Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 131

 

Р.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00733/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Р.Х-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Н.Б-ад холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэг 6,067,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Хариуцагч Н.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Х-гээс:

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Н.Б-тай зээлийн гэрээ байгуулан, 1 сарын хугацаагаар, 15 хувийн хүүтэй 5.750.000 төгрөгийг зээлүүлсэн. Уг мөнгийг 4 удаагийн дансны шилжүүлгээр нийт 4.304.000 төгрөг, бэлнээр 1.446.000 төгрөгийг тус тус хуваан өгсөн. Үүнээс 545.000 төгрөгийг буцаан төлсөн ба хүүний мөнгөнд тооцож, үндсэн төлбөр 5.750.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 317.000 төгрөг, нийт 6.067.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 2017 оны 02 дугаар сард Н.Б- надтай холбогдон мөнгө зээлэх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг “Аз” супермаркет ажиллуулдаг байсан учир мөнгө зээлдэг байсан. Өмнө нь би түүнд итгэн зээлийн гэрээ хийдэггүй байсан. Тэгээд эхний зээлээ төлөөд дуусахад дараагийн зээлийг олгодог байсан. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулахаас өмнөх зээлийн өрийн асуудлаа бид дуусгаад  дахин   мөнгө   хэрэгтэй   байна   гэхээр нь  түүний дансаар 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 1.220.000 төгрөг, мөн өдрөө 95.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 489.000 төгрөг нийт 4.304.000 төгрөгийг түүний дансаар тус тус шилжүүлсэн. Мөн бэлнээр 1.446.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан өгсөн. Одоо гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Б-аас:

Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч гэрээн дээр бичигдсэн хэмжээний мөнгийг аваагүй. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Р.Х-тэй анх уулзаж 3.000.000 төгрөг зээлсэн. Түүнээс хойш мөнгө хэрэгтэй болохоороо түүнд хандаж, цувуулж зээлсээр нийт 11.079.100 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Харин түүнд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нийт 11.779.000 төгрөгийг буцаан өгсөн. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны хооронд миний дансруу шилжүүлсэн нийт 4.304.000 төгрөг нь өмнөх зээлийн төлбөртөө илүү төлсөн байсан мөнгийг буцаан өгсөн гэж ойлгож байна. Банкны ажилтанаар тооцоо хийлгэж үзэхэд 549.000 төгрөгийг надруу илүү шилжүүлсэн байсныг түүний дансаар буцаан шилжүүлсэн. Одоо бидэнд төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Н.Б-аас 4,077,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,989,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 80.195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Х-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Б- түүний өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

            Р.Х-, Н.Б- нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа болон 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний тухайд 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Б- нь нэхэмжлэгчээс нийт 11.179.100 төгрөг зээлээр авсан бөгөөд 11.779.000 төгрөгийг буцаан төлсөн. 3 сарын хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэ хугацаанд бичгээр гэрээ байгуулаагүй учир хүүгийн зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд тухайн өдөр зээлийн гэрээнд дурьдагдсан 5.750.000 төгрөгийг өгч авалцсан зүйл байхгүй, өмнөх зээлийн гэрээг дүгнэсэн баримт үйлдээгүй тогтоогдож байна. Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 05 дугаар  сарын 26-ны өдрүүдэд хариуцагч Н.Б-ын дансаар шилжүүлсэн 4.304.00 төгрөгийн дансны гүйлгээг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг хүчин төгөлдөр бус гэрээний заалтаар хангаж шийдвэрлэсэн байна. Мөн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн хэд хэдэн шинжийг агуулж байгаа болон талуудын хооронд шаардах эрхийн үндэслэл болж буй зээлийн гэрээ байгуулагдахаас 3 сарын өмнөөс нийт 11.179.100 төгрөгийн хүүгүй зээлийн гэрээний харилцаа үргэлжилсээр ирсэн талаар талуудын тайлбар үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Р.Х- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаас 4.077.800 төгрөг гаргуулж үлдэх хэсэг болох 1.989.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Н.Б- надаас зээлсэн мөнгөө буцааж өгөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй ба буцаан өгсөн гэх нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч би хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Х- хариуцагч Н.Б-ад холбогдуулж үндсэн зээл  5.750.000 төгрөг, хүү 317.000 төгрөг, нийт 6.067.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Н.Б-  хэдийгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч энэ гэрээний дагуу 5.750.000 төгрөг аваагүй, өмнө нь би нэхэмжлэгчээс мөнгө зээлэн буцааж төлөхдөө илүү төлөлт хийсэн байсныг нэхэмжлэгч Р.Х- надад буцаан өгсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.750.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Зээлдүүлэгч Р.Х-гээс гэрээний дагуу ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5029691680 дугаартай данснаас зээлдэгч Н.Б-ын эзэмшлийн 5119035149 дугаартай данс руу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 1.220.000 төгрөг, 95.000 төгрөг, 05 дугаар сарын 26-нд 489.000 төгрөг нийт 4.304.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн 11-13 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 304.000 төгрөг, 50 дугаар сарын 31-нд 165.000 төгрөг, 06 дугаар сарын 03-нд 80.000 төгрөг, нийт 549.000 төгрөгийг зээлдүүлэгчийн данснаас зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд  мөн эдгээр мөнгийг тэр өдөрт нь зээлдэгчийн данснаас зээлдүүлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн байна.

Эдгээр баримтуудаас үзвэл зээлдүүлэгч Р.Х- нь гэрээний үүрэгт  5.750.000 төгрөгөөс шилжүүлэхээс 4.304.000 төгрөгийг  шилжүүлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үүргийнхээ заримыг биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.Х- нь  5.750.000 төгрөгөөс 4.304.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 1.446.000 төгрөгийг зээлдэгч Н.Б-ад бэлнээр өгсөн гэж тайлбарладаг боловч бэлэн мөнгө өгч авалцсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Н.Б- гэрээний дагуу мөнгө шилжүүлж аваагүй, өр төлбөр дууссан байсан, илүү төлсөн мөнгөө буцааж авсан гэж тайлбарладаг боловч энэ талаар өөрөө нотлоогүй байх бөгөөд зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ өөрөө  нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзнэ.

Харин шүүх зээлдүүлэгчээс зээлдэгчийн данс руу шилжүүлсэн болон зээлдэгчээс зээлдүүлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн 549.000 төгрөгийг бодитоор зээлдүүлсэн 4.304.000 төгрөгөөс дахин хассан нь буруу боловч  нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Иймд хариуцагч Н.Б- болон түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Хариуцагч Н.Б- болон түүний өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Н.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЭНХЖАРГАЛ   

                                          ШҮҮГЧИД                                             С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        Л.АМАРСАНАА