Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02695

 

 

 

 

 

 

 

2019 12 20

181/ШШ2019/02695

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
       

Нэхэмжлэгч:  М ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  К ТМЗ ХХК -д холбогдох

7.473.750 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч Ц.У, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

М ХХК нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Болор бизнес төвийн 2 дугаар давхарт байрлах талбайг 5227453 тоот регистрийн дугаартай К ХХК-д түрээслүүлж байгаад, гэрээг 2017 онд дуусгавар болгон талууд тооцоо нийлж, түрээслэгч К ХХК нь манайд нийт 33.330.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй гарсан. Улмаар төлбөрийг цувуулан төлж, одоо үлдэгдэл болох нийт 14.450.000 төгрөгийг төлөөгүй байгаа болно.

Иймд К ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 14.450.000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй хугацаанд тооцсон алданги 7.225.000 төгрөг буюу нийт 21.675.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан.

Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнг ахин тооцоолоход К ТМЗ ХХК-тай тооцоо нийлсэнээс хойш цувруулан төлсөөр одоо үлдэгдэл нь 4.982.500 төгрөг төлөгдөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4.1.-т нэг сарын түрээсийн хэмжээг, 4.4.-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 7 хоногийн эхний долоо хоногт багтаан түрээслүүлэгчийн харилцах дансанд хийнэ гэж тус тус тохирсон.

Мөн гэрээний 7.1.-т Түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,3%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохирсон тул бид алдангийг тооцож үзэхэд төлөгдөөгүй дүнгээс илүү гарч байсан тул Иргэний хуульд нийцүүлэн 50 %-иас хэтрүүлэхгүйгээр алдангид 2.491.250 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд К ТМЗ ХХК-иас үлдэгдэл төлбөрт 4.982.500 төгрөг төлөгдөөгүй байх бөгөөд төлөгдөөгүй хугацааны алданги нь 2.491.250 төгрөг, нийт 7.473.750 төгрөгийг гаргуулан өгнө үү .

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад К ХХК нь оноосон нэрээ К ТМЗ болгон өөрчилсөн болохыг мэдэж К ХХК-ийг К ТМЗ ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн.

Хариуцагч нь Фидус аудит ХХК-ийн түрээсийн төлбөрийг хамтатган тооцоо нийлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, учир нь энэ тооцоо нийлсэн баримтад Фидус аудит ХХК гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд захирал нь өөр хүн байдаг, тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд юмаа гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай К ХХК-нь оноосон нэрээ өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр К ТМЗ ХХК болсон нь үнэн.

К ХХК нь М ХХК-ийн Болор бизнес төвд 2008 оноос хойш ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 оноос 201, 209 тоот, 46,5 м.кв талбайг 1 м.кв-ийг нь 35.000 төгрөгөөр (НӨАТ орсон), 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 204, 205 тоот, 69 м.кв талбайг 1м.кв-ийг нь 30.000 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сараас эхлэн тус төвийн зөвхөн 204 тоот, 32,5м.кв байрыг түрээслэх болсон.

Хэрэгт авагдсан байгаа 33.330.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гэдэг нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх К ХХК болон Фидус Аудит ХХК нарын түрээсүүдийн нийт өр төлбөр бөгөөд 17.880.000 төгрөг нь К ХХК -ийн түрээсийн өр юм.

Фидус Аудит ХХК, К МТЗ ХХК-иуд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд Фидус Аудит ХХК-ийн түрээсийг К МТЗ ХХК төлж байсан нь ч үнэн. Тооцоо нийлсэн гээд байгаа баримт дээрх 33.330.000 төгрөгийн түрээс гэдэг нь энэ 2 компанийн түрээс юмаа. Нэхэмжлэгч өөрөө үүнийг салгаж Фидус аудит ХХК -иас нэхэмжлэх ёстой.

К ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 42.992.500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс нийт 50.112.500 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Манай компани 2017 оны 9 дүгээр сарын дунд үеэс уг байрнаас нүүж гарсан.

М ХХК нь 2015 оны 2 дугаар сараас хойш 2016 оны 12 дугаар сарыг дуустал 23 сарын түрээсийн төлбөрт 37.432.500 төгрөгийг хүлээн авсан боловч үүнд орсон 3.402.955 төгрөгийн НӨАТатварын падааныг бичиж өгөөгүй, цуглуулсан НӨАТ-аа харьяа татварын албандаа тайлагнахгүй, бид хохирсоор байна.

Иймд К ТМЗ ХХК нь М ХХК-д түрээсийн өргүй, НӨАТ-ын авлагатай байгаа, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг шахалтаар бичиж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч М ХХК нь К ТМЗ ХХК -д холбогдуулан 7.473.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч К ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай,

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай,

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай түрээсийн гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 87-92-р хуудас/

К /К ТМЗ/ ХХК- ийг 2008 оноос хойш 2017 оны 9 дүгээр сарын дунд үе хүртэл М ХХК-ийн Болор бизнес төвд ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн талаар талууд маргаагүй болно.

Талууд дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул Түрээсийн гэрээ гэсэн нэртэй Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Дээрх Түрээсийн гэрээ гэх гэрээнүүдээр хөлслүүлэгч М ХХК нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгө /Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд орших 1300 м.кв талбай/-ийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч К ТМЗ ХХК нь гэрээгээр тохирсон эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 87, 89, 91-р хуудас/

Хариуцагч К ХХК нь өөрийн оноосон нэрээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр К ТМЗ ХХК болгон өөрчилсөн болох нь хариуцагчийн тайлбар, уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 6-р хуудас/

Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч К ТМЗ ХХК нар нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 33.330.000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн байна. /хх-ийн 5-р хуудас/

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.-т Хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1.-т Хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.2.эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч К ТМЗ ХХК нь нэхэмжлэгч М ХХК-д гэрээгээр тохирсон эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч М ХХК-ийн захиралаар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дашбалбарийн Нямбаяр, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Нямбаярын Халиун нар томилогдсон байх бөгөөд М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Нямбаярын Алтанцэцэг бүртгэгдсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна./хх-ийн 3, 83, 84-р хуудас/

Хариуцагч К ТМЗ ХХК-ийн захирал Уянгаас нэхэмжлэгч М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Нямбаярын Алтанцэцэгийн 499155135 гэсэн дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд:

-2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн 975.000 төгрөг

- 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн 422.500 төгрөг

-2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 1.070.000 төгрөг

-2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 880.000 төгрөг

-2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг

-2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг

-2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг

-2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг

-2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 5.000.000 төгрөг

-2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 4.000.000 төгрөг

-2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг

-2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 2.000.000 төгрөг

-2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 500.000 төгрөг

-2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөг

-2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 500.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 28.347.500 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэнээс хойш шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна ./хх-ийн 38, 56-72-р хуудас/

Түрээсийн гэрээнүүдийг М ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Алтанцэцэг хийсэн байх бөгөөд Н.Алтанцэцэг нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байх тул түүний 499155135 дугаарын дансанд К ТМЗ ХХК-ийн захирал Уянгаас шилжүүлж байсан дээрх төлбөрийг М ХХК-ийн эд хөрөнгө болох 1300 м.кв талбайг ашигласны хөлс гэж үзнэ.

Талуудын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн баримтаар тогтсон 33.330.000 төгрөгнөөс дээрх байдлаар 28.347.500 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 4.982.500 төгрөгийг хариуцагч К ТМЗ ХХК нь нэхэмжлэгч М ХХК-д төлөх үүрэгтэй.

Хариуцагч К ТМЗ ХХК болон нэхэмжлэгч М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний 7.1.-т Түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,3%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцжээ./хх-ийн 88, 90, 92-р хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.

К ТМЗ ХХК-ийн төлөх төлбөрийн үлдэгдэл болох 4.982.500 төгрөгнөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,3%-ийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс их гарч байх тул дээрх хуульд нийцүүлэн алдангид 2.491.250 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч К ТМЗ ХХК иас төлөгдөөгүй хөлсний үлдэгдэлд 4.982.500 төгрөг, алдангид 2.491.250 төгрөг, нийт 7.473.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгох үндэстэй.

Хариуцагч нь гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласны хөлсийг төлчихсөн, уг 33.330.000 төгрөгийн төлбөр дотор Фидус аудит ХХК-ийн төлбөр орсон гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт зааснаар К ТМЗ ХХК -иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 7.473.750 /долоо сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж М ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ТМЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО