Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/00908

 

 

 

 

 

2020 04 08

181/ШШ2020/00908

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Г,

Нэхэмжлэгч: Н.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.О

Хариуцагч:  Ж ХХК ,

Хариуцагч:  М.А нарт тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24.100.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагч Ж ХХК болон Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гэрч М.О , Ё.А , Д.А , Э.Т х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.О 2017 оны 10 дугаар сард иргэн Ц.Г тай холбогдож би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэг /хуучинаар сайд нарын 2-р эмнэлэг/-ийн өргөтгөлийн барилгын ажлыг авсан. Энэ сараас барилгын карказны ажлыг он гарахаас өмнө дуусгах ёстой танай бригадаар уг ажлыг хийлгүүлэх хүсэлтэй байна гэсэн.

Ингээд Ц.О , Ц.Г нар уулзалдаж дээрх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр, каркасын ажлын нийт хөлс нь 67.100.000 төгрөг байхаар тохиролцсон.

Иймд гүйцэтгэгч Ц.Г нь Н.Ганзоригийн бригадтай хамтран уул ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн захиалагчийн төлөөлөгч Ж ХХК-д хүлээлгэн өгсөн болно.

Ажил гүйцэтгэх энэ хугацаанд Ц.О 38.000.000 төгрөгийг дансаар, 5.000.000 төгрөгийг бэлнээр өгч нийт 43.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 24.100.000 төгрөгийг 2018 оны эхний улиралд өгөх ёстой боловч барилгыг улсын комисс хүлээн аваагүй гэх шалтгаанаар ажлын хөлсийг өгөхгүй өнөөдрийг хүргэж байна.

Ц.Г болон Ц.О нар нь 2016 онд танилцаж барилгын салбарт хамтран ажиллаж ирсэн. Ц.О нь 2011-2014 он хүртэл Ж ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад улс төр хөөхөөр боллоо гээд иргэдийн хуралд ажилладаг болсон, тус компани нь Ц.О гийн хамаарал бүхий компани ба захиалагч Ц.О гийн гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг Ж ХХК хүлээн авсан.

Ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл хөлс 24.100.000 төгрөгийн санхүүжилтийг шаардахад барилгын ажлыг улсын комисс хүлээн аваагүй, санхүүжилтийг Ж ХХК-ийн захирал М.А хариуцахаар болсон гэдэг. М.А захирал нь 2018 онд багтаан санхүүжилтийг шийдвэрлэхээр өгөхөөр баталгаа гаргасан хэдий ч үр дүн гараагүй одоо бол компаниас биш Ц.О гоос ажлын хөлсөө ав гэдэг.

Би нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөр оролцож байгаа боловч оюутан байхаасаа барилгын ажлыг Ганзориг Ганбаатар нартай хамт хийж байсан тэр үеэс л Ц.О Ж ХХК-ийг төлөөлөн явдаг байсныг мэднэ. Бид карказ хийсэн нь үнэн, хийсэн ажил дээр маргаагүй, үлдэгдэл хөлсөө л авах гэж байгаа юм.

Ц.О мөнгийг Капитрон банк дээр очиж хийхдээ Ж ХХК-иас орлого гэж хийдэг байсан. Ц.О ганц энэ барилга дээр эдэнтэй хамтран ажиллаж байгаа юм биш ээ. Баянзүрхийн барилга дээр байхаас л явдаг байсан, дараа нь 2 дугаар эмнэлгийн өргөтгөлийн барилга дээр ч хамт байсан. Бид хамтран ажиллаад байдаг болохоор итгээд гэрээг 1 хувь хийгээд Ц.О өөрөө авсан. Одоо бол Ц.О Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгч хийдэг.

Иймд хариуцагч нараас ажил гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 24.100.000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Хариуцагч М.А нь энэ хэргийг Банзүрх дүүргийн шүүх дээр байхад захирамжид гомдол гаргахдаа өгсөн тайлбар болон Сүхбаатар дүүргийн шүүх дээр өгсөн тайлбарууддаа тодорхой бичсэн тул нэхэмжлэгч нар нь хариуцагч М.А ээс татгалзаж байна гэв.

Хариуцагч Ц.О шүүхэд өгсөн, түүний төлөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Ц.О миний бие Ц.Г , Н.Ганзориг нараар ажил гүйцэтгүүлээгүй, гэрээ байгуулаагүй, энэ хэрэгт би ямар ч хамаагүй, үүрэггүй тул нэхэмжлэгч ингэж шаардах эрхгүй. Ц.О бол нэхэмжлэгч нарыг танихгүй гэдэг. Ж ХХК тендерт ялж барилгын ажил эхлэхэд Ц.О байсан ч сүүлд улс төрд ороод ямар ч хамааралгүй болсон. Нэхэмжлэгч нар Ц.О г нэр төрөө бодоод мөнгө өгч магадгүй гэж бодоод байх шиг байна. Энэ асуудалд Ц.О бол ямар ч хамааралгүй юмаа.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 24.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ц.О , Ц.Г нар нь уулзалдаж дээрх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхээр, каркасын ажлын нийт хөлс 67.100.000 төгрөг байхаар тохиролцсон, ажил гүйцэтгэх энэ хугацаанд Ц.О 38.000.000 төгрөгийг дансаар, 5.000.000 төгрөгийг бэлнээр нийт 43.000.000 төгрөгийг өгсөн, тус компани нь Ц.О гийн хамаарал бүхий компани ба захиалагч Ц.О гийн гүйцэтгүүлсэн ажлын үр дүнг Ж ХХК хүлээн авсан гэж бичсэнээс харахад нэхэмжлэгч нар нь анхнаасаа Ж ХХК-тай биш, хариуцагч Ц.О той бүх ажлаа ярьж тохирсон, түүнээс ажлын хөлсөө авч байсан гэж ойлгогдож байна.

Ажлын үр дүнг Ж ХХК-д хүлээлгэн өгсөн гэж бичсэн боловч түүнийгээ нотлоогүй байна. Нэхэмжлэгч нараас манай компанид каркасын ажлыг хүлээлгэн өгсөн тухай ямар ч баримт байдаггүй.

Ц.О бол Ганбаатар, Ганзориг нарыг танихгүй гэдэг, А тэй танил юм шиг байна лээ, нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл өгөхдөө А ийг хариуцагчаар татаж байгаад түүнээс татгалзсан тул одоо хариуцагч биш юм.

Энэ ажлыг эхлэхэд Ц.О санал гаргасныг нотлох баримт байхгүй, Ц.О той тохиролцсон хугацаа гэж юу яриад байгаа юм бэ, Ж ХХК-тай хийсэн ажлын тооцоо гэсэн баримт дээр байгаа гарын үсгийг А би зураагүй гэдэг.

Тэр баримт тус компанид байхгүй, нэхэмжлэгч нар хаанаас баримт гаргаж ирээд байгааг мэдэхгүй, эд нар 67.100.000 төгрөгөөр ажил тохирсон гэдгээ нотлох хэрэгтэй, 43 сая төгрөгийг О гоос авсан гэдэг баримт байхгүй, О Ж хоёр ямар холбоотойг мэдэхгүй, Ж бол 3 удаа л мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгө Ж ХХК-иас гарсан.

Ж ХХК ямар тохиролцоо хийсэнийг мэдэхгүй. А би ямар ч баримт үйлдээгүй миний гарын үсэг биш гэдэг.

Ганзориг нар ажлаа хаяад явчихсан шүү дээ. А хэлэхдээ карказ хийсэн гэж байсан. Ц.О болон Ж ХХК хариуцагч биш юмаа.

Нэхэмжлэгч нар хоёр дугаар эмнэлгийн барилга дээр ажилласан нь үнэ. А Уланнхүү нарыг байлцуулан тооцоо нийлсэн болон 43.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн зэрэгт маргахгүй. Хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа гараар бичсэн хэсэгт 17.600.000 төгрөгийг өгөхөөр тохиролцов гээд бичсэн байгаа нь дутуу ажилаа хийсэн тохиолдолд өгнө гэсэн тооцоо юм. Нэхэмжлэгч нарын хаяад явсан ажлыг Олонбаяртай гэрээ хийж гүйцэтгүүлсэн. Эд нар 2018 оны хавар ажилаа хийчихсэн бол ийм байдалд орохгүй байсан. Өмнө нь 16 дугаар хорооллын барилга дээр ажиллаж байхдаа ч хаяад явсан, тэр үейд хулгай гарсан. 17.600.000 төгрөгийг өгнө гэж бичсэн учир нь дутуу ажилаа гүйцээхээр өгнө гэсэн гэдэг. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Мишиг овогтой А би Ганзориг, Ганбааатар нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татагдсан байна.

Миний бие Ж ХХК-ийн захирлаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч нар надтай биш хуулийн этгээд болох Ж ХХК -тай Барилга угсралтын ажлыг хөлсөөр гүйцэтгэх стандарт гэрээ байгуулан ажилласан байдаг. Хэрэгт авагдсан цорын ганц хүчин төгөлдөр нотлох баримт болох дээр дурдсан гэрээнээс харахад нэхэмжлэгч нар нь иргэн М.А гэдэг хувь хүнтэй биш Ж ХХК-ийн захирал М.А тэй гэрээ хийсэн нь харагдана. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т хуулийн этгээдийг үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг .. зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж тодорхойлжээ. Ж ХХК-ийн ТУЗ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр надад олгосон эрх мэдлтийн хүрээнд миний бие нь гүйцэтгэх захирлын хувиар нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан болохоор хувь хүний хувьд хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх ямар ч үндэслэлгүй.

М.А нь олон жил барилгын салбарт ажиллаж байгаа ахмад барилгачин хувь хүнийхээ хувьд нэхэмжлэгч нарт төлбөр төлөх дээрээ хүрэхээр тийм алдаа ерөөсөө гаргаагүй, угаас нь би энэ ажилд хувь хүнийхээ хувиар биш цалин авч байсан албан тушаалтныхаа хувиар оролцсон.

Хэрэв нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрээр хэн нэгэн төлбөр төлөх дээрээ тулбал М.А гэдэг хувь хүн биш, харин нэхэмжлэгч нартай гэрээ хийж гэрээний үндсэн дээр тэдний өмнө үүрэг хүлээснээрээ хуулийн этгээд Ж ХХК нь өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах шаардлагатай болох байхаа.

Ганзориг Ганбаатар нар нь Ж ХХК-тай тохиролцож барилгын ажил гүйцэтгэсэн байдаг. Харин М.А миний бие хувиараа энэ ажилд оролцоогүй. Ж ХХК-ны хувьцаа эзэмшдэггүй нэгэн юмаа. Иймээс би нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй мөнгийг хувиараа төлөх үндэсгүй. Яагаад надаас энэ мөнгийг нэхэмжилж шүүхэд өгдөг билээ. Та бүхэн энэ нэхэмжлэлийг хэн нь хариуцах ёстойг яаралтай шийдвэрлэж өгнө үү. Ж ХХК-ийн барилгын ажил хариуцсан инженер даамалууд энэ хэргийн талаар тайлбар болон нотлох баримтуудыг хүргүүлэх байхаа гэжээ. /хх-ийн 39, 62-р хуудас/

Шүүх хуралдаанд гэрч М.О , Ё.А , Д.А , Э.Т х нарын мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нар нь хариуцагч Ц.О , Ж ХХК, М.А нарт холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлс 24.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ж ХХК /захиалагч/, нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг /гүйцэтгэгч/ нар нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгийн өргөтгөлийн барилгын карказны ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сард багтаан 67.100.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь тухайн үед Ж ХХК-ийн захирлаар ажиллаж байсан хариуцагч М.А , нэхэмжлэгч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 39, 62, 71,130-134, 140, 141, 162-170-р хуудас/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ.

Хариуцагч Ж ХХК /захиалагч/, нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг /гүйцэтгэгч/ нарыг Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгийн өргөтгөлийн барилгын карказны ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сард багтаан 67.100.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх тул Ж ХХК болон Ц.Г , Н.Ганзориг нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд дээрх нөхцөлүүд болон ажлын хөлсөнд 43.000.000 төгрөгийг гүйцэтгэгч нарт шилжүүлсэн өгсөн талаар маргадаггүй болно./хх-ийн 4,71-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч Ц.Г , Н.Ганзориг нар нь Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн барилгын карказны ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Ж ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 4, 39, 62, 71,130-134, 162-170-р хуудас/

Гүйцэтгэгч нар нь дээрх гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгийн өргөтгөлийн барилгын карказны ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлөөгүй тул 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Ж ХХК нь гүйцэтгэгчтэй тооцоо нийлж ажлын хөлсний үлдэгдэл 17.600.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 71, 130-134, 162-170-р хуудас/

Мөн хариуцагч Ж ХХК /захиалагч/ нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн

351.1.1.гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх,

351.1.2.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй.

Иймд хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нарт ажлын хөлсний үлдэгдэл болох 17.600.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нарыг ажлаа гүйцэд хийлгүй орхиж явсан, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, орхиж явсан ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй бөгөөд Иргэний хуулийн 351.2.-т зааснаар захиалагч Ж ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцдог болно.

Хариуцагч Ц.О нь Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд мөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа боловч хийж гүйцэтгэсэн ажлын тооцоог Ж ХХК-тай хийж, ажлын хөлс Ж ХХК-иас төлөгдөж байсан байна./хх-ийн 4,71, 138-141-р хуудас/

Иймд хариуцагч Ж ХХК-иас 17.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.О д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нар нь хариуцагч М.А д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг батлах нь зүйтэй.

Хариуцагч М.А д 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00 цагт болох шүүх хуралдааны товыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн бөгөөд хариуцагч М.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 17.600.000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г , Н.Ганзориг нарт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ц.О д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч М.А д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, М.А д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 237.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО