Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2017/00836

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2017/00836

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00733

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ...... тоотод оршин суух Б.овогт Р. Х. /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .... тоотод оршин суух Н.Б. /РД:./-д холбогдох,

 

"Зээлийн гэрээний үүрэг болох нийт 6,067,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Х-, хариуцагч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б-тай 2017 оны 05 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаагаар, 15 хувийн хүүтэй, 5,750,000 төгрөгийг зээлүүлсэн. Энэхүү мөнгийг түүний дансаар 4 удаагийн шилжүүлгээр нийт 4,304,000 төгрөг, бэлнээр 1,446,000 төгрөгийг тус тус хуваан Н.Б-ад өгсөн. Н.Б- нь нийт 545,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнийг хүүний мөнгөнд тооцож, үндсэн төлбөр 5,750,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 317,000 төгрөг, нийт 6,067,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Н.Б- нь надтай 2017 оны 02 дугаар сард холбогдон, мөнгө зээлэх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг Аз супермаркет ажиллуулдаг байсан учир мөнгө зээлдэг байсан. Өмнө нь би түүнд итгэн зээлийн гэрээ ч хийдэггүй байсан. Тэгээд эхний зээлээ төлөөд дуусахад дараагийн зээлийг олгодог байсан. 2017 оны 05 сарын 25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнөх зээлийн өрийн асуудлаа бид дуусгаад дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь түүний дансаар 2017 оны 05 сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 1,220,000 төгрөг, мөн өдрөө 95,000 төгрөг, 2017 оны 05 сарын 26-ны өдөр 489,000 төгрөг, нийт 4,304,000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн. Мөн бэлнээр 1,446,000 төгрөгийг өгөөд бид дээрх зээлийн гэрээг бичгээр хийсэн. Тэгээд одоо гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч гэрээн дээр бичигдсэн хэмжээний мөнгийг би аваагүй. Би энэ хүнээс 2017 оны 02 сарын 12-ны өдөр анх уулзаж 3 сая төгрөг зээлж байсан. Түүнээс хойш мөнгө хэрэгтэй болохоороо түүнд хандаж, цувуулж зээлсээр нийт энэ хүнээс 11,079,100 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг. Харин түүнд буцаан 2017 оны 02 сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэл нийт 11,779,000 төгрөгийг буцаан өгсөн байдаг. Энэ нь хэрэгт байгаа дансны хуулгаар тогтоогдож байгаа. Одоо энэ хүнд төлөх төлбөр байхгүй бөгөөд гэрээнд намайг дуудаж байгаад гарын үсэг зуруулсан. Р.Х- нь намайг янз бүрээр хэлж, доромжилж дарамталдаг байсан. Р.Х-гийн яриад байгаа 2017 оны 05 сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 сарын 26-ны хооронд миний дансруу шилжүүлсэн нийт 4,304,000 төгрөг нь миний өмнөх зээлийн төлбөртөө илүү төлсөн байсан мөнгийг минь буцаан өгсөн гэж ойлгож байна. Тэгээд би банкны хүнээр тооцоо хийлгээд үзэхэд 549,000 төгрөгийг надруу илүү шилжүүлсэн байсныг түүний дансаар буцаан өгсөн. Одоо бидэнд төлбөрийн асуудал байхгүй. 2017 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд заасан мөнгийг би аваагүй. Мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х- нь хариуцагч Н.Б-аас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 5,750,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 317,000 төгрөг, нийт 6,067,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүн болох үндсэн зээлийн төлбөр 5,750,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 317,000 төгрөгийн нийлбэрийг тооцоход 6,067,000 төгрөг байх бөгөөд үүнийг тодруулахад анх нэхэмжлэл гаргахдаа төлбөрүүдийг нэмэхдээ тооцооны алдаа гаргасан байна гэж тайлбарласан болохыг дурдаж байна.

 

Хариуцагч Н.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ гэрээнд заагдсан 5,750,000 төгрөгийг аваагүй, гэрээ байгуулах үед дансаар шилжүүлэн авсан нийт 4,304,000 төгрөг нь Р.Х-гээс өмнө нь би мөнгө зээлэн буцаан төлөхдөө илүү төлөлт хийсэн байснаа Р.Х- надад буцаан өгсөн гэж үзэж байгаа тул түүнийг зээлийн гэрээний дагуу авсан мөнгө гэж үзэхгүй байна гэж маргадаг болно.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 05 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр Р.Х- нь хариуцагч Н.Б-ад 5,750,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирсон байх бөгөөд Р.Х- нь 2017 оны 05 сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 1,220,000 төгрөг, мөн өдрөө дахин 95,000 төгрөг, 2017 оны 05 сарын 26-ны өдөр 489,000 төгрөг, нийт 4,304,000 төгрөгийг хариуцагч Н.Б-ын 5119035149 дугаар дансанд шилжүүлсэн зэрэг нь зээлийн гэрээ, Р.Х- болон Н.Б-ын Х- банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 11-13, 51 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Р.Х- нь дансаар шилжүүлсэн 4,304,000 төгрөгөөс гадна бэлнээр 1,446,000 төгрөгийг хариуцагч Н.Б-ад өгсөн гэж тайлбарладаг боловч үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, аваагүй гэж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Р.Х- нь ийнхүү бэлнээр мөнгө шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нөгөө талаас хариуцагч Н.Б- бичгээр хийсэн дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч гэрээнд заасан мөнгийг шилжүүлэн аваагүй, харин 4,304,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан боловч энэ нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгө биш, харин өмнө нь зээлийн төлбөр төлөхдөө илүү төлж байсан мөнгөө буцаан авсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан зохигчдын хэн алины Х- банкны дипозит дансны хуулгаас үзэхэд 2017 оны 05 сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийг хүртэл 4 удаагийн шилжүүлгээр дээрх 4,304,000 төгрөгийг хариуцагч Н.Б- авснаас хойш 2017 оны 05 сарын 27-ны өдөр 304,000 төгрөг, 2017 оны 05 сарын 31-ний өдөр 165,000 төгрөг, 2017 оны 06 сарын 03-ны өдөр 80,000 төгрөг, нийт 549,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Х-гийн Х- банкны .....дугаар дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд гэрээний дагуу мөнгө аваагүй, зээлийн өр төлбөр байхгүй гэсэн хэдий ч Н.Б- нь нэхэмжлэгч Р.Х-д ийнхүү мөнгө буцаан төлсөн байгаа нь түүний дээрх тайлбарыг үгүйсгэж байна. /хх-ийн 49-50 дугаар тал/

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч Н.Б- 549,000 төгрөгийг буцаан шилжүүлсэнээ өгсөн авсан мөнгөө тооцож үзэхэд би илүү мөнгө буцаан авсан байсан тул дээрх 549,000 төгрөгийг буцаан Р.Х-д шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Р.Х- нь гэрээний үүрэгт бэлнээр 1,446,000 төгрөгийг хариуцагч Н.Б-ад шилжүүлэн өгсөн гэх, хариуцагч Н.Б- нь гэрээний дагуу мөнгө шилжүүлэн аваагүй, өр төлбөр дууссан байсан, илүү төлсөн мөнгөө буцаан авсан гэх тайлбараа тус тус нотлоогүй, энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул талуудын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү хуульд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Р.Х- нь зээлийн гэрээнд заасан 5,750,000 төгрөгөөс баримтаар нотлогдсон 4,304,000 төгрөгийг хариуцагч Н.Б-ад шилжүүлэн өгсөн, хариуцагч Н.Б- нь 549,000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Х-д буцаан төлсөн зэрэг нь дээр дурдсан хэрэгт авагдсан зохигчдын Х- банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Р.Х- нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа шилжүүлэн өгсөн 4,304,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн үүргийг шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр талууд 1 сарын хүүг 15 хувиар тооцсон байх бөгөөд тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Н.Б- нь 2017 оны 02 дугаар сараас хойш удаа дараа нэхэмжлэгч Р.Х-гээс өдрийн хүүтэйгээр тооцож, мөнгө зээлэн авч төлж байсан болох нь тогтоогдож байгаа, ийнхүү өндөр хүүтэйгээр байнга мөнгө төлж байсан нь хохиролтой байгаа талаар гаргасан хариуцагч Н.Б-ын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүгийн хэмжээг 7,5 хувь болгон багасгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 4,304,000 төгрөг, мөн 1 сарын хүүг 7,5 хувиар тооцоход 322,800 төгрөг, нийт 4,626,800 төгрөгийг гэрээний дагуу Н.Б- нь нэхэмжлэгч Р.Х-д төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс буцаан төлсөн 549,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,077,800 төгрөгийг хариуцагч Н.Б- нэхэмжлэгч Р.Х-д төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Н.Б-аас нийт 4,077,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,989,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Б-аас 4,077,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,989,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 80,195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Х-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                   М.ОЮУНЦЭЦЭГ