Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0526/з |
Дугаар | 221/МА2016/0791 |
Огноо | 2016-12-15 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2016/0791
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Денверийн гудамж Голден Вилл хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрээр:
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Денверийн гудамж Голден Вилл хотхоны 105 дугаар байрны 305 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Д.*******ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэгч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1.Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Эм энд Жи констракшн” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй бол нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, эвлэрэх, болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрх, үүргийг гуравдагч этгээд хүлээдэг.
Гэтэл “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох талаар бие даасан шинжтэй шаардлага гэнэт гаргаж энэхүү шаардлагын үндэслэлээ байрны төлбөрийг нэхэмжлэгч тал дутуу төлсөн тул одоо нийт 13,297 ам.долларыг гуравдагч этгээдэд төлөх ёстой гэж тайлбарласан.
Ийнхүү гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч хариу тайлбар гаргаж, энэ талаар нотлох баримт гаргаж өгөх, гэрчийг дуудуулах зэргээр хуульд заасан эрхээ эдлэх ёстой. Гэтэл шүүх гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй болохыг зөв тодруулж чадаагүйгээс нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3-т заасан эрхээ эдэлж чадаагүй.
Энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлж хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буруу шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлсэн.
2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн нөгөө нэг алдаатай зүйл нь нэхэмжлэгч Г.******* болон “Эм энд Жи констракшн” ХХК-иуд хоорондоо Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон талаар маргаантай байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаантай гэж буруу дүгнэсэн явдал юм.
Нэхэмжлэгч байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үүнтэй холбоотой Орон сууц захиалгаар бариулах гэрээ, “Эм энд Жи констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Им Жун Ү-гийн төлбөр тооцоо дууссан болохыг тодорхойлсон албан бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн энэ хүний гарын үсэг бүхий тооцоо нийлсэн баримтуудыг үндэслэн орон сууцны өмчлөгч нарыг улсын бүртгэлд бүртгэж байсан шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал гуравдагч этгээдийн хэлсэн зөвхөн аман тайлбар бүхий нотлогдохгүй зүйлээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Аливаа эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотолсон албан бичигт төлбөр тооцоо дууссан болохыг тодорхойлсон гүйцэтгэгч компани, аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай бичиг хуулийн шаардлага хангасан баримтад тооцогддог.
Гэтэл ийм баримтыг нэхэмжлэгч шүүхэд үзүүлсээр байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгээ баттай нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн талаар талуудыг маргаантай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т эрхийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах 3 нөхцөлийг дэлгэрэнгүй дурдсан байхад хэрэгт огт хамаагүй хуулийн заалтыг хэрэглэж дүгнэлтээ гаргасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-иас “нэхэмжлэгчийг төлбөрийн үлдэгдэлтэй буюу 13297 ам.долларын дутуу төлөлттэй” гэсэн тайлбар гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Гомдолд дурдсанчлан гуравдагч этгээдийн дээрх тайлбарыг бие даасан шаардлага гэж үзэхгүй, тухайн үед “Эм энд Жи констракшн” ХХК-ийн ерөнхий захирал байсан Им Жун У-гийн төлбөрийн тооцоо дууссан болохыг тодорхойлсон албан бичгийг ийнхүү маргаж байгаа тохиолдолд хангалттай нотлох баримт гэж үзэхгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ баттай нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс хариуцагчийг буруутгаж, орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхийг даалгах үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр “Эм энд Жи констракшн” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден вил хотхоны 105 дугаар байрны 81.75 м.кв талбай бүхий 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын төлбөр болох нийт 110362 ам.долларыг бүрэн төлсөн болохоо нэхэмжлэгч нотолж, “Эм энд Жи констракшн” ХХК-иас гаргасан төлбөрийн үлдэгдэл 13.297 ам.доллар дутуу гэх тайлбарыг няцаах шаардлагатай болно.
Улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахдаа барилгын гүйцэтгэгч компанийн тодорхойлолтыг хавсаргах нь хангалттай хэдий ч харин шүүхээр бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх, тэр тусмаа төлбөрийн маргаан үүсч байгаа тохиолдолд дан ганц тодорхойлолт хангалтгүй.
Шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6601 дүгээр захирамжаар “Эм энд Жи констракшн” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татсаны дараа буюу 10 дугаар сарын 13-ны өдөр тус компаниас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй талаар дурдсан, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч уг байр, авто зогсоолын анхны захиалагч болох н.Батдэлгэр гэгчид “Эм энд Жи констракшн” ХХК-д төлсөн төлбөрийг бүрэн төлж, гэрээний нэрийг өөрчлөн худалдан авсан гэх бөгөөд нэхэмжлэгчээс төлбөрийг хэрхэн төлж барагдуулсан болохыг нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Мөн зүйлийн 32.8 дахь хэсэгт “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан тул хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 781 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН