Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00869

 

 

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00869

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Соёлын төв өргөө В корпус, 201 тоотод байрлах, Сод монгол групп ХХК /рд:2577739/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Шангри-Ла худалдааны төв, В1 давхар vip car wash авто угаалгын төв, Мегаворлд ХХК /рд:5446619/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 31 630 977 төгрөг, алданги 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөг гаргуулах үндэслэл нэхэмжлэлийн шаардлагатай,

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах хэлцэл, мөн 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, С.Базаррагчаа, хариуцагчийн төлөөлөгч Ө.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, гэрч Ө.Эрдэнэбилэг, Ө.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сод Монгол Групп ХХК болон Мегаворлд ХХК нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Уг гэрээний дагуу Мегаворлд ХХК нь Сод Монгол Групп ХХК-ийн Баянгол дүүрэг, 2-р хороо, ТБД Андууд төвийн урд байрлах авто үнлгээний төвийн авто угаалгын зориулалттай талбайг ажлын байрны зориулалгаар түрээслэх, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл Мегаворлд ХХК нь 2016 оноос түрээсийн төлбөрөө байнга хугацаа хэтэрүүлж төлдөг, хугацаандаа төлөхгүй байсаар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 31.630.977 төгрөг болсон. Түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул төлбөрийг хэрхэн төлөх талаар байгууллагын удирдлагууд харилцан ярилцаж тохиролцон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г талууд байгуулсан. Тус гэрээний дагуу Мегаворлд ХХК нь графикийн дагуу сар бүр манай компанид түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 2.000.000 төгрөгийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байдаг ба Мегаворлд ХХК нь гэрээний үүргээ эс биелүүлж гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа төлбөрийг төлөхгүй байгаа болно. Гэрээний дагуу Мегаворлд ХХК-ний манай компанид төлөх алдангийн хэмжээ 15.815.488 төгрөг болоод байна. Манай компаний зүгээс Мегаворлд ХХК-ийг төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа шаардсан, шаардаж байгаа боловч төлбөрийг үлдэгдэл болон алдангийг төлөхгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Иймд Мегаворлд ХХК-иас үлдэгдэл төлбөр 31.630.977 төгрөг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 15.815.488 төгрөг, нийт 47.446.465 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395.183 төгрөгийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Эрдэнэболд, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сод монгол групп ХХК болон Мегаворлд ХХК-иуд нь 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ-г 5 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Энэ хугацаанд Содмонгол групп ХХК нь түрээсийн байранд байнга өөрсдийн олон тооны авто машинуудыг тавьж хонуулах, өглөө ажил эхлэхэд авахгүй байх, авто машинуудаа байнга угаалгах зэргээр үйл ажиллагаанд байнга саад учруулж байсан. Манайх түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан. Иймд Содмонгол групп ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Мегаворлд ХХК-ийн төлөөлөгч болон, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Содмонгол групп ХХК нь Мегаворлд ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жидийн хугацаатай, сарын 4 000 000 төгрөгөөр түрээслэхээр хамтран ажилласан. Содмонгол групп ХХК нь Мегаворлд ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан байдаг ба гэрээний 2 дугаар зүйлд үлдэгдэл төлбөрийг 31 510 800 төгрөг гэж дүгнэсэн байна. Энэхүү гэрээг үндэслэн 31 510 800 төгрөг дээр алданги 15 815 488 төгрөг нэмж нийт 47 446 465 төгрөг нэхэмжилж байна.

Мегаворлд ХХК нь 2011 онд байгуулагдсан нэг үүсгэн байгуулагчтай компани бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, бусад байгууллагатай гэрээ хэлцэл байгуулах, гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь захирал Ө.Эрдэнэболд юм. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэх Төлбөр барагдуулах гэрээ-нд зурсан гарын үсэг нь захирал Ө.Эрдэнэболдынх биш бөгөөд энэхүү гэрээний талаар мэдэхгүй. Уг гэрээ нь Мегаворлд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй илт хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Содмонгол групп ХХК болон Мегаворлд ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан 31 510 800 төгрөгийн үнэ бүхий Төлбөр барагдуулах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан байсан боловч уг шаардлагаа нэмэгдүүлсэн.

Манай компани нь хугацаандаа түрээсийн төлбөрөө төлж байсан ба харин Содмонгол групп ХХК нь түрээсийн хугацаанд өдөр бүр өөрсдийн байгууллага, хувь хүний автомашинуудыг үнэгүй угаалгах, өдөр бүр 19-09 цаг хүртэл байршуулах, эдгээр автомашинуудаа өглөө ажил эхлэхэд буюу 09:00 цагаас гаргахгүй байх зэргээр үйл ажиллагаа явуулахад саад учруулж санхүүгийн алдагдалд байнга оруулж байсан. Содмонгол групп ХХК нь гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө буюу 2016 оны 10 дугаар сард гэрээг цуцалсан гэж шалтгаанаар хөөж гаргасан. 2012 оны 05 дугаар сарын 24-нөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл нийт 4 гаран жилийн хугацаанд Содмонгол групп ХХК-ийн эзэмшлийн автомашинуудыг угаасан ба нийт 14 344 500 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Содмонгол групп ХХК болон Мегаворлд ХХК нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг сарын 4 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, Энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчсөн, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн бүртгэлийн тухай нарийвчлан хуульчилсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн автомашины угаалгын үйлчилгээ үзүүлсэн 14 344 500 төгрөгийг Содмонгол групп ХК-аас гаргуулах ёстой гэж үзэж байна. Иймд Содмонгол групп ХХК болон Мегаворлд ХХК нарын хооронд 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 сарын 4 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлбөхөөр байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, Содмонгол групп ХХК-аас авто угаалгын үйлчилгээ үзүүлсэн 14 344 500 төгрөгийг гаргуулах зэргээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгааг тул эдгээр шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Содмонгол групп ХХК болон Мегаворлд ХХК нар харилцан тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Гэрээний хугацаанд Мегаворлд ХХК нь 2016 оноос түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байнга хугацаа хэтэрч төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 31 630 977 төгрөг болсон ба үүнийг хариуцагч Мегаворлд ХХК-ийн захирал Ө.Эрдэнэболдод удаа дараа мэдэгдсэний үндсэн дээр талууд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 31 510 800 төгрөгийн үнийн дүн бүхий Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээ байгуулахаас өмнө тус компанийн захирал Ө.Эрдэнэболд манай компанитай тооцоо нийлж 31 510 800 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хуваарь гараж талууд албан ёсоор баталгаажуулсан байдаг. Ингээд талууд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан ба тус гэрээнд Мегаворлд ХХК-ийн албан ёсны тамга тэмдэг дарагдсан, гарын үсэг зурагдсан байдаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар тус компанийн захирал Ө.Эрдэнэболд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр барагдуулах хуваарь гаргаж тооцоо нийлэн тамга тэмдгээ дарж үнийн дүнг зөвөшөрсөн байдлаас харахад дээрх Төлбөр барагдуулах гэрээг албан ёсоор байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Хариуцагч нь манай компанийн автомашинуудыг үнэ төлбөргүй угаах талаар үндсэн гэрээнд зааж, талууд тохиролцсон байсан учир машин угаалгын хөлс нэхэмжлэх үндэсгүй. Мөн Содмонгол групп ХХК-ийн ямар ямар маркийн, хэдэн тоот улсын бүртгэлийн дугаартай хэний эзэмшлийн автомашин угаасан талаар баримт байхгүй бөгөөд тодорхойгүй байна. Иймд Мегаворлд ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Сод монгол групп ХХК нь хариуцагч Меговорлд ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 31 630 977 төгрөг, алданги 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг талууд бүхэлд нь эс зөвшөөрч харилцан маргаж байна.

Шүүх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Сод монгол групп ХХК нь Мегаворлд ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээг байгуулж, тухайн гэрээг 5 жилийн хугацаатай, гэрээний 2.3-т Түрээслүүлэгч нь түрээслэгчийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр түрээсийн талбайг авто гаражийн зориулалтаар ашиглаж, өөрийн байгууллагын автомашинуудыг тавих, бусад автомашиныг хөлсөөр тавиулах эрхтэй. Байгууллагын автомашинуудын жагсаалтыг Хавсралт 1-т хавсаргав. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна, мөн 3.1-т Түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, 3.7-д Түрээслэгч нь хавсралт №1-т заасан Түрээслүүлэгчийн автомашинуудыг гэрээний хугацаанд түрээслэгчийн хүсэлтээр үнэ төлбөргүй угаана гэж тус тус зохигчид харилцан тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ /хх-ийн 6-7 дугаар тал/.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хийгдсэн Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.1-д Түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан заалтыг хариуцагч биелүүлээгүй тул хариуцагч Мегаворлд ХХК-ийн захирал Ө.Эрдэнэболдтой 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тооцоо нийлж 31 51 800 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй байсны улмаас Мегаворлд ХХК-ийн төлбөр барагдуулах хуваарь-ийг 16 сарын хугацаанд сар бүр 2 700 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, жагсаалт үйлдэж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан баримт үйлдсэн байна. /хх-ийн 8 дугаар тал/

Дээрх хуваарийн дагуу хариуцагч Мегаворлд ХХК нь төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулаагүйн улмаас мөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан тул энэхүү гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 31 51 800 төгрөг, түүний алданги тус гэрээний 4-т заасны дагуу 15 815 488 төгрөг, нийт 47 446 465 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Гэтэл хариуцагч Мегаворлд ХХК-ийн захирал Ө.Эрдэнэболд болон түүний өмгөөлөгч нар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г тус компанийн захирал Ө.Эрдэнэболд хийж гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлөх эрхгүй этгээд Ө.Эрдэнэбилэг гарын үсэг зурж, түүний эзгүйд нь тус компанийн тамгыг дарсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд гэрч Ө.Эрдэнэбилэгийг оролцуулан мэдүүлэг авахад: ...Мегаворлд ХХК-ийн захирал Ө.Эрдэнболдыг эзгүйд Содмонгол групп ХХК-ийн менежер О.Оюунжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг шинэчилж хийхгүй бол өөр хүнд тухайн ажлын байрыг түрээслүүлнэ гэж шахалт дарамт үзүүлсэн тул арга буюу ажлын байраа алдахгүйн тулд захирал Ө.Эрдэнэболдын зөвшөөрлийг авалгүй, түүний өмнөөс би гарын үсэг зурж, компанийх нь тамгыг олж дарж, гэрээг хийсэн гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан Төлбөр барагдуулах гэрээ-ний хуулбар түүнд захирал Ө.Эрдэнэболд гэж бичигдсэний өмнө хэсэгт зурагдсан гарын үсгийг Ө.Эрдэнэболдын гарын үсэг биш болох талаар зохигчид маргахгүй байгаа тул хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хэсгийг хангах үндэслэл болов.

Иймээс, хэрэгт авагдсан баримтаар Мегаворлд ХХК нь 1 гишүүнтэй, түүний үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэболд, тус компанийн захирал Ө.Эрдэнэболд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн дүрмээр тодорхойлогдож байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу хариуцагчаас нэхэмжилсэн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алданги 15 815 488 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Ажлын байр түрээслэх гэрээ-ний дагуу хариуцагчийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 31 510 800 төгрөгийг хэрэгт авагдсан /хх-ийн 8 дугаар тал/ Мегаворлд ХХК-ийн төлбөр барагдуулах хуваарь 2016-11-18-ны огноотой хүснэгтэд: нийт 16 сарын хугацаанд сар бүр 2 700 000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, жагсаалт үйлдэж, талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан баримтыг үндэслэл болгон хариуцагч Мегаворлд ХХК-аас гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 31 510 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хуульд заасан шаардлага буюу үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй, түрээслэгч Мегаворлд ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгуулсан байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргадаг боловч түүний сөрөг шаардлага үндэслэлгүй байна. Тухайн маргаан бүхий харилцаа нь иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох боломж олгодог гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай.

Хариуцагч тал маргаж буй үндэслэлээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг тайлбарладаг.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Содмонгол групп ХХК-ийн өөрийнх нь эзэмшлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД Андууд төвийн урд байрлах Авто үйлчилгээний төвийн авто угаалын зориулалттай тайлбайг хариуцагч Мегаворлд ХХК-д автомашины угаалга хийх ажлын байрны зориулалтаар зөвхөн түрээслүүлсэн байна. Энэхүү гэрээний 2.3-т Түрээслүүлэгч нь түрээслэгчийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр түрээсийн талбайг авто гаражийн зориулалтаар ашиглаж, өөрийн байгууллагын автомашинуудыг тавих, бусад автомашиныг хөлсөөр тавиулах эрхтэй. Байгууллагын автомашинуудын жагсаалтыг Хавсралт №1-т хавсаргав. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна. гэж зааснаас үзэхэд талуудын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус харин түүний нэг хэсэг байх тул үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлага гэрээний зүйлийн ашиглалтыг үгүйсгэхгүй тул гэрээний зүйлийг ашигласан хугацааны хөлсийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын байрыг түрээслэх үедээ тухайн гэрээний дагуу түрээсийн төлбөрийг судлах, мөн түрээслүүлэгчийн автомашинуудыг гэрээний хугацаанд үнэ төлбөргүй угаах эсэхийг өөрсдөө шийдвэрлэх, сонголт хийх эрх нь чөлөөтэй байсан бөгөөд энэ боломжийг ашиглахгүй байх нь үүргээс чөлөөлөгдөх ба тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-иас авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөрт 14 344 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн энэхүү шаардлага нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-ийн автомашинуудыг угаасан энэ нь хэрэгт авагдсан бүртгэлийн жагсаалт, гэрч Ө.Эрдэнэцэцэгийн мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарладаг боловч тухайн сөрөг шаардлага нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Тодруулбал, Содмонгол групп ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн ямар, ямар улсын бүртгэлийн дугаартай, хэдэн ширхэг, ямар маркийн автомашинуудыг угаасан талаар холбогдох бичгийн нотлох баримтыг хариуцагч гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Хариуцагч, түүний өмгөөлөгч болон гэрч Ө.Эрдэнэцэцэг нар хэрэгт авагдсан бүртгэлийн жагсаалтад Сод монгол гэж бичигдсэн бүхий л автомашинуудыг угаасан гэж тайлбарлаж байгаа боловч зөвхөн тухайн баримтыг үндэслэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 14 344 500 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй.

Талуудын хооронд байгуулагдсан Ажлын байр түрээслэх гэрээ-ний 3.7-д Хавсралт №1-т заасан Түрээслүүлэгчийн автомашинуудыг гэрээний хугацаанд түрээслүүлэгчийн хүсэлтээр үнэ төлбөргүй угаана гэж заасан байгаа боловч хавсралт №1 гэсэн баримт нь хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-ийн эзэмшлийн ямар маркийн, улсын дугаар бүхий автомашинуудыг хариуцагч Мегаворлд ХХК угаасан болох нь нотлогдон тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Мегаворлд ХХК-иас 31 510 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-д олгуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 15 935 665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Содмонгол групп ХХК, Мегаворлд ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Содмонгол групп ХХК, Мегаворлд ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ажлын байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, авто угаалгын үйлчилгээ үзүүлсний төлбөр 14 344 500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395182 төгрөг, хариуцагчийн сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694127 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Мегаворлд ХХК-иас 315504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-д, нэхэмжлэгч Содмонгол групп ХХК-иас 315504 төгрөг гаргуулан хариуцагч Мегаворлд ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ