Би яаран гэртээ иртэл ээж миний охиныг тэврээд суучихсан, Туул эгч гал тогооны өрөөнд толгойноос нь цус гарчихсан сууж байсан. Харин Ганхуяг ах түүний урд сууж байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй болохоор яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Туул эгч, ээж хоёр хэлэхдээ “толгой чанаад өгсөн чинь хутга өг гээд, хутга байхгүй гэсэн чинь уурлаад зодсон” гэж байсан. Тухайн өдөр би хутгануудаа ирлүүлэхээр авч явсан байсан. Хэрэг гарсны маргааш нь ээж ууцны мах эвдүүлэх байсан тул би тэр өдөр “хутгануудаа иртэй байлгая” гэж бодоод ирлүүлэхээр авч явсан юм. Миний ах Ганхуяг нь төлөв даруу багаасаа сайхан хүмүүжиж өссөн юм. Гэтэл зан нь эвдрээд муухай зантай болчихсон байна лээ. Архи уусан үедээ аав, ээж хоёрт агсам тавьдаг болсон. Тэгээд 2003 онд төрсөн дүүгээ хутгалж амь насанд нь хүрээд, хорих ял эдэлж гарч ирснээс хойш бүр муухай зантай болсон байсан. Биднийг зүгээр байхад “юу гэж бодоод байгаа бол” гээд л өөрөө хардаад муугаар бодоод байдаг юм шиг байна лээ. Бид урьдын асуудлыг сануулаад яахав гээд нэг их юм ярьдаггүй юм. Өнгөрсөн жил бас ээжийг зодоод цагдаад шалгагдаж байгаад, ээж “гомдол саналгүй” гээд хэргийг нь хаалгасан... гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

3. Гэрч Ж.Соотонгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний хүү Ганхуяг нь архи уугаагүй эрүүл, “хашааны цас арилгах” гэж манай гэрт ирсэн. Тэгээд хашааны цас арилгаж байгаад хэсэг алга болчихсон байсан. Чука гэх хүнтэй архи уусан болов уу гэж бодоод байгаа юм. Нэлээн согтуу байсан. Тэгээд орой харанхуй болох үед Ганхуяг явах гэхээр нь “ялз чаначихсан хонины толгой идээд яв” гээд гаргаж өгөхөд тэрээр “хутга аваад өг” гэхээр нь “Ганчимэг дүү чинь хутга, заазуур ирлүүлэх гээд аваад явсан” гэж хэлсэн. Гэтэл Ганхуяг “намайг юу гэж бодоод байгаа юм бэ, муу пизданууд” гээд эгч Туул руугаа хандаж “муу санаатай пизда” гэхэд Туул “миний дүү, яалаа гэж дээ, Ганчимэг нээрээ ирлүүлэх гээд хутга, заазуур авч явсан” гээд уурлахгүй, тайван, аргадах аястай хэлсэн. Гэвч Ганхуяг уурлаад чанасан толгойнуудыг зуух руу шидээд, Туулын толгой руу устай зузаан шилэн саваар цохиж гэмтээсэн. Тэгээд бас ягаан цэцэгтэй, сэнжтэй шаазан аяга шидсэн. Би тухайн үед их айсан байсан учраас зарим үйлдлийг нь сайн санахгүй байгаа. Туулын толгойноос цус гараад байсан. Би жаахан хүүхэд тэвэрчихсэн байсан учраас хөдөлж чадахгүй байсан. Тухайн үед хутга байсан бол хүн амины хэрэг гарах байсан. Аз болоход Ганчимэг хутга, заазуур ирлүүлэх гээд аваад явсан байсан. 2015 оны сүүлээр санагдаж байна, Ганхуяг гаднаас согтуу орж ирээд намайг зодож, миний хавиргыг хугалсан. Тухайн үед “гомдол саналгүй, зүгээр өнгөрөөгөөд өгөөч” гэж цагдаагаас гуйж байгаад гайгүй өнгөрсөн. Одоо бол хууль журмынх нь дагуу хэргийг нь шийдвэрлэж өгнө үү. Миний хүү их ааш муутай, архи уухаараа гэр бүлийн хүмүүст агсам тавиад байдаг. Гадуур өөр хүмүүст агсам тавьдаг л байлгүй, мэдэх зүйл алга. 2003 онд шиг санаж байна, хамгийн бага эрэгтэй дүүгээ хутгалж, амь насанд нь хүрч байсан. Ял эдэлж гарч ирээд ааш зан нь бүүр эвдэрсэн, Ганхуягийн талаар ярихаар гомдоод байх юм. Энэ асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... гэх мэдүүлэг (хх-ийн 26-28 дугаар хуудас);

4. Гэрч Ш.Чулуундоржийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би хашааны үүдэнд байж байхад Ганхуяг манай хашааны харалдаа байдаг ээжийнхээ хашаанаас цас гаргаж хаяж байгаад над дээр ирээд манай тэргийг гуйж аваад явсан. Тэгээд цасаа зөөж байгаад дуусгалгүй манайд орж ирсэн. Манайд Дүүрэнбилэг бид хоёр 0.75 литрийн хэмжээтэй хагас лонх архи уугаад сууж байсан болохоор Ганхуяг хувааж уусан. Тэгээд ахин нэг лонх архи авахаар болоод, Дүүрэнбилэг 0.5 литрийн хэмжээтэй нэг лонх архи авч ирээд, бид гурав түүнийг нь хувааж уусан. Ганхуяг тийм их согтуу байгаагүй, өөрийгөө удирдах чадвартай байсан. Ганхуяг бүрэнхий болохоос өмнө “харьлаа” гээд ганцаараа гарсан. Би өөр зүйл мэдэхгүй. Харин цагаан сарын дараа Ганхуягтай тааралдахад “дээр тантай архи уусныхаа дараа Туул эгч рүү аяга шидчихсэн гэж байна. Одоо цагдаад шалгагдаж байгаа” гэсэн. Би Ганхуягийг 2000 оноос хойш мэднэ. Хүнд их тусархуу, сайн залуу. Архи уухаараа дөлгөөхөн, ямар нэгэн муу зан гаргадаггүй. Гэрийнхэнтэйгээ муудсан гэхээр гайхаад байна... гэх мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

5. Гэрч Г.Цэнгүүн (дуудлагаар очсон жижүүрийн офицер)-ий мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө би машинт эргүүлээр “Ачит-114” чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнхбаатарын хамт ажилласан. Тухайн өдөр 20 цаг 17 минутад “Ачит-10”-аас “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоотод хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага хүлээн аваад, Нарангэрэл гэх дуудлага өгсөн хүнтэй 80856222 дугаарын утсаар холбогдож асуухад, тэрээр “би өөр газар байна, ээжийн хаягаар дуудлага өгсөн юм” гэсэн. Ингээд уг дуудлагын дагуу хаягаар нь очиход хашааны хойд хэсэгт байшин байх ба уг байшин руу ороход хэргийн газрыг цэвэрлэсэн байсан. Тухайн байшинд зодуулсан гэх эмэгтэй сандал дээр толгойгоо дарчихсан байж байсан. Мөн тэр эмэгтэйн ээж нь гэх нэгэн хөгшин байсан. Тэдгээр хүмүүсээс юу болсон талаар асуухад “С.Туул гэх эмэгтэйн төрсөн дүү агсам тавиад, ус хийдэг шилэн саваар эгчийнхээ толгой руу цохиж” гэмтээсэн гэсэн. Тэгэхээр нь шилэн савыг хаана байгааг асуухад “шилний хагархайг хогийн саванд хийсэн” гэж байсан. Тиймээс “уг хагарсан шилийг битгий хаяарай, бүрэлдэхүүн ирж авна” гэж хэлсэн. С.Ганхуягийг гараад явсан гэсэн тул “Ачит-10” руу мэдэгдсэн ба эрүүгийн төлөөлөгч нар тэр шөнө С.Ганхуягийг ажил дээр авч ирэхээр нь албадан саатуулах төвд түр саатуулсан. Ганхуягийг албадан саатуулах төвд хүргэж өгөхөд архи үнэртэж байсан боловч өөрийгөө удирдах чадвартай байсан бөгөөд тэрээр “би хайртай эгчийгээ цохьчихлоо, би архи уухаараа л болохгүй юм. Хэдэн жилийн өмнө төрсөн дүүгээ хутгалж байсан, би архи ууж огт болохгүй” гэх зэрэг зүйл яриад байсан. Хэргийн газрыг цэвэрлэсэн байсан бөгөөд яагаад цэвэрлэсэн талаар надад яриагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас);

6. Гэрч Л.Рагчаадуламын мөрдөн байцаалтад өгсөн: Миний хамтран амьдрагч С.Ганхуяг нь намайг Дархан хот руу явсан байх хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн эгчийнхээ толгой руу шилэн саваар цохьсон гэж өөрөө хэлсэн, түүнээс би хэргийн талаар мэдэхгүй. Ганхуяг хэлэхдээ “архи уусан байхдаа цохьсон” гэж хэлсэн, надад өөр зүйл хэлээгүй. С.Ганхуягийн хувьд гэртээ байхдаа зан байдлын хувьд ямар нэгэн муу зан байхгүй, гэртээ хоолоо хийгээд бусадтай харьцахдаа эвлэгхэн, архи уугаад байдаггүй. Хааяа баяр ёслол болохоор найз нөхөдтэйгөө архи уусан үедээ гэртээ ирээд унтдаг, агсам согтуу тавиад байдаггүй. Надад агсам согтуу тавьж байгаагүй. Өөрөө болохоор “олон жил шоронд суусан, одоо амьдралаа бодъё” гэдэг байсан. Би түүнийг эгчийгээ зодсон гэхээр гайхаад байна... гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2862 дугаартай: “Туулын биед дагзны ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 50 дугаар хуудас),

8. Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: С.Туулын биед учирсан гэмтлүүд нь хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлд хутга мэснээс бусад бүх зүйл хамаарна. С.Туулын биед учирсан дагзны ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл нь шилэн саваар цохих үед үүсэх боломжтой. Дагзны хуйхан дахь шарх гэмтэл нь шилэн саваар цохигдож, сав хагарах үед үүсэх боломжтой. Харин цус харвалт нь дээрх гэмтлээс болж үүссэн. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас);

9. Шүүгдэгч С.Ганхуягийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед би СХД-ийн 7-р хороо 24-3 тоотод байрлах ээжийнхээ гэрт ирсэн юм. Би архи уугаагүй, ганцаараа очсон. Би ээжийнхээ хашааг цэвэрлэж өгөхөөр очсон. Ингээд ээжийн хашааг цэвэрлээд цасыг нь хашааны дунд хэсэгт овоолчихоод төмөр дээр тавиад гудамж руу цас асгаж байхдаа ээжийн арын хашааны Чука гэх ахтай тааралдсан. Би түүнээс усны тэргийг нь гуйсан чинь “ав ав” гэсэн. Тэгээд би түүнийг дагаж гэр лүү нь ороход Чука ахын найз гэх нэгэн ах гэрт нь байсан ба Чука ах дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй, Их Монгол нэртэй 2 лонх архи авч ирсэн байсныг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусгаад усны тэргийг нь аваад, ээжийн хашаа руу буцаж ороод, тэргээр нь цас зөөж байгаад дуусалгүй 18-19 цагийн багцаанд ээжийн гэр лүү ороход ээж, эгч С.Туул, дүүгийн нялх хүүхэд гурав байсан. Ээж “толгой чанасан ид” гэж байсан. Би эгч Туултай хэрүүл хийж байснаа санаж байна нэг сэргэхэд эгч “чи толгой хагалчихлаа” гэж байсан. Би юугаар цохиод, яаж хагалснаа санахгүй байна. Аяга шидсэн юм болов уу, өөр юм шидсэн юм болов уу мэдэхгүй байна. Тэгээд Туул эгч намайг “одоо яв” гэхээр нь би явсан юм. Би өөрийн амьдардаг 1000 оюутны байранд байж байхад, цагдаа нар шөнө ирээд намайг авч явсан. Эгч Туулийг цохиж зодох шалтгаан надад байхгүй. Би яагаад цохиж зодсоноо санахгүй байна. Ямарч байсан эгчтэй хэрэлдэж байснаа санаж байна... гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас);

10. Шүүгдэгч С.Ганхуягийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр 13-14 цагийн үед би ээжийнхээ хойд талын харалдаа жалгын хойно гэр нь байдаг Чука гэх ах дэлгүүр орчихоод ирж байхад нь тааралдаад, түүнээс цас зөөчихөөд өгье гээд түрдэг том тэргийг нь гуйж ороход, Чука ах нэг залуутай хамт байсан бөгөөд 0.75 литрийн хэмжээтэй 1 лонх архи ууж байсан. Би тэр архинаас хувааж уучихаад тэргийг нь аваад цасаа зөөж байгаад, Чука ахынд буцаж ороход хамт байсан залуу нь дахин 1 лонх архи аваад, бид гурав мөн хувааж уусан. Би сүүлд авсан архины хэмжээ, нэрийг нь санахгүй байна, хямдахан л архи байсан. Тэгээд архи ууж дуусах үед бүрэнхий болж байсан бөгөөд би Чука ахын гэрээс ганцаараа гарч, ээжийнд ороод байж байхад, ээж “толгой чаначихлаа, идчихээд яв” гэсэн. Тэгээд надад түмпэнд хийсэн хонины чанасан толгой өгөхөөр нь би Туул эгчид “хутга аваад өг” гэхэд эгч “хутга байхгүй, Чимгээ ирлүүлэх гээд аваад явсан” гэхээр нь би “энийг чинь яаж идэх юм, яахаараа хутга байхгүй болчихдог юм” гээд уурлаад ээжийн ус буцалгаад тавьчихдаг байсан шилэн саваар Туул эгчийн толгой руу нь цохьчихсон юм шиг байгаа юм. Би согтуу байсан учраас зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа. Нэг сэргэхэд Туул эгч хөргөгчийн урд тонгойгоод суучихсан, баруун гараараа толгойн дагз хэсэгтээ нэг алчуур шиг юмаар дарчихсан, тэр нь цус болчихсон байсан. Тэгэхэд Туул эгч “чи намайг саваар цохьчихлоо шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би Туул эгчид “эмнэлэг явъя” гэхэд Туул эгч “яах юм бэ, чи гэр рүүгээ яв” гэхээр нь би гэртээ харьсан юм. Би “чанасан толгой идэх хутга өгсөнгүй” гэж л Туул эгчийг цохиж зодсон байх. Би “шилэн саваар цохьсон” гэж бодож байгаа, өөр зүйл санахгүй байна. Түүнээс Туул эгч бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас);

Мөн шүүгдэгч С.Ганхуягийн хувийн байдлыг тодорхойлох иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 90 дугаар хуудас), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92 дугаар хуудас), урьд ял шийтгүүлсэн шүүхийн тогтоолууд, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамж (хх-ийн 96-102), Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа (хх-ийн 86-88 дугаар хуудас) зэрэг энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогч нарын хуулиар баталгаажуулсан эрхийг бүрэн хангасан, сэжигтэн/яллагдагч, хохирогч, гэрч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147, 201, 202 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаасан, байцаалтын тэмдэглэл нь хуульд нийцсэн байх бөгөөд шинжээч дүгнэлтийг тусгай мэдлэг, дадлага, тушлагатай, дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул эдгээр нотлох баримтыг хууль ёсны үнэн зөвд тооцож, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгон харьцуулан үнэлэв.

Шүүгдэгч С.Ганхуяг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2. дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.  

Гурав. Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоот дахь эхийнхээ гэрт “мах идэх хутга өгсөнгүй” гэх үл ялих шалтгаанаар буюу танхайн сэдэлтээр төрсөн эгч С.Туулын толгой руу устай шилэн саваар цохиж, түүний бие махбодод “дагз ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн С.Ганхуягийн мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан буюу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн болон Эрүүл мэндийн сайд нарын 2010 оны 189/385 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1. дэх хэсэгт “Энэ журмын 2.2.1.-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтэл хамаарна. Үүнд:” гээд, 3.1.2. дахь заалтад “гавлын хүнхрээ ба суур ясны хугарал: Үүнд гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс ... -ны хугарал, заадсын салалт” гэж заасантай хохирогч С.Туулын биед учирсан гэмтлийн шинж байдал тохирч байх тул шүүх бүрэлдэхүүн шижээчийн дүгнэлт үндэслэл бүхий болсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Ганхуягийн эгчийнхээ биед хүнд гэмтэл учруулсан идэвхтэй, ухамсартай үйлдэл нь “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч С.Ганхуяг энэ хэргийг танхайн сэдэлтээр үйлдээгүй, тэдний хооронд таарамжгүй харилцаа байсан. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээж авах үндэслэлгүй юм.

Учир нь, танхайрах үйлдэл заавал гудамж талбай, олон нийтийн газарт гарах албагүй бөгөөд ахуйн хүрээнд бусдын эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд бүдүүлгээр халдаж, хэрцгий догшин авирласныг мөн хамааруулдаг. Шүүгдэгч С.Ганхуягийн хувьд төрсөн эх, эгч, нялх бүл дүүгээ илтэд үл хүндэтгэж, бусдыг айдас түгшүүрт автуулж, хутга байхгүй гэдгээ тайлбарлаж хэлсээр байтал “мах идэх хутга өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглаж, эгчийнхээ эрх чөлөөнд халдсан байх тул хууль зүйн хувьд түүнийг уг гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ. Түүнчлэн, гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч С.Ганхуяг, хохирогч С.Туул нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсгэхүйц зөрчил, маргаан болоогүйг анхаарах ёстой. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх баримт байхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгасан, нотолбол зохих бүх асуудлыг нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.

Дөрөв. Гэм буруу, ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1. дэх хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл; шүүгдэгч С.Ганхуягийг “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх энэ гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг “шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн бусдын эрх, эрх чөлөөг илтэд үл хүндэтгэсэн, хэрцгий догшин авирласан”-тай холбоотой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ганхуяг нь:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2. дахь хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, улмаар Улсын дээд шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1. дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна.

Шүүгдэгч С.Ганхуяг нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан бөгөөд түүнийг хянан харгалзах хугацаа өнгөрсөн байх тул түүнд оногдуулсан ял дээр эдлээгүй үлдсэн ялаас нэмж нэгтгэхгүй. Харин тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5. дахь хэсэгт “онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ... ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор гэмт хэрэг үйлдээгүй” гэж заасан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Ганхуягт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын талаар:

Хохирогч С.Туул нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 416.399 (дөрвөн зуун арван зургаан мянга хоёр зуун ерэн ес) төгрөгийг баримтаар нэхэмжилсэн боловч тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “С.Ганхуяг нь миний төрсөн дүү тул гомдол саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс мөн сарын 18-ны өдрийг хүртэл 3 (гурав) хоног, мөн оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 55 (тавин тав) хоног буюу нийт 58 (тавин найм) хоног цагдан хоригдсон тул хуульд зааснаар уг хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шилэн савны нэг ширхэг хагархай, шаазан аяганы хоёр ширхэг хэлтэрхий, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлэх нь зүйтэй байна.

Мөн энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ганхуяг бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Туул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдлаа.

Шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, оролцогч нарт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан өгөв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Очирваань овогт Санжжавын Ганхуягийг “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт 8 (найм) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 58 (тавин найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн савны нэг ширхэг хагархай, шаазан аяганы хоёр ширхэг хэлтэрхий, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ганхуяг бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Туул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА

 

 

     ШҮҮГЧИД                         Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Б.ДАШДОНДОВ