Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 563

 

                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         С.Ганхуягт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Ууганцэцэг,

Хохирогч С.Туул,

Ялтан С.Ганхуяг, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлоор С.Ганхуягт холбогдох эрүүгийн 201726010373 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Очирваань овогт Санжжавын Ганхуяг, 1973 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 21-352 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Мянган оюутны байрны 2-206 тоотод түр оршин сууж байсан,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүний эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосныг биеэр эдэлж байгаад Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 465 дугаартай захирамжаар 1 жил 11 сар 10 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД: ЧБ73031673/,   

 

          С.Ганхуяг нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоотод оршин суух төрсөн эгч С.Туулыг “мах идэх хутга өгсөнгүй” гэх шалтгаанаар буюу танхайн сэдэлтээр зодож, толгойд нь шилэн саваар цохиж, бие махбодид нь дагз ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Ганхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Очирваань овогт Санжжавын Ганхуягийг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт 8 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 58 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шилэн савны нэг ширхэг хагархай, шаазан аяганы хоёр ширхэг хэлтэрхий, цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавууг устгуулахаар “Эд мөрийн баримт устгах ажлын хэсэг”-т шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ганхуяг бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч С.Туул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч С.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан С.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Ганхуяг нь ...232 тоот тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие С.Ганхуяг нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. ...Уг хэрэг гардаг өдөр ээж Соотонгийндоо хашааны цас цэвэрлэх гэж очсон өөр надад ямар ч санаа зорилго байгаагүй. Хашааны цасыг цэвэрлэж байхдаа ...ахын найз болох Чука ахтай тааралдаж архи ууцгаасан. Тэгээд гэртээ ортол миний төрсөн эгч болох С.Туул болон ээж хоёр байсан. Намайг яах гэж архи уусан юм бэ гэж загнасан. Ээж Соотон намайг “толгой чаначихлаа, идээд яв” гэсэн. Тэгээд толгой идэх гэтэл хутга байгаагүй. С.Туул эгчээс “хутга аваад өг” гэсэн чинь С.Туул эгч “хутга байхгүй байна” гэснээ нүүр нь хувьсхийгээд өөрчлөгдсөн. Тэгтэл ээж Соотон “Чимгээ хутга ирлүүлэх гээд аваад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дотроо эгчийгээ буруугаар ойлгож надад хутга өгөхгүй байна, худлаа хэлж байна, намайг шоронд ял эдэлж байсан болохоор тэгэж байна гэж согтуу ухаанаар бодоод эгч С.Туулыгаа гэмтээж маш ихээр гомдоосон байна. Би эгч С.Туулыгаа буруугаар бодож ийм зүйл хийсэндээ үнэхээр харамсаж байна. ...Би эгчтэйгээ хувийн ямар ч өс хонзон болон өр авлагын асуудал, гомдол хохирол байхгүй. Миний хувьд ...эгчтэйгээ согтуу байсны улмаас үл ойлголцож санаатай биш буруугаар ойлгож үйлдсэн үйлдлийг минь үндэслэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан С.Ганхуягийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн үйл баримттай маргаагүй. Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 8 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Танхайн сэдэлт гэдэг ойлголт нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж биш болсон. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэв.

Хохирогч С.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний гаргасан хүсэлтийг үндэслэн төрсөн дүү болох С.Ганхуягт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Ганхуяг нь танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуульд “танхайн сэдэлт” гэж байхгүй болсон учраас шүүгдэгч С.Ганхуягийн үйлдсэн хэрэг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

С.Ганхуяг нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоотод оршин суух төрсөн эгч С.Туулыг “мах идэх хутга өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, толгойд нь шилэн саваар цохиж, бие махбодод нь дагз ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Туулын “...2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр миний төрсөн дүү С.Ганхуяг “манай хашааны цасыг цэвэрлэж өгнө” гээд ээж бид хоёр дээр ирсэн юм. Тэгээд хашааны цас цэвэрлэж байгаад өдөр гараад явчихсан байсан. Хэсэг байж байгаад Ганхуяг нэлээн согтуу орж ирээд явах гэж байснаа “хоол идье” гэсэн. Ээж тогоон дээр ялз чаначихсан байсан хонины толгой гаргаж өгсөн. Ганхуяг “хутга өгчих” гэхээр нь “Ганчимэг хутга ирлүүлэх гээд аваад явчихсан, хутга байхгүй байна” гэхэд “та нар намайг юу гэж бодоод байгаа юм” гээд уурлаад, савтай чанасан толгой, шаазан аяга над руу шидсэн. Тэгээд устай өндөр шилэн саваар миний толгойн баруун хэсэгт нэг удаа, цохиж гэмтэл учруулсан. Мөн гараараа цохиж байх шиг байсан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор хаана, яаж цохисныг нь санахгүй байна. Аяга, шилэн сав хоёроор цохиход толгойноос маш их цус гарсан. Тухайн үед манайд хутга байгаагүй, ууц янзална гээд Ганчимэг ирлүүлчихээд ирнэ гээд аваад явсан. Ганхуяг урьд нь төрсөн дүү Гантулгыг хутгалж амь насанд нь хүрч, шоронд сууж байгаад гарсан учраас “намайг хутга нуугаад өгөхгүй байна” гэж бодоод уурласан байх. Түүнээс биш намайг зодох шалтгаан байгаагүй. Мөн өнгөрсөн жил ээж, дүү нараа зодоод цагдаад шалгагдаж байгаад ээж гомдол саналгүй гээд хэрэг нь хаагдаж байсан. Одоо бол Ганхуягаас үнэхээр айж байна. Би гомдолтой байна. Миний дүү Ганхуяг нь жоохон байхдаа гайгүй хүүхэд байсан юм. Том болоод архи уухаараа санаснаа яриад байдаг болсон. 2003 онд дүүгийнхээ амь насыг хороогоод шоронд ороод гарч ирснээсээ хойш бүр сонин зантай болчихоод байгаа юм. Би өөрөө бол гомдолгүй гэж хэлж чадна. Гэхдээ ээж, дүү нараа энэ хүнээс хамгаалж олон хүний эрх ашгийн төлөө би гомдолгүй гэж хэлж чадахгүй байна. Ганхуяг нь архи уухаар их онгироо болчихдог юм...” /хх-19-20/,

“...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би хэдийгээр хохирсон боловч өөрийн төрсөн дүү С.Ганхуягаас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” /хх-23/,

Гэрч С.Ганчимэгийн “...2017 оны 2 дугаар сарын 14-ний орой 18 цаг өнгөрч байхад Туул эгч над руу залгаад “Ганхуяг согтуу хутга нэхээд байна, чи хутга авч явснаа хэлээд өгөөч” гэсэн бөгөөд Ганхуяг ахтай яриагүй, утас нь тасарчихсан юм. Тэгээд 19 цагийн үед Туул эгч ахин залгаад “Ганчимэгээ хурдан ирээрэй, Ганхуяг миний толгойг хагалчихсан, цус гараад байна” гэсэн. Би яаран гэртээ иртэл ээж миний охиныг тэврээд суучихсан, Туул эгч гал тогооны өрөөнд толгойноос нь цус гарчихсан сууж байсан. Харин Ганхуяг ах түүний урд сууж байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй болохоор яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Туул эгч, ээж хоёр хэлэхдээ “толгой чанаад өгсөн чинь хутга өг гээд, хутга байхгүй гэсэн чинь уурлаад зодсон” гэж байсан. Тухайн өдөр би хутгануудаа ирлүүлэхээр авч явсан байсан. Хэрэг гарсны маргааш нь ээж ууцны мах эвдүүлэх байсан тул би тэр өдөр “хутгануудаа иртэй байлгая” гэж бодоод ирлүүлэхээр авч явсан юм. Миний ах Ганхуяг нь төлөв даруу, багаасаа сайхан хүмүүжиж өссөн юм. Гэтэл зан нь эвдрээд муухай зантай болчихсон байна лээ. Архи уусан үедээ аав, ээж хоёрт агсам тавьдаг болсон. Тэгээд 2003 онд төрсөн дүүгээ хутгалж амь насанд нь хүрээд, хорих ял эдэлж гарч ирснээс хойш бүр муухай зантай болсон байсан. Биднийг зүгээр байхад “юу гэж бодоод байгаа бол” гээд л өөрөө хардаад муугаар бодоод байдаг юм шиг байна лээ. Бид урьдын асуудлыг сануулаад яахав гээд нэг их юм ярьдаггүй юм. Өнгөрсөн жил бас ээжийг зодоод цагдаад шалгагдаж байгаад, ээж “гомдол саналгүй” гээд хэргийг нь хаалгасан...” /хх-24-25/,

Гэрч Ж.Соотонгийн “...2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр миний хүү Ганхуяг нь архи уугаагүй эрүүл, “хашааны цас арилгах” гэж манай гэрт ирсэн. Тэгээд хашааны цас арилгаж байгаад хэсэг алга болчихсон байсан. Чука гэх хүнтэй архи уусан болов уу гэж бодоод байгаа юм. Нэлээн согтуу байсан. Тэгээд орой харанхуй болох үед Ганхуяг явах гэхээр нь “ялз чаначихсан хонины толгой идээд яв” гээд гаргаж өгөхөд тэрээр “хутга аваад өг” гэхээр нь “Ганчимэг дүү чинь хутга, заазуур ирлүүлэх гээд аваад явсан” гэж хэлсэн. Гэтэл Ганхуяг “намайг юу гэж бодоод байгаа юм бэ, муу пизданууд” гээд эгч Туул руугаа хандаж “муу санаатай пизда” гэхэд Туул “миний дүү, яалаа гэж дээ, Ганчимэг нээрээ ирлүүлэх гээд хутга, заазуур авч явсан” гээд уурлахгүй, тайван, аргадах аястай хэлсэн. Гэвч Ганхуяг уурлаад чанасан толгойнуудыг зуух руу шидээд, Туулын толгой руу устай зузаан шилэн саваар цохиж гэмтээсэн. Тэгээд бас ягаан цэцэгтэй, сэнжтэй шаазан аяга шидсэн. Би тухайн үед их айсан байсан учраас зарим үйлдлийг нь сайн санахгүй байгаа. Туулын толгойноос цус гараад байсан. Би жаахан хүүхэд тэвэрчихсэн байсан учраас хөдөлж чадахгүй байсан. Тухайн үед хутга байсан бол хүн амины хэрэг гарах байсан. Аз болоход Ганчимэг хутга, заазуур ирлүүлэх гээд аваад явсан байсан. 2015 оны сүүлээр санагдаж байна, Ганхуяг гаднаас согтуу орж ирээд намайг зодож, миний хавиргыг хугалсан. Тухайн үед “гомдол саналгүй, зүгээр өнгөрөөгөөд өгөөч” гэж цагдаагаас гуйж байгаад гайгүй өнгөрсөн. Одоо бол хууль журмынх нь дагуу хэргийг нь шийдвэрлэж өгнө үү. Миний хүү их ааш муутай, архи уухаараа гэр бүлийн хүмүүст агсам тавиад байдаг. Гадуур өөр хүмүүст агсам тавьдаг л байлгүй, мэдэх зүйл алга. 2003 онд шиг санаж байна, хамгийн бага эрэгтэй дүүгээ хутгалж, амь насанд нь хүрч байсан. Ял эдэлж гарч ирээд ааш зан нь бүүр эвдэрсэн, Ганхуягийн талаар ярихаар гомдоод байх юм. Энэ асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” /хх-26-28/,

Гэрч Ш.Чулуундоржийн “...2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би хашааны үүдэнд байж байхад Ганхуяг манай хашааны харалдаа байдаг ээжийнхээ хашаанаас цас гаргаж хаяж байгаад над дээр ирээд манай тэргийг гуйж аваад явсан. Тэгээд цасаа зөөж байгаад дуусгалгүй манайд орж ирсэн. Манайд Дүүрэнбилэг бид хоёр 0.75 литрийн хэмжээтэй хагас лонх архи уугаад сууж байсан болохоор Ганхуяг хувааж уусан. Тэгээд ахин нэг лонх архи авахаар болоод, Дүүрэнбилэг 0.5 литрийн хэмжээтэй нэг лонх архи авч ирээд, бид гурав түүнийг нь хувааж уусан. Ганхуяг тийм их согтуу байгаагүй, өөрийгөө удирдах чадвартай байсан. Ганхуяг бүрэнхий болохоос өмнө “харилаа” гээд ганцаараа гарсан. Би өөр зүйл мэдэхгүй. Харин цагаан сарын дараа Ганхуягтай тааралдахад “дээр таньтай архи уусныхаа дараа Туул эгч рүү аяга шидчихсэн гэж байна. Одоо цагдаад шалгагдаж байгаа” гэсэн. Би Ганхуягийг 2000 оноос хойш мэднэ. Хүнд их тусархуу, сайн залуу. Архи уухаараа дөлгөөхөн, ямар нэгэн муу зан гаргадаггүй. Гэрийнхэнтэйгээ муудсан гэхээр гайхаад байна...” /хх-29-30/,

Гэрч Г.Цэнгүүний “...2017 оны 2 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө би машинт эргүүлээр “Ачит-114” чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч М.Мөнхбаатарын хамт ажилласан. Тухайн өдөр 20 цаг 17 минутад “Ачит-10”-аас “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 24-3 тоотод хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага хүлээн аваад, Нарангэрэл гэх дуудлага өгсөн хүнтэй 80856222 дугаарын утсаар холбогдож асуухад, тэрээр “би өөр газар байна, ээжийн хаягаар дуудлага өгсөн юм” гэсэн. Ингээд уг дуудлагын дагуу хаягаар нь очиход хашааны хойд хэсэгт байшин байх ба уг байшин руу ороход хэргийн газрыг цэвэрлэсэн байсан. Тухайн байшинд зодуулсан гэх эмэгтэй сандал дээр толгойгоо дарчихсан байж байсан. Мөн тэр эмэгтэйн ээж нь гэх нэгэн хөгшин байсан. Тэдгээр хүмүүсээс юу болсон талаар асуухад “С.Туул гэх эмэгтэйн төрсөн дүү агсам тавиад, ус хийдэг шилэн саваар эгчийнхээ толгой руу цохиж” гэмтээсэн гэсэн. Тэгэхээр нь шилэн савыг хаана байгааг асуухад “шилний хагархайг хогийн саванд хийсэн” гэж байсан. Тиймээс “уг хагарсан шилийг битгий хаяарай, бүрэлдэхүүн ирж авна” гэж хэлсэн. С.Ганхуягийг гараад явсан гэсэн тул “Ачит-10” руу мэдэгдсэн ба эрүүгийн төлөөлөгч нар тэр шөнө С.Ганхуягийг ажил дээр авч ирэхээр нь албадан саатуулах төвд түр саатуулсан. Ганхуягийг албадан саатуулах төвд хүргэж өгөхөд архи үнэртэж байсан боловч өөрийгөө удирдах чадвартай байсан бөгөөд тэрээр “би хайртай эгчийгээ цохьчихлоо, би архи уухаараа л болохгүй юм. Хэдэн жилийн өмнө төрсөн дүүгээ хутгалж байсан, би архи ууж огт болохгүй” гэх зэрэг зүйл яриад байсан. Хэргийн газрыг цэвэрлэсэн байсан бөгөөд яагаад цэвэрлэсэн талаар надад яриагүй...” /хх-31-32/,

Гэрч Л.Рагчаадуламын “...Миний хамтран амьдрагч С.Ганхуяг нь намайг Дархан хот руу явсан байх хугацаанд буюу 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн эгчийнхээ толгой руу шилэн саваар цохисон гэж өөрөө хэлсэн, түүнээс би хэргийн талаар мэдэхгүй. Ганхуяг хэлэхдээ “архи уусан байхдаа цохисон” гэж хэлсэн, надад өөр зүйл хэлээгүй. С.Ганхуягийн хувьд гэртээ байхдаа зан байдлын хувьд ямар нэгэн муу зан байхгүй, гэртээ хоолоо хийгээд бусадтай харьцахдаа эвлэгхэн, архи уугаад байдаггүй. Хааяа баяр ёслол болохоор найз нөхөдтэйгөө архи уусан үедээ гэртээ ирээд унтдаг, агсам согтуу тавиад байдаггүй. Надад агсам согтуу тавьж байгаагүй. Өөрөө болохоор “олон жил шоронд суусан, одоо амьдралаа бодъё” гэдэг байсан. Би түүнийг эгчийгээ зодсон гэхээр гайхаад байна...” /хх-33-34/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын “...С.Туулын биед учирсан гэмтлүүд нь хоёр удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйлд хутга мэснээс бусад бүх зүйл хамаарна. С.Туулын биед учирсан дагзны ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл нь шилэн саваар цохих үед үүсэх боломжтой. Дагзны хуйхан дахь шарх гэмтэл нь шилэн саваар цохигдож, сав хагарах үед үүсэх боломжтой. Харин цус харвалт нь дээрх гэмтлээс болж үүссэн. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд зулгаралт, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-35-36/,

С.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 24-3 тоотод байрлах ээжийнхээ гэрт ирсэн юм. Би архи уугаагүй, ганцаараа очсон. Би ээжийнхээ хашааг цэвэрлэж өгөхөөр очсон. Ингээд ээжийн хашааг цэвэрлээд цасыг нь хашааны дунд хэсэгт овоолчихоод төмөр дээр тавиад гудамж руу цас асгаж байхдаа ээжийн арын хашааны Чука гэх ахтай тааралдсан. Би түүнээс усны тэргийг нь гуйсан чинь “ав ав” гэсэн. Тэгээд би түүнийг дагаж гэр лүү нь ороход Чука ахын найз гэх нэгэн ах гэрт нь байсан ба Чука ах дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй, “Их Монгол” нэртэй 2 лонх архи авч ирсэн байсныг бид гурав хувааж уусан. Архиа ууж дуусгаад усны тэргийг нь аваад, ээжийн хашаа руу буцаж ороод, тэргээр нь цас зөөж байгаад дуусгалгүй 18-19 цагийн багцаанд ээжийн гэр лүү ороход ээж, эгч С.Туул, дүүгийн нялх хүүхэд гурав байсан. Ээж “толгой чанасан ид” гэж байсан. Би эгч Туултай хэрүүл хийж байснаа санаж байна нэг сэргэхэд эгч “чи толгой хагалчихлаа” гэж байсан. Би юугаар цохиод, яаж хагалснаа санахгүй байна. Аяга шидсэн юм болов уу, өөр юм шидсэн юм болов уу мэдэхгүй байна. Тэгээд Туул эгч намайг “одоо яв” гэхээр нь би явсан юм. Би өөрийн амьдардаг Мянган оюутны байранд байж байхад, цагдаа нар шөнө ирээд намайг авч явсан. Эгч Туулыг цохиж зодох шалтгаан надад байхгүй. Би яагаад цохиж зодсоноо санахгүй байна. Ямар ч байсан эгчтэй хэрэлдэж байснаа санаж байна...” /хх-38/,

“...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр 13-14 цагийн үед би ээжийнхээ хойд талын харалдаа жалгын хойно гэр нь байдаг Чука гэх ах дэлгүүр орчихоод ирж байхад нь тааралдаад, түүнээс цас зөөчихөөд өгье гээд түрдэг том тэргийг нь гуйж ороход, Чука ах нэг залуутай хамт байсан бөгөөд 0.75 литрийн хэмжээтэй 1 лонх архи ууж байсан. Би тэр архинаас хувааж уучихаад тэргийг нь аваад цасаа зөөж байгаад, Чука ахынд буцаж ороход хамт байсан залуу нь дахин 1 лонх архи аваад, бид гурав мөн хувааж уусан. Би сүүлд авсан архины хэмжээ, нэрийг нь санахгүй байна, хямдхан л архи байсан. Тэгээд архи ууж дуусах үед бүрэнхий болж байсан бөгөөд би Чука ахын гэрээс ганцаараа гарч, ээжийнд ороод байж байхад, ээж “толгой чаначихлаа, идчихээд яв” гэсэн. Тэгээд надад түмпэнд хийсэн хонины чанасан толгой өгөхөөр нь би Туул эгчид “хутга аваад өг” гэхэд эгч “хутга байхгүй, Чимгээ ирлүүлэх гээд аваад явсан” гэхээр нь би “энийг чинь яаж идэх юм, яахаараа хутга байхгүй болчихдог юм” гээд уурлаад ээжийн ус буцалгаад тавьчихдаг байсан шилэн саваар Туул эгчийн толгой руу нь цохьчихсон юм шиг байгаа юм. Би согтуу байсан учраас зарим зүйлийг нь сайн санахгүй байгаа. Нэг сэргэхэд Туул эгч хөргөгчний урд тонгойгоод суучихсан, баруун гараараа толгойн дагз хэсэгтээ нэг алчуур шиг юмаар дарчихсан, тэр нь цус болчихсон байсан. Тэгэхэд Туул эгч “чи намайг саваар цохьчихлоо шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь би Туул эгчид “эмнэлэг явъя” гэхэд Туул эгч “яах юм бэ, чи гэр рүүгээ яв” гэхээр нь би гэртээ харьсан юм. Би “чанасан толгой идэх хутга өгсөнгүй” гэж л Туул эгчийг цохиж зодсон байх. Би “шилэн саваар цохисон” гэж бодож байгаа, өөр зүйл санахгүй байна. Түүнээс Туул эгч бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон байхгүй...” /хх-40/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2862 дугаартай дүгнэлтэд “...Туулын биед дагзны ясны ил хугарал, дагзны хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-50/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх С.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг тодорхойлж байсан “танхайн сэдэлтээр” гэсэн ойлголт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул шүүгдэгч С.Ганхуягийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

Түүнчлэн шүүгдэгч С.Ганхуягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан С.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Очирваань овогт Санжжавын Ганхуягийг “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Очирваань овогт Санжжавын Ганхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт 8 (найм) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1., 59.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 58 (тавин найм) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан С.Ганхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ