Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/00222

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М, Нт холбогдох,

 

Гуравдагч этгээд: С

 

Мын 2014 оны 1/23/23 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Нын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Ш.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.З, өмгөөлөгч Г.Ц, Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах Сийн өргөтгөлийн барилгыг 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл барьсан. С ажлын хөлсний үлдэгдэл 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлын тэмдэглэл, ил далд ажлын актуудаар Г ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч болгон хуурамч гэрээ хийж,2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Г ХХК-аар Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн.

 

Хууль бус бүрэлдэхүүнээр хүлээн авсан комиссын 340/2016 тоот актыг хууль бус актад тооцуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан компанийг нэхэмжлэгч бус гэж үзсэн. Дээрх албан бичиг, тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгосноор Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 340/2016 тоот актын эрх зүйн үндэслэл байхгүй болж, Б ХХК нь хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг улсын комисст хүлээлгэн өгч, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

 

Аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр Н, Еын төлөөлөл оролцсон нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.2 дах заалтыг зөрчсөн. НХТЕТГ-ын хяналтын инженерүүд комиссын бүрэлдэхүүнд орж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад гарын үсэг зурах эрхгүй. Н, Е-аас яагаад аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөллийг оролцуулаагүй талаар мэдээлэл авахад 2013 оны 2/685 дугаартай Улсын комиссын тухай албан бичиг, 2014 оны 1/2323 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн дагуу комиссын бүрэлдэхүүнд оролцоогүй гэсэн. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013.08.09-ний өдрийн 2/685 дугаартай албан тоот байхгүй, харин даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013.03.07-ны өдрийн 2/685 дугаар бүхий албан тоотод 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт дурдсан Улсын комиссын бүрэлдэхүүнд Мын холбогдох улсын байцаагчид оролцохгүй байхаар чиглэл өгөгдсөн.

 

Хуульд зааснаар Нийслэлийн Еын Хот байгуулалт, дэд бүтцийн албаны ажилтнууд барилгын улсын байцаагчийн эрх эдлэхгүй юм. Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 3-р хавсралтад комиссын бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн байтал  2013.02.06-ны өдөр А/13 тушаалаар улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрчилсөн нь хууль бус юм. Тушаалуудыг илт хууль бус актаар тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүхийн 2018.07.19-ний өдрийн 221/ШТ2018/0499 тоот тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзсэн. Иймд Нийслэлийн Еын даргын 2013.02.06-ны өдөр А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н шүүхэд гаргасан  тайлбартаа: Сь нь 2013 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа Засгийн газрын 151 дүгээр тогтоолд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлэн 2013/125 дугаартай зөвшөөрлийг авсан. Сийн хүсэлтээ гаргасны дагуу хүсэлтийг судлан 2016.03.22-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Тус зөвшөөрөл нь 2013/125 дугаартай зөвшөөрлөөр барьсан өргөтгөлийн 3 давхар барилгын дээр баригдах спорт заалыг барих зөвшөөрөл. Улмаар 2016.08.28-ны өдрийн 2016/340 дугаартай улсын комиссын актаар 2013/125 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн өргөтгөлийн 3 давхар барилгыг хүлээн авсан. 125/2013 дугаартай зөвшөөрлийг тус байгууллага захиалагч тал буюу Сьд олгосон бөгөөд сунгалт хийлгэхдээ Б ХХК-ийн нэрийг ашиглаагүй. Б ХХК нь өөрийнх нь компаний нэрийг ашиглаж зөвшөөрлөө сунгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус газрын даргын 2013.02.06-ны өдрийн А/13 дугаар тушаал нь хууль болон журмыг зөрчөөгүй, 2017.06.02-ны өдрийн Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай А/39 дүгээр тушаал нь холбогдох дүрмийг үндэслэн гарсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах тухай маргаан нь иргэний  шүүхийн харьяаллын хэрэг биш. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ерөнхий боловсролын Сийн захирал Д.З шүүхэд гаргасан  тайлбартаа: Сийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан 340/2016 тоот акт нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Барилга байгууламж ашиглалтад авах ажиллагаа нь захиргааны байгууллага албан тушаалтнуудын хамтын шийдвэр. Тус комиссын актыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн гомдлоор хуульд заасан үндэслэлээр зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох боломжтой. Нийслэл дэх захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.01.02-ны өдрийн 0032 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа. Б ХХК, захирал Б.Б нь эрхийнхээ хүрээнд захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, НЕТГ-ын даргын 2013 оны А/1З тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, НЕТГ-ын даргын 2016 оны А/13 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл, гомдлоо гаргасныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ажлын чанарын доголдолтой холбоотой Сийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд 6 дахь жилдээ хянан хэлэлцэгдэж байна. Сь нь гэрээт ажлын төлбөрт 1 тэрбум 200 сая төгрөгийг Б ХХК-ийн дансанд шилжүүлсэн. НЕТГ-ын даргын 2013 оны А/13 тоот тушаал, НХТЕТГ-ын даргын 2016 оны А/39 тоот тушаалаар байгуулагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнээр 2013 оноос хойш Нийслэлийн хэмжээнд 3 700 гаран барилга байгууламжийг ашиглалтад авсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч М, Нт холбогдуулан гаргасан Мын даргын 2014 оны 1/2323 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, Нийслэлийн Еын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээдээр Нийслэлийн Мыг татах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хүлээн аваагүй нь үндэслэлгүй. Н нь захиргааны байгуулллага мөн боловч нэхэмжлэлийг Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1.3-д зааснаар Иргэний хэргийн шүүхийн харьяалал гэж анхан шатны шүүх үзсэн мөртлөө Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7-д заасан эрхийн хамгаалалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсан асуудлыг шүүхээс анхаарч үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч М, Нт холбогдуулан нэхэмжлэлийн 3 шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг агуулгаар нь тодорхойлбол Мын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Нын  даргын 2013 оны 2 дугаар сарын 6-ний өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 2-ний өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шаарджээ. /хх-ийн 1-8/

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дээрх шийдвэрүүдийн улмаас  Сийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн хувьд барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж чадаагүй,ерөнхий гүйцэтгэгчийн эрхийг эдэлж чадахгүй хохирсон, тушаалуудыг хүчингүй болгуулснаар Улсын комиссыг томилсон актын эрх зүйн үндэслэл байхгүй болж, нэхэмжлэгчийн ерөнхий гүйцэтгэгчийн эрх сэргэнэ гэж тайлбарласан./ хх-ийн 1-8 /

 

Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн зүгээс “Б ХХК”-ийн эрх, үүрэг нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр үүсэж, үргэлжилж, дуусгавар болсон бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилтайгаа холбоотой шаардлага гаргах эрхтэй, харин нэхэмжлэлд дурдсанчлан “барилга ашиглалтад хүлээн авсан актын эрх зүйн үндэслэлийг хүчингүй болгуулж, улмаар барилгыг дахин Улсын комиссоор хүлээн авахуулах агуулгатай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ./хх-ийн 115-117, 142-144 хуудас/

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь гуравдагч этгээд Ерөнхий боловсролын С-тай Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах С-ийн өргөтгөлийн барилгын ажлыг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс гэрээгээр гүйцэтгэж байсан, гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсаны дараа Сийн хүсэлтээр, Улсын комисс томилогдож, барилгыг ашиглалтад авсан гэж талууд тайлбарлажээ. /хх 215-216 /

 

Мын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай  албан бичгийн агуулгаас үзвэл тус байгууллага өөрийн салбар нэгж Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан “1, 2-р ангиллын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд тухайн салбар нэгжүүд мэргэжлийн хяналт хэрэгжүүлэн орж ажиллахаар Засгийн газрын тогтоолд заасан хэдий ч МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/658 дугаар албан бичгээр улсын комисст оролцохгүйгээр, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэн ажиллахыг” зөвлөсөн, байгууллагын дотогшоо чиглэсэн, дотоод үйл ажиллагаатай холбоотой шийдвэр байна. Дээрх зөвлөмж нь захиргааны актын шинжийг агуулаагүй тул тухайн шийдвэрийн талаар эрх нь зөрчигдсөн этгээд Иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж болох ч зөвхөн субьектив эрх нь зөрчигдсөн этгээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах иргэний эрх зүйн хамгаалалтыг шаардах юм.

 

Дээрх зөвлөмж нь нэхэмжлэгч Б ХХК-ийн Сийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээн авах үед ерөнхий гүйцэтгэгчийнхээ хувьд оролцож чадаагүй, эрх нь зөрчигдсөн гэх байдалтай шалтгаант холбоогүй, зөвлөмж, албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй тул иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгч нь зөвлөмж хүргүүлэх тухай байгууллагын дотооддоо гаргасан албан бичгийг хүчингүй болгох шалтгаан, түүний зөрчигдсөн гэх эрхтэй хэрхэн холбогдож байгааг нотолж чадаагүй, “Б” ХХК-ийн эд хөрөнгийн болон эдийн бус амины эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 буюу ерөнхий заалт баримталсныг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгч нь Нын  даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаал, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж уг шүүхээс дээрх актуудын талаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 61-65/

 

Хэргийн 59 дүгээр талд нэхэмжлэгч Б ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 тоот Сийн барилгын өргөтгөлийг ашиглалтад оруулах Улсын комиссын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг хэргийн талууд нь “Б” ХХК, Н байсан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШТ2017/0032 тоот тогтоолоор “2016/340 дүгээр актын улмаас “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” ,“тус актын талаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь МХЕГ-ын 2014.1/23/23 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг, НЕТГ-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаал, НЕТГ-ын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалуудыг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор М, Нт тус тус холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2018/0499 дугаар тогтоол гарчээ. Уг тогтоолд “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг нь гадагш чиглээгүй, захиргааны актын шинжийг агуулаагүй талаар дүгнэсэн байх бөгөөд харин А/13, А/39 тоот тушаалууд нь “нэхэмжлэл гаргагчид шууд чиглэсэн захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж үзжээ./хх 66-68/

 

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй дээрх 2 акт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ заасан 2016/340 тоот актыг Захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзээгүй, харин актууд “Б” ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй, тус актуудыг хүчингүй болгох талаар “Б” ХХК маргах эрхгүй гэж үзжээ. /хх-ийн 66-68/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул  А/13, А/39 тоот актуудыг хүчингүй болгох шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч нь НЕТГ-ын даргын 2017.6.2-ний өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзсан хэдий ч, нэгэнт өмнө нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагадаа А/13 гэж тушаалын дугаарыг андуурч томьёолсон байгааг дурдах нь зүйтэй./ хх1-8, 46, 241/

 

Өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 2013 оны А/13, 2017 оны А/39 тоот эрхийн акт нь захиргааны акт байна. Захиргааны акт нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүйгээс гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхтэй шалтгаант холбоогүй зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй тул иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг шүүхээс хэрэглэх үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Мыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна. /хх-ийн 232/ Энэ агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж 3 дахь заалтыг 4, 4, 5 дахь заалтыг 5, 6 гэж дугаарлан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газат холбогдуулан гаргасан Мын даргын 2014 оны 1/2323 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримталж “Б” ХХК-ийн хариуцагч Н, Еын даргын 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж,  4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД