Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00814

 

БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 222 дугаар магадлалтай, 

БЦ ХХК-ийн нэхэмжлэлтэй

МХЕГ, НХТЕТГт тус тус холбогдох, 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/23/23 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Ш.У, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.З, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч БЦ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компани нь Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах СС-ийн өргөтгөлийн барилгыг 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл барьсан. СС- ажлын хөлсний үлдэгдэл 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд гэрээг цуцалж, нэхэмжлэгчийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлын тэмдэглэл, ил далд ажлын актуудаар Голомт констракшн ХХК-ийг ерөнхий гүйцэтгэгч болгон хуурамч гэрээ хийж, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Голомт констракшн ХХК-иар Улсын комисс барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүн нь хууль бус байсан. Уг хууль бус бүрэлдэхүүнээр хүлээн авсан комиссын 340/2016 тоот актыг хууль бус актад тооцуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан компанийг нэхэмжлэгч бус гэж үзсэн. Дээрх албан бичиг, тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгосноор Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 340/2016 тоот актын эрх зүйн үндэслэл байхгүй болж, БЦ ХХК нь хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг улсын комисст хүлээлгэн өгч, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөллийг оролцуулахгүйгээр Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөл оролцсон нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 4.2 дах заалтыг зөрчсөн. НХТЕТГ-ын хяналтын инженерүүд комиссын бүрэлдэхүүнд орж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад гарын үсэг зурах эрхгүй. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас яагаад аймаг, нийслэлийн салбарын мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх байгууллагын төлөөллийг оролцуулаагүй талаар мэдээлэл авахад 2013 оны 2/685 дугаартай Улсын комиссын тухай албан бичиг, 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн дагуу комиссын бүрэлдэхүүнд оролцоогүй гэсэн. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013.08.09-ний өдрийн 2/685 дугаартай албан тоот байхгүй, харин даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013.03.07-ны өдрийн 2/685 дугаар бүхий албан тоотод 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт дурдсан Улсын комиссын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчид оролцохгүй байхаар чиглэл өгөгдсөн. Хуульд зааснаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн албаны ажилтнууд барилгын улсын байцаагчийн эрх эдлэхгүй юм. Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрмийн 3-р хавсралтад комиссын бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн байтал 2013.02.06-ны өдөр А/13 тушаалаар улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрчилсөн нь хууль бус юм. Тушаалуудыг илт хууль бус актаар тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүхийн 2018.07.19-ний өдрийн 221/ШТ2018/0499 тоот тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж үзсэн. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013.02.06-ны өдөр А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НХТЕТГ шүүхэд гаргасан тайлбарт: ...СС- нь 2013 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа Засгийн газрын 151 дүгээр тогтоолд заасны дагуу баримт бичгээ бүрдүүлэн 2013/125 дугаартай зөвшөөрлийг авсан. СС-ийн хүсэлтээ гаргасны дагуу хүсэлтийг судлан 2016.03.22-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар сунгасан. Тус зөвшөөрөл нь 2013/125 дугаартай зөвшөөрлөөр барьсан өргөтгөлийн 3 давхар барилгын дээр баригдах спорт заалыг барих зөвшөөрөл. Улмаар 2016.08.28-ны өдрийн 2016/340 дугаартай улсын комиссын актаар 2013/125 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр хийж гүйцэтгэсэн өргөтгөлийн 3 давхар барилгыг хүлээн авсан. 125/2013 дугаартай зөвшөөрлийг тус байгууллага захиалагч тал буюу СС-д олгосон бөгөөд сунгалт хийлгэхдээ БЦ ХХК-ийн нэрийг ашиглаагүй. БЦ ХХК нь өөрийнх нь компаний нэрийг ашиглаж зөвшөөрлөө сунгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус газрын даргын 2013.02.06-ны өдрийн А/13 дугаар тушаал нь хууль болон журмыг зөрчөөгүй, 2017.06.02-ны өдрийн Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах тухай А/39 дүгээр тушаал нь холбогдох дүрмийг үндэслэн гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МХЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: МХЕГ нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, УИХ-ын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоо, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоолд заасны дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг буюу захиргааны байгууллага болно. Иймд МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах тухай маргаан нь иргэний шүүхийн харьяаллын хэрэг биш тул гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд СС-ийн захирал Д.З-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...СС-ийн өргөтгөлийн барилгыг хүлээн авсан 340/2016 тоот акт нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Барилга байгууламж ашиглалтад авах ажиллагаа нь захиргааны байгууллага албан тушаалтнуудын хамтын шийдвэр. Тус комиссын актыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн гомдлоор хуульд заасан үндэслэлээр зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох боломжтой. Нийслэл дэх захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.01.02-ны өдрийн 0032 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа. БЦ ХХК-ийн захирал Б.Батдэлгэр нь эрхийнхээ хүрээнд захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхэд МХЕГ-ын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, НЕТГ-ын даргын 2013 оны А/1З тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, НЕТГ-ын даргын 2016 оны А/13 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл, гомдлоо гаргасныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ажлын чанарын доголдолтой холбоотой СС-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд 6 дахь жилдээ хянан хэлэлцэгдэж байна. СС- нь гэрээт ажлын төлбөрт 1 тэрбум 200 сая төгрөгийг БЦ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. НЕТГ-ын даргын 2013 оны А/13 тоот тушаал, НХТЕТГ-ын даргын 2016 оны А/39 тоот тушаалаар байгуулагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнээр 2013 оноос хойш Нийслэлийн хэмжээнд 3.700 гаран барилга байгууламжийг ашиглалтад авсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч БЦ ХХК-ийн хариуцагч МХЕГ, НХТЕТГт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 1/2323 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 222 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч БЦ ХХК-ийн хариуцагч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газат холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 1/2323 дугаартай зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримталж БЦ ХХК-ийн хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Магадлалд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 2013 оны А/13, 2017 оны А39 тоот эрхийн акт нь захиргааны акт байна. Захиргааны акт нь иргэний хэргийн шүүхийн харъяалалд хамаарахгүйгээс гадна нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхтэй шалтгаант холбоогүй зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох үндэслэлгүй тул иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг шүүхээс хэрэглэх үндэслэлгүй, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүлээж аваагүй гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй” гэжээ. Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 02-р сарын 06-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 19-ний өдрийн 221/ШТ2018/0499 дугаартай тогтоолоор “захиргааны шүүхийн харъяаллын бус” гэж үзсэн байтал давж заалдах шатны шүүх захиргааны акт мөн гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6-г баримталсан нь үндэслэлгүй юм. “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/23/23 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн шаардлагын тухайд магадлалд “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/2323 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийн агуулгаас үзвэл тус байгууллага өөрийн салбар нэгж Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан “1,2-р ангиллын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд тухайн салбар нэгжүүд мэргэжлийн хяналт хэрэгжүүлэн орж ажиллахаар Засгийн газрын тогтоолд заасан хэдий ч МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2/658 дугаар албан бичгээр улсын комисст оролцохгүйгээр, хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэн ажиллахыг” зөвлөсөн, байгууллагын дотогшоо чиглэсэн, дотоод үйл ажиллагаатай холбоотой шийдвэр байна. Дээрх зөвлөмж нь захиргааны актын шинжийг агуулаагүй тул тухайн шийдвэрийн талаар эрх нь зөрчигдсөн этгээд Иргэний шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж болох ч зөвхөн субьектив эрх нь зөрчигдсөн этгээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах иргэний эрх зүйн хамгаалалтыг шаардах юм. Дээрх зөвлөмж нь нэхэмжлэгч БЦ ХХК-ийн СС-ийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээн авах үед ерөнхий гүйцэтгэгчийнхээ хувьд оролцож чадаагүй, эрх нь зөрчигдсөн гэх байдалтай шалтгаант холбоогүй, зөвлөмж, албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй тул иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Нэхэмжлэгч нь зөвлөмж хүргүүлэх тухай байгууллагын дотооддоо гаргасан албан бичгийг хүчингүй болгох шалтгаан, түүний зөрчигдсөн гэх эрхтэй хэрхэн холбогдож байгааг нотолж чадаагүй, БЦ ХХК-ийн эд хөрөнгийн болон эдийн бус амины эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх үндэслэлгүй байна” гэжээ. Гэтэл уг зөвлөмжийг баримтлан НХТ, ЕТГ-аас барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын төлөөллийг оруулаагүй нь МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 30-р зүйлийн 30.8 дах хэсгийг зөрчиж байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Хэрвээ улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцсон бол манай БЦ ХХК-ийг Барилгын тухай хуулийн 40-р зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлснийг мэддэг учраас заавал улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулах байсан. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “МХЕГ-ын даргын 2013 оны 03-р сарын 07-ны өдрийн 2/685 тоот албан бичгийг хүчингүй болгох, СС-ийн өргөтгөлийн барилгыг 2016 оны 08-р сарын 24-ний өдөр хүлээн авсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн боловч нэг дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хоёр дах шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлд заасан эрхийг минь зөрчсөн. Засгийн газрын 2012 оны 151-р тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн хавсралтад Улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын төлөөлөл оруулахыг зааж өгсөн байдаг. Гэвч НХТ, ЕТГ нь Засгийн газрын тогтоолыг зөрчин, НМХГ-ын төлөөллийг оролцуулаагүй тул НМХГ-ыг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг гаргасан. Гэвч хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 БЦ ХХК нь  МХЕГт холбогдуулан  тус газрын 2014 оны 1/23/23 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгох, НХТЕТГт холбогдуулан тус газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд А/39 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, “Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн хавсралтад Улсын комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын төлөөлөл оруулахыг заасан, гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/23/23 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгээр мэргэжлийн хяналтын төлөөллийг улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй байхыг зөвлөсөн, ...үүний дагуу Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар, Барилгын тухай хууль, Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийг зөрчиж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралтаар Улсын комиссын бүрэлдэхүүнд хууль бус төлөөлөл оролцуулсан, эдгээр шийдвэрийн улмаас БЦ ХХК нь СС-ийн өргөтгөлийн барилгын Улсын комиссын бүрэлдэхүүнд ороогүй, барилгын ерөнхий гүйцэтгэгчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй хохирсон, зөвлөмж, тушаал хүчингүй болсноор СС-ийн барилгыг хүлээн авсан Улсын комиссын 340/2016 тоот актын  эрх зүйн үндэслэл үгүй болж, нэхэмжлэгчийн эрх сэргээгдэнэ...” гэх агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө, БЦ ХХК болон СС-ийн хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаанаа талууд жич шийдвэрлүүлэх эрхтэй, зөвлөмж, тушаал хууль зөрчөөгүй гэжээ.

Гуравдагч этгээд СС- хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалд заасан үндэслэл учир дутагдалтай байна.

1. Давж заалдах шатны шүүх, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсан атал энэ нэхэмжлэлийг шийдвэрлэж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй бөгөөд БЦ ХХК-ийн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд ...А/39 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлээс татгалзсан тул уг нэхэмжлэлийг гаргаагүй гэж үзэх тул шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүй.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч БЦ ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 1/23/23 дугаар Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаар, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дугаар   тушаалуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2018/3085 дугаар захирамжаар “...зөвлөмж хүргүүлсэн албан бичгийг захиргааны акт биш гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар, “...А/13, А/39 дугаар тушаалуудыг” захиргааны акт мөн боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан тус тус хүлээн авахаас татгалзжээ.

Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрсөн БЦ ХХК-ийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2018/0499 дүгээр тогтоолоор захирамжид өөрчлөлт оруулсан байна. Тус шүүхийн тогтоолд зааснаас үзвэл, ...Зөвлөмж хүргүүлсэн 1/23/23 дугаар албан бичиг, А/13, А/39 дугаар тушаалуудын аль аль нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй учир БЦ ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар буюу захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус гэж дүгнэн хүлээн авахаас татгалзжээ. /хх-61-68-р тал/ Энэхүү тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгааг зохигч маргаагүй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анхаараагүй, А/13, А/39 дугаар тушаалын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн  хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгов.

2. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй, ...А/13 дугаар тушаалын огноог буруу бичсэн алдааг засч, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д ...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдлыг ерөнхий харъяаллын шүүх хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч БЦ ХХК нь төрийн байгууллагын Зөвлөмж хүргүүлсэн 1/23/23 дугаар албан бичиг, А/13 дугаар тушаал хууль бус байснаас тус компанийн эрх зөрчигдсөн гэж Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгуулах эрх зүйн хамгаалалт хүссэн гэж үзэхээр байна.      

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр иргэний эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл болдог бөгөөд тухайн шийдвэр нь хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй түүнчлэн иргэд байгууллагын ашиг сонирхлыг зөрчсөн бол түүнийг хүчингүй болгуулахаар эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандах эрхтэй.

Хэргийн баримт, зохигчийн тайлбараар, БЦ ХХК, СС-ийн хооронд 2013 оны 06 сарын 06-ны өдөр барилгын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан БЦ ХХК нь зохих ажлыг хийж гүйцэтгэсэн боловч уг гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдсан шалтгааны талаар талууд маргасан, барилгыг Улсын комисс 2016 оны 08 дугаар сард хүлээн авахад ерөнхий ажил гүйцэтгэгчээр Голомт констракшин ХХК оролцсон үйл баримт тогтоогджээ.

БЦ ХХК, СС-ийн хооронд маргаан үүссэн хэдий ч тус сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч БЦ ХХК орох ёстой байсан болон ороогүй нь Зөвлөмж хүргүүлсэн 1/23/23 дугаар албан бичиг, А/13 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлээс шалтгаалсан гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй ...Зөвлөмж хүргүүлсэн 1/23/23 дугаар албан бичиг, А/13 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрхийг зөрчсөн  байх боломжгүй тул  зөрчигдсөн эрхийг сэргээх буюу нэхэмжлэлийг хангах үндэслэлгүйг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг бүрдүүлбэр хангаагүй, гуравдагч этгээдээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг татах хүсэлтийг тус байгууллагын эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь тогтоогдоогүй, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг нотлох баримтыг хуурамч гэж үзэх,  хууль бус аргаар бүрдүүлсэн нь нотлогдоогүй гэж хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11, 29 дүгээр зүйлийн 29.3, 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 222 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02320 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “9.4” гэснийг “9.4.7” гэж, “2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаартай” гэснийг “2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 дугаартай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ